| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 105/2023/0021/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/85 |
| Огноо | 2023-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/85
2023 01 18 2023/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох,
Шүүгдэгч О.Ё, түүний өмгөөлөгч Б.Норовжанцан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Ёд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 3847 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** регистрийн дугаартай, О.Ё.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Ё нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Соманг плаза төвд иргэн Б.Цийн нүүрэн тус газар нь архины шилээр цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч О.Ёд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүгдэгч О.Ё нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…хэрэг бүртгэлийн шатанд бүрэн гүйцэт мэдүүлэг өгсөн, гэм буруугаа ойлгож байна, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн бодитой, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дахь тал/,
Хохирогч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед “Соманг плаза” дотор 10 жилийн шинэ жил болоод тэмдэглээд архи, дарс ууцгаасан. Гэнэт л О.Ё уурлаад хараагаад эхэлсэн. Гэсэр гэх манай найз бид 2 О.Ёгийн ширээн дээр хамт очиж сууж байгаад би өөрийнхөө ширээн дээр сууж байгаад буцаад О.Ёгийн ширээн дээр суух гэтэл О.Ё архины шилийг шууд л миний нүүр рүү шидсэн тэгээд би манараад унаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16441 дугаартай шинжээчийн: “...Дүгнэлтэд
1. Б.Цийн биед хамар яс, хамрын таславчийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд, доод зовхи, хоёр зовхины буланд цус хуралт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 13-14 дэх тал/,
Гэрч О.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Увс аймгийн 1996 оны төгсөгчдийн шинэ жил 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Зүүн 4 замын Соманг плазагийн 7 давхарт байх ресторанд 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 19 цаг 30 минутын орчимд эхлэн зохион байгуулагдсан. Бид тайзны зүүн гар талд байрлах 7 дугаар ширээн дээр сууж байсан. Манай ширээнд О.Ё, Цэрмаа, Цоогий, Уугаа, Янжаа, Дэлгэрмаа, Сараа нар суусан. Ширээн дээр 1 литр хэмжээтэй Финлянд нэртэй архи байсан, 0.33 литрийн пивонууд байсан. Хуваагаад ууж идсэн. 23 цагийн орчимд арга хэмжээ дууссан. Баярын дундуур хажуу ширээнд сууж байсан Б.Ць ирж миний хажууд сууж баярын мэнд хүргээд миний зүүн талд сууж байсан О.Ёд “ам мурийвч элэг мурийна гэж байдаггүй юм шүү” гэх утгатай зүйлс хэлсэн. Б.Ць архи, согтууруулах ундаа зохих хэмжээнд хэрэглэсэн байсан. О.Ёо Б.Цийн хэлсэн үгний хариуд “миний хөгшөөн энд баяр болж байна, ийм юм ярих цаг нь биш ээ” гэж хэлсэн. Би азтан болоод босоод явсан. Тэр хоёр ярилцаад үлдсэн. Тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй, хэсэг хугацааны дараа дахиж Б.Ць манай ширээнд ирж О.Ёотой гараа хөдөлгөөд үйл хөдлөл гаргаад яриад байсан. О.Ёо аргадангуй яриад байсан. Б.Ць О.Ёод гомдсон шинжтэй байсан. Тэр хоёрын дунд яг юу яриад байсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дэх тал/,
Шүүгдэгч О.Ёгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Маргааш нь 11 цагийн үед манай ангийн Маамуу яриад “чи яачихсан юм, Б.Цьтай асуудал үүсгэсэн байна” гэсэн. Би тэгээд Хан-Уулын соёлын төвийн тэнд байх Б.Цийн гэрт очсон. Очиход Дарьдай гэрээсээ маск зүүсэн байдалтай гарч ирсэн. Дарьдайг аваад би ГССҮТ рүү хөдөлсөн, тэгээд Мөнгөн гүүр гэдэг эмнэлэг рүү очихоор болж, тэнд очиж толгойн КТГ хийлгэсэн. Тэнд хэвтүүлэх гэсэн ор байхгүй тул аваагүй. Тэгээд 10 дугаар хорооллын тэнд байх MBJ гэдэг эмнэлэгт хэвтүүлсэн. ...Би өөрийн хийсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, цаашид ч гарах эмчилгээний зардлыг Б.Цьд гаргаж өгнө. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дахь тал/,
Шүүгдэгч О.Ёгийн мөрдөн шалгах ажиллагааны үед Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан: “...Миний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож, өөрийн сайн дураар гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлгээ өгсөн бөгөөд хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол 6-7 сая төгрөгийг төлсөн. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснөөс үүсэх үр дагаврыг ойлгож байна. Иймд өөрт холбогдсон эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 55 дахь тал/,
Шүүгдэгч О.Ёгаас хохирогч Б.Цийн 5018039657 дугаартай дансанд 5.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 20 дахь тал/,
Шүүгдэгч О.Ёгийн “Эм Би Жи Мед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч Б.Цийн төлбөрт төлсөн 1.147.630 төгрөг, Б.Цийн “Мөнгөн Гүүр” эмнэлгээс авсан үйлчилгээний төлбөрт төлсөн 150.000 төгрөгийн баримт /хх-ийн 19 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч О.Ё нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, “Соманг плаза” төвд Увс аймгийн 1996 оны төгсөгч нарын шинэ жилийн цэнгүүний үеэр өөрийн холын хамаатан гэх Б.Цийг “...хамаатан садан байж тоосонгүй гэх утгатай хэрүүлийн шинжтэй зүйл яриад байсан...” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь архины шилээр цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн Прокурорын газарт яллагдагч О.Ё хүсэлт гаргасны дагуу мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ё нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл мөн эсэх:
Шүүгдэгч О.Ёгийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ. Мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заасны дагуу Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл мөн байна гэж шүүхээс дүгнэв.
Гэм буруутай эсэх:
Улсын яллагч “...Шүүгдэгч О.Ё нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, “Соманг плаза” төвд иргэн Б.Цийн нүүрэн тус газар нь архины шилээр цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Ёг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна…” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч О.Ё болон түүний өмгөөлөгч Б.Норовжанцан нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч О.Ё нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Соманг плаза төвд Б.Цийн нүүрэн тус газар нь архины шилээр цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…”, мөн зүйлийн 13 дахь хэсэгт “…Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй…” гэж тус тус заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхийг тус тус зөрчжээ.
Шүүгдэгч О.Ё Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн хохирогч Б.Цийн биед хийсэн дүгнэлттэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн тухай тэмдэглэл үйлдсэн байна.
О.Ё нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх бөгөөд түүний үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул гэм буруугийн шууд санаатай байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.Цийн биед үүссэн гэмтэл нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16441 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “…хамар яс, хамрын таславчийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд, доод зовхи, хоёр зовхины буланд цус хуралт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлтээр хохирогч Б.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Ць нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч О.Ёгаас хохиролд 5.000.000 төгрөгийг дансаар хүлээн авсан, мөн О.Ё нь хохирогч Б.Цийн 1.297.630 төгрөгийн эмчилгээний зардлыг төлсөн байна.
Харин шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ц.Баяртогтохоос 5.200.000 төгрөгийн е-баримт гаргаж өгсөн бөгөөд энэ нь хамрын хагалгааны зардал гэж хэлсэн боловч тус баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байсан тул шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иймд шүүгдэгч О.Ёг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч О.Ёгийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу О.Ёд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, О.Ё уг саналыг хүлээн зөвшөөрсөн тухай яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэжээ.
Шүүгдэгч О.Ёд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч О.Ёд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Ёд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үүссэн хор уршгийг арилгаж 6.297.630 төгрөг өгсөн зэргийг харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Ё нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дэх тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 21 дэх тал/,
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 22 дахь тал/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 23 дахь тал/,
Урьд зөрчлийн хариуцлага хүлээж байсан талаарх мэдээлэл,
/хавтаст хэргийн 8-13 дахь тал/
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ё нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч О.Ёд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Ёг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч О.Ёд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч О.Ё нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ё нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Б.Ць нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ёд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ