Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 1195

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 5 сарын 20 өдөр                   Дугаар 183/ШШ2019/01195                                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Бгийн /РД: / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бад /РД: / холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,003,000 /нэг сая гурван мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Б, хариуцагч Д.Б, нарийн бичгийн дарга Э.Энхзул нар оролцов.        

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Бад 2018 оны 4 сарын 27-нд 2,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч гэрээний үүргээс 622,000 төгрөг өгөөгүй тул 100 хоногийн алдангид 311,000 төгрөг, эрэн сурвалжлахад хураамжид төлсөн 70,000 төгрөг, нийт 1,003,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2018 оны 4 сарын 27-нд 2,000,000 төгрөгийг П.Бгээс зээлж, гэрээ байгуулан, ХААН банкны 5011322475 тоот дансаар авсан. Гэрээнд зааснаар эргэн төлөлтийг 2018.04.29-нөөс 2018.06.19-нийг хүртэл 1,848,000 төгрөг төлсөн тул нэхэмжилсэн 622,000 төгрөг үндэслэлгүй. Мөн зээлийн хүүг дахин хянуулах хүсэлтэй. Зээлийн хугацаанд үндсэн зээлээс 152,000 төгрөг үлдсэн байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

П.Б нь Д.Бад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,003,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч нь зээлийн төлөлтөд маргахгүй, харин зээлээс өдөр бүр төлсөн тул үлдэгдэл төлбөрт хүү өндөр байгаа, алданги төлөхгүй гэж маргалаа.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Д.Бад 2,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ. 

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан хуулийн шаардлагад талуудын тохиролцоо нийцсэн, зохигчийн хооронд зээлийн эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч нь зээлийг тохиролцсон хугацаанд хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байна.

 

Хариуцагч нь гэрээний хугацаанд 2018.06.19-ний өдөр хүртэл үндсэн зээл болон хүүний төлбөрт 1,778,000 төгрөг төлсөн болох нь хариуцагчийн эзэмшлийн дансны хуулгаар нотлогдож байна.

 

Талууд дээрх гэрээний 2.6 дахь заалтаар үндсэн зээлийг хугацааны эцэст бөөнд нь төлнө гэсэн атлаа өдөр бүр 40,000 төгрөгийг буцаан төлөхөөр тохиролцсон байгаа боловч зээлийг бүрэн ашиглаж, ашигласны төлбөрт хүү төлөх зарчимд нийцээгүй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан байна.

 

П.Б нь зээлийн гэрээний дагуу 2,000,000 төгрөг дээр 2 сарын хүүг 10 хувиар тооцож 400,000 төгрөг буюу нийт 2,400,000 төгрөгөөс төлсөн 1,778,000 төгрөгийг хасч үлдэгдэл 622,000 төгрөгийг үндсэн зээлийн үүрэгт шаардахаар тодорхойлжээ.

 

Д.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 53 хоногийн хугацаанд гэрээний дагуу /40,000х53/ нийт 2,120,000 төлөхөөс 1,778,000 төгрөг төлж, үндсэн зээлээс 342,000 төгрөгийг төлөөгүй байна.

 

Хариуцагч нь 2,000,000 төгрөгийг гэрээний дагуу 2 сарын хугацаанд ашиглах байтал өдөр бүр зээлээс 33,333 төгрөгийг буцаан төлж байснаар тэрээр зээлийг бүрэн хэмжээгээр ашиглаж чадаагүй, түүнчлэн зээлээс төлсөн төлбөрийг хасч үлдэх зээлийн төлбөрт хүү төлөх байтал зээлийн хэмжээнд бүхэлд нь хүү төлж байсан, хариуцагч энэ талаар маргаагүй тул 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 53 хоногийн хугацааны төлбөрийг хасч үлдэх зээлийн төлбөрөөс 10 хувиар хүү тооцон, гэрээний үлдэгдэл хугацаа болох 8 хоногоор тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Үлдэгдэл 342,000 төгрөгийг 10 хувийн хүү тооцоход сард 34,200 төгрөг, хоногт /34,200:30/ хүүний төлбөрт 1,129 төгрөгийг 8 хоногоор бодож, хүүний төлбөрт 9,029 төгрөг байх бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч нь /342,000+9,029/ нийт 351,029 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.7 дахь заалтаар “зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

Хариуцагчийн гүйцэтгэх байсан үүрэг 351,029 төгрөгөөс алданги тооцоход хоногт 1,755 төгрөг ба 100 хоногийн хугацаа хэтрүүлсний алдангид 175,514 төгрөг төлөхөөр байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд /351,029 + 175,514/ нийт 526,543 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэсэлэлтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс түүнийг эрэн сурвалжлахад тэмдэгтийн хураамж төлсөн, хариуцагч маргахгүй байх тул 70,000 төгрөг гаргуулав.

 

Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгээд хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд /526,543+70,000/ нийт 596,543 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шаардлагаас үлдэх 406,457 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 28,622 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 18,546 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Баас /РД: / зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 596,543 /таван зуун ерэн зургаан мянга таван зуун дөчин гурав/ төгрөг гаргуулан, Бд /РД: / олгож, шаардлагаас үлдэх 406,457 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 28,622 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 18,546 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ