Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 165

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Ө.Баянмөнх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Саранчимэг,

гэрч Б.Бат-Оюун нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Чангас овогт Өсөхбаярын Баянмөнхөд холбогдох эрүүгийн 201625022149 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, эрэгтэй, дөрвөд, 33 настай, бүрэн дунд боловсролтой, төмөрчин мэргэжилтэй, “Сэрүүн салхи Эрдэнэ” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Титэм хотхоны 301-43 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:ОЮ83090919 / Чангас овогт Өсөхбаярын Баянмөнх нь:

 

2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Төв Хаан банкны тооцооны төвөөс харилцагч байгууллага “Алпентел Оперэшнс” ХХК-ний гэрээний төлбөр болох 750.000 төгрөгийг харилцагч байгууллага “Сэрүүн салхи Эрдэнэ” ХХК-ний 500364814 дугаарын данс руу давхардсан төлбөр хийгдсэнийг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Х.Болормаа хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хаан банкны харилцагч “Алпентал Оперэшнс” ХХК-ний 5003856280 дугаарын харилцах данснаас “Сэрүүн салхи Эрдэнэ” ХХК-ний 5003648146 дугаарын байгууллагын харилцах данс руу интернэт банкны түр алдаанаас шалтгаалаад нийт 1.500.000 төгрөг буюу давхардсан гүйлгээ харилцагч байгууллагын данс руу орсон байна. Гүйлгээ шилжсэний дараагаар харилцагч байгууллагын мэдээллийн дагуу мэдээлэл үйлчилгээний газраар тухайн гүйлгээ “Сэрүүн салхи Эрдэнэ” ХХК-ний данс руу давхардаж орсон нь тогтоогдсон ба банкны дотоод журмын дагуу шат дараалласан арга хэмжээ авах үүднээс тус байгууллагын дансанд тухайн мөнгөн гүйлгээтэй холбоотой аливаа барилт зогсоолт арга хэмжээ аваагүй. Тэгээд 2016/07/19-ний өдөр “Сэрүүн Салхи Эрдэнэ” ХХК нь давхардан орсон нийт орлогын мөнгийг авсан. Иймд тухайн гүйлгээ нь банкны  дотоод алдаанаас шалтгаалаад гарсан гүйлгээ тул 2016/07/22-ны өдөр Хаан банкны төв тооцооны  төвд авлагын данс үүсэн илүү орсон 750.000 төгрөгийг харилцагч байгууллага болох “Алпентал Оперэшнс” компанийн данс руу шилжүүлсэн. Банкны дотоод аудит шийдвэрээр уг авлага үүсгэн харилцагч байгууллагын буцаан төлсөн 750.000 төгрөгийг “Сэрүүн салхи Эрдэнэ” ХХК-иас нэхэмжлэн авах шийдвэр гаргасан. “Сэрүүн салхи Эрдэнэ” ХХК-ний захирал Ө.Баянмөнхтэй 99292284 дугаарын утсаар холбогдоход хаан банкны тооцооны төвийн захирал Болормаа 2016/07/22-ны өдрөөс хойш 5-6 удаа холбогдон нөхцөл байдлыг тайлбарлан уг давхардан орсон 750.000 төгрөгийг буцаах талаар ярилцсан ба өнөөгийн байдлаар дээрх давхардан орсон 750.000 төгрөгийг буцаан өгөхгүй байна гэжээ. / хх 13 /

 

Гэрч Б.Бат-Оюун хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлэхдээ: 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Алпентал Оперэшнс” ХХК-д нягтлангаар ажилд орох үед “Сэрүүн салхи Эрдэнэ” ХХК-тай хамтран ажиллаж байсан. Уг компани нь агааржуулалтын ажил хийсэн байсан. 2014 оноос 2015 оны 04 дүгээр сарыг дуустал манай компанитай хамтран ажилласан. 2014 оны 8 сараас он дуустал 15 айлын зуслангийн байшинд агааржуулалтын ажил, 2015 оны 04 сард Сэлх зуслан дээр айлын зуслангийн байшин дээр дээврийн бороо усны хамгаалалтын ажлуудыг хийж гүйцэтгэж, улмаар 3-н гэрээ байгуулсан. Эхний гэрээ нь 6 айлын агааржуулалт 6.000.000 төгрөг, дараагийнх нь 9 айлын агааржуулалтын 8.000.000 төгрөгөөр, сүүлийнх нь 9 айлын борооны хамгаалалт 1.500.000 төгрөгөөр хийхээр гэрээ байгуулж улмаар эхний 6.000.000 төгрөгийг /2014.08.14-нд 1 сая, 09.16-нд 4 сая, 09.29-нд 1 сая/, 8.000.000 төгрөгийг /2014.12.12, 22, 23-ны өдрүүдэд “Алпентал Оперэшнс” ХХК-ний 5003856280 дугаарын данснаас “Сэрүүн салхи Эрдэнэ” ХХК-ний 5003648146 дугаарын данс руу 500.000 төгрөг, 5 сая, 1.500.000 төгрөг/, 2015.04.10-нд 230.000 төгрөг бэлнээр, 2015.04.24-нд “Алпентал Оперэшнс” ХХК-ний 5003856280 дугаарын данснаас 5003648146 дугаарын “Сэрүүн салхи Эрдэнэ” ХХК-ний данс руу 1.270.000 төгрөгийг хийгээд үлдэгдэл 1 сая төгрөг үлдсэн байсныг 2016.07.19-ний өдөр “Алпентал Оперэшнс” ХХК-ний 5003856280 дугаарын данснаас “Сэрүүн салхи Эрдэнэ” ХХК-ний 5003648146 данс руу 750.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 250.000 төгрөгний асуудал нь материалын мөнгийг 2015 оны 04 сард Бат-Очир менежерээс авсан байсан тэр мөнгийг суутгаад үндсэндээ өр авлага байхгүй дуусаж байгаа. Дээрх мөнгө төгрөг шилжүүлсэн баримт болон хийсэн гэрээ тус бүрийг эх хувиар нь хэрэгт хавсаргасан байгаа. Тэр бүгдээс харж болно. ...Сүүлийн 750.000 төгрөгийг захирал М.Урнаа шилжүүлсэн байгаа. Төлбөр тооцоог шилжүүлэхдээ интернэт банк ашигладаг. Гэтэл 750.000 төгрөг шилжүүлэхэд интернэт банк гацаж саатаад тэрнээс үүдээд 750.000 төгрөгийг 2 удаа давхардан шилжүүлсэн алдаа гарсан. Хаан банк өөрийн буруутай үйл ажиллагаанаас давхардан шилжүүлсэн 750.000 төгрөгийг “Алпентал Оперэшнс” ХХК-ний 5003856280 дугаарын данс руу 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн байсан гэжээ. / хх 14-15 /

 

“Хаан” банкны гүйлгээний баримт / хх 05 /

“Сэрүүн Салхи Эрдэнэ” ХХК болон “Алпентал Оперэшнс” ХХК-ний байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ / хх 38-54 /

Шүүгдэгч Ө.Баянмөнхийг  2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 20-21 /, 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар байсан тэмдэглэл / хх 22-23 /

Шүүгдэгч Ө.Баянмөнх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 37 / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Баянмөнх мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Алпентал Оперэшнс” ХХК-иас манай “ Сэрүүн Салхи Эрдэнэ “ ХХК-ний дансруу 750.000 төгрөгийг хоёр дахин шилжүүлсэн байсан. Нийт миний дансанд 1.500.000 төгрөг орж ирсэн. Тухайн үед би “Аллентал Оперэшнс” ХХК-ний менежертэй өмнө нь аман гэрээ хийсэн байсан учир тэр мөнгийг орж ирж гэж бодсон. Гэтэл 2-3 хоногийн дараа “ ХААН “ банкнаас системийн алдаа гарч, 2 дахин мөнгө шилжиж орсон байна гэж надтай ярьсан. Би энэ мөнгийг аваад ажилчдынхаа цалинд тараасан байсан учир буцаан төлж чадаагүй юм. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлж, уучлалт гуйсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Бат-Оюун мэдүүлэхдээ: 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс “Алпентал Оперэшнс” ХХК-д нягтлангаар ажилласан. Манай компани “Сэрүүн салхи Эрдэнэ” ХХК-тай 2014 оноос 2015 оны 04 дүгээр сарыг дуустал хамтран ажилласан. Гэрээний дагуу бид тооцоо төлбөрийн асуудлыг 2016 оны 07 сард бүрэн төлж дуусгасан. Дээрх мөнгө төгрөг шилжүүлсэн баримт болон хийсэн гэрээ тус бүрийг эх хувиар нь хэрэгт хавсаргасан байгаа. Сүүлийн 750.000 төгрөгийг захирал М.Урнаа шилжүүлсэн. Төлбөр тооцоог шилжүүлэхдээ интернэт банк ашигладаг. Интернэт банк гацаж саатаад тэрнээс үүдээд 750.000 төгрөгийг 2 удаа давхардан шилжүүлсэн алдаа гарсан. “Хаан” банк өөрийн буруутай үйл ажиллагаанаас давхардан шилжүүлсэн 750.000 төгрөгийг манай компаний 5003856280 дугаарын данс руу 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн. Хоёр компани хооронд одоо ямар ч тооцоо байхгүй гэв.

 

Шүүгдэгч Ө.Баянмөнх нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Төв Хаан банкны тооцооны төвөөс харилцагч байгууллага “Алпентел Оперэшнс” ХХК-ний гэрээний төлбөр болох 750.000 төгрөгийг харилцагч байгууллага “Сэрүүн салхи Эрдэнэ” ХХК-ний 500364814 дугаарын данс руу давхардсан төлбөр хийгдсэнийг авч завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Харилцагч “Алпентал Оперэшнс” ХХК-ний 5003856280 дугаарын харилцах данснаас “Сэрүүн салхи Эрдэнэ” ХХК-ний 5003648146 дугаарын байгууллагын харилцах данс руу интернэт банкны түр гацаж, 750.000 төгрөг “Алпентал Оперэшнс” компаний данс руу манай банк илүү шилжүүлсэн. Гэтэл 750.000 төгрөгийг “Сэрүүн салхи Эрдэнэ” ХХК-иас нэхэмжлээд төлөхгүй байгаа болно гэж хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн хохирогч Х.Болормаагийн мэдүүлэг / хх 13 /, ...Интернэт банк гацаад тэрнээс үүдээд 750.000 төгрөгийг 2 удаа давхардан шилжүүлсэн алдаа гарсан юм. Хаан банк өөрийн буруугаас давхардан шилжүүлсэн 750.000 төгрөгийг “Алпентал Оперэшнс” ХХК-ний 5003856280 дугаарын данс руу 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн байсан. Манай компани  “Сэрүүн салхи Эрдэнэ” ХХК-тай ямарч тооцоо байхгүй гэж хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн гэрч  Б.Бат-Оюуны мэдүүлэг / хх 14-15 /, “Сэрүүн Салхи Эрдэнэ” ХХК болон “Алпентал Оперэшнс” ХХК-ний хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ / хх 38-54 /,  Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 66 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ө.Баянмөнхийг санамсаргүй олдсон мөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Гэвч шүүгдэгч Ө.Баянмөнх нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн болох нь тэдгээрийн шүүхэд ирүүлсэн бичгийн баримтаар нотлогдож байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсөхбаярын Баянмөнхийг санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Өсөхбаярын Баянмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.    

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ө.Баянмөнх нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

4. Ө.Баянмөнхөд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ОЮУНЧИМЭГ