| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 105/2023/0145/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/157 |
| Огноо | 2023-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/157
2023 01 31 2023/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
улсын яллагч Б.Эрдэнэбаяр,
шүүгдэгч М.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шарнууд овогт Мягмардоржийн М.Лид холбогдох эрүүгийн 2306 00000 0089 дугаар хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн тэсэлгээчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, М.Л.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Л нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн үед ***гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.Уийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гараараа нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч М.Лид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн прокурорын газарт яллагдагч М.Л хүсэлт гаргасны дагуу мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд шилжүүлснийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дахь тал/,
Хохирогч Т.Уийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн үед манай ажил тараад 22:00 цагийн үед 17-ын автобусны буудал дээр буухад М.Л намайг тосож авсан. Бид хоёр гэр рүүгээ алхаад 22:00 цаг өнгөрч байхад гэртээ очсон. Гэрт очиход М.Л намайг гэрт оруулахгүй уурлаад байсан. Хашаан дотор намайг цохиж унагаагаад босож ирэхэд гараараа нүүр рүү нэлээд хэдэн удаа цохисон. Унахдаа би чулуун дээр унасан байх. Тэгээд М.Л би хашаагаа эвдэнэ гээд гараараа хашаагаа цохиод гараа гэмтээчихсэн. Тэгж байгаад гараад явчихсан юм. Тэгээд удалгүй гадаа сууж байсан юм байлгүй. Цагдаа нартай хамт ороод ирсэн. Маргаан болох болсон шалтгаан нь намайг өөр хүнтэй хардаад байсан. Миний өмнө нь ажиллаж байсан байгууллагад ажилладаг нэг залуутай өмнө нь хардаад асуудал үүсэж байсан юм. Тэрийгээ сөхөөд маргаан болсон юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 8 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 713 дугаартай дүгнэлтэд: “...1. Т.Уийн биед баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, баруун хацарт зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 дахь тал/,
Шүүгдэгч М.Л мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “…2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн орой 21 цагийн үед Ууганцэцэг бид хоёр гэр лүүгээ явж байхдаа хардалтын асуудлаас болоод маргалдаж эхэлсэн. Тэгээд гэртээ ирээд хашаан дотроо ороод гэрийнхээ гадна гэрээсээ холхон зайдуу хүүхдүүддээ маргалдаж байгаагаа сонсгохгүй гээд холдож байгаад маргалдсан. Хашааны буланд маргалдаж байгаад эхнэрийнхээ нүүрэн тус газарт баруун гараараа хоёр удаа цохисон. Уурандаа хашаа цохиод баруун гарын чигчий хурууныхаа нугалмыг хугалчихсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаа нар ирсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дэх тал/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч М.Л нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн үед ***гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Уийг хардалтын улмаас гараараа нүүрэн тус газар нь цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл мөн эсэх:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад “…энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйл, эс үйлдэхүйг…” гэр бүлийн хүчирхийлэл гэжээ.
Иймд шүүхээс М.Лийн дээрх үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл мөн байна гэж шүүхээс дүгнэж түүнд мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “…энэ хуулийг зөрчсөн хүн хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ…” гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөн түүний үйлдлийн улмаас хохирогч Т.Уийн биед баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, баруун хацарт зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдож, тус гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болохыг Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 713 дугаартай дүгнэлтээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч М.Лийг тус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байна гэж дүгнэв.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Гэм буруутай эсэх:
Улсын яллагчаас “…шүүгдэгч М.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч М.Л нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Яллагдагч М.Л нь Баянзүрх дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлтдээ: “…Миний бие нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэжээ /хх-ийн 37/.
Шүүгдэгч М.Л нь хардалтын улмаас гэр бүлийн харилцаа хамаарал бүхий эхнэр Т.Уийн эрүүл мэндэд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах насанд хүрсэн, хэрэг үйлдэх үедээ согтуурсан мансуурсан байдал тогтоогдоогүй бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Т.Уийн биед үүссэн гэмтэл нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 713 дугаартай дүгнэлтээр “…баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, баруун хацарт зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. Иймд хөнгөн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Л нь хохирогч Т.Уийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Хохирогч Т.У нь мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “…гомдол, саналгүй шүүх хуралд суухгүй…” гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгч М.Лийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “…Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй…” гэж тус тус заасан тул шүүгдэгч М.Лийн хууль бус үйлдлийн улмаас цаашид учирч болох гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрх нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу М.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, М.Л уг саналыг хүлээн зөвшөөрсөн тухай яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэжээ.
Шүүгдэгч М.Лид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Лид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүх шүүгдэгч М.Лид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Л нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хавтаст хэргийн 26 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хавтаст хэргийн 24 дэх тал/ зэрэг болно.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Л нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч М.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч М.Лид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Л нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Л нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Т.У нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ