| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 182/2019/02595/И |
| Дугаар | 001/ХТ2021/00897 |
| Огноо | 2021-09-02 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2021/00897
Ориент инвест ББСБ ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00186 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 576 дугаар магадлалтай,
Ориент инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
2019.08.05-ны өдрийн санал болгох комиссын хурлыг хүчингүй болгох, барьцааны хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар санал болгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорцэцэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс Сант хаан ХХК-аас төлбөр гаргуулах шүүгчийн захирамж гарсан байдаг. Энэхүү захирамжаар төлөх төлбөрийг Сант хаан ХХК биелүүлээгүй учир нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөрийг гаргуулах ажиллагааг эхэлсэн байдаг. Сант хаан ХХК-ийн барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Монгол шуудан банкны хойд талд Сэрүүн ХХК-ийн барилгын 2 давхарт байрлах ҮҮ2208009176 улсын бүртгэлийн дугаартай 29 м.кв бүхий конторын зориулалттай нэг өрөө байр, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, 4/1 тоотод байрлах ҮҮ2202009599 улсын бүртгэлийн дугаартай 180 м.кв үл хөдлөх хөрөнгөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилуулан үнэлгээ гаргасан байдаг. Уг үнэлгээний дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан дуудлага худалдааг зохион байгуулж хоёр шатны дуудлага худалдаагаар энэхүү үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдоогүй юм. 2019.08.05-ны өдрийн санал болгох комиссын хурлаар Сант хаан ХХК-ийн дээрх үл хөдлөх хөрөнгийг шинжээчийн үнэлгээ болох 997,872,638 төгрөгөөр санал болгосон ба үүнийг ББСБ хүлээн зөвшөөрөөгүй юм. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дүгээр зүйлийн 73.5-т барьцаалагч-төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ гэж заасан байдаг. Үүнээс үзвэл уг зохицуулалт нь дуудлага худалдаагаар бус өөр хэлбэрээр худалдан борлуулаагүй барьцаа хөрөнгийг зохицуулах зохицуулалт харин 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-т тус тус заасны дагуу дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно гэж заасан байдаг. Мөн хоёр дахь дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй буюу 498,891,318 төгрөгөөр худалдан борлогдоогүй эд хөрөнгийг тус ББСБ 997,782,638 төгрөгөөр тооцож өгч байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа юм. Учир нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон этгээдийн хүлээх хариуцлагыг төлбөр авагч буюу гэм буруугүй этгээд хүлээж төлбөр авахдаа төлбөр төлөгчид төлбөр төлөхөөр шийдвэрлэж байгаа нь биднийг хохироож байгаа юм. Тиймээс 2019.08.05-ны өдрийн санал болгох комиссын хурлын тогтоолыг хүчингүй болгож, Сант хаан ХХК-ийн барьцаа хөрөнгүүд болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Монгол шуудан банкны хойд талд Сэрүүн ХХК-ийн барилгын 2 давхарт байрлах ҮҮ2208009176 улсын бүртгэлийн дугаартай 29 м.кв бүхий конторын зориулалттай нэг өрөө байр, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, 4/1 тоотод байрлах ҮҮ2202009599 улсын бүртгэлийн дугаартай 180 м.кв конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасны дагуу тус тус даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015.03.10-ны өдрийн 89 дүгээр шүүгчийн захирамжаар Сант хаан ХХК-аас 287,900,000 төгрөгийг гаргуулж Ориент Инвест ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Тухайн ажиллагааг явуулахад төлбөр төлөгч Сант хаан ХХК-ийн нэр дээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Монгол шуудан банкны хойд талд Сэрүүн ХХК-ийн барилгын 2 давхарт байрлах ҮҮ2208009176 улсын бүртгэлийн дугаартай 29 м.кв бүхий конторын зориулалттай нэг өрөө байр, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, 4/1 тоотод байрлах ҮҮ2202009599 улсын бүртгэлийн дугаартай 180 м.кв конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т зааснаар төлбөр авагчид санал болгосон. Тус зохицуулалт нь ерөнхий зохицуулалт харин 73.5-т заасан нь нарийвчилсан зохицуулалт гээд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцаа хөрөнгийг хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээгээр төлбөр авагчид санал болгох ажиллагааг явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувьд хуульд заасны дагуу явагдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00186 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.6-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2019.08.05-ны өдрийн санал болгох комиссын хурлыг хүчингүй болгох, барьцааны хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар санал болгохыг даалгах тухай Ориент инвест ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч Ориент инвест ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 576 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00186 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд:
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015.03.10-ны өдрийн 89 дүгээр захирамжаар Сант хаан ХХК-аас 287,900,000 төгрөгийг гаргуулан Ориент инвест ББСБ ХХК-д олгохоор захирамжилжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан төлбөр төлөгч Сант хаан ХХК-ийн нэр дээрх Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамжны 4/1 тоот конторын зориулалттай байр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009176 дугаартай Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Монгол шуудан банкны хойд талд байрлах Сэрүүн ХХК байрны 2 дугаар давхарын конторын зориулалттай хэсэг, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгосон байна. Анхны албадан дуудлага худалдаанд хөндлөнгийг шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 997,782,638 төгрөгийн 70 хувиар, 2 дахь албадан дуудпага худалдаанд 50 хувиар тус тус оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул 1 төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-т зааснаар төлбөр авагчид санал болгосон байна. Санал болгох ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т зааснаар худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид санал болгосон. Төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК нь дээрх худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг холбогдох хууль зөрчсөн гэж үзэн шүүхэд гомдол гаргасан ба Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.21-ний өдрийн 182/ШШ2020/00186 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК нь дээрх шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрөн дээд шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.16-ны өдрийн 576 дугаар магадлалаар төлбөр төлөгч Сант хаан ХХК нь төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК-д 287,900,000 төгрөгийн, Дөл түшиг ХХК-д 383,227,287 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж дурьдсан байх бөгөөд төлбөр авагч Дөл түшиг ХХК-д зөрүү мөнгийг төлж өмчлөх эрхийг шилжүүлэн авч болохыг санал болгосон байна. Иймээс Дөл түшиг ХХК хичнээн төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох, маргаан бүхий хөрөнгө нь энэ компаний төлбөрт барьцаалагдсан эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Дээрх хөрөнгө нь төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК-ийн барьцаа хөрөнгө болох нь 2019.08.05-ны өдрийн санал болгох хуралдааны тэмдэглэл болон улсын бүртгэлийн байгууллагаас авсан лавлагаагаар тогтоогдож байгаа. Мөн төлбөр авагч Дөл түшиг" ХХК-ийн эрх ашиг хөндөгдөх учир тухайн санал болгох хуралд оруулсан ба худалдан борлогдоогүй хөрөнгө нь төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК-ийн барьцаа хөрөнгө учир Дөл түшиг ХХК-ийн барьцаа эсэхийг тодруулах, төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК нь барьцаа хөрөнгөө зөрүү мөнгийг төлж худалдан авсан тохиолдолд Дөл түшиг ХХК-ийн гүйцэтгэх баримт бичигг заагдсан төлбөр барагдах тул төлбөрийн үлдэгдлийг тодруулах зэрэг нь хэрэгт ач холбогдолгүй ба холбогдох хууль зөрчөөгүй байна. Иймд Албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д заасны дагуу төлбөр авагчид санал болгохдоо мөн хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр санал болгосон нь хуулийн дагуу явагдсан ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.21-ний өдрийн 182/ШШ2020/00186 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.16-ны өдийн 576 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ориент Инвест ББСБ ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2019.08.05-ны өдрийн санал болгох комиссын хурлыг хүчингүй болгож, конторын зориулалттай 29 м.кв 1 өрөө байр, 180 м.кв конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар санал болгохыг даалгах тухай шаардлага гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн 2015.03.10-ны 89 дугаартай захирамж болон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2016.06.17-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлж, төлбөр төлөгчид үнийн санал авах болон шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлэх, зээлийн үүрэгт барьцаалсан 2 хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан тухай хоёр шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.
Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч байгууллагын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан журмын дагуу томилсон Бэсгэ ХХК барьцааны хөрөнгийг нийт 997,782,638 төгрөгөөр үнэлсэн, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул 2019.08.05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагад заасан хоёр үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааны хурал явагдсан үйл баримт тогтоогджээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар санал болгох ажиллагааны хурлыг хуулийн дагуу явагдсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг учир дутагдалтай гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг зөв гэж үзнэ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.08.05-ны өдрийн санал болгох хуралдааны тэмдэглэлд бичигдсэнээр уг хуралд төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК, Дөл түшиг ХХК оролцсон, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр төлбөр төлөгч Сант хаан ХХК нь төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК-д 287,900,000 төгрөгийн, төлбөр авагч Дөл түшиг ХХК-д 383,227,287 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн байх бөгөөд төлбөр авагч Дөл түшиг ХХК-д зөрүү мөнгийг төлж өмчлөх эрхийг шилжүүлэн авч болохыг санал болгосон тухай баримт хэрэгт авагдсан байна. /хх 74-75/
Иймээс ... Дөл түшиг ХХК хичнээн төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох, маргаан бүхий хөрөнгө нь энэ компанийн төлбөрт барьцаалагдсан эсэхийг тодруулах буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагч нарт санал болгох зохицуулалтыг хэрэглэхэд дээрх үйл баримт тодорхой байх шаардлагатай гэж дүгнэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Түүнчлэн хэрэгт авагдсан анхны болон хоёрдахь дуудлага худалдааны баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан шаардлага хангаагүй, дуудлага худалдаа зохих журмын дагуу явагдсан эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай гэж үзсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр ...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 576 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.СОНИНБАЯР
Д.ЦОЛМОН