Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/31

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 Нарийн бичгийн дарга Э.Намуунзул, 

 Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

 Шүүгдэгч П.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Дд холбогдох эрүүгийн .....дугаартай хэргийг 2023 оны 01 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  П.Д .../,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Д нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Дорноговь аймгийн Х сумын төсөвт байгууллагуудын дулаан, цэвэр ус, бохирын сүлжээнд холбох ажлыг гүйцэтгэх ажлын гэрээний дагуу “Э” ХХК-ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19/2022 дугаартай төслийн ажлыг гүйцэтгэхэд ерөнхий инженерээр ажиллахдаа Монгол улсын дэд бүтэц хөгжлийн сайдын 2004 оны барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНБД 12-03-04-ын 6 дугаар зүйлийн 6.2.9 дэх заалт “оршин суугчид олноор суурьшсан нутаг дэвсгэр буюу үйлдвэрлэлийн талбай дээр хүнхээл, нүх, суваг, шуудуу ухах зэрэг газар шорооны ажил гүйцэтгэхдээ хүмүүсийн болон тээврийн хөдөлгөөн ихтэй газруудад 6.2.2 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн хаалт, хамгаалалт хийж өгвөл зохино...”гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн орой 21 цагийн орчимд Дорноговь аймгийн Х сумын 4 дүгээр баг, Сд зохион байгуулагдсан бүжигт орох гэж явсан Ц.С нь Сийн хашаан доторх дулаан, цэвэр ус, бохирын сүлжээнд холбогдохоор ухсан шуудуу дотор унаж, түүний эрүүл мэндэд баруун чөмгийн доод булууны үе дайрсан бяцарсан далд хугарал, бүсэлхийн 2 дугаар нугалмын их биеийн шахагдсан, баруун хөндлөн сэртэн, зүүн талын ламин дайрсан хөндлөн зөрүүтэй хугарал, бүсэлхийн 1 дүгээр нугалмын арын сэртэнгийн зөрүүтэй хугарал, бүсэлхийн 4, 5 дугаар нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний цүлхийлт, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч П.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний хувьд тухайн ажлыг талбай дээр нь хариуцаж ажиллаж байсан. Тухайн үед бохирын шугамын нүх ухсан байсан. Нүхийг тойруулан тэмдэг тэмдэглэгээ хийгээгүйн улмаас Сийн арга хэмжээнд оролцох гэж байсан С эгч унаж гэмтсэн. Үүнд би хариуцлагагүй, ажлын алдаа гаргасан гэсэн мэдүүлэг,  

хохирогч Ц.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: "... Би 2022 оны 09 дүгээр сарын 13-ны орой 21 цагийн орчимд Х сумын Сд цэнгүүн болж байна гэж сонсоод сонирхохоор гэрээсээ гараад явсан. Сийн үүдэнд ухсан нүх байгаа гэдгийг нь мэдэлгүй тэр нүх рүү унаад өгсөн. Тухайн үед би М /сургуулийн багш/, Б багш, М нартай хамт явж байсан. Тэгээд С нь зүүн талаараа ордог. Ордог хаалга тулгаад нүх ухсан байсан юм шиг байна лээ. Тэгээд С рүү орохын тулд хаалгаар нэг нэгээрээ ордог. Тэгээд тухайн үед нь би түрүүлэн явж байсан болохоор унасан байх... Тэр үед ямар нэгэн гэрэл цацруулагч анхааруулах зүйл зэрэг юу ч байгаагүй. Нүх ухсан байгааг нь мэдээгүй. Хэрвээ гэрэл цацруулагч байсан бол харах л байсан. Ядаж наад талд шороо овоолсон бол нүх байна гэж мэдээд тойроод гарна ш дээ. Үнэхээр хариуцлагагүй юм... Тэр ухсан байсан нүх нь С рүү ордог хаалгыг тулгаад ухчихсан байсан. Гүнийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Сөөс сандал гаргаж ирээд авсныг бодвол нэлээн гүнзгий байсан байх. Сүүлд нь сураг сонсоход 2-3 м байсан сурагтай байна лээ. Би архи согтууруулах ундааны зүйл амсдаггүй хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 31-33 дугаар тал),

 

гэрч С.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2022 оны 09 дүгээр сарын 13-ны орой 20 цаг 50 минутын орчимд С над руу залгаад мэнд мэдээд завтай байна уу? бүжигт явах уу цаг уурын ахмад ажилчид ирээд Сд бүжиг болж байна гэнээ хүн бага байна очих уу гэхээр нь би за гээд 21 цаг 10 минутад Өийн машинтай С манайд ирээд бид хоёр хамт Сийн арын хаалган дээр хүргүүлсэн. Бид хоёрыг очих үед Сийн арын хаалган дээр Б багш, номын санч М нар таарсан. Тэгээд С тэр хоёртой зэрэгцээд түрүүлээд алхсан. Би араас нь алхаж байсан. Бид нар хоорондоо энд юун шороо овоолсон юм бэ? хаагуур нь орох юм бэ гээд явж байсан. Сийн урд гудамжны гэрэл ассан байсан. Тэр нь нүд рүү тусаад овоолсон шорооноос өөр юм харагдахгүй байсан. Овоолсон шорооноос нааш харанхуй байсан. Тэгэхээр нь бид нар овоолсон шорооны баруун талаар ороод Сийн хананд ойрхон явж байсан Тэгээд би утасны гэрэл асаах гэж байтал гэнэт хүн орилсон тэгтэл гэрлээ асаагаад хартал С дээшээ харсан байдалтай нүхэнд унасан байсан. С намайг авраарай гээд орилоод байсан. Тухайн үед цочролд орсон байсан. Тэгээд би С орж хүмүүст хэлсэн. Урд талаар нь анзаараагүй. Нүх ухсан бололтой битүү шороо овоолсон байсан. харин бид нарын орсон хэсэгт овоолсон шороо байхгүй газар нь тэгшхэн ямар нэгэн тууз тэмдэг тэмдэглэгээ татаагүй байсан. Би сайн анзаараагүй. Ямар ч байсан урд гудамжны гэрэл асаалттай байсан. Хүн унасны дараа Сөөс хүмүүс гарч ирэх үед хэн хэн гарч ирсэн нь харагдахгүй байсан. Тийм болохоор Сийн үүд хэсэг гэрэлтүүлэггүй байсан байх... Сумын эмнэлэг дээр аваачих үед хөл хугарсан байх нуруу гэмтсэн байх хавирга хугарсан байх магадлалтай байна яаралтай аймгийн нэгдсэн эмнэлэг авч явах шаардлагатай гээд шууд аймгийн нэгдсэн эмнэлэг авч явсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 9-10 дугаар тал),

           гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2022 оны 09 дүгээр сарын 13-ны орой Сд бүжиг болж байна гэхээр нь 21 цагийн орчимд манай сургуулийн номын санч ажилтай М бид хоёр алхаад Сийн арын хаалган дээр нь ирэх үед Ө гэх хүний машин ирж зогсоод С, М багш нар бууж ирсэн. Бид хоёр С эгчтэй мэндлээд Сийн хашааны зүйн хойд хаалгаар ороод хамт алхаж явсан. Хашаанд орох үед овоолсон шороо харагдсан. Бид нар энэ ямар аймаар овоолсон шороо вэ? хаагуур нь орох вэ гээд алхаж явтал С эгч хашгираад Сийн зүүн үүдний хажууд ухсан сангийн шугамын нүхэнд унасан. Бид нар нүх ухсан байна гэж бодоогүй шороо буулгасан байна гэж бодсон. С үүдэндээ гэрэл байхгүй Сийн хашааны урд гудамжны гэрэл асаалттай байсан. Гэхдээ овоолсон шорооноос нааш тас харанхуй байсан учраас бид нар нүх байгааг мэдээгүй. С эгч нэг алхмын урд явсан. Тэгээд түрүүлж унасан. Тэгээгүй бол бид 3 хамт унах байсан. М багш бид 3 ард алхаж байсан... Хашаанд нь хаалга гэж байхгүй. Хашаа байшин хоёрын завсраа хаалга болгож ашигладаг. Хүмүүс Сд юм үзэхээр ирэхдээ дандаа тэр хаалгаар ордог... Овоолсон шороо л харагдаж байсан. Сийн хананаас 2 метр орчим зайтай овоолсон шороотой байсан. Бид нар шорооны хажуугаар гарсан. Хана хэсгийг нь дагаад цементэн хаялга хэсэгтэй байсан. Бид нар тэр дээгүүр нь алхаж байсан. Тэгтэл тулгаад ухсан байсан. Ямар нэгэн анхааруулах тууз хаалт, самбар байгаагүй. Бид нар нүх ухсан ч гэж мэдээгүй...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 12 дугаар тал),

 

гэрч Т.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 13-ны орой Сд бүжиг болж байна гэхээр нь 21 цагийн орчимд манай сургуулийн багш Б.Бтэй хамт бид хоёр алхаад Сийн арын хаалган дээр нь ирэх үед Ө гэх хүний машин ирж зогсоод С, М багш нар бууж ирсэн. Бид хоёр Ч эгчийг ирж байна гэж бодоод хүлээж байтал С, Мг нар бууж ирсэн. Тэгээд мэндлээд Сийн хашааны зүүн хойд хаалгаар ороод хамт алхаж явсан. Хашаанд орох үед овоолсон шороо харагдсан. Цаанаас гудамжны гэрэл тусаад овоолсон шороонд нь ухсан нүх нь харагдахгүй байсан. Бид нар энэ ямар аймаар овоолсон шороо вэ? нүх ухсан юм байхдаа хаагуур нь орох вэ гээд алхаж явтал С эгч хашхираад Сийн зүүн үүдний хажууд ухсан сангийн шугамын нүхэнд унасан. Бид нар нүх ухсан байна гэж бодоогүй. С үүдэндээ гэрэл байхгүй Сийн хашааны урд гудамжны гэрэл асаалттай байсан. Гэхдээ овоолсон шорооноос нааш тас харанхуй байсан учраас бид нар нүх байгааг мэдээгүй. С эгч нэг алхмын урд явсан. Тэгээд түрүүлж унасан. Тэгээгүй бол бид 3 хамт унах байсан. Мөнхцэцэг багш бид 3 ард алхаж байсан. Тэгээд бид нар С орж хүмүүст хэлсэн... Хашаанд нь хаалга гэж байхгүй. Хашаа байшин хоёрын завсраа хаалга болгож ашигладаг. Хүмүүс Сд юм үзэхээр ирэхдээ дандаа тэр хаалгаар ордог... Овоолсон шороо л харагдаж байсан. Бид нар шорооны хажуугаар гарсан. Хана хэсгийг нь дагаад цементэн хаялга хэсэгтэй байсан. Бид нар тэр дээгүүр нь алхаж байсан. Тэгтэл уг хашлагыг нь нураагаад тулгаад ухсан байсан. Ямар нэгэн анхааруулах тууз хаалт, самбар байгаагүй... фейсбүүкээр сумын групп зар дээр Сд 19 цагаас цаг уур орчны бүхэн өргөнөөр оролцон уу гэсэн зарын дагуу ирсэн. С бүжиг болж байна гэж зар оруулахдаа үүдэнд нүх ухсан тул болгоомжтой байгаарай гэж сануулж болох байсан. Мөн ухсан нүхэн дээрээ гэрэл ойлгогчтой анхааруулах тууз татаж нүх байгааг мэдэгдэж болох байсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 14 дүгээр тал),

 

гэрч Э.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  "... 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр цаг уурын станцын эрхлэгч М.А утсаар залгаад манай цаг уурт ажиллаж байсан ахмад ажилчид цугларсан. Тэгээд орой бүжиг зохион байгуулмаар байна гэж асуусан. Тэгэхээр нь Сд ахмадууд тоглолтын бэлтгэл хийж байгаа. Зүүн талаар их нүх ухсан байгаа чи өөрөө ирээд нүхнүүдийг нь үзэж байгаад болно гэвэл хий гэж хэлсэн. Тэгтэл үнэтэй зохион байгуулах юм уу, үнэгүй зохион байгуулах юм уу гэтэл цаг уур үнэгүй зохион байгуулмаар байна гэсэн. Тухайн өдөр нь хөгжмийн багш Г.Т цаг уураас бүжгийн зар тавиулж орой 20 цагаас эхлэх зар тавьсан. Тэгээд би өөрөө очоогүй байсан. Тухайн үед бүжгийн багш хөгжмийн багш нарт орхиод явсан. Тэгтэл 21 цаг жаахан өнгөрөөгөөд манай бүжгийн багш Э сангийн шугамын нүхэнд хүн унасан гэж хэлсэн. Тэгээд ирэх үед хүнээ гаргаад эмнэлэгт хүргээд ирж байсан. Тухайн нүхэнд унасан хүн Ц.С байсан... Манай сум төрийн байгууллагууд нэгдсэн халаалтад орж дотор шугамуудыг бүгдийг сольсон. Тэгээд манай Сийн үзэгчдийн нойл хийх зорилгоор Сийн зүүн хашаан дотор үүдний довжооны хойд талд бохирын сангийн шугам оруулах зорилгоор сумын засаг даргатай гэрээ хийсэн гэх “Э” ХХК-ийн ажилчид 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ирж ухсан. Манайд нүх ухахдаа мэдэгдсэн. Тэгээд бид нар хашаа нээж өгч зам дээр нь байсан мод зэргийг ухаж өөр нүхэнд суулгаж зай гаргаж өгсөн. Тухайн байгууллагаас хүмүүс ухсан. Яг хэдэн хүн ухаж гүйцэтгэсэн талаар мэдэхгүй байна... ямар нэгэн тууз хаалт огт байхгүй байсан... Би тэгж хэлээгүй. Өөрсдөө мэдэж байгаа байх гэж бодсон. Гүйцэтгэгч компани нь өөрсдөө мэдэж байгаа гэж бодсон. Хүмүүс нь тогтмол байж юм хийж байсан... Үүдэндээ гэрэл байхгүй. Харин хашааны урд талд гудамжны гэрэл асдаг. Хойд  талаар ордог хаалга дээрээ гэрэлтэй харин зүүн хойд хашаан дотор огт гэрэл байхгүй...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

 

гэрч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Манай эрүүл мэндийн төвд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 21 цаг 10 минутад Х сумын Сийн хашаан дотор сангийн шугамын нүхэнд хүн унаж гэмтсэн байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Түүний дагуу би очсон. Намайг очих үед Ц.С нь Сийн зүүн талын хашаан дотор сангийн шугамын ухсан нүхэнд Сийн хана дагасан хэсэгт дээшээ харсан байдалтай хөдөлж чадахгүй хэвтэж байсан. Эрүүл мэндийн төвөөс нацилка авчирч дээр нь хэвтүүлээд нүхнээс гаргаж сумын эрүүл мэндийн төв дээр авчирч үзлэг хийх үед баруун хөлийн дунд чөмөг хугарсан байдалтай нуруу гэмтсэн байдалтай өөр ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан... дараагийн шатны эмнэлэг болох Сайншанд сумын нэгдсэн эмнэлэгт хүргэсэн... Үгүй эрүүл байсан... Гэрэлтүүлэг байхгүй. Гудамжинд нэг гэрэлтүүлэгтэй үзлэг хийх үед юм харагдахгүй утасны гэрэл тусгаж харсан..." гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 19 дүгээр тал),

 

гэрч Ч.Мнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  "... 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр би Х суманд экскаваторын оператороор очсон. Очоод төсөвт байгууллагуудын дулаан цэвэр, бохирын шугамын нүхнүүдийг ухаж эхэлсэн... хамгийн сүүлд 2022 оны 09 дүгээр сарын 11-ний орой Сийн зүүн хашаан дотор бохир усны шугам тавих нүх ухаж эхлээд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дуусаад экскаватороо ачаад шууд Дорноговь аймгийн Сайншанд суманд ирсэн. Үүнээс хойш өөр юу болсон талаар мэдэхгүй байна. Намайг нүх ухах үед барилгын инженер П.Д бригадынхаа хамтаар ажиллаж байсан... Хэдэн онд байгуулагдсан талаар мэдэхгүй байна.. тухайн компани нь барилгын үйлдвэрлэл, барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг байгууллага... Тухайн үед П.Д инженер хариуцаж байсан... Батмандах гэж хүн ХАБЭА хийдэг. Байгаагүй. Тэр талаар мэдэхгүй байна. Би зааж өгсөн газарт нь нүх ухаад явсан. Сайн мэдэхгүй байна... Намайг нүх ухах үед П.Д инженер хажууд байсан. Би тууз татах самбар байрлуулах ажил хийгээгүй. Тэр ажлыг хэн хийх естой талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 21 дүгээр тал),

 

гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Дорноговь аймгийн Х сумын нутаг дэвсгэрт бохирын шугамын нүх ухах ажлаар 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ирсэн. Би Э ХХК-д туслах ажилтан. Манай Э ХХК-н Дорноговь аймгийн Х сумын тамгын газартай гэрээ хийж төрийн байгууллагуудын бохир болон сангийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа. 2022 оны 09 дүгээр 11-ний өдөр Дорноговь аймгийн Х сумын Сийн зүүн хашаанд манай компани экскаватор бохирын шугамын нүх ухсан. 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр уг нүхийг нь би Баярмагнай гэх хүний хамт гараар ухаж дотор талыг нь тэгшилсэн. Тэгээд орой харанхуй болоод бид нар ажлаа дуусгаж маргааш нь байшингийн цоолж нүх гаргаж янзалсан. Ийм зүйл болсон... Хүн унасан орой нь мэдсэн... Тийм зүйл огт байхгүй байсан... Манай инженер Д хариуцаж байсан... Байгууллага дээр Сайншанд суманд байдаг... Энд ажил ХАЭА-н ажилтан байхгүй байсан... Тууз татна гэж ярьж байсан. Гэхдээ тухайн өдөр орой болсон тул тууз татуулаагүй орхисон. Нүхэнд ямар нэгэн тууз болон хаалт мэдээлэх самбар байгаагүй...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 26 дугаар тал),

 

гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2022 оны 09 дүгээр 11-ний өдөр Дорноговь аймгийн Х сумын Сийн зүүн хашаанд экскаватор бохирын шугамын нүх ухсан. 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр уг нүхийг нь би Б ахын хамт гараар ухаж дотор талыг нь тэгшилсэн. Тэгээд орой харанхуй болоод бид нар ажлаа дуусгаж маргааш нь Сийн байрыг цоолж бохирын шугамын нүх гаргаж янзалсан... Хүн унасан орой нь мэдсэн... Ямар нэгэн тууз тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй байсан... инженер Д хариуцаж байсан... Тийм хүн байхгүй байсан... Б ах намайг Д Б нар хоорондоо 2022 оны 09 дүгээр 13-ны орой ухсан нүхэн дээрээ тууз татна гэж ярьж байсан. Гэхдээ тухайн өдөр орой болсон тул тууз татуулаагүй. Нүхэнд ямар нэгэн тууз болон хаалт, мэдээлэх самбар байгаагүй... ямар ч зааварчилгаа өгч гарын үсэг зуруулаагүй... хариуцаж байгаа хүн нь хийх ёстой байх. Сайн мэдэхгүй байна. Нүх ухахаасаа өмнө тууз татаж орчноо аюулгүй болгож байж нүх ухах ёстой байсан байх...” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 28 дугаар тал),

 

гэрч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Манай Э ХХК-н 2012 оноос хойш барилгын тусгай зөвшөөрлийн компаниар үйл ажиллагаа явуулж байна. Х сумын төсөвт байгууллагуудын дулаан, цэвэр ус бохирын сүлжээнд холбох ажлыг 2022 оны 05 дугаар 16-ны өдөр Х сумын засан дарга Н.Энхбаяртай хамтарсан гэрээг анх байгуулж манай байгууллагаас төлөвлөн манай компани ерөнхий менежер Д.Ан төлөөлөн оролцож гэрээ байгуулан ажилласан. Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулж хил гаалийн ачаа бараа саатаж дулаан, цэвэр ус бохирын сүлжээнд холбох бараа материал саатаж 2022 оны 08-р сарын сүүлээр ажил эхэлсэн. Тухайн Х сумын төсөвт байгууллагуудын дулаан, цэвэр ус, бохирын сүлжээнд холбох  тендерийн ажлыг ерөнхий меженер Д.А барилгын инженер П.Д нарт хариуцуулж манай компани дээр хууль тогтоомжийн хүрээнд, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхийг хариуцуулж, тухайн тендерийн ашгийг Д.А, П.Д нарыг өөрсдөө авч зохион байгуулан ажиллаарай гэж хэлсэн. Тухайн үед би П.Дд анх ажилд гарах үед нь хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Б.Б эрүүл мэндийн шалтгааны улмаас байхгүй байсан талаар анх хэлж байсан. Тэгсэн П.Д цаг агаарын нөхцөл байдал болон тухайн байгуулсан гэрээний хугацаанд баригдаж үйл ажиллагааг дур мэдэж эхэлсэн байсан. Би тухайн осол болсон талаар 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр анх надад П.Д хэлэхдээ манай шугам хоолойн нүхэнд хүн унаж гэмтсэн талаар хэлхээр нь би нөгөө хүн гайгүй юу гэж асуухад П.Д гайгүй би холбоотой байгаа эмчилгээний зардал мөнгийг өгч байгаа гэж хэлж байсан тэрнээс өөр надад мэдэх зүйл байхгүй... Манай байгууллагад тусгайлан гаргасан дотоод журам гэж байхгүй. Дотоод журам нь хөдөлмөрийн гэрээнд заагдаж тусгагдсан орсон байгаа. Тухайн осол нь шугам сүлжээний шугамын ажил нь анхааруулах самбар болон хамгаалалтын тууз татаагүй улмаас тухайн хүн унаж гэмтсэн гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 46 дугаар тал),

 

гэрч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би Э ХХК-д 2011 оноос хойш ерөнхий менежер гэсэн албан тушаал дээр ажиллаж байна... Би Дорноговь аймгийн Х сумын төсөвт байгууллагуудын дулаан, цэвэр ус, бохирын сүлжээнд холбох ажлыг Э ХХК-ийн итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцож 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулж ажилласан. Тухайн ажилд тендерийн бичиг баримтын гэрээ, санхүүгийн ажил, бараа бичиг цаасны ажил хариуцаж ажиллаж байсан. Би байгуулагчдын нэг юм. П.Д бид 2 анх Х сумын төсөвт байгууллагуудын дулаан, цэвэр ус, бохирын сүлжээнд холбох ажлын тендерт оролцож тухайн ажлыг бүрэн хариуцаж ажиллахаар болсон. Тэгээд ажлаа эхлүүлэх гэсэн боловч БНХАУ-ын хил хаалттай байсан болохоор бараа материалын татан авах ажил удааширч төлөвлөсөн хугацаанд ажлаа хүлээлгэж өгөх ажил хойшилсон тэгээд 2022 оны 08 дугаар сарын сүүлээр газар шорооны ажил эхэлсэн тухайн газар шорооны болон шугамын ажлыг П.Д хариуцаж ажиллаж байсан. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр надад П.Д над руу залгаж Х сумын Сийн гадна шугамын нүхэнд хүн унаж гэмтсэн талаар мэдэгдсэн. Тэгэхээр би тухайн газарт хамгаалалтын туузаа татсан юм уу гэхэд П.Д надад хэлэхдээ Сд нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй гэж Сийн эрхлэгч хэлэхээр нь, гадуураа хашаатай байсан болохоор нь тууз татаагүй гэж надад хэлсэн. Тухайн үед хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан эрүүл мэндийн шалтгааны улмаас өвчтэй байсан... Э ХХК-ын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №17/2022 дугаартай захирлын тушаалаар П.Д хариуцаж ажиллаж байна...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 48 дугаар тал),

 

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт( хавтаст хэргийн 4 дүгээр тал),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 13076 дугаартай “...Ц.Сын баруун дунд чөмөгний доод булууны үе дайрсан бяцарсан далд хугарал бүсэлхий 2 дугаар нугалмын их биеийн шахагдсан, баруун хөндлөн сэртэн зүүн талын ламин дайрсан хөндлөн зөрүүтэй хугарал, бүсэлхийн 1 дүгээр нугалмын арын сэртэнгийн зөрүүтэй хугарал, бүсэлхийн 4, 5 дугаар нугалам хоорондын жийргэвч мөгөөрсийн цүлхийлт, баруун гуянд цус хуралт, зөөлийн няцрал" бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 36-38 дугаар тал),

 

Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11-06-040/12 дугаартай шинжээчийн дүгнэлт( хавтаст хэргийн 51-53 дугаар тал),

 

Э ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар ( хавтаст хэргийн 93-96 дугаар тал),

 

Дорноговь аймгийн Х сумын төсөвт байгууллагуудын дулаан, цэвэр ус, бохирын сүлжээнд холбох ажлыг гүйцэтгэх гэрээний хуулбар ( хавтаст хэргийн 96-98 дугаар тал),

 

Э ХХК-ийн захирал Ц.Аын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19/2022 дугаартай тушаал ( хавтаст хэргийн 90 дүгээр тал),

 

Хөдөлмөрийн гэрээний хуулбар( хавтаст хэргийн 95-97 дугаар тал),

 

Инженер техникийн ажилтны тодорхойлолт ( хавтаст хэргийн 98-99 дүгээр тал),

         

          П.Дгийн нийгмийн даатгал төлөлтийн талаарх лавлагаа ( хавтаст хэргийн 147 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 31 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч П.Д нь 2022 оны 05 сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Х сумын төсөвт байгууллагуудын дулаан,цэвэр ус, бохирын сүлжээнд холбох ажлыг гүйцэтгэж байхдаа “Э” ХХК-ны ерөнхий инженерээр ажиллаж байхдаа Х сумын Сийн хашаан доторх дулаан, цэвэр ус, бохирын сүлжээнд холбогдохоор ухсан шуудууг тойруулан хаалт, хамгаалалт хийгээгүйн улмаас тус Сийн зүүн хаалгаар  бүжигт орохоор очихдоо  Ц.С нь ухсан шуудуу дотор унаж  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ц.С, гэрч С.М, Б.Б, Т.М, Э.О Б.Т Ч.М, Б.Б, А.Б, Ц.А, Д.Ан нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 13076 дугаартай дүгнэлт, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 11 сарын 11-ний өдрийн 11-06-040/12 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

 

Холбогдох хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдсөн, тухайн ажлыг хариуцан ажиллаж байсан хүн хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд үл биелүүлэх эс үйлдэхүй, хохирол хоёр хоорондоо шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч П.Дг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Ц.С нь нийт 26,000,000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Хохирогч Ц.С 2023 оны 01 сарын 27-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 01 сарын 27-ны өдрийн 80 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлан явуулсан.

 

2023 оны 02 сарын 03-ны 16:30 цагт товлон зарлагдсан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хохирогчид хохирол төлбөрийг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.6-д зааснаар шүүх хуралдааныг хялбаршуулан явуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэв.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр ял оногдуулах дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тул  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч  П.Дд Эрүүгийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгчийн эдийн засгийн байдал, цалин хөлс, орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,  шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсан болно.

 

        Бусад асуудлаар:

Шүүгдэгч П.Д нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

    Шүүгдэгч П.Д нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 31 дүгээр тал/ тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч П.Дг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.АДЪЯАСҮРЭН