Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 997

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   В.Бд холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      

прокурор Х.Нарангуа,

хохирогч Н.Отгонбаатар, 

шүүгдэгч В.Баттулгын өмгөөлөгч Д.Баасансүрэн, 

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/830 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор В.Бд холбогдох эрүүгийн 1908020350985 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

, 1982 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18 дугаар гудамжны 896 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, / /;

В.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 7-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 10-13 тоот хашааны гадаа нагац ах Н.Отгонбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: В.Баттулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/ хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бас 2.055.144 /хоёр сая, тавин таван мянга, нэг зуун арван дөрвөн/ төгрөгийг гаргуулан хохирогч Н.Отгонбаатарт олгуулж, хохирогч Н.Отгонбаатарын такси үйлчилгээтэй холбоотой 900.000 төгрөгийг хэлэлцээгүй орхиж, Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т "Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасан. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт эргэлзээтэй талаар үндэслэл бүхий тайлбар гаргахад шүүх эргэлзээтэй нотлох баримтыг үнэлсэн бөгөөд түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар "...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, ...няцаан үгүйсгэсэн үндэслэл"-д дүгнэлт хийгээгүй.

Тухайлбал: Хавтас хэргийн 50 дахь талд авагдсан баримтын 3 нь огноо харагдахгүй, гүйлгээний утга, үнийн дүн тодорхойгүй байсан. Хавтас хэргийн 51 дэх талд "Аюурвэйд" эмнэлэгт 12 хоног хэвтсэн гэх 540.000 төгрөгийн үнийн дүнтэй 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн баримт байх бөгөөд энэ хугацаанд эмнэлэгт хэвтээгүй байсан болох нь хохирогчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэгт "...цээжний хэсэгт өвдөөд байна. Эмчлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх 12/ болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хохирогчоос “...2019 оны 4 дүгээр сарын 23-ны мэдүүлэг өгөх үед эмнэлгээс түр гарч ирсэн асуудал байгаа юү?" гэж асуухад "...тийм зүйл байхгүй, эмнэлэгт хэвтэхээс өмнө мэдүүлэг өгсөн..." гэх хариултаар давхар нотлогдсон юм. Хавтас хэргийн 52 дахь талд авагдсан 3 баримтын 1 баримтын огноо харагдахгүй, 2 баримтын юу худалдан авсан нь харагдахгүй буюу гүйлгээний утга тодорхойгүй, хавтас хэргийн 53 дахь талд авагдсан баримт нь "Жавхлант Байгаль Вүүдс" эмийн сангийн 310.500 төгрөгийн баримт байх ба 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр "Аюурвэйд" эмнэлэгт хэвтэж байхдаа Н.Отгонбаатар худалдан авсан гэх нэмэгдсэн өртгийн албан татваргүй баримт нь эргэлзээтэй байна. Хавтас  хэргийн  57  дахь  талд  авагдсан   2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 10.050 төгрөгийн баримтын гүйлгээний утга тодорхойгүй, хавтас хэргийн 61  дэх талд авагдсан  1  баримт нь огноо харагдахгүй, гүйлгээний утга, үнийн дүн тодорхойгүй байхад үнэлсэн. Ингээд хавтас хэргийн 68, 69 дэх талд авагдсан шууд хохирол 1.728.184 төгрөгийг хүснэгтээр жагсааж бичсэн байх ба ямар зориулалтаар, юу юу худалдан авсан болох нь энгийн нүдээр тодорхой харагдахгүй эргэлзээтэй баримтыг шүүх хууль зүйн үндэслэлгүй үнэлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хохирлын хэмжээг зөвтгөж тооцох үндэслэлтэй юм. Мөн түүнчлэн, хохирогчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн "...Эмчлүүлмээр байна..." гэсэн мэдүүлэг болон 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр "Аюурвэйд" эмнэлэгт хэвтсэн талаар баримт нь харилцан зөрүүтэй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг тус тус ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Н.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Аюурвэйд эмнэлэгт хэвтсэн нь үнэн, тухайн үед миний биеийн байдал маш муу байсан. Цус бохирдсоны улмаас хагалгаанд орж биеийн байдал хүнд байсан. ...” гэв.

Прокурор Х.Нарангуа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан хохиролтой холбоотой баримтуудыг хавтас хэрэгт хавсаргасан байгаа. Мөрдөн байцаагчийн тэмдэглэлд үнийн дүнтэй холбоотой баримтуудыг нэг бүрчлэн бэхжүүлж хийсэн. Хэрэгт зарим эм тарианы баримтын үг үсэг нь цаасан дээрээ арилсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хохирогч зөвхөн эмчилгээний зардлын баримтыг л гаргасан. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/830 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.   

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

В.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 7-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 10-13 тоот хашааны гадаа нагац ах Н.Отгонбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Отгонбаатарын "...2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр би ...эгч Цэрэндуламынд очтол түүний хүү Баттулга намайг ална гээд дайрахаар нь ор руу түлхэж унагаад гараад зугтаасан. Тэгээд Алтансүхийн машинд суугаад хөдлөөд явах гэтэл араас Баттулга гарч ирээд ална гээд орилоод байхаар нь Алтансүх ... машины араас чулуу шидчихнэ, намайг буугаад аргалж бай ... гэхээр нь би буугаад очтол Баттулга намайг юугаар цохисныг мэдэхгүй толгойд цохихоор нь би Баттулгыг доошоо дартал миний толгойноос цус алдаж байсан, ... гарт нь шил байсан бололтой миний цээжийг юмаар баахан зүссэн. ..." /хх 12-13/,

гэрч Н.Цэрэндуламын "...2019 оны 4 дүгээр сарын 7-ны шөнө миний хүү Баттулга хөдөөнөөс ирээд унтаж байхад Отгонбаатар танихгүй хүнтэй орж ирээд унтаж байсан Баттулга руу ахтайгаа мэндэлсэнгүй гээд агсраад байсан. Тэгэхээр нь би Отгонбаатарыг гэрээс хөөгөөд гаргасан чинь манай хүү Баттулга гэрээс гараад Отгонбаатартай маргалдаад зодолдож байхаар нь би араас нь очиж салгасан. Отгонбаатарын цээжнээс нь цус гарчихсан байсан. ..." /хх 19/,

насанд хүрээгүй гэрч В.Жавхлантөгсийн "...2019 оны 4 дүгээр сарын 7-ны шөнө ... 01 цагийн үед ээжийн дүү Отгонбаатар ах согтуу орж ирээд Баттулга ах руу чи ахтайгаа мэндлэхээ байжээ гээд заамдаад байсан. Тэгтэл Баттулга ах орноосоо босч ирээд Отгонбаатар ахтай муудалцаж байгаад сервантны шил хагалчихсан. Тэгсэн ээж уурлаад Отгонбаатар ахыг гэрээс хөөж гаргасан. Баттулга ах араас нь гараад хашааны гадаа Баттулга ах Отгонбаатар ах хоёр цохилцоод байх шиг байсан. Харанхуй байсан болохоор хэн нь хэнийгээ цохиж байгаа нь сайн харагдаагүй. Отгонбаатар ахын цээж нь зүсэгдсэн байсан. ..." /хх 26-27/,

гэрч Ц.Алтансүхийн "...Тэгээд Баттулга согтуурхаад Отгонбаатарыг “гар зайл” гээд байсан. Отгонбаатартай барьцалдаж аваад гэрийнхээ сервантны шилийг хагалсан. ...Би машины шил хагалчихна гээд машинаа холдуулчихаад эргээд ирсэн чинь Отгонбаатарын толгой болон цээжнээс цус гарч байсан. ..." /хх 29/,

В.Баттулгын яллагдагчаар өгсөн "...2019 оны 4 дүгээр сарын 7-ны шөнө 01 цагийн үед манай ээжийн төрсөн дүү Отгонбаатар гаднаас согтуу орж ирээд ахынхаа мэндийг мэдсэнгүй гээд надтай хэрэлдэж байгаад намайг гэнэт боогоод авсан. Тэгэхээр нь би Отгонбаатарыг түлхэхэд манай сервантны шил хагарсан. Тэгсэн манай ээж Отгонбаатарыг гэрээс хөөгөөд гаргасан чинь гадаа гарчихаад явахгүй байхаар нь би гэрт байсан сервантны шилийг аваад гадаа гараад Отгонбаатартай дахин барьцалдаж аваад нөгөө шилээрээ нүүр, цээж, мөр хэсэгт нь зүсчихсэн. ..." /хх 39-42/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн "...Н.Отгонбаатарын биед зулай, зүүн чамархайн хуйх, цээжинд шарх, зөөлөн эдийн няцрал, зулай зүүн чамархайн хуйх, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн чамархай хуйханд цус хуралт...” /хх 31/ бүхий хөнгөн гэмтэл учруулсан болохыг тогтоосон 4391 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.    

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч В.Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх, В.Баттулгын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх, шүүгдэгч В.Баттулгын хохирогч Н.Отгонбаатарын зулай, чамархай, цээж хэсэгт шилээр зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч В.Баттулгын өмгөөлөгч Д.Баасансүрэн нь “...зарим хохирлын баримт шаардлага хангахгүй байхад хохиролд тооцсон тул анхан шатны шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн хохирол гаргуулах заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч В.Баттулгын гэм буруутай үйлдлийн  улмаас хохирогч Н.Отгонбаатарын биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хор уршгийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.  

Хохирогч Н.Отгонбаатарт учирсан хөнгөн зэргийн гэмтлийн улмаас цусанд бохир орж, улмаар хагалгаанд орж эмчлүүлсэн талаар анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, уг хохирлын талаарх баримтыг үндэслэн, зөв тооцсон байх тул давж заалдах шатны шүүх гомдол дурдсан баримтуудыг нотлох баримтаас хасах буюу үнийн дүнг нийт учирсан хохирлын дүнгээс  хасч тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд “ хохирлын хэмжээг багасгаж өгөх”-ийг хүссэн шүүгдэгч В.Баттулгын өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/830 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Баттулгын өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ,

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

                    ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

 

                   ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ