Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/35

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Эд холбогдох эрүүгийн.... дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М.Э 

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 4 дүгээр баг, ... тоотод хутгаар хохирогч Б.Б, Б.Ц нарын биед хөнгөн зэргийн гэмтэл  учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч М.Эн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: : Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйл байхгүй. Тухайн үед эхнэрийн хувьд гэр бүлээс гадуурх харилцаа байсан, би тэрийг мэдээгүй, Ц манай гэр рүү дайрч орж ирсэн. Би гэм буруугаа маш их ухаарч байгаа, хүний гаргаж болохгүй бусармаг үйлдэл гаргасандаа маш их харамсаж байна  гэсэн мэдүүлэг,

 

           хохирогч Б.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны орой 23-01 цагийн орчимд зүс таних Эн гэрт очсон. Очсон шалтгаан гэвэл өмнө нь Э нь өөрийн эхнэр болох Бтай намайг хардаад байсан. Өчигдөр над руу залгаж уулзъя гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би учраа ольё гэж бодоод очиж уулзахаар болсон. Тэгээд намайг очоод гэрт нь ороход Э хутга бариад над руу ирсэн. Тэгээд тэр хутгаараа намайг хутгалах гээд дайраад байсан, би тэр үед нь гэрийнх нь хаалгыг хааж нээгээд өөрийгөө хамгаалж байсан. тэгтэл хаалга нь салаад уначихсан. Тэгээд Э дахин над руу хутгалах гээд дайрахад би хутгатай гарыг нь барих гэсэн боловч барьж авч чадаагүй. Тэгээд 8-9 удаа хутгалсан. Сүүлд нь муудалцаж дууссаныхаа дараа эхнэрээ бас хутгалчихсан байсан. Тэгээд Эн найз нь ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгчихсөн байсан гэсэн мэдүүлэг ( 1 хавтаст хэргийн 13-16 дугаар тал),

 

           хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2023 оны 01 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчимд манай нөхөр Э нь 2 лааз радлар нэртэй пиво уучхаад унтсан. Тэгээд 02 цаг орчмын үед унтаж байхад гадаа нэг хүн хаалга нүдээд Далай гараад ир гэж орилж байсан. Тэхээр нь би "Далай унтаж байна хэн бэ?” гэх хэлэхэд хариулаагүй. Тэгээд манай хаалгыг маш хүчтэй татаад эвдэх гээд байхаар нь би согтуу хүн байна гэж бодоод явуулах гээд гарсан чинь Ц байсан. Тэгээд би явуулах гэтэл Далай гараад ир ална” гээд явахгүй байхаар нь би гэрийн хаалганы гадна хаалгаа дараад зогсож байхад хүчээр татаж байгаад хаалга эвдэлсэн, Э босож ирээд хутгаар хаалганы завсраар хатгаад байсан. Би хаалган дээр Цыг оруулахгүй гээд зогсож байтал Эн найз Даам гэх залуу эхнэр С нар ирээд Цыг татаад гаргасан. Тэгээд С Цыг хараад гадаа байж байхад Даам орж ирээд Эн хутгыг гараад гадагшаа шидсэн. Тэгсэн Э гэрээс элдүүр авч гараад Цын Приус 11 маркийн машины зүүн урд талын хаалганы цонх болон урд талын салхивчны шилийг хагалсан. Тэгээд Даам Эг гэр лүү оруулаад байж байхад цагдаа ирсэн..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10  дугаар тал),

          

           гэрч М.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Э миний утас руу залгаад найзыг нь зодоод байна, хүрээд ирээ” гэж хэлсэн. Тэгээд очиход Цогоо гэрийнх нь таамбарт духнаас нь цус гарсан байдалтай зогсож байсан... гэрт ороход Э гэрийнхээ хойд хэсэгт хутгаа барьсан зогсож байсан...” гэсэн мэдүүлэг(хавтаст хэргийн 63  дугаар тал),

          

           гэрч О.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2023 оны 01 дүгээр сарын 13-ны орой Сайхандулаан сум 4 дүгээр баг, Баруун байранд байрлах гэртээ байж байхад 00 цагийн үед манай нөхрийн утас дуугараад туслаарай, хүрээд ир” гэж байсан. Тэгээд манай нөхөр Д бид хоёр хүүхдээ унтуулчхаад манай хажуу талд байрлах Эгийнд явж очиход Цогоо ах Эн гэрийн таамбар дотор нүүр нь цус болсон зогсож байсан. Тэгээд манай нөхөр Цогоо ахыг таамбараас гаргаад гэр лүү орсон” гэсэн мэдүүлэг(хавтаст хэргийн 67-68  дугаар тал),

          

           Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02/044 дугаартай "... Б.Цын биед толгойн хуйх, дух, зүүн шанаа, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуунд шарх, зүүн бугалга, шууг хамарсан цус хуралт, духны зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35  дугаар тал),

          

           Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02/045 дугаартай “... Б.Бгийн биед баруун хацар, баруун бугалганд шарх, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл Учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 44-45  дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 74 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 4 дүгээр баг, ... тоотод байх гэрийнхээ хаалганы тотгоор хутга гарган  хохирогч Б.Б, Б.Ц нарыг хутгаар чичин эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл болох нь  шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Б, Б.Ц, гэрч М.Д, О.С нарын мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02/044, 02/045 дугаартай дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Э нь хардалтын улмаас хохирогч Б.Б, Б.Ц нарыг хутгалж хохирогч нарын хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч М.Эн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Э нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн болно.        

            Хохирол төлбөрийн талаар:

            Хохирогч Б.Б,  Б.Ц нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.Эд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатар нь шүүгдэгч М.Эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч М.Эд танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч  М.Эд Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулав. 

 

        Бусад асуудлаар:

Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч М.Э нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 74 дүгээр тал/ тогтоогдож байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 26 см урттай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10  дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.Эг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 26 см урттай хутга 1 ширэхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6.Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

       

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.АДЪЯАСҮРЭН