| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 105/2023/0097/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/156 |
| Огноо | 2023-01-31 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/156
2023 01 31 2023/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Улсын яллагч Ц.Ганцэцэг /томилолт/,
Хохирогч О.А,
Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цад холбогдох эрүүгийн 2203 00657 0611 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Б.Ц.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Их тойруу “Pizza Hut”-ын баруун талын замд “Toyoto Auris” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтад “…Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө…” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч О.Аыг явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байхад нь мөргөн улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Тээврийн Прокурорын газраас яллагдагч Б.Цад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн бодитой, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад:
Хэргийн үйл баримтын талаар
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-09 дэх тал/,
Хохирогч О.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хичээлээ тараад 16 цагийн үед сургуулиас гарч ирсэн. ...Сансарын зүүн талын туслах замын ертөнцийн зүгээр зүүн талаас нь баруун гар тал руу нь гарах гээд явж байсан, явган хүний гарцаар зам хөндлөн гарах гэтэл тухайн явган хүний гарц дээр машин таглаад зогсчихсон байсан. Тэгэхээр нь явган хүний гарц таглаад тавьчихсан байсан машины урд хэсгээр зам хөндлөн гарч байтал миний зүүн гар талаас нэг суудлын автомашин ирээд миний зүүн хөл хэсэг рүү мөргөөд намайг газарт унасны дараа баруун хойд талын дугуйгаар миний зүүн хөл дээгүүр гараад өнгөрөөд зогссон. Би тухайн үед машинд мөргүүлээд газарт уначхаад буцаад босох гэтэл босож чадахгүй байсан, тэгэхээр нь би хөл рүүгээ хартал миний зүүн хөл шилбэ хэсгээр далийсан байсан. ...намайг мөргөсөн машины дугаар *** дугаартай автомашин байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14329 дугаартай “...Дүгнэлт:
1. О.Аын биед зүүн шаант тахилзуур яс дунд хэсгээр сэлтэрсэн зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О.Аын эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.549.000 төгрөг гарсныг Б.Цаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 81 дэх тал/,
Мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 49-50 дахь тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Их тойруу “Pizza Hut”-ын баруун талын замд “Toyota Auris” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтад “…Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө…” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч О.Аыг явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байхад нь мөргөн улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл мөн эсэх:
Б.Цын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн 27 дугаар бүлэгт Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргүүдийг хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол…” гэж заасан нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан үйлдэл мөн байна гэж шүүхээс дүгнэв.
Гэм буруутай эсэх:
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар Шүүгдэгч Б.Цыг “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна…” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтад “…Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэснийг тус тус мэдэж байсан боловч хохирол, хор уршигт зориудаар хүргээгүй байх бөгөөд түүний үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Цыг гэм буруутай гэж дүгнэсэн бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бөгөөд битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Шүүгдэгч Б.Цад 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна...” гэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч Б.Ц өөрийгөө өмгөөлж болон шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ “...хэлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэх ёстой.
Иймд шүүгдэгч Б.Цад холбогдох тус хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн гомдол санал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж байгаа сэтгэл зүйн ухамсар зэргийг тал бүрээс нь харгалзан гэм буруугийн хэлбэрт тохируулж 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Харин шүүгдэгч Б.Цын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулахгүйгээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдалтай нь холбоотой дараах баримтуудыг судалсан болно. Үүнд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас
/хавтаст хэргийн 54 дэх тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа
/хавтаст хэргийн 56 дахь тал/,
Жолоодох эрхийн лавлагаа
/хавтаст хэргийн 60 дахь тал/.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…” гэж заасны дагуу хохирогчийн эрүүл мэндэд Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14329 дугаартай дүгнэлтээр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх заалтад зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт гарсан байна
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно…” гэж заасан.
Иймд Б.Цын үйлдсэн гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийг тогтоох шаардлагатай.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “…гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад…” нөхөн төлүүлнэ гэж хуульчилсан байна.
Хохирогч О.Аын биед учруулсан гэмтлийг эмчлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.549.000 төгрөг гарсан тухай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04/5724 дугаартай албан тоотыг мөрдөн шалгах ажиллагааны үед ирүүлсэн байна.
Иймд Б.Ц нь Эрүүл мэндийн даатгалын санд төлөх 1.549.000 төгрөгийн төлбөртэй байна.
Хохирогч О.А нь шүүх хуралдаанд хохирол төлбөртэй холбоотой нийт 554.400 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч Б.Ц нь хохирогч О.Аын *** дугаарын Хаан банкны данс руу 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 600.000 төгрөг шилжүүлсэн /хх-78/ байх тул түүнийг хохирогч О.Ат баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ. Хохирогч О.А нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Цад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.Цыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Цад 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Цад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Цаас 1.549.000 /нэг сая таван зуун дөчин есөн мянга/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
7. Хохирогч О.А нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Цад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ