Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/32

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Б.Ариунтөр,

шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Од холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2023 оны 12 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ч.О

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ч.О нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Тийг "..архи худалдаж авч өгөхийг,мөн 500.000 мянган төгрөг өгөхийг шаардаж...” Ц.Тийн шанаа, эрүү хэсэгт цохих, хоолойг нь боох зэргээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлох үедээ  эрүүл мэндэд нь “...баруун талын дууны хөвчний цус хуралт, бяцрал, хутгуур мөгөөрсний цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Ч.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирогч Ц.Тийн хажууд ойрхон байсан М худлаа мэдүүлэг өгсөн байна. Өөрөө анх манайд ирээд хоёулаа ийшээ ойрхон айлаар орчхоод ирье гэж гуйгаад явсан. Явж байгаад Эы тэнд очоод ийшээ орж уулзана гээд байсан. Тэнд Т байсан. Би очоод Тийг шууд цохиогүй, хоёулаа яриа хийе, чи надад 500,000 төгрөг зээлүүлчих, би дээр өгсөн бяруу шиг бяруу өгье гэж хэлсэн. Урьд 2 жилийн өмнө 500,000 төгрөг аваад 1 бяруу өгч байсан. Түүн шигээ санасан. Хохирогч Т үнэн зөв мэдүүлэг өгөөгүй байна лээ. Намайг зүгээр өгчих гээд дайраад байсан гэж хэлсэн байсан. Би Тийг боосон гэдгээ үгүйсгэж байсан. Боолтод орох л байх, би эрүү, шанаа хэсэгт нь цохичхоод заамдаад хоолой хэсэгт нь түлхсэн. Миний хэлсэн ярьсныг үгүйсгээд байхаар нь би хэлэхгүй байсан. Худлаа мэдүүлэг өгсөнд нь гомдолтой байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү  гэсэн мэдүүлэг,  

хохирогч Ц.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гудамжинд Чулуун овогтой О гэх залуутай таарсан. Ч.О нь архи уусан согтуу байсан бөгөөд надаас нэг шил архи аваад өгчих гэхээр нь боломжгүй байна гэж хэлээд хөдлөөд явсан. Тэгээд би Э гэх залуугийн дугуй засвар дээр дугуй өгөхөөр очоод байж байтал Ч.О нь миний хойноос ирээд намайг эмнэлгийн түргэний машинд сууж байтал баруун шанаа, эрүү хэсэг рүү 2 удаа цохисон би доошоо тонгойгоод нүүрээ дараад сууж байтал нурууны араас хавирга хэсэгт гараараа 2 удаа цохисон. Би түүнд хандаж чи одоо яагаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь чи муу баян яадаг юм, ганц нэг цохилт даахгүй үхлээ юу дахиад зодно шүү гэх мэтээр дарамталсан. Тэгээд Ч Ог эргээд явахаар нь би машин руугаа явж байтал миний араас цамцны хоолойг татаж боогоод эргээд харангуут миний хоолой нь төвөнх болон уруулын дээд хэсэгт 2 удаа цохиж гэмтээсэн. Би тухайн үед амьсгал боогдоод юм ярьж чадахгүй болсон. Тэгээд миний хоолойг боочхоод надад 500.000 мянган төгрөг өг гэхээр нь дуугарахгүй байсан чинь хоолой боосон боолтоо чангаруулаад намайг муужруулах гээд байхаар нь би чамд мөнгө өгье маргааш дэлгүүр дээр очоод аваарай гэж хэлж байж боолтыг нь тавиулсан...Намайг Ч.О 500.000 төгрөг өгөх юм уу өгөхгүй юм уу гээд хоолойг боож цохиж зодсон. Зээлчих гэж бол хэлээгүй...Чамайг 500.000 төгрөг өгчихвөл дахиж оролдохгүй, дарамтлахгүй гэж хэлсэн...Болсон явдлыг харсан хүн гэвэл манай сумын иргэн Б.Батцацрал, Б.Э, Д.М нар харсан...Энэ хүнээс манай сумын иргэд айж эмээж явдаг байх...Миний эрүүл мэндэд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй байгаа. Ч.Одхүүд хуулийн дагуу арга хэмжээ тооцуулж өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 05-06, 69 дүгээр тал),

 

гэрч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хөдөөнөөс сумын төв рүү орж ирээд мотоцикл шатахуунгүй болчхоод алхаж байтал Ч.О гэх залуу мотоциклтой над дээр ирсэн. Би Ч.Ог хойшоо гэр лүү дөхүүлээд өгөөч гээд хамт сундлаад явсан чинь шууд Э гэх залуугийн дугуй засвартай хашаанд очсон...Т ах саарал өнгийн пургон маркийн тээврийн хэрэгслийн буруу талд дотор нь сууж байсан. Энэ үед Ч.О очоод юм яриад байгаа бололтой байж байснаа Т ахыг нүүр шанаа болон цээж рүү нь цохиж харагдсан. Тэгээд Т ах машинаас буугаад явтал Т ахын цамцны хоолойг нь боогоод чирээд нэг юм яриад байгаа бололтой байсан...Харин миний харснаар бол Ч.О нь Т ахыг дарамтлаад байгаа юм болов уу гэж бодсон. Т ах бол Ч.Огийн өөдөөс ямар нэг эсэргүүцэл үзүүлээд байгаа зүйл харагдаагүй....Ч.О нь Хатанбулаг сумын төвд амьдардаг бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй байдаг байх. Мөн урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байсан гэдэг. Манай сумын иргэдийг айлгаж сүрдүүлээд архи, согтууруулах ундаа нэхээд байдаг гэж сонсож байсан. Сумын иргэд бол согтуу байх юм бол айдаг. Би ч гэсэн айгаад тухайн асуудал болох үед очиж чадаагүй.” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 12-13 дугаар тал),

 

гэрч Б.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр намайг өөрийн дугуй засвар ажиллуулдаг хашаанд Т ах дугуй засварлуулна гэж хэлсэн байсан болохоор очиход Т ах миний жолооддог фургон маркийн тээврийн хэрэгслийн баруун гар талын өмнө зорчигчийн суудал дээр суугаад намайг хүлээж байсан. Намайг хашаанд орох үед миний араас Ч.О гэх залуу манай хашаанд орж ирээд шууд Т ах дээр очоод архи авч өг гэсэн зүйл яриад Т ахын нүүр хэсэгт нь хоёр удаа гараараа цохисон. Өмнө нь О нь Т ахтай уулзсан байсан юм уу яасан юм мэдэхгүй. Тэгээд миний харснаар Ч.О нь Т ахыг дарамтлаад байсан. Т ах Ч.Огийн өөдөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй байсан...Ч.О гэх хүн архи уусан байсан...Миний сонссоноор Ч.О нь Ц.Т ахаас одоо архи авч өг, өгөхгүй бол би маргааш дэлгүүр дээр чинь очиж архи авч ууна гээд байсан. Намайг машины хажууд байхад тийм зүйл ярьсан...Ч.О нь Хатанбулаг сумын төвд эрхэлсэн тодорхой ажилгүй, архи уугаад яваад байдаг хүн, Миний сонссоноор хүмүүсээс архи нэхээд дарамтлаад байдаг гэж сонссон. Надад нэг удаа архи аваад өг гэсэн зүйл хэлсэн” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

 

Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №02/0482 дугаартай "... 1. Ц.Тийн биед баруун талын дууны хөвчний цус хуралт, бяцрал, хутгуур мөгөөрсний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 4. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдат нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 74 дүгээр тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 41 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ч.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Эы дугуй засвар хохирогч Ц.Тийг "..архи худалдаж авч өгөхийг,мөн 500.000 мянган төгрөг өгөхийг шаардаж...” бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлох үедээ Ц.Тийн шанаа, эрүү хэсэгт цохих, хоолойг нь боох зэргээр түүний биед халдаж  эрүүл мэндэд нь “...баруун талын дууны хөвчний цус хуралт, бяцрал, хутгуур мөгөөрсний цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ц.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... би Э гэх залуугийн дугуй засвар дээр дугуй өгөхөөр очоод байж байтал Ч.О нь миний хойноос ирээд намайг эмнэлгийн түргэний машинд сууж байтал баруун шанаа, эрүү хэсэг рүү 2 удаа цохисон би доошоо тонгойгоод нүүрээ дараад сууж байтал нурууны араас хавирга хэсэгт гараараа 2 удаа цохисон. Би түүнд хандаж чи одоо яагаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь чи муу баян яадаг юм, ганц нэг цохилт даахгүй үхлээ юу дахиад зодно шүү гэх мэтээр дарамталсан. ...Тэгээд миний хоолойг боочихоод надад 500.000 мянган төгрөг өг гэхээр нь дуугарахгүй байсан чинь хоолой боосон боолтоо чангаруулаад намайг муужруулах гээд байхаар нь би чамд мөнгө өгье маргааш дэлгүүр дээр очоод аваарай гэж хэлж байж боолтыг нь тавиулсан...Намайг Ч.О 500.000 төгрөг өгөх юм уу өгөхгүй юм уу гээд хоолойг боож цохиж зодсон. Зээлчих гэж бол хэлээгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т ах саарал өнгийн пургон маркийн тээврийн хэрэгслийн буруу талд дотор нь сууж байсан. Энэ үед Ч.О очоод юм яриад байгаа бололтой байж байснаа Т ахыг нүүр шанаа болон цээж рүү нь цохиж харагдсан. Тэгээд Т ах машинаас буугаад явтал Т ахын цамцны хоолойг нь боогоод чирээд нэг юм яриад байгаа бололтой байсан...Харин миний харснаар бол Ч.О нь Т ахыг дарамтлаад байгаа юм болов уу гэж бодсон. Т ах бол Ч.Огийн өөдөөс ямар нэг эсэргүүцэл үзүүлээд байгаа зүйл харагдаагүй.....” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр намайг өөрийн дугуй засвар ажиллуулдаг хашаанд Т ах дугуй засварлуулна гэж хэлсэн байсан болохоор очиход Т ах миний жолооддог фургон маркийн тээврийн хэрэгслийн баруун гар талын өмнө зорчигчийн суудал дээр суугаад намайг хүлээж байсан. Намайг хашаанд орох үед миний араас Ч.О гэх залуу манай хашаанд орж ирээд шууд Т ах дээр очоод архи авч өг гэсэн зүйл яриад Т ахын нүүр хэсэгт нь хоёр удаа гараараа цохисон. Тэгээд миний харснаар Ч.О нь Т ахыг дарамтлаад байсан. Т ах Ч.Огийн өөдөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй байсан...Ч.О гэх хүн архи уусан байсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 02/0482 дугаартай "...  Ц.Тийн биед баруун талын дууны хөвчний цус хуралт, бяцрал, хутгуур мөгөөрсний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт, амбулториар эмчлүүлэгсдийн картанд бичигдсэн чих хамар хоолойн эмчийн үзлэг зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Шүүгдэгчээс “гэрч Д.М, Б.Э, хохирогч Ц.Т нар нь  намайг 500,000 төгрөг зээлье, оронд нь бяруу өгье гэж хэлснийг хэлээгүй, үнэн зөвөөр мэдүүлээгүй...” гэж мэдүүлж байгаа хэдий ч хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүдэд зөрүүтэй байдал тогтоогдоогүй, гэрч Д.М, Б.Э нар нь Эрүүгийн хуульд заасан гэрчийн эрх үүргийг ойлгож, танилцсан ба гэрч нарыг худал мэдүүлэг өгсөн гэх баримт шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

 

Хохирогч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Намайг Ч.О 500.000 төгрөг өгөх юм уу өгөхгүй юм уу гээд хоолойг боож цохиж зодсон. Зээлчих гэж бол хэлээгүй” гэсэн мэдүүлэг нь гэрч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Т ах машинаас буугаад явтал Т ахын цамцны хоолойг нь боогоод чирээд нэг юм яриад байгаа бололтой байсан...гэсэн мэдүүлэг, гэрч Б.Эы “...Ч.О гэх залуу манай хашаанд орж ирээд шууд Т ах дээр очоод архи авч өг гэсэн зүйл яриад Т ахын нүүр хэсэгт нь хоёр удаа гараараа цохисон. Тэгээд миний харснаар Ч.О нь Т ахыг дарамтлаад байсан” гэсэн зөрүүгүй өгсөн мэдүүлгээр тогтоогдсоноос гадна хохирогчийн биед хүч хэрэглэснээс үүссэн ул мөр, гэмтэл шарх учирсан нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ хүч хэрэглэж эд хөрөнгийг/мөнгө/ авахаар заналхийлж довтолсон нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Ч.О нь бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх явцдаа хохирогч Ц.Тийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь нотлогдсон, хохирогчид учирсан гэмтэл, шүүгдэгчийн үйлдэл хоёр шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Ч.Ог  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн бүрдэл төгссөн гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Ог бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол болон бусад төлбөрийн талаар:

Хохирогч Ц.Т нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирлын баримт гаргаж өгөөгүй, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд  нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй, 1,500,000 төгрөг өгсөн  гэсэн тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэн 3 жил 1 сар хорих ял оногдуулахаар,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял  оногдуулах гэсэн заалтыг баримтлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч нь 4 настай охины хамт амьдардаг талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хэдий боловч бага насны хүүхдийн төрсний гэрчилгээ хэрэгт авагдаагүй, шүүгдэгчийн асрамжид охин Энххүслэнг эцгийн асрамжинд өгсөн талаарх холбогдох байгууллагын шийдвэр гараагүй болох нь хэрэгт авагдсан гэрч Г.Ууганцэцэг, Ж.Тодгэрэл нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Иймд шүүгдэгч Ч.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  оногдуулсан  ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх  нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Ч.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

1.Шүүгдэгч Ч.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн,

11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч.Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сар хорих ялаар,

11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 4 сарын хорих ялаар  тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Од оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН