Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/30

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор  М.Отгонбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Намнансүрэн,

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Эт холбогдох эрүүгийн.... дугаартай хэргийг 2023 оны 01 сарын 11-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.Э

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.Э нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хаалганаас урд зүгт орших хатуу хучилттай замд ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4 “жолооч Дараах үүргийг хүлээнэ а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчиж, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, өндгөн тулгуурын Резин гадар, жолооны хөндлөн татуурга тохируулах муфт эвдрэлтэй ... Улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, тээврийн хэрэгсэлд хамгаалах суудлын бүс хэрэглүүлээгүй зорчигч тээвэрлэж хохирогч Ж.Мын биед хүнд, Б.Аын биед хүндэвтэр зэргийн хохирол учруулсан буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Улсын яллагчийн яллагдагчаар татсан болон яллах дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Би 28-ны өдөр Улаанбаатар хотод аавыгаа эмнэлэгт хэвтүүлчхээд ирсэн. 29-ний өдөр 51 засварын газарт очиж машинаа оношлуулж хойд 2 амаржинийг нь солиулаад, өөр зүйл байхгүй байна гэхээр нь 30-ны өдөр Алтанширээ сум руу гарсан. Цагаан хаалга руу явж байх хугацаанд тээврийн хэрэгсэлд маань жолооны хүрдэд дуу чимээ гарах, ямар нэгэн саад мэдэгдээгүй. Шулуун замаар явж байгаад гэнэт осол болсон. Явж байгаад гэнэт жолооч талын дугуй болохгүй болсон. 2, 3 секунд л болсон байх, нэг мэдэхэд би машиндаа, манай охин машины гадаа байсан гэсэн мэдүүлэг,

насанд хүрээгүй хохирогч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  "... 2022 оны 06 дугаар сарын 31-ний өдөр Сайншанд сумаас Аптанширээ сум явах зорилгоор залуус хорооллын гадна талаас хариер маркийн тээврийн хэрэгсэлд суусан. Тухайн үед 13 цаг болж байсан бөгөөд би машин дотор суугаад гар утсаараа дуу сонсоод цонхоор хараад явж байсан бөгөөд нэг мэдэхэд машин дотор явж байсан хүмүүс орилох чимээ сонсогдсон бөгөөд би гайхаад хартал машин хажуу талаараа шарваж байсан, замын хажуу руу унасан... би болон миний хажууд явж байсан зорчигч нар хамгаалах бүс зүүгээгүй байсан... Э эм тарианы мөнгө гэж өгч байгаа учир цаашид гомдол санал гэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 37-39 дүгээр тал),

 

хохирогч Ж.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...залуус хорооллын гадаа очиход Э гэх ах бас Алтанширээ сумын Э гэдэг охин танихгүй нэг охин, сургуулийн нэг банди нар зогсож байсан. Би машины нь урд талын суудал дээр өөрийнх нь хүүхэд гээд нэг жоохон хүүхэдтэй суусан... аймгаас гараад цагаан хаалга орох гээд явж байхад би утсаа оролдоод явж байхад нэг мэдсэн чинь машин бүтэн хөмрөөд ирсэн би тэр хооронд ухаан алдсан... жолооч хамгаалах бүс хэрэглэсэн байсныг мэдэхгүй байна. Би хамгаалах бүс хэрэглээгүй байсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 54-56 дугаар тал),

 

иргэний нэхэмжлэгч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... С.Э миний нөхөр бөгөөд тухайн өдөр манай нөхөр С.Э хөдөө буюу Дорноговь аймаг Алтанширээ сум явах зорилгоор машинаа унаад гарсан. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч С.Э бид хоёрын дундын өмч байгаа юм аа...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 45-46 дугаар тал),

 

гэрч Б.Эын "... Цагаан хаалга өгсөөд явж байсан би энэ үед эгчтэйгээ ярих гээд утсаа оролдоод явж байтал машин гэнэт дар дар гэж дуугарсан. Тэгэхээр нь гайхсан. Тэр дороо машин хажуулдаад өнхөрсөн. Яг хэд өнхөрсөн эсэхийг би хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 64-65 дугаар тал),

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 02/0431 дугаартай “Б.Аын биед нурууны 7, 8, 10, 11, 12 дугаар нугаламын шахагдсан хугарал, бүсэлхийн 1, 2, 3 дугаар нугаламын хугарал баруун 9, 10, 11 дүгээр хавирганы зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт( хавтаст хэргийн 76-75 дугаар тал),

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 02/0416 дугаартай “...Ж.Мын биед зүүн сүүж ясны тогооны хугарал, баруун, зүүн умдаг, баруун суудал ясны хугарал” бүхий гэмтлийн хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-79-80/, Дорноговь аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 82-85 дугаар тал),

 

Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн магадалгаа ( хавтаст хэргийн 108-109 дүгээр тал)

 

Хэргийн газарт буюу “Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх цагаан хаалганаас урд зүгт байх хатуу хучилттай замд” үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 8-15 дугаар тал),

 

Ослын хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч ( хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

 

... улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа ( хавтаст хэргийн 20 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн ...... дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Аймгийн прокурорын газраас  С.Эыг   Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хаалганаас урд зүгт орших хатуу хучилттай замд ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд,хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Улсын яллагчаас: Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг Монгол улсад амьдарч байгаа хүн бүр мөрдөх ёстой. 4 заалт зөрчсөн асуудал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа учраас шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүгдэгч С.Эын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь жолооч замын хөдөлгөөнд оролцох үед хүний эрүүл мэндэд хохирол учирсан үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох гол шалгуур нь  автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн эсэх юм.

Шүүгдэгч С.Э нь ... дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахад машины нугасан холбоосны техникийн байдал нь муудсанаас бөмбөлгөн холбоос нь элэгдэж автомашины зүүн талын дугуй жолооны хүрдээр удирдах боломжгүй болгосноос зам тээврийн осол болжээ.

 

Хавтаст хэргийн 82-85 дугаар талд авагдсан Дорноговь аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...тухайн тээврийн хэрэгслийг шинжлэх явцад өндгөн тулгуурын резин гадар байсан ул мөргүй байна. Иймд уг тээврийн хэрэгслийн жолооны хөндлөн татуурга тохируулах муфтнээс өндгөн тулгуур мултарч унан жолооны хувиаргүй болж дугуй шууд залуургүй унадаг тул осол гарах шалтгаан болсон. Энэ нь техникийн элэгдэл хорогдлоос үүссэн байх боломжтой.”

2022 оны 12 сарын 27-ны өдрийн 12/07 дугаартай бүрэлдэхүүнтэй Техникийн шинжээчийн дүгнэлтийн хариулт 1-д “ ... улсын дугаартай автомашины зүүн талын жолооны хөндлөн татуургын нугасан холбоос /шаровой шарнир/ нь эвдэрсэн байна. Замын нөхцөл байдал, автомашины ашиглалтын горим, гүйлт, тухайн эд ангийн чанар зэргээс хамааран дээрх нугасан холбоосны техникийн байдал мууддаг. Уг автомашины нугасан холбоосны техникийн байдал муудсанаар бөмбөлгөн холбоос нь мултарсан байна. Энэ гэмтэл нь автомашины зүүн талын дугуйг жолооны хүрдээр удирдах боломжгүй болгож, улмаар зам тээврийн ослын шалтгаан болсон байна. 11 дугаартай шинжээчийн дүгнэлтэд бөмбөлгөн холбоосыг өндгөн тулгуур гэж бичсэн байна гэсэн дүгнэлтүүд болон хэргийн 90, 92-93 дугаарт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр ... улсын дугаартай автомашинд учирсан гэмтлийг тогтоосон байна.

 

Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч эсвэл хууль тогтоомжийн дагуу түүнийг ашиглаж байгаа этгээд хариуцах үүрэгтэй.

 

С.Э нь  2022 оны 06 сарын 29-ний өдөр Дорноговь аймагт байх 51 авто засварын газарт засвар хийлгэсэн, мөн уг тээврийн хэрэгслийг худалдан авахдаа эвдрэл гэмтлийг шалгаж байсан болох нь гэрч Ж.Б авто засварын газарт мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.Эыг техникийн бүрэн бүтэн байлгах үүргээ биелүүлээгүй гэж үндэслэлгүй байна.

 

Мөн тухайн машины дугуйны хээ жигд бус элэгдэж, эргэлт хийх үед хагарч, тоормослох үед машин хажуу тийшээ татагдаж байсан эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул  бөмбөлгийн холболт гэмтэлтэй байсан, түүнийг засварлаагүй замын хөдөлгөөнд оролцсон, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Эаас шүүхэд гаргаж өгсөн 51 авто засварын газарт оношилгоо хийлгэсэн баримт 2 хуудас, хохирогч нарт хохирол төлсөн 32 хуудас баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч С.Эын осол гаргах үед унаж байсан ... дугаартай тээврийн  хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн хугацаа 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дууссан  болох нь 11 дугаартай Дорноговь аймгийн Автотээврийн төвийн дүгнэлтээр тогтоогдсон ба энэ нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 5-д  заасан техникийн хяналтад ороогүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан зөрчлийг үйлдсэн байна.

 

С.Э нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах боломжгүй, учирч болох хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй байхдаа осол гаргаж хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэж шүүх үзэв.

 

Гэм буруу нь санаатай эсвэл болгоомжгүй хэлбэртэй байх ба энэ 2 хэлбэрийн аль аль нь байхгүй бол гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ.

Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь хөнгөмсгөөр найдах, хайхрамжгүй хандах хэлбэрээр илрэх ба С.Эын үйлдэлд аль аль шинж нь байхгүй байна.

 

Иймд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Эт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, С.Эыг цагаатгаж шийдвэрлэв.

 

  Хохирол төлбөрийн талаар:

    С.Э нь хохирогч Б.Ад 1,170,000 төгрөг, хохирогч Ц.Бд 330,000 төгрөг, Б.Эд 100,000 төгрөг, У.Мөнжаргалд 3,790,000 төгрөг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн ба хохирогч Б.М, Б.А нар нь С.Эаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаараа шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.       

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.9  дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Эт холбогдох ..... дугаартай  хэргийг  хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

 

2. С.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

   3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол болмогц шүүгдэгч С.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

           4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.АДЪЯАСҮРЭН