Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 1406

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 6 сарын 18 өдөр                   Дугаар 183/ШШ2019/01406                                 Улаанбаатар хот

      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хын /РД: / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Д” -д /РД: / холбогдох,

Цалин, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын олговорт 10,872,927 /арван сая найман зуун далан хоёр мянга есөн зуун хорин долоо/ төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ё.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал, нарийн бичгийн дарга Э.Энхзул нар оролцов.        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 7 сарын 27-ны өдрөөс “*******” ХХК-д хамгаалагчаар 1 гарааны 30,000 төгрөгөөр ажиллаж эхэлсэн. 2018 оны 10 сарын 01-ний өдрөөс өөрийн хүсэлт, захирлын зөвшөөрлөөр ажлаас чөлөөлөгдөх хүртэл ажиллах хугацаанд 11 дүгээр постонд хамгаалагч *******гийн хамт ажилласан бөгөөд 2016 оны 9 сарын 01-ээс постуудын Цагийн мэдээ авах оператив жижүүр, 2016 оны 9 сарын 21-ээс Дохиолол хамгаалалтын оператив жижүүр, 2017 оны 9 сарын 25-аас захирлын хувийн нохой маллах ажлуудыг хамгаалагчийн ажлын хажуугаар хавсран гүйцэтгэж байсан. 2017 оны 8 сард захирал Мөнхбаяр өөрийн биеэр надад харуулын даргын ажлыг хамгаалагчийн ажлын хажуугаар хавсран гүйцэтгэх санал тавьж сард 100,000 төгрөг гарааны цалин дээр нэмж олгоно гэсэн. Би саналыг хүлээн авч 9 сарын 01-ээс эхлэн харуулын даргын ажлыг хавсран гүйцэтгэсэн. 2017 оны 9 сарын 01-ээс 2018 оны 9 сарын 30 хүртэл харуулын даргын ажлыг 13 сарын турш гүйцэтгэсэн ч ердөө 2 сарын нэмэгдэл 200,000 төгрөг авсан. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон тогтоолгүйгээр намайг хулгайн хэрэгт буруутган 11 сарын нэмэгдлийг суутгасан. 2017 оны 9 сараас эхлэн 1 гарааны үнэлгээ 5,000 төгрөгөөр нэмэгдэн 15,000 төгрөг болсон ба би 9 сард 13 гараа гарсны 455,000 төгрөгний цалингаа аваагүй байна. Иймд би харуулын даргын нэмэгдэл хөлс 11 сарын 1,100,000 төгрөг, 2018 оны 9 сарын цалин 200,000 авсан тул 255,000 төгрөг, хавсран ажиллаж байсан ажлуудын нэмэгдэл цалинг тухайн сард авсан цалингийн 40 хувиар бодож 8,502,000 төгрөг,  2 жилийн ээлжийн амралт 815,927 төгрөг, нийт 10,872,927 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани өөрийнх нь хүсэлтээр 2016.08.01-ний өдрийн 102 тоот тушаалаар, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авч, 2018.10.01-ний өдрийг хүртэл ажиллуулсан. Ё.Х нь хөдөлмөрийн дотоод журам, ажиллаж байсан 11 постын ажлын зааварчилгаа удаа дараа зөрчиж, ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан тул түүнийг 1001/51 тоот тушаалаар чөлөөлсөн. Түүнийг ажиллаж байх хугацаанд 2017.11.04-ний өдөр манай компанийн харуулын дарга ******* компанийг төлөөлж хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох тухай маргаагүй, зөвхөн цалин хөлсний хувьд маргаж байна. Бид 2018.09 сараас 1 гарааны үнэлгээг 35,000 төгрөгөөр тооцохоор тохиролцон Ё.Х 2018.09 сард 13 гараа гарч 455,000 төгрөг авахаар болсон, үүнээс 200,000 төгрөгийг Хаан банкны данс руу нь шилжүүлсэн. Захирлын 2018.10.01-ний 1001/51 тоот тушаалаар Ё.Хыг байлцуулан дахиж ажлын байранд ирж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй гэсэн амлалт авч байж тооцоог хийхээр тусгасан тул одоог хүртэл үлдэгдлийг нь өгөөгүй тул 255,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. 2017.08 сард Е.Х харуулын даргын ажлыг хавсарган гүйцэтгэх талаар амаар санал тавьж, 1 сар хагасын туршилтын хугацаагаар хавсарган ажиллуулж цалин дээр нэмэгдлийг олгосон. Тухайн хугацаанд Ё.Х нь ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэж итгэл алдсан тул 2017.09.15-нд 0915/110 тоот тушаалаар *******ыг харуулын даргын албан тушаалд томилон ажиллуулсан, одоо ажиллаж байна. Тухайн үед би гадагш явах гэж байсан тул *******ыг харуулын даргаар томилж, түүнд компанийн эд хөрөнгө болон ажилчдын цалин хөлсийг олгох, компанийн болон хувийн данс удирдах зэрэг эрхийг итгэмжлэлээр олгосон. Иймд Ё.Хын 2017.09 сараас хойш харуулын даргын ажлын хавсарган гүйцэтгэсэн гэсэн нь огт үндэслэлгүй юм. Түүнийг туршилтын хугацаагаар ажиллуулахад ажлын байранд тэнцэхгүй байсан тул өөр хүн томилсон. Ё.Хын 2016.09.01-ээс постуудын цагийн мэдээ авах оператив жижүүр, 2017.09.21-ээс Дохиолол хамгаалалтын оператив жижүүр, 2017.09.25-аас хувийн нохой малласан 3 ажил нь Ё.Хын харуулын өдөр тутмын ажил үүрэгт хамаардаг, энэ талаар 11 постын ажлын зааварчилгаанд тусгасан. Нэхэмжлэгчийн манайд ажилласан хугацаанд нь ээлжийн амралтын 210,000 төгрөг, дутуу олгосон 255,000 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ё.Хыг ажиллаж байх хугацаанд 2017.11.04-ний өдөр харуулын дарга ******* компанийг төлөөлж хөдөлмөрийн гэрээг байгуулсан, үүнээс өмнөх хугацаанд гэрээ байгуулалгүй, амаар тохиролцсоны дагуу гараа тус бүрээр тооцож хөлс олгож байсан. Нэхэмжлэгч манайд ажиллахдаа олон удаа зөрчил дутагдал гаргаж, ажлын байранд архи хэрэглэж байсан ч аль болох уучлах, ямар нэг шийтгэл ногдуулахгүйгээр амаар сануулах зэргээр асуудлыг тухай бүрт зохицуулж байсан. Нэхэмжлэгч 2018.01.28-ны өдөр ажлын байран дээр архи, согтууруулах ундаа хэрэглэж манайхтай гэрээтэй ажилладаг ******* ХХК-ын Чулуун овооны салбарын хаалга нь онгорхой, хамгаалалтын дохиолол дуугарсаар байхад мэдээгүй, ажлын хариуцлага алдсан. Энэ талаар Акума Эрин ХХК-ийн ажилтан ******* мэдэж өөрийн салбарын дохиолол хамгаалалт хариуцсан ажилтан Ё.Хтай утсаар холбогдоход тэрээр согтуу, утсаар ярих чадваргүй байсан талаар хэлсэн. Энэ хариуцлага алдсантай холбоотойгоор гэрээний дагуу төлбөл зохих 1, 2 дугаар сарын төлбөр 840.000 төгрөгийг Акума Эрин ХХК нь төлөөгүйгээр хохирол учирсан тул эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэж, түүнээс 1 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх 350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд *******ын албан тушаал нь менежер гэж байхад харуулын дарга компанийг төлөөлж хөдөлмөрийн гэрээг байгуулсан мэтээр шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын утга агуулга зөрүүтэй байгаа нь хариуцагч өөрт байгаа тамга тэмдгээ ашиглан хуурамч тушаал гаргасан байна. Намайг ажлын байранд согтууруулах ундааны зүйл уусныг, ******* ХХК-д хулгай орсон тухай зохих байгууллагаар шалгуулсан нотлох баримтгүй байна. Би ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэснээс болж халагдаагүй, хавсран ажилласан ажлын хөлсүүдийг компани надад олголгүйгээр хөдөлмөрийн мөлжлөг хийсээр байгаа шударга биш байдлыг таслахын тулд өөрийн саналыг захиралд хэлж, зөвшилцсөний дараа хүсэлтээрээ ажлаас халагдсан. ******* ХХК-ийн ямар ч ажилтанг би танихгүй ба дохиоллын хяналт тавихад хувь хүнтэй харьцаж танилцах, утсаар ярих шаардлагагүй, зөвхөн мессэжээр хяналт тавьдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 132.1-д эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхээр заасан ч 132.2-т заасан шууд хохирол гараагүй тул орох байсан орлогыг надаас гаргуулах учиргүй. Миний ажиллаж байсан 11 пост нь 1,7x1,7 м харьцаатай хэмжээтэй ажлын байр бөгөөд “Газарчин” сургуулийн орчимд агуулахын хашаанд байрладаг. Намайг харуулын дарга болсноос хойш компани шинэ ажилтанг хамгаалагчаар ажилд авах ажлын зарыг миний утасны дугаараар, намайг ажилд гарсан өдөр өгч, би ажилд авах ярилцлагыг энэ хашааны байранд хийж хүмүүсийг ажилд авч байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Ё.Х нь “Д” ХХК-иас цалин, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын олговорт 10,872,927 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь эд хөрөнгийн хариуцлага тооцож, учруулсан хохиролд 1 сарын цалингийн хэмжээгээр гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь хавсран гүйцэтгэсэн ажлын нэмэгдлийг цалингийн 40 хувиар бодож 8,502,000 төгрөг олгоогүй, харуулын даргын ажлыг 13 сарын турш гүйцэтгэсэн ч 2 сарын нэмэгдэл 200,000 төгрөг өгч, 11 сарын 1,100,000 төгрөг өгөөгүй, 2018 оны 9 сарын цалингаас 200,000 төгрөг өгөөд 255,000 төгрөг олгоогүй,  2 жилийн ээлжийн амралтын олговор 815,927 төгрөгийг олгоогүй гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь цалингаас 255,000 төгрөг дутуу олгосон, 2018 оны ээлжийн амралтын олговорт 210,000 төгрөг олгоогүй гэж хүлээн зөвшөөрч, харин туршилтын хугацаагаар ажиллуулж нэмэгдэл олгосон, ажлын байранд тэнцэхгүй байсан тул өөр хүн томилсон, хавсран гүйцэтгэсэн гэх ажил нь харуулын өдөр тутмын ажил үүрэгт хамаардаг, манайд ажилласнаар ээлжийн амралтын олговор олгогдохоор хуульд заасан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргалаа.

 

Д” ХХК-ийн захирал нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 102 тоот тушаалаар Ё.Хыг 1 гарааны 35,000 төгрөгөөр цалинжуулан харуулаар ажиллуулж, ажилтны хүсэлтээр 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1001/51 тоот тушаалаар харуулын ажлаас чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг зөвшөөрөөгүй учраас байгуулаагүй гэж өөрт байгаа гэрээг хэрэгт өгсөн ба уг баримтад сарын 300,000 төгрөгөөр цалинжих болон ажиллах хугацааг заагаагүй боловч тухайн 2 хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурсан, тамга дарагджээ.

 

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний 4.7 дахь заалтад цалин олгохгүйгээр ажлаас халахаар заасан нь хуульд байхгүй заалт гэж тайлбарласан ч хөдөлмөрийн гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй, ажлаас чөлөөлсөн талаар маргаагүй, харин 4.5 дахь заалтаар цалин нэмэх, шагнал урамшуулал авах заалтыг үндэслэснээс дүгнэхэд гэрээг байгуулаагүй талаархи нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ албан тушаал хавсран гүйцэтгэсэн бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгох, 50.3-т нэмэгдэл хөлсийг хамтын гэрээгээр тогтоосон хэмжээгээр ажил олгогч ажилтантай тохиролцохоор заажээ.

 

Нэхэмжлэгч хавсран гүйцэтгэсэн ажлын хөлсөө шааардах эрхтэй байгаа боловч цалингийн 40 хувиар тохиролцсон талаар баримтгүй байна.

 

Харуулын даргын албан тушаалд *******ыг ажиллуулахаар болсон 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 0915/110 тоот тушаал, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажил олгогчийг төлөөлж ******* нь Ё.Хыг хамгаалагчаар ажиллуулахаар байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгчийн харуулын даргын албан тушаалд 13 сарын турш ажилласан талаархи тайлбар нь няцаагдаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоос бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдлыг гаргахаар заажээ.

 

2016 оны 9 дүгээр сараас Цагийн мэдээ авах оператив жижүүр, Дохиолол хамгаалалтын оператив жижүүр, захирлын хувийн нохой маллах зэрэг ажлуудыг хавсран гүйцэтгэсэн ажлын нэмэгдлийг болон 2017 оны 11 дүгээр сараас харуулын даргын ажлын нэмэгдэл олгоогүй гэж тайлбарласнаас үзэхэд тэрээр өөрийн эрхээ зөрчигдсөнийг тухайн хугацаанд мэдсэн, энэ талаар гомдлыг гаргаж байсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй тул гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд хугацааг сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүй болно.

 

Иймд хавсран гүйцэтгэсэн ажлын хөлс 8,502,000 төгрөг болон нэмэгдэл 1,100,000 төгрөг буюу нийт 9,602,000 төгрөгийг ажил олгогчоос гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ажилтны цалин хөлсийг хөдөлмөрийн гэрээний дагуу ажил олгогч олгох үүрэгтэй ба ажил олгогч нь Ё.Хыг ажлаас халахдаа 2018 оны 9 дүгээр сарын цалинг олгоогүй, үүнээс 200,000 төгрөгийг хэрэг хянан шийвэрлэх явцад олгож, 255,000 төгрөгийг олгоогүй байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д ажилтанд ээлжийн амралтын хугацаанд олговор олгох, 55.2-т ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр олгохоор зохицуулжээ.

 

Хэдийгээр хариуцагч нь дээрх зохицуулалтыг тухайн байгууллагад ажилласнаар тооцон 210,000 төгрөг гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн 2018 оны 10 дугаар сар хүртэл нийт 4,025,000 төгрөгийн цалин олгогдсоныг дундажлахад 447,222 төгрөг байх тул 2018 оны ээлжийн амралтын олговорт гаргуулах үндэслэлтэй.

 

Харин 2017 оны ээлжийн амралтын олговрыг гаргуулах боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Дээрх үндэслэлүүдийг нэгтгэхэд нэхэмжлэгчийн 10,872,927 төгрөг гаргуулах шаардлагаас 2018 оны 9 дүгээр сарын цалинд хариуцагч нь 200,000 төгрөг олгосон тул дутуу 255,000 төгрөгийг 2018 оны ээлжийн амралтын олговор 447,222 төгрөгийн хамт нийт 702,222 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан Ё.Хт олгож, шаардлагаас хавсран гүйцэтгэсэн ажлын хөлс 8,502,000 төгрөг болон нэмэгдэл 1,100,000 төгрөг, ээлжийн амралтын олговор 368,705 төгрөг буюу нийт 9,970,705 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч сөрөг шаардлагын үндэслэлээ ажлын хариуцлага алдсанаар гэрээт байгууллагаас төлбөл зохих 840.000 төгрөг төлөгдөөгүй үндэслэлээр эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэж, 1 сарын хөдөлмөрийн хөлс 350,000 төгрөг гаргуулна гэж, нэхэмжлэгч нь ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл уусныг, ******* ХХК-д хулгай орсон тухай зохих байгууллагаар шалгуулсан нотлох баримтгүй, хуульд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхээр заасан ч шууд хохирол гараагүй тул орох байсан орлогыг надаас гаргуулах учиргүй гэж маргав.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, 133 дугаар зүйлийн 133.1-д хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй гэж заасан байна.

 

Тухайн тохиолдолд хариуцагч нь шаардлагын үндэслэлээ ажлын байранд архи хэрэглэж хариуцлага алдсан гэж тайлбарласан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ байгууллагад хохирол учруулсан бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үндэслэлд хамаарна.

 

Өөрөөр хэлбэл хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал буюу ажилтны нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хариуцлага хүлээлгэ,  харин ажлын байранд архи хэрэглэж хариуцлага алдсан ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх заалт үйлчилнэ.

 

Ажил олгогч нь ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тусгаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй, түүнчлэн нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд ажил олгогч хариуцлага оногдуулаагүй, энэ талаар тушаалыг гаргаагүй, хугацаа хэтрүүлсэн байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 175,862 төгрөг, хариуцагчаас төлсөн 11,150 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 21,403 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан /РД: / “Д” ХХК-иас цалин болон ээлжийн амралтын олговорт 702,222 төгрөгийг гаргуулан, Хт /РД: / олгож, шаардлагаас үлдэх 9,970,705 төгрөг гаргуулах болон 1 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх 350,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 175,862 төгрөг, хариуцагчаас төлсөн 11,150 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 21,403 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ