Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 1079

 

                                                  

                                       

 

 

 

                                            

 

 

2019 оны 5 сарын 07 өдөр                   Дугаар 183/ШШ2019/01079                                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Аийн /РД: / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЭТ-т холбогдох,

ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүү, ээлжийн амралтын олговор, үр дүнгийн урамшуулалд  44,899,580 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үүрийнбаяр, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “ЭТӨААТҮГ-ийн Захиргаа удирдлагын залтсийн даргын албан тушаалд 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. 2016 оны ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд захирлын 2016.09.02-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдан тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2017 оны 3 сарын 22-ны өдрийн 183\ШШ2017\00637 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, 12.440.489 төгрөгийг ЭХХТ-өөс гаргуулж, нийгмийн даатгалын болон үл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шийдвэр гарсан. Гэтэл хариуцагч давж заалдан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 сарын 28-ны өдрийн 1477 тоот магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 сарын 22-ны өдрийн 001\ХТ2017\01468 дүгээр тогтоолоор урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд хэвээр үлдээж шийдвэрлэсэн боловч одоо хүртэл хэрэгжээгүй байна. Өнгөрсөн хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар өөрийн хүсэлтээ албан бичгээр 2, өөрийн биеэр 3 удаа очиж уулзсан, утсаар 2 удаа ярьсан боловч өнөөдрийг хүртэл ажилд эргүүлэн аваагүй байна. Иймд 2018.02.27-ноос 2019.02.28 өдрийг дуусталх хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө, үр дүнгийн урамшуулал, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулахаар нэхэмжилж байна. Үүнд: Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-а-д “Ажилтан ажлаас үндэслэлгүй халагдсан тохиолдолд дундаж цапин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заасны дагуу нийгмийн даатгалын дэвтэрт баталгаажсанаар 1 сарын дундаж цалин 4,051,465 төгрөг байгаа ч дээд шүүхийн шийдвэрийн дагуу тооцлоо. Цалинг ажлын 261 хоногоор тооцвол 1 өдрийн цалин 95.880.70 төгрөг /2,061,436:21,2=95.880.70/ ба 2018 оны 2 сарын цалин 95.880.70 төгрөг, 3 сарын цалин 2.013.495, 4 сарын цалин 2.013.495, 5 сарын цалин 2.205.256, 6 сарын цалин 2.013.495, 7 сарын цалин 2.109.376, 8 сарын цалин 2.205.256, 9 сарын цалин 1.917.614, 10 сарын цалин 2. 205.256, 11 сарын цалин 2.109.376, 12 сарын цалин 2.013.495, 2019 оны 01 сарын цалин 2.205.256, 2019 оны 02 сарын цалин 1.917.614, нийт 25.024.863  төгрөг нэхэмжилж байна.

 

Байгууллагын хамтын хэлэлцээрт зааснаар 120 хоногоос дээш ажилласан нөхцөлд 5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 13 дахь сарын цалин олгодог журамтай ба 2015 оны 11 сарын 03-ны өдрийн тус төвийн захиргаа, ҮЭХ-ны хооронд байгуулсан хамтын гэрээний 3.4-т “Төвийн ажилтнуудын жилийн ажлын үр дүнг харгалзан батлагдсан журмын дагуу 5 хүртэл сарын албан тушаалын ба үндсэн цалингийн дундаж хэмжээгээр жилд 1 удаа урамшуулал олгоно” гэж, Дотоод журмын 6.1, 6.2-т дотоод журамд заасны дагуу ажилтанд сар, улирлын, жилийн ажлын үр дүнгээр урамшуулал олгоно гэж зааснаар 2018 оны албан тушаалын цалин 2.061.436 төгрөгийг 1 жилд 5 сараар тооцон 10.307.180 төгрөг нэхэмжилнэ.

 

Би улсад 36,7 жил нийгмийн даатгалын төлж ажилласан ба ээлжийн амралтын цалинг холбогдох хуулийн дагуу тооцоход 2016 оны 6, 7, 8 сард 12,145,997 төгрөг : 3 = 4.048.665.67 төгрөг 1 сарын дундаж 21.2= 1 өдрийн дундаж цалин 186.774.80  төгрөг амралтын 31 хоног = 5.790.019 төгрөг нэхэмжилнэ.

 

Цалин тус бүр 10 хувиар нэмэгдсэн тул цалин 2.061.436 төгрөгийн 10 хувь 206.143 төгрөгийг 2017 оны 9 сараас 2019 оны 3 сар хүртэл хугацааны 3.607.513 төгрөг, нотариатын зардал 50,000 төгрөг гаргуулна.  

 

2018.02.27-ноос өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт нөхөн хийлгүүлнэ гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Бямбажаргалаас шүүхэд гаргасан тайлбартаа: Х.А нь захирлын 2015 оны 01 сарын 27-ны өдрийн Б/8 тоот тушаалаар Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж, ажил үүргийн алдаа дутагдал гаргаж, хийсэн ажилдаа хайхрамжгүй хандаж байсан учраас хөдөлмөрийн гэрээг сунгахаас татгалзан 2016 оны 8 сарын 31-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Х.А нь ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч ямар ч үндэслэлгүй цалин нэмж авах талаар нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч анх ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулахаар тус шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр дамжин хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ явагдаж нэхэмжлэлийг хангасан. Иймд нэхэмжлэгч үр дүнгийн урамшуулал, ээлжийн амралтын олговор, ажилгүй байсан хугацааны цалин хөлс авах болон эдлэх эрх бүхий үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Үүрийнбаяраас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3 шатны шүүх нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин хөлсийг тооцохдоо шагнал болон ээлжийн амралтын олговрыг сар бүр олгох цалин хөлсөнд хамаарахгүй гэж үзэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн үндсэн цалин 1.122.000 төгрөг үүнээс цалинг тооцохдоо үндсэн цалин 21,5 сар, ажлын дундаж хоногт хуваан 1 өдрийн цалинг 52.186 төгрөгөөр тооцсон Давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэсэн. Тус төвийн ҮЭХ-той байгуулсан Хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 4-т жилийн ажлын үр дүнгийн шагналыг холбогдох журмыг баримтлан 5 сар хүртэлх сарын дундаж цалинтай тооцож олгоно гэж заасан. Үндсэн цалин 1.122.000 төгрөг дээр ээлжийн амралт, урамшуулал ороод 25.024.863 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Үндсэн цалин дээр хоол унааны мөнгө нэмэгдээд нийт 2.075.100 төгрөг болно. Ажиллаж байсан бол үр дүн, ээлжийн амралт, цалингийн 10 хувь нэмэгдэл орно гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.А нь “ЭТӨААТҮГ-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 25,024,863 төгрөг, үр дүнгийн урамшуулал 10,307,180 төгрөг, ээлжийн амралтын олговор 5,790,019 төгрөг,  цалингийн нэмэгдэл 3,607,513 төгрөг, нотариатын зардал 50,000 төгрөг, нийт 44,899,580 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ шүүхийн шийдвэрийг биелүүлээд ажиллаж байсан бол цалин болон ээлжийн амралтын олговор, үр дүнгийн урамшуулал, цалингийн 10 хувийн нэмэгдлүүдийг авах байсан гэж тайлбарлав.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Бямбажаргал нь урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай хэргийг 3 шатны шүүхээр шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж маргасан, энэ өдрийн шүүх хуралдаанд төлөөлөгч С.Үүрийнбаяр нь ажилгүй байсан цалин, ээлжийн амралтын олговор, үр дүнгийн урамшуулал, цалингийн нэмэгдэлд 25,024,863 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.

 

Өөрөөр хэлбэл шаардах эрхийн тухайд маргаагүй харин тооцооллын буюу 1 өдрийн цалин олговрын хувьд маргаж байна.

 

Тус шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 637 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1477 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1468 дугаар тогтоолоор Х.Аийг “ЭТӨААТҮГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь эгүүлэн авах үүрэгтэй” гэжээ.

 

 “ЭТӨААТҮГ нь Х.Аийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн аваагүйгээ хүлээн зөвшөөрсөн, ажил олгогч хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, цалин хөлсөө авах эрх нь зөрчигдсөн байх тул ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор, үр дүнгийн урамшуулал, цалингийн нэмэгдлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тооцоолон шийдвэрлэсэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1383 дугаар тогтоолоор Х.Аийн 1 сарын дундаж цалинг 2,061,436 төгрөг буюу 1 өдрийн 95,880.7 төгрөг байна.

 

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018.02.27-ноос 2019.02.28-ныг хүртэлх 12 сар 3 хоногийн /2,061,436 х 12 + 95,880.7 х 3/ цалин олговорт 25,024,863 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйл 47.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж, 50 дугаар зүйлийн 50.1-д ажилтанд ажлын үр дүнгээр үндсэн цалин дээр нэмэгдэл хөлс олгож болно гэж, “ЭТӨААТҮГ-ын захиргаа, Үйдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2017-2018 онд байгуулсан хамтын гэрээний 3 дугаар заалтын 3.4-т “жилийн ажлын үр дүнгийн шагналыг холбогдох журмыг баримтлан 5 хүртэл сарын үндсэн цалингийн дундаж, хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцож олгоно” гэжээ.

 

Нэхэмжлэгч нь 5 сарын хугацааны үр дүнгийн урамшууллыг авах эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч баримтаар нотлоогүй, 2016 оны үр дүнгийн шагналт цалинг Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын 2016 оны 6 сарын 28-ны өдрийн Б/40 тоот тушаалаар Х.Ад 3 сараар олгосон тул 2018 оны үр дүнгийн урамшууллыг 3 сараар /3х2,061,436/ тооцон 6,184,308 төгрөгийг олгож, 2 сарын урамшуулалд 4,122,872 төгрөгийг олгох үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгохоор, 55.2-т ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтоохоор заасан байна.

 

Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн авах үүргээ биелүүлсэн тохиолдолд түүнд ээлжийн амралтыг эдлэх, олговроо авах эрх нь үүсэх байсан бөгөөд харин тэрээр биечлэн ажлыг гүйцэтгэж чадаагүй тул ажлын 1 өдрийн цалин хоногт ногдох 95,880.7 төгрөгөөр ээлжийн амралтын олговрыг тооцов.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасан ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацааг 15 хоног гэж, 79.6.6-д заасан 18 өдрийн нэмэгдлийн хамт ээлжийн амралтын 31 хоногийн /95,880.7х31/ олговорт 2,972,302 төгрөгийг олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ээлжийн амралтын олговрыг 2016 оны 6, 7, 8 сарын дунджаар ажиллах байсан хугацаагаар тооцон нэхэмжилсэн байгаа боловч ажиллах байсан хугацааг ажилласнаар тооцох буюу 2,569,772 төгрөгийг олгох боломжгүй юм.

 

2017 оны 9 болон 2018 оны 9 сараас тус тус цалин 10 хувиар нэмэгдсэн үйл баримтын хувьд хариуцагч маргахгүй байх тул сарын цалин 2,061,436 төгрөгийн 10 хувь 206,143 төгрөгийг 2017 оны 9 сараас 2019 оны 3 сар хүртэл хугацаагаар /206,143х17 сар/ тооцоход 3,504,441 төгрөгийг цалингийн нэмэгдэлд олгож, 103,072 төгрөгийг илүү нэхэмжилснийг хэрэгсэхгүй болголоо.

 

Харин нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тухайн хэрэгт ач холбогдолгүй баримтуудыг нотариатаар батлуулсан байх тул гарсан зардалд 50,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага дээр төлсөн тэмдэгтийн хураамжийг нэмж тодорхойлсон байх тул /25,024,863+10,307,180+5,542,074+3,607,513+50,000/ нийт 44,531,630 төгрөг гаргуулах шаардлагаас 37,685,914 төгрөгийг хангаж, үлдэх 6,845,716 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 346,380 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан “ЭТ-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор, үр дүнгийн урамшуулалд нийт 37,685,914 /гучин долоон сая зургаан зуун наян таван мянга есөн зуун арван дөрөв/ төгрөг гаргуулан, Ад /РД: / олгож, шаардлагаас үлдэх 6,845,716 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 367,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 346,380 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ