Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/29

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Б.Ариунтөр,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Т.Урангоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гад холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2023 оны 01 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Г ....

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод байрлах хохирогч Б.Дийн эзэмшлийн амины орон сууцны цонхыг хагалан орж  эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдаж бусдад 90.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг Бадрахын 308 тоотод оршин суух хохирогч Б.Оын хувийн байшингийн хаалганы цүүг эвдлэн  хууль бусаар нэвтэрч цохилттой дрилл, тастагч, хос мөнгөн бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 355.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймаг Сайншанд сумын 6 дугаар багийн төвийн хойд талд шинээр баригдаж буй засмал зам дээрээс иргэн Ш.Эын эзэмшлийн нивлер, рейк зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 855.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Б.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хулгайн хэрэгт холбогдсон, яллах дүгнэлтэд бичсэн зүйл үнэн, нэмж хэлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,  

 

хохирогч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг .... тоотод байх гэртээ орох гээд 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн үед ганцаараа хашаан дотроо явж байхад, байшингийн баруун талд чимээ гарахаар нь очиход, нэг үл таних согтуу залуу миний цагдаа савхин куртикийг өмссөн байдалтай юм ухаад сууж байхаар нь Дорноговь аймгийн Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Байшингийн баруун талын цонх хагарсан байсан. Тухайн эрэгтэй нь өмднийхөө халааснаас миний албаны гэрэлтэй, цахилгаан бороохойг гаргаж шидэж байсан...Манай гэрээс ямар ч байсан миний эрээн аранзыг гарган цагдаагийн савхин куртик өмссөн байдалтай байсан. Хайрцагтай эд зүйлийг бүгдийг нь онгичсон байсан” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 14 дүгээр тал),

 

Хас Үнэлгээ ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 941 дугаартай “...Вакум цонх 1*1.20 хэмжээтэй...Нийт үнэ 90.000 төгрөг.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 18 дугаар тал),

 

 хохирогч Ш.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн төвийн хойд талд байх шинээр тавьж байгаа зам дээрээс 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 19 цагийн үед нивелер дуран, хөл, рейкийн хамт алдсанаа мэдэж ойр хавийн камерт үзлэг хийж өөрсдөө олох гээд олж чадаагүй бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн өглөө Дорноговь аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан...Би 2021 оны 06 дугаар сард нивелер дуранг 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр танил найзаасаа авч байсан. Хөл болон рейк хоёр нийлээд 350.000  төгрөг болох байх” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 56 дугаар тал),

 

Хас Үнэлгээ ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №950 дугаартай “...Нивлер дуран 1 ширхэг үнэ 700.000 төгрөг...Рейк 1 ширхэг үнэ 155.000 төгрөг, ...нийт үнэ,  855.000 төгрөг” гэсэн хохирлын үнэлгээ ( хавтаст хэргийн 62 дугаар тал),

 

хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сайншанд сумын .....оотод байх гэртээ ээжийнхээсээ ирсэн. Ирэхэд хашааны хаалга болон хойд эзэнгүй байшингийн хаалга онгорхой байсан. Байшингийн хаалгыг цоожилсон байсан цоожийг эвдэлсэн байсан. Ороод үзэхэд гэрийн шүүгээнд байсан хувцас хунарыг сандаачсан байдалтай байсан. Дараагаар нь тухайн өдрийн шөнийн 02 цагт урд гэртээ унтаж байхад хойд байшингийн тэнд нэг юм цохих чимээ гарсан. Гялс гараад хартал газар сүх байсан ба хаалганы цүүг эвдэлсэн байсан. Ямар нэгэн хүн ойр хавьд нь байгаагүй. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 06 цагийн үед босоод байшин руугаа орж үзэхэд дотор хаалга нь онгорхой байсан. Эд зүйлсээ бүртгэхэд цохилттой дрилл, тасдагч, хуримын хос мөнгөн бөгж алга болсон байсан. Тийм болохоор цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 84 дүгээр тал),

 

Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ТХҮ- 922/4414 дугаартай “...Цохилттой дрилл 1 ширхэг үнэ 170.000 төгрөг...Тасдагч 1 ширхэг үнэ 85.000 төгрөг...Хос мөнгөн бөгж 1 ширхэг 100.000 төгрөг...Нийт үнэ  355.000 төгрөг” гэх хохирлын үнэлгээ  ( хавтаст хэргийн 90 дүгээр тал),

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт( хавтаст хэргийн 2-6 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 37 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

               Шүүгдэгч Б.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод байрлах хохирогч Б.Дийн оршин сууж байсан амины орон сууцны цонхыг хагалан орж эд зүйлс нууцаар, хууль бусаар авахыг завдаж бусдад 90.000 төгрөгийн хохирол учруулсан,

          2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг Бадрахын 308 тоотод байрлах хохирогч Б.Оын гэрт хууль бусаар нэвтэрч цохилттой дрилл, тасдагч, хос мөнгөн бөгж зэрэг эд зүйлсийг хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 355.000 төгрөгийн хохирол учруулсан,

           2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймаг Сайншанд сумын 6 дугаар багийн төвийн хойд талд шинээр баригдаж буй засмал зам дээрээс иргэн Ш.Эын эзэмшлийн нивлер, рейк зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 855.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг Үзүүрийн 363 тоотод байх гэртээ орох гээд 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн үед  хашаан дотроо явж байхад байшингийн баруун талд чимээ гарахаар нь очиход, нэг үл таних согтуу залуу миний цагдаа савхин куртикийг өмссөн байдалтай юм ухаад сууж байхаар нь Дорноговь аймгийн Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Байшингийн баруун талын цонх хагарсан байсан. Хайрцагтай эд зүйлийг бүгдийг нь онгичсон байсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Ш.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн төвийн хойд талд байх шинээр тавьж байгаа зам дээрээс 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 19 цагийн үед нивелер дуран, хөл, рейкийн хамт алдсанаа мэдэж ойр хавийн камерт үзлэг хийж өөрсдөө олох гээд олж чадаагүй 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн өглөө Дорноговь аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан...” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сайншанд сумын 4 дүгээр баг Бадрахын 308 тоотод байх гэртээ ирсэн. ...тухайн өдрийн шөнийн 02 цагт урд гэртээ унтаж байхад хойд байшингийн тэнд нэг юм цохих чимээ гарсан. Гялс гараад хартал газар сүх байсан ба хаалганы цүүг эвдэлсэн байсан. Ямар нэгэн хүн ойр хавьд нь байгаагүй. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 06 цагийн үед босоод байшин руугаа орж үзэхэд дотор хаалга нь онгорхой байсан. Эд зүйлсээ бүртгэхэд цохилттой дрилл, тасдагч, хуримын хос мөнгөн бөгж алга болсон байсан.” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ТХҮ-922/4414 дугаартай “...Цохилттой дрилл 1 ширхэг үнэ 170.000 төгрөг...Тасдагч 1 ширхэг үнэ 85.000 төгрөг...Хос мөнгөн бөгж 1 ширхэг 100.000 төгрөг...Нийт үнэ 355.000 төгрөг” гэх хохирлын үнэлгээ, Хас Үнэлгээ ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 941 дугаартай “...Вакум цонх 1*1.20 хэмжээтэй...Нийт үнэ 90.000 төгрөг.” гэх шинжээчийн дүгнэлт, Хас Үнэлгээ ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн  950 дугаартай “...Нивлер дуран 1 ширхэг үнэ 700.000 төгрөг...Рейк 1 ширхэг үнэ 155.000 төгрөг, ...нийт үнэ 855.000 төгрөг” гэсэн хохирлын үнэлгээгээр хохирогч нарт учирсан хохирлыг тогтоосон байна.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Шүүгдэгч Б.Гын үйлдсэн дээрх хулгайн 3 удаагийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 2022 оны 09 сарын 15-ны өдрийн 5/60 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан эрүүгийн 2219000000249 дугаартай хэрэгт эрүүгийн .....,..... дугаартай эрүүгийн хэргүүд нэгтгэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Гын үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн шинжийг хангасан, мөн нэг төрлийн гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

         Иймд шүүгдэгч Б.Гыг хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хохирол болон бусад төлбөрийн талаар:

Хохирогч Б.Од учирсан 355000 төгрөгийн хохирлоос 170000 төгрөгийн цохилттой дриллыг буцаан өгсөн ба хохирогч Б.Дийн байшинд нэвтрэхдээ хагалсан цонхны шилний үнэ 90000 төгрөг, Б.Од хохирлоос үлдэх 185000 төгрөгийг төлөөгүй тул гаргуулан олгох нь зүйтэй. Хохирогч Ш.Э шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхэд мэдэгдсэн байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Г нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил хорих ял оногдуулах гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлэн оногдуулах саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Б.Г нь хохирогчид учирсан хохирлын заримыг төлөөгүй тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг/эрүүл мэндийн байдлыг/  харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                      

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч Б.Гад 2  жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гад оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гаас хохирогч Б.Дт 90000 төгрөг, Б.Од 185000 төгрөг гаргуулан олгосугай.

 

 5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН