| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 128/2024/0838/З |
| Дугаар | 221/МА2025/0039 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2025/0039
| 2025 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 221/МА2025/0039 | Улаанбаатар хот |
А.А-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Н.М;
Нэхэмжлэгч: А.А
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга;
Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/74* дугаар цагдаагийн хурандаа А.А-д сахилгын шийтгэл оногдуулж, албан тушаал бууруулсан тушаалыг хүчингүй болгуулах,
-урд нь эрхэлж байсан Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, албан тушаал өөрчлөгдсөн хугацаанд дутуу авсан цалин хөлсний зөрүүг гаргуулах,
-Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 04/1891 дүгээр албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.С-д хүргүүлсэн мэдэгдлийн биелэлтийг хангахаас татгалзсан Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/7ХХ дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, биелэлтийг хангахыг даалгуулах” тухай;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0917 дугаартай;
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч А.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Г, Б.О, Э.Б-Э нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 128/2024/0838/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.А нь Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/74* дугаар цагдаагийн хурандаа А.А-д сахилгын шийтгэл оногдуулж, албан тушаал бууруулсан тушаалыг хүчингүй болгуулах, урд нь эрхэлж байсан Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, албан тушаал өөрчлөгдсөн хугацаанд дутуу авсан цалин хөлсний зөрүүг гаргуулах, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 04/1891 дүгээр албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.С-д хүргүүлсэн мэдэгдлийн биелэлтийг хангахаас татгалзсан Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/7ХХ дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, биелэлтийг хангахыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 917 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4, 48 дугаар зүйлийн 48.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, 65 дугаар зүйлийн 65.6, 76 дугаар зүйлийн 76.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4, 81.8, 85 дугаар зүйлийн 85.12, 97 дугаар зүйлийн 97.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.А-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/74* дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.А-ийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаал бууруулсан 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилох хүртэл хугацааны цалин, нэмэгдлийн зөрүүг тооцон нэхэмжлэгчид олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 0611** дугаартай албан бичгийн биелэлтийг хангахаас татгалзсан 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/72* тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, биелэлтийг хангахыг даалгуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.М-аас давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж тус тус заасан. Тухайн зөрчлийг цагдаагийн байгууллага өөрийн дотоод хяналтаар илрүүлж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/60 дугаар тушаалаар баталсан “Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах (код 112) журам”-д заасны дагуу явуулсан.
3.1. Нэхэмжлэгч нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1933 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын даргаар томилогдсоноос хойш Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн галт зэвсгийн сум хадгалагдаж байгаа талаар 2023 оны 08 сарын үед мэдсэн болох нь нэхэмжлэгчийн өөрийн болон Н.Э, Ч.М-О нарын тайлбараар тогтоогддог бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.
3.2. Үүнээс хойш тухайн сумыг цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч Н.Э нь “Т” худалдааны төв, цагдаагийн газрын хооронд үүссэн өрийг дарах зорилгоор мөн худалдааны төвийн эздэд өгөх талаар цагдаагийн газрын дарга буюу нэхэмжлэгчид 2023 оны 07, 08 дугаар саруудад удаа дараа танилцуулж, хэрхэн шийдвэрлэх талаар ажлын чиглэл авахад “энэ талаар би мэдэхгүй, чи өөрөө учрыг нь ол” гэж хэлснээр “Т” худалдааны төвийн нягтлан бодогч Н.Б-д 9359 ширхэг сумыг хүлээлгэн өгсөн байна. Зүй нь нэхэмжлэгчид ахлах нягтлан бодогч Н.Э-оос тухайн саналыг анх танилцуулах үед шууд таслан зогсоож, эрүүгийн хэргийн шүүхээс шилжүүлэн ирүүлсэн тухайн галт зэвсгийн сумнуудыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлүүлэх ёстой атал “би мэдэхгүй, өөрөө учрыг нь ол” гэж эс үйлдэхүйгээр бусдад шилжүүлэхийг хүлээн зөвшөөрснөөр тухайн галт зэвсгийн сумнууд бусдын эзэмшилд шилжсэн нь албаны шалгалтын хүрээнд авагдсан баримтаар хангалттай тогтоогддог.
3.3. Нэхэмжлэгчийн энэхүү үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.13 дахь хэсэг, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.7, 2.1.8 болон “Албан тушаалын тодорхойлолт”-ын 1 дүгээр зүйлийн 1.1, 1.6, 5 дугаар зорилтын 5.2 дахь хэсэгт заасныг шууд санаатай зөрчсөн үйлдэл болно.
3.3.1. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх” хэсгийн 2-т нэхэмжлэгчийг “... тэр сумнаас тоо хэмжээ дутсан хугацаанд уг албан тушаалыг хашаагүй буюу эд мөрийн баримтаар хураагдсан 5 төрлийн 10,352 ширхэг сумыг итгэмжлэн хариуцсан этгээд биш байна. /2.1/”, “...2022 оны 12 дугаар сараас хойших хугацаанд эд мөрийн баримтаар хураагдсан сумнаас аливаа байдлаар дутаагаагүй буюу зориулалтын бусаар зарцуулагдаагүй болох нь албаны шалгалтаар тогтоогдсон сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь үндэслэлгүй болжээ. /2.2/” гэж дүгнэж буй нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.
3.3.2. Учир нь нэхэмжлэгч А.Аийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын даргаар томилогдохоос өмнөх дарга нарын шийдвэрээр тухай сумны тодорхой хэсэг зарцуулагдсан, нэхэмжлэгчийг цагдаагийн газрын даргын албан тушаалд томилогдсоноос хойш тухайн хураагдсан сумыг “Т” худалдааны төвд өрөнд өгөхөөс бусад байдлаар түүний шийдвэрийн дагуу тухайн сумнаас зарцуулагдаагүй болох нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч талаас дээрх үйл баримттай маргаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасан.
3.4. Анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгч, хариуцагч талаас хэргийн үйл баримтын маргаагүй асуудлаар дүгнэлт хийх атлаа ахлах нягтлан бодогч Н.Э-оос тухайн сумыг өрөнд тооцож бусдад шилжүүлэх талаар тавьсан саналыг шууд таслан зогсоолгүй “би мэдэхгүй, өөрөө учрыг нь ол” гэж эс үйлдэхүйгээр бусдад шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэрийг “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” гэж үзэх боломжгүй юм.
3.5. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг эрүүгийн хэргийн шүүхээс шилжиж ирсэн сумыг 2023 оны 08 дугаар сард мэдсэн атлаа хяналт тавих, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн нь тогтоогдож байна. (Үндэслэх хэсгийн 3-т) гэж үзсэн атлаа оногдуулсан шийтгэл нь тухай зөрчлийн шинж байдалд тохироогүй гэж дүгнэж буй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасантай (Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.) нийцээгүй гэж үзэхээр байна. Хууль тогтоомжид зааснаар сахилгын шийтгэл оногдуулах эрх бүхий субъект нь Цагдаагийн ерөнхий газрын дарга бөгөөд шийдвэр гаргахдаа холбогдох чиг үүргийн болон зохион байгуулалтын нэгжүүдээс санал авч, шийдвэр гаргахдаа харгалзан үзсэнийг буруутгах үндэслэлгүй.
3.6. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.8-д “Цагдаагийн алба хаагчийн холбогдсон эрүүгийн болон зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэрэг, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулж болно.” гэж заасан. Шүүх хариуцагчийг “...эрүүгийн журмаар шалгуулахаар шилжүүлэхээс өмнө маргаан бүхий тушаалаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81.8, 97.1-д заасантай нийцээгүй (Үндэслэх хэсгийн 4-т)” гэж дүгнэж буй нь холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй байгууллага бөгөөд эрүүгийн хэргийн шүүхээс зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн их хэмжээний галт зэвсгийн сумыг бусдад шилжүүлсэн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй эсэх талаар шалгах нь зүйн хэрэг.
3.6.1. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүрэг бүхий нэгж нь эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулах чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд эрүүгийн хэргийн шүүх гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэдэг боловч тухайн үйлдэл нь сахилгын зөрчил мөн эсэх талаар дүгнэлт хийдэг субъект биш юм. Цагдаагийн ерөнхий газрын дарга нь Цагдаагийн албаны тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах эрхийг хэрэгжүүлэх хэдий ч нөгөө талаас Засгийн газрын агентлагийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар ажил олгогч болох бөгөөд холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл оногдуулах эрх хуулиар олгогдсон.
3.6.2. Байгууллагын дотоод хяналт, шалгалтаар нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл нь Төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байгаа тохиолдолд тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхээс үл хамааран сахилгын шийтгэл оногдуулах нь зүйн хэрэг юм. Ажилтны гаргасан тодорхой нэг хууль бус үйлдэл нь гэмт хэргийн болон сахилгын зөрчлийн шинжийг давхар агуулсан байх боломжтой бөгөөд уг агуулгаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д "Энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь ... түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй." гэж заасан.
3.6.3. Дээрхээс дүгнэхэд сахилгын шийтгэл оногдуулах илэрхий үндэслэл бүхий үйл баримтад “эрүүгийн болон зөрчлийн хэргийг шийдвэрлэгдсэний эцэст сахилгын шийтгэл оногдуулах асуудлыг шийдвэрлэх” агуулгаар дүгнэж буй нь үндэслэлгүй гэж үзэж байна.
3.7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх" хэсгийн 5-д “Т” худалдааны төвд хүлээлгэн өгсөн сум нь цагдаагийн газрын байрнаас зөөвөрлөгдсөн хугацаанд аливаа хэлбэрээр захиран зарцуулагдаагүй, тоо хэмжээ дутаагүй, төрөл өөрчлөгдөөгүй талаар дурдсан байх ба нөгөө талаас дээр дурдсанчлан “Т” худалдааны төвд шилжсэн галт зэвсгийн сум бусдад тараагдаж, улмаар ноцтой хор уршиг учирсан бол нэхэмжлэгчийн үйлдлийг “шүүх хэрхэн дүгнэх вэ?” гэх асуулт үлдэж байна.
3.7.1. Мөн нэхэмжлэгч нь албаны шалгалтын явцад буюу 2024 оны 04 дүгээр сарын 10, 11-ний өдөр цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Т.Г-ийн үед үүссэн 7,757,806 төгрөг, нэхэмжлэгчийн өөрийнх нь ажиллаж байх хугацаанд үүссэн 8,289,149 төгрөгийг өөрийн хувийн хөрөнгөөр төлж барагдуулсан талаар тус тус дурдсан бөгөөд албаны шалгалт явагдаж байх хугацаанд өөрийн ажиллаж байх хугацаанд үүссэн 8,289,149 төгрөгийг “Т” худалдааны төвд шилжүүлсэн нь түүнийг үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.
3.7.2. Галт зэвсгийн сумыг зэвсэг, сум, хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд Монгол Улсад импортолж, борлуулдаг ба дотоодод худалдаалахдаа зөвхөн галт зэвсэг эзэмших эрхийн сургалтад сууж, гэрчилгээ авсан иргэнд худалдаж, тухайн худалдан авсан сумны талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлэх хуулийн зохицуулалттайгаар худалдан борлуулагддаг онцгой бараа юм.
3.7.3. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн болон урьд ажиллаж байсан удирдах алба хаагчдын үүсгэсэн өрийг дарах зорилгоор их хэмжээний сумыг бусдад шилжүүлэх зөвшөөрлийг өгч буй нь ноцтой хор уршиг, үр дагавар учруулахаар үйлдэл болсон. Тухайн бусдад шилжүүлсэн их хэмжээний сумны дунд байлдааны болон хууль сахиулах албаны зориулалттай галт зэвсэгт ашигладаг сум багагүй хэмжээгээр байсныг мөн дурдах нь зүйтэй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/74* дугаар тушаалаар “...Цагдаагийн хурандаа А.А нь итгэмжлэн хариуцуулсан эд мөрийн баримтаар хураагдсан сумны талаар эрх бүхий байгууллагаар шийдвэр гаргуулахгүй дур мэдэн захиран зарцуулсан, түүнд хяналт тавих үүргээ хангалтгүй хэрэгжүүлж Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.13, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.7, 2.1.8, Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.1, 1.6, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3 дахь заалтад заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын даргын ажлаас чөлөөлж, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Шуурхай удирдлагын хэлтсийн ерөнхий зохицуулагчаар томилж, “албан тушаал буруулах” сахилгын шийтгэл оногдуулсан” шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх;”, 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;”, 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;” гэж тус тус заасан зарчимтай нийцжээ.
3. Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ангийн зориулалтай” 5 төрлийн нийт 10352 ширхэг сумыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газраас Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэхийг, мөн хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг хэрэгт ирүүлэхийг даалгажээ.
3.1. Дээрх эд мөрийн баримтаар хураагдсан сумыг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Сум хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл”-ийн баримтаар /1-р хх-ийн 52/, Эрүүгийн цагдаагийн газраас Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас томилогдсон эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгчид хүлээлгэн өгсөн байна.
3.2. Гэтэл энэхүү сумыг “Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын нэр бүхий алба хаагчид зориулалтын бусаар зарцуулсан” гэх мэдээлэлд алба хаагчийн буруутай үйлдэл байгаа эсэхийг шалган тогтоох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар тушаалаар батлагдсан “112. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам”-ын 112.7-д заасны дагуу 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2024-075-0000-028 дугаартай албаны шалгалт явуулж, мөн журмын 112.8.9 дүгээр зүйлийн б-д зааснаар буруутай үйлдэл байгааг тогтоож, уг үйлдэл хир хэмжээнд тохирсон сахилгын шийтгэл оногдуулах талаар 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт-аюулгүй байдлын газар албаны шалгалтын дүнг танилцуулж, Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.А-д Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2 дахь хэсэгт заасныг баримтлан “албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулах санал гаргажээ. /1-р хх-ийн 153/
3.3. Харин Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн танилцуулгаар “...А.А-ийн үйлдэлд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3-т зааснаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулах”-аар гаргасан саналыг хариуцагч танилцаж гарын үсэг зурсан байна. /1-р хх-ийн 156/
4. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.С-оос “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/74* дугаар тушаалаар А.А-д Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын даргын ажлаас чөлөөлж, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Шуурхай удирдлагын хэлтсийн ерөнхий зохицуулагчаар томилж, “албан тушаал буруулах” сахилгын шийтгэл оногдуулсан нь дараах тогтоогдсон нөхцөл байдлуудаар үндэслэл бүхий байна гэж үзлээ.
4.1. Шийтгэлийг оногдуулах эрх хэмжээтэй этгээдээс цагдаагийн хурандаа А.А-ийн буруутай үйлдэл, сахилга, ёс зүйн зөрчилд “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан нь өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд байх тул хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
4.2. Ажилтны гаргасан зөрчил нь сахилгын шийтгэлтэй тохирсон эсэхээс илүүтэй Цагдаагийн байгууллагад бий болгох хор уршиг, нийгэмд үзүүлэх шинжээрээ ялимгүй биш байх бөгөөд сахилгын ямар хэлбэрийн шийтгэлийн хэрэглэх хэмжээ, хязгаарыг хариуцагч нь ажилтны гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан тохируулан хэрэглэх эрх хэмжээтэй байна.
4.3. Цагдаагийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Цагдаагийн байгууллага захиргааны хяналтын чиглэлээр дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 13.1.1-д “хүн ам, экологийн аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй тэсэрч дэлбэрэх, ... галт зэвсэг, сум хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх, хадгалж хамгаалах, ашиглах талаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;”, 13.1.2-т “иргэн, хуулийн этгээд ... галт зэвсэг, сум хэрэгсэл үйлдвэрлэх, захиалах, худалдах, тээвэрлэх журмын биелэлтэд хяналт тавих;”, 81 дүгээр зүйлийн 81.3-т “Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно.”, 81.4-т “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна:”, 81.4.3-т “албан тушаал бууруулах;”, 97 дугаар зүйлийн 97.1-д “Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна.” гэж,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх;”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;”, 48 дугаар зүйлийн 48.4-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна.” гэж, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-т “төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх.” гэж,
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/201 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.7-д “байгууллагаас тогтоосон хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг чанд сахин биелүүлж, албаны бус зорилгоор материал-техникийн, санхүүгийн хэрэгсэл, төрийн бусад эд хөрөнгө, албаны мэдээллийг ашиглахгүй, бусдад шилжүүлэхгүй байх”, 2.1.8-т “хууль зөрчсөн, ...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэн ашигласан аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх бөгөөд албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, аливаа нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх” гэж тус тус заажээ.
4.4. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, нэхэмжлэгч А.А нь цагдаагийн алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, итгэмжлэн хариуцуулсан сум хэрэгслийг хадгалж хамгаалах, ашиглах талаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр гаргуулахгүй дур мэдэн захиран зарцуулсан, үүнд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан албаны шалгалтын материал, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, “Сум хүлээлгэн өгсөн тэмдэглэл”, фото зураг, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А.А-ийн “...эрүүгийн хэргийн эд мөрийн баримтаар хураагдсан сумнуудыг зарах, зарцуулсан үйл ажиллагаанд өөрийн биеэр хяналт тавиагүй нь миний буруу. Энэ алдаа дутагдлыг засаж шийдвэрлэх болно” гэх тайлбар, Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын Аж ахуйн ажилтан Я.М, тооцооны нягтлан бодогч Ч.М-О, ахлах нягтлан бодогч Н.Э, тасгийн хамгаалалтын цагдаа Р.Л, “Хөвсгөл-Т” ХХК-ийн нягтлан Ё.Б, тасгийн жижүүрийн мөрдөгч Л.Б, Шуурхай удирдлага тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Б-ийн илтгэх хуудас, Холбоо мэдээллийн ахлах инженер, цагдаагийн ахмад Б.Э-ийн илтгэх хуудас, мөн хэргийн оролцогчдын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
4.5. Тодруулбал, нэхэмжлэгч А.А нь тухайн газарт хадгалагдаж байсан эд мөрийн баримт болох сумыг захиран зарцуулах (ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Э)-ыг зөвшөөрсөн бөгөөд энэ үйлдлээ залруулахаар төв байгууллагын теле хяналтын камерыг салгах (Шуурхай удирдлага тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Б) үүрэг даалгавар өгсөн үйлдэл нь Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль болон холбогдох ёс зүйн дүрэм, журмыг зөрчсөн зөрчил гаргасан болох нь нотлогдож байна.
4.6. Энэ талаар хариуцагчийн “...нэхэмжлэгч нь албаны шалгалтын явцад буюу 2024 оны 04 дүгээр сарын 10, 11-ний өдөр цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Т.Г-ийн үед үүссэн 7,757,806 төгрөг, нэхэмжлэгчийн өөрийнх нь ажиллаж байх хугацаанд үүссэн 8,289,149 төгрөгийг өөрийн хувийн хөрөнгөөр төлж барагдуулсан талаар тус тус дурдсан бөгөөд албаны шалгалт явагдаж байх хугацаанд өөрийн ажиллаж байх хугацаанд үүссэн 8,289,149 төгрөгийг “Т” худалдааны төвд шилжүүлсэн нь түүнийг үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй. ...нэхэмжлэгч нь өөрийн болон урьд ажиллаж байсан удирдах алба хаагчдын үүсгэсэн өрийг дарах зорилгоор их хэмжээний сумыг бусдад шилжүүлэх зөвшөөрлийг өгч буй нь ноцтой хор уршиг, үр дагавар учруулахаар үйлдэл болсон.” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.
4.7. Гэтэл анхан шатны шүүх дээрх хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд, албаны шалгалтын дүнгийн талаарх танилцуулгууд болон илтгэх хуудсууд зэрэг баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулах, үнэлэх зарчмыг хэрэгжүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь заалттай нийцэхгүй байна.
5. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн гишүүний 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 04/1891 тоот албан бичгээр “...албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хууль тогтоомжид нийцээгүй байх тул ... 2024 оны ...Б/74* дугаар тушаалаа өөрчилж, хариу ... ирүүлэхийг мэдэгдсэн” агуулгатай байх бөгөөд хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/7ХХ дүгээр албан бичгээр “...Захиргааны ерөнхий хуулийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж заасан бөгөөд захиргааны акт (тушаал)-ыг батлан гаргахтай холбоотой хуулийн зохицуулалтын хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргасан болно” гээд холбогдох баримтыг хүргүүлжээ.
5.1. Төрийн албаны зөвлөл нь хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах бүрэн эрхтэй бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн гишүүн дээрх албан бичгээр маргаан бүхий тушаалыг өөрчилж, хариу ирүүлэх талаар мэдэгдсэн нь Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д заасантай нийцэхгүй байна.
5.2. Энэ талаар анхан шатны шүүх “Төрийн албаны зөвлөлийн гишүүний 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 04/1891 тоот албан бичиг ... хууль зүйн үндэслэлгүй байна. тушаалаа өөрчилж, хариу мэдэгд хэмээн маргаанд хамаарах шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар тодорхой дүгнэсэн ч Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэж заасан зөвлөлийн тогтоол хэлбэрээр гараагүй, 76 дугаар зүйлийн 76.1-д шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан захирамжилсан шинжгүй тул заавал биелэгдэх хүчин чадал агуулахгүй. Тиймээс уг албан бичгийн биелэлтийг хангаагүй гэж хариуцагч байгууллагыг буруутгахгүй, уг албан бичгийн хариу өгснийг Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан хууль бус үйлдэл гэж үзэхгүй, биелэлтийг хангахыг даалгах хууль зүйн үндэслэлгүй.” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн “Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 04/1891 дугаартай албан бичгийн биелэлтийг хангахаас татгалзсан 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/7ХХ тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, биелэлтийг хангахыг даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
6. Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл, ажилтныг албан тушаал бууруулж, сахилгын шийтгэл оногдуулсан маргаан бүхий акт нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн бөгөөд уг актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн “...эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, албан тушаал өөрчлөгдсөн хугацаанд дутуу авсан цалин хөлсний зөрүүг гаргуулах ...” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул нэхэмжлэгч А.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0917 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.6, 48.3, 48.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.2, 5.2.3, 81 дүгээр зүйлийн 81.1, 81.3, 81.4, 81.4.3, 97 дугаар зүйлийн 97.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.А-ийн Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/74* дугаар цагдаагийн хурандаа А.А-д сахилгын шийтгэл оногдуулж, албан тушаал бууруулсан тушаалыг хүчингүй болгуулах, урд нь эрхэлж байсан Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, албан тушаал өөрчлөгдсөн хугацаанд дутуу авсан цалин хөлсний зөрүүг гаргуулах, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 04/1891 дүгээр албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.С-д хүргүүлсэн мэдэгдлийн биелэлтийг хангахаас татгалзсан Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/7ХХ дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, биелэлтийг хангахыг даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж, 3 дахь заалтыг хассан өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА