Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/34

 

   

 

 

 

   

                                 

      2023         02           10                                         2023/ШЦТ/34

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн  даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагчаар хяналтын прокурор  М.Отгонбаатар,

 шүүгдэгч Б.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох эрүүгийн 2109015650219 дугаартай хэргийг 2023 оны 01 сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, эмэгтэй, 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, нягтлан бодогч, тогооч мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл 6, хүүхдүүдийн хамт ...оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, одоо ..... суух, урьд

          Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, Б.О /регистрийн дугаар: .../

 

         Холбогдсон хэргийн талаар

          Шүүгдэгч Б.О нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Ч.Уын гээгдүүлсэн 1.425.000 төгрөгийн үнэ бүхий Samsung  galaxy note-20 маркийн гар утсыг 2021 оны 08 дугаар сарын 15-наас 20-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар сургуулийн баруун талаас олж, бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж бусдад худалдаж, гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Б.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйл байхгүй. 2 дугаар 10-н жилийн баруун талд хүүхдээ салхилуулж явж байгаад утас олсон. Өөрийн бурууг ойлгож байна гэсэн мэдүүлэг,  

 

хохирогч Ч.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр манай эхнэр ээлжийн амралтаа авчихсан Улаанбаатар хотод байсан бөгөөд би очиж авахаар Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар хотод очсон байсан юм. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод 10-н жилийн ангийнхаа 3-4 хүнтэй уулзсан. Тухайн үедээ өөрийнхөө Samsung  galaxy note-20 маркийн гар утсаараа зураг дарж байсан бөгөөд уулзаж байсан газраасаа гараад явсан. Тэгэхдээ тэндээ үлдээгээд гарсан уу эсвэл гадна гарсныхаа дараа өөрийнхөө гар утсыг гээсэн үү гэдгээ сайн хэлж мэдэхгүй байна... Намайг өөрийнхөө Samsung  galaxy note-20 маркийн гар утсыг авах үед миний гар утсан дээр байсан бүхий л мэдээлэл, зураг, бичлэг, нэрсийн жагсаалтуудыг устгаж шинэчилсэн /format/ байсан бөгөөд миний гэх юу ч байхгүй байсан. Би өөрийнхөө гар утсыг цагдаагийн байгууллагад хандаж олуулсныхаа дараа үл таних хүнд зарчихсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 7-8, 55 дугаар тал),

 

гэрч Д.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"... Би тухайн 355347582689234 имей дугаартай Samsung  galaxy note-20 маркийн гар утсыг 2021 оны 10 сарын эхээр Дорноговь аймгийн Сайншандад ажлаар явж байгаад танил О гээд эмэгтэйгээс 800.000 төгрөгөөр худалдаж аваад өөрөө ашиглаж байсан одоо надад байна... О гэдэг эмэгтэй надтай хамт Дорноговь аймаг Сайншандад байрлах Гантулга трейд ХХК-д хамт ажилладаг, энэ гар утсыг Дорноговь аймгийн Сайншандад байрлах 2 дугаар сургуулийн орчмоос олсон гэж хэлээд надад зарсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

 

Дамно ХХК-ийн хохирогч Ч.Уын Samsung  galaxy note-20 маркийн гар утсыг 1.425.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан ( хавтаст хэргийн 9-10 дугаар тал),

 

эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл ( хавтаст хэргийн 17-25 дугаар тал),

 

Unitel ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05-01/6906 дугаартай албан бичиг ( хавтаст хэргийн 24 дүгээр тал),

 

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 44 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Ч.Уын гээгдүүлсэн 1.425.000 төгрөгийн үнэ бүхий Samsung  galaxy note-20 маркийн гар утсыг 2021 оны 08 дугаар сарын 15-наас 20-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар сургуулийн баруун талаас олж, бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж эзэнд нь буцааж өгөх иргэний үүргээ биелүүлэлгүй, бусдад худалдаж, гээгдэл эд хөрөнгө завшсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ч.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...... Намайг өөрийнхөө Samsung  galaxy note-20 маркийн гар утсыг авах үед миний гар утсан дээр байсан бүхий л мэдээлэл, зураг, бичлэг, нэрсийн жагсаалтуудыг устгаж шинэчилсэн /format/ байсан бөгөөд миний гэх юу ч байхгүй байсан. Би өөрийнхөө гар утсыг цагдаагийн байгууллагад хандаж олуулсныхаа дараа үл таних хүнд зарчихсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Samsung  galaxy note-20 маркийн гар утсыг 2021 оны 10 сарын эхээр Дорноговь аймгийн Сайншандад ажлаар явж байгаад танил О гээд эмэгтэйгээс 800.000 төгрөгөөр худалдаж аваад өөрөө ашиглаж байсан одоо надад байна..., энэ гар утсыг Дорноговь аймгийн Сайншанд байрлах 2 дугаар сургуулийн орчмоос олсон гэж хэлээд надад зарсан...” гэсэн мэдүүлэг, Дамно ХХК-ийн Samsung  galaxy note-20 маркийн гар утсыг 1.425.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Unitel ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05-01/6906 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон эд хөрөнгө, өөрөөр хэлбэл гэмт этгээд нь бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, захиран зарцуулсан байдаг.

 

Иймд шүүгдэгч Б.О нь Ч.Уын гээгдүүлсэн Samsung  galaxy note-20 маркийн гар утсыг олж, бусдад худалдаж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

 

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Ч.У нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гээгдүүлсэн гар утсаа хүлээж авсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн бүртгэл /хх-25/ -ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Оийг  шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялын саналыг   гаргасан болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол , хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй,   учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Иймд шүүгдэгч  Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу  600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,  шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсан болно.         

        Бусад асуудлаар:

Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10  дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.От 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Б.От оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.АДЪЯАСҮРЭН