| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2023/0026/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/28 |
| Огноо | 2023-03-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.2., 17.1.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/28
2023 02 03 2023/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг,
Шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Тт холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.Т, ...
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Э.Т нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Хүслэн дэлгүүрийн зүүн талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Бийн нүүр хэсэгт нь цохиж, өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд хамар ясны далд хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүд болон доод уруулын дотор салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2022 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 12 дугаар байрны тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох найз охин Б.Бг бусадтай хардаж гэр бүлийн маргааж үүсгэж улмаар хутгаар баруун гуяны ар хэсэгт 1 удаа, урд хэсэгт 1 удаа тус тус зүсэж, баруун гуя, баруун өвдгөнд зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймагт байрлах “К” ХХК-ний ажлын байран дээрээ байхдаа интернэт цахим орчинд покер тоглоом тоглох зорилгоор иргэн Ю.Бын “Худалдаа хөгжлийн банк”-ны интернэт банканд нэвтэрч 1,700,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу хууль бусаар хулгайлсан,
2022 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 12 дугаар байрны тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох найз охин Б.Бг бусадтай хардаж маргаан үүсгэж түүний эзэмшлийн самсунг А-71 загварын гар утсыг шидэж, эвдэж гэмтээсний улмаас хохирогчид 650.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүхээ худалдааны төвийн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгт ажиллаж байсан С.Аыг “цагдаа дуудлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн хэсэгт нь гараараа цохиж, зууралдан түүний биед “...зүүн гарын алганы шивнүүр ясны хугарал, доод уруулын шарх цээжний зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зулгаралт...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, буруу зөрүүтэй авагдсан зүйл байхгүй. Өөртөө дүгнэлт хийж, цаашид архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй тайван амьдарна гэсэн мэдүүлэг,
хохирогч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр залуутай юм яриад зогсож байсан буржгар үстэй, саарал цоохор куртиктэй залуу гарч ирээд үгийн зөрүүгүй намайг хоёр удаа цохиод авсан би газар унасан намайг газар унасан миний нүүр лүү сүүлд гарч ирдэг залуу өшиглөсөн. Намайг өшиглөсөн би ухаан алдчихсан байсан....буржгар үстэй, саарал цоохор куртиктэй залууг нь Э.Т гэдэг залуу байсан...Миний хамрын самсаа цөмөрсөн, нүдний ухархай гэмтсэн, тархи доргисон, доод уруул гурван удаа язарсан, 4 шүдний паалан дотор талдаа хугарсан. Энэ гэмтлүүдийг нь Э.Т учруулсан...” гэсэн мэдүүлэг ( 1 хавтаст хэргийн 16-18 дугаар тал),
гэрч А.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хажуугаас Э.Т гэдэг залуу гүйж гарч ирээд манай найз Ж.Бийн нүүр лүү хоёр удаа цохиод унагасан, Ж.Б газар унаад өгсөн нүүр лүү дахиад өшиглөсөн...Ямар учраас халдсан гэдгийг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг( 1 хавтаст хэргийн 20-21 дугаар тал),
гэрч Г.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.Б намайг барьж аваад намайг боох гээд намайг мэдэх үү, ална шүү бацаан минь гэж хэлсэн. Бид хоёрын голоор цуг явж байсан ах нь орж салгасан. Тэр үед Э.Т ирээд юу болж байна аа гэсэн...Э.Т нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгээд тэр хоёр зууралдаад газар унасан.” гэсэн мэдүүлэг ( 1 хавтаст хэргийн 26-28 дугаар тал),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №10 дугаартай “...Ж.Бийн биед зүүн нүдний ухархай ясны дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүд болон доод уруулын дотор салстын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо...Гэмтлийн зэрэг тогтоох^ журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”гэсэн шинжээчийн дүгнэлт ( 1 хавтаст хэргийн 61-62 дугаар тал),
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 201-210 дугаар тал),
хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэрт орж ирээд хоорондоо маргалдаж байгаад найз залуу Т миний гар утсыг булааж аваад газар савж цохиод эвдчихсэн бөгөөд би уурлаад орхитол гал тогооны өрөө рүү ороод хутга авч ирээд над руу дайраад хутга далайгаад байсан бөгөөд би доошоо хараад хэвтэж байтал баруун гуяны ар хэсэгт 1 удаа, хөхний урд хэсэгт 1 удаа хутгаар зүссэн, тэгээд манай дүү орж ирээд бид хоёрыг салгасан...Т бид хоёрын дунд гэр бүлийн маргаантай асуудал байхгүй. Тухайн орой Т бид хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд бага зэрэг үл ойлголцлоос болоод хоорондоо маргалдсан. Тэгээд Т уурласан үедээ тийм асуудал гаргасан.” гэсэн мэдүүлэг /1-р хх 214-215, 217 дугаар тал/,
иргэний нэхэмжлэгч Н.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Бгийн эрүүл мэндийн даатгалын сангаас 365.000 төгрөгийн зардал гарсан байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Э.Төөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг ( 1 хавтаст хэргийн 221-223 дугаар тал),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №13814 дугаартай “...Б.Бгийн биед баруун гуя, баруун өвдгөнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д заасан гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт (1 хавтаст хэргийн 234-235 дугаар тал),
Дамно хөрөнгө үнэлгээний компанийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “...Самсунг А-71 загварын гар утас...Хаалганы нимгэн шил...Нийт үнэ 605.000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт( 1 хавтаст хэргийн 246-247 дугаар тал),
хохирогч С.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Дүүхээ төвийн автобусны буудал дээр өөрийн ажиллуулдаг Түц-дээ сууж байхад 18 цагийн үед эмэгтэй хүн гаднаас орж ирээд ахаа туслаарай гэхээр нь яасан юу болсон гэхэд манай нөхөр намайг зодох гээд байна гэсэн...Би тухайн залууд хандан чи яах гээд байгаа юм, хариад амарч бай, араас чинь эхнэр чинь очно гэж хэлэхэд би чиний машиныг мэднэ, түцийг чинь шатаана шүү гээд гээд тухайн залуу миний нүүр лүү 2-3 удаа цохисон...Ах И нь салгах гээд орж ирсэн байсан. Би тухайн үл таних залууг барьж булан шахаж байгаад зогсож байсан бөгөөд жаахан гараа суллахаар миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод болихгүй байсан...Дандаа нүүр хэсэг рүү олон удаа цохисон.”гэсэн мэдүүлэг ( 2 хавтаст хэргийн 5 дугаар тал),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №15589 дугаартай “...С.Аын биед зүүн гарын алганы шивнүүр ясны хугарал, доод уруулын шарх, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт ( 2 хавтаст хэргийн 72-73 дугаар тал),
гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд байж байтал Т нь араас түц рүү орж ирээд хэрүүл маргаан, хийгээд гараад ир гээд орилоод байхаар нь түцний ах чи жаахан тайвшир, гэртээ хариад байж бай, эхнэр чинь араас чинь очно гэж хэлээд босоод цагдаагийн байгууллага руу залгаад ярьж байхад нь Т нь тухайн ахын нүүр рүү цохиод зодоон болсон.” гэсэн мэдүүлэг( 2 хавтаст хэргийн 67 дугаар тал),
хохирогч Ю.Бын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр миний цалин буугаад 2.100.000 төгрөг буусан юм. Би тэгэхээр нь өртэй байсан хүндээ 300,000 төгрөг шилжүүлсэн тэгээд дэлгүүр ороод жаахан юм аваад миний дансанд 1,708,405 төгрөг үлдсэн байсан. Би тэгэхээр үлдэгдэл мөнгөө дансандаа байлгаж байсан чинь үл таних хүн 1,700,000 төгрөгийг миний данснаас миний зөвшөөрөлгүйгээр авсан. Миний дансны дугаарыг мэдэх хүн байхгүй. 1700,000 төгрөгийн хохирол учирсан. Миний данснаас гарсан мөнгө Хаан банкны данс руу шилжин орсон...Миний данснаас гарсан мөнгө Хаан банкны дугаартай О.А гэдэг хүний данс руу шилжин орсон, би ийм нэртэй хүн болон ийм дансны дугаартай хүмүүсийг таньж мэдэхгүй” гэсэн мэдүүлэг ( 2 хавтаст хэргийн 150-151 дугаар тал),
гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би цахим орчинд спортын чиглэлээр покер гэдэг олон улсын тоглоом тоглодог юм. 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ...MJ Miiga... гэсэн фейсбүүк хаягтай хэрэглэгчээс харилцаад аккаунт цэнэглүүлэх гэсэн юм доллар хэрэгтэй байна гэж чат бичихээр нь би өөрийн Хаан банкны дугаарын дансаа өгсөн... 1,700,000 төгрөг орж ирэхээр нь би зөрүүлээд 515 доллар болгож шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг ( 2 хавтаст хэргийн 153-154 дүгээр тал),
гэрч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Э.Ттэй эгч дүүсийн хүүхдүүд юм. Би К нэртэй покер тоглоом тоглодог юм. Тэгсэн над руу 08 дугаар сарын сүүлээр яриад чи покер тоглодог уу гэхээр нь би тоглодог гэсэн чинь над руу тоглодог ID гаа явуулчих гэхээр нь би өөрийн 6 оронтой ID явуулсан...миний аккаунтад 515 доллар орж ирсэн байсан. Хэнээс авсан талаараа хэлээгүй. Би ямар учиртай мөнгө юм гэхэд ямар ч асуудалгүй мөнгө гэж байсан” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 26 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Т нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Хүслэн дэлгүүрийн зүүн талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Бийн нүүр хэсэгт нь цохиж, өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд хамар ясны далд хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүд болон доод уруулын дотор салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймагт байрлах “К” ХХК-ний ажлын байран дээрээ байхдаа интернэт цахим орчинд покер тоглоом тоглох зорилгоор иргэн Ю.Бын “Худалдаа хөгжлийн банк”-ны интернэт банкинд нэвтэрч 1,700,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар ,хууль бусаар авсан
09 дүгээр сарын 29-ний шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 12 дугаар байрны тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох найз охин Б.Бг бусадтай хардаж гэр бүлийн маргаан үүсгэж улмаар баруун гуяны ар болон урд хэсэгт хутгаар зүсэж, баруун гуя, баруун өвдгөнд зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
09 дүгээр сарын 29-ний шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 12 дугаар байрны тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох найз охин Б.Бг бусадтай хардаж маргаан үүсгэж түүний эзэмшлийн самсунг А-71 загварын гар утсыг шидэж, эвдэж гэмтээсний улмаас 650.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
11 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүхээ худалдааны төвийн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгт ажиллаж байсан С.Аыг “цагдаа дуудлаа” гэж нүүрэн хэсэгт нь гараараа цохиж, зууралдан түүний биед “...зүүн гарын алганы шивнүүр ясны хугарал, доод уруулын шарх цээжний зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зулгаралт...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.Б, гэрч А.Ж, Г.Д нарын мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаартай дүгнэлт, хохирогч Б.Б, иргэний нэхэмжлэгч Н.М, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15589 дугаартай дүгнэлт, Дамно хөрөнгө үнэлгээний компанийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, хохирогч С.Аын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15589 дугаартай дүгнэлт, гэрч Б.Б, А.О, Д.М, хохирогч Ю.Ба нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Тийн үйлдэл нь өмчлөгчийн эрхийг зөрчиж хохирогч Б.Бгийн эзэмшлийн самсунг А-71 загварын гар утсыг шидэж эвдсэн үйлдэл нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзэх бөгөөд уг гар утас нь 650.000 төгрөг болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж үзэх бөгөөд хохирлын хэмжээ нь гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.
Мөн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 сарын 15-ны өдрийн 15589 дугаартай дүгнэлтээр хохирогч С.Аын биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл,
Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 сарын 11-ний өдрийн 13814 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Бгийн биед, Хэнтий аймгийн Шинжилгээний албаны 2022 оны 1 сарын 31-ний өдрийн 10 дугаартай дүгнэлтээр хохирогч Ж.Бийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон.
Шүүгдэгч Э.Т нь хохирогч С.Аын нүүрэн тус газар нь гараараа цохиж, хохирогч Б.Бгийн гуя хэсэгт хутгаар зүсэх, хохирогч Ж.Бийн нүүрэн тус газар цохих, өшиглөх зэргээр хохирогч нарын хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Э.Т нь хохирогч Ю.Бын интернэт банкинд нэвтэрч 1,700,000 төгрөгийг нууцаар, өөрийн эзэмшилдээ авч, хохирол учруулсан нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Тийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу хулгайлах, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймд шүүгдэгчийг дээрх зүйл анги тус бүрээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Т нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч Э.Т нь хохирогч Бд 1,000,000 төгрөг, Ю.Бад 1,800,000 төгрөг, С.Ат 1,500,000 төгрөг төлсөн хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн ба хохирогч Ж.Б хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгчээс хохирогч Б.Бг эмчлүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 365,000 төгрөгийн зардал гарсан байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дансанд төлүүлж өгнө үү гэснийг шүүгдэгч Э.Т төлөхөө хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Тт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөр нь шүүгдэгч Э.Тт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Э.Т танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Тт Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 720 цагийн нийтэд тустай ажил хийлэх ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тийн цагдан хоригдсон 60 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон нийтэд тустай ажил хийлгэх ялыг 240 цагаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Тт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болон 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлэх зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Тийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял
Мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тийн цагдан хоригдсон 60 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж нийтэд тустай ажил хийлгэх ялыг 240 цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Тт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болон 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Тт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
8.Шүүгдэгч Э.Тт оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төөс 365,000 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын газарт олгосугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 19 см урттай, бариул хэсэг нь 11,5 см урттай улаан өнгийн иштэй хутга 1 ширхгийг тогтоол хүчин Т болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт хавсаргагдан ирсэн 2 ширхэг Сидиг хэргийн хамт хадгалсугай.
12.Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй,шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Э.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН