Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 1245

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянга  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.С-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Т,

Хариуцагч: Н.Ө,

Хариуцагч: Ц.А,

Хариуцагч: “Б” ХХК нарт холбогдох 

 

“Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан 2018.04.18-2019.04.02-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 28,141,090 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нинжбат, хариуцагч “Б” ХХК болон “Өндөр буянт холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Т, Н.Ө нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир, “Өндөр буянт холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Д.С нь ЗСБНХУ-ын Баку хотын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн техникумыг 1994 онд хүнд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2002 онд нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр тус тус төгсөн. Инженер, эдийн засагч мэргэжилтэй.

“Өндөрбуянт холдинг” ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, түүний охин компани болох “Б” ХХК нь “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн барилгын ашиглалтын үйлчилгээг хариуцан ажилладаг компани юм. “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь, 100 хувийн хувьцааг эзэмшигч нь “Өндөрбуянт холдинг” ХХК юм.

Д.С “Өндөрбуянт холдинг” ХХК-д 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нягтлан бодогчоор ажилд орж, улмаар 2010 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Т, Ц.Адьяаням, Н.Ө нарын тогтоолоор ажлаас чөлөөлөгдөх хүртлээ ажилласан юм. “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот тогтоолоор Д.Сыг ажлаас чөлөөлснийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдсэн боловч ямар үндэслэл, шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь одоо хүртэл тодорхойгүй байна.

“Өндөрбуянт холдинг” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хуралд ажлаас чөлөөлж буй үндэслэл, шалтгааныг тодруулахаар 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр миний бие бичгээр хүсэлт гаргасан боловч албан ёсны хариуг компанийн удирдлагын зүгээс өгөөгүй байна. Мөн өдөр ажил олгогч “Ажил хүлээлцэх акт”-аар Д.Сын хариуцаж байсан албан тушаалын ажлыг хүлээн авсан.

Д.С 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл тус компанид ажиллах хугацаандаа ажлын хариуцлага алдаж байсан удаагүй, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, улмаар компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачлагатай ажиллаж ирсэн бөгөөд тус компанид 13 жил үр бүтээлтэй ажилласан болно.

2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот тогтоолоор Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө дараах үндэслэлээр зохих хууль журмыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

1.      Ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн ямар заалт, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгааг ажлаас чөлөөлж байгаа тогтоолд заавал заах учиртай. Ажлаас чөлөөлөх үндэслэл, шалтгааныг зааж өгөөгүй тул энэ шийдвэр хууль бус болсон гэж үзэж байна.

“Өндөрбуянт холдинг" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 18/02 тоот тогтоолд “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн дүрэмд заасныг үндэслэсэн гэх боловч дүрмийн ямар заалтыг үндэслэл болгосон нь тодорхойгүй байна. Түүнчлэн тогтоолын 1 дэх заалтаар 18/02 тоот протоколыг үндэслэж Д.Сыг үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж заасан боловч ямар протокол, түүний үндэслэл мөн тодорхой биш байгаа тул тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна.

2.      “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 18/02 тоот тогтоолоор ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцалсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар ажилтныг ажлаа хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, энэ талаар шийдвэрт тодорхой зааж өгөх үүрэгтэй. Энэ хуулийн шаардлагыг хариуцагч байгууллага зөрчсөн байна.

3.   Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч нь ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх хуулийн шаардлага байдаг боловч ажил олгогч намайг ажлаас чөлөөлөх тухайгаа урьдчилан мэдэгдээгүй нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын 18/02 тоот тогтоол нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гаргасан гэх боловч надад энэ талаар мэдэгдээгүй. 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр надад ажлаас чөлөөлөгдсөнийг мэдэгдэж, ажил хүлээж авах хүртэл Д.С үүрэгт ажлаа гүйцэтгэсээр байсан юм.

Дээрх тодорхойгүй үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Сыг “Б" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас хууль зүйн үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

“Өндөрбуянт холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот хууль зөрчиж гаргасан тул Д.Сыг “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг нэг сарын дундаж цалин 2,480,000 төгрөгөөр тооцож, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх нөхөх олговор 28,141,090 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-аас гаргуулах, өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Б” ХХК болон “Өндөр буянт холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Т, Н.Ө нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“Булнайн-Ар” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр Д.Сыг Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд ингэхдээ хэд хэдэн үндэслэлийн дагуу түүний бүрэн эрхийг дуусгавар болгох шийдвэрт хүрсэн. Тухайлбал, гүйцэтгэх захирал Д.С нь ажилдаа хариуцлагагүй хандаж компанид 1 тэрбум гаруй төгрөгийн өр, авлага үүсгэснээс гадна албан тушаалаа урвуулан ашиглаж хувьдаа давуу байдал үүсгэх, эд хөрөнгө завших зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргасан тул түүнийг компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид хуульд заасан эрхийнхээ дагуу ажлаас нь чөлөөлсөн. Үүнд:

1.    Компанийн ТУЗ-ийн шийдвэрийг үндэслэн 2016 оны 3 сарын 01-ний өдөр “Түрээсийн үнэ шинэчлэн батлах тухай” А/6 тоот тушаал гарч “Ubh Center” оффисын барилгын түрээсийн 1 м.кв-ийн үнийг 35,000 төгрөг гэж тогтоосон байдаг. Гэтэл Д.С нь иргэн Х.Нямсүрэнтэй 2016 оны 9 сарын 13-ны өдөр “Ажлын байрны түрээсийн гэрээ” бус “Ашиглалт, үйлчилгээний гэрээ” байгуулан “Ubh Center” оффисын барилгын 4 давхрын 404 тоот өрөөг түрээслэхдээ 1 м.кв талбайг 6,000 төгрөгөөр тооцон cap бүр 216,000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан байдаг. Тухайн үед “Ubh Center” оффисын барилгын 1 м.кв талбайн түрээсийн үнэ 35,000 төгрөг байсан бөгөөд иргэн Х.Нямсүрэнгээс cap бүр 1,260,000 төгрөгийн түрээсийн төлбөр аваагүйгээс компанид хохирол учруулсан байдаг. Энэ нь Д.С нь албан тушаалаа хэтрүүлэн ашигласантай холбоотой юм.

2.    Д.С нь “Булнайн-Ар” ХХК-нд Гүйцэтгэх захирлын албан тушаал эрхэлж байх хугацаандаа эрх мэдлээ хэтрүүлэн “Арьяамед” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Солонгоос 14,000,000 төгрөг бэлнээр аван завшсан ба энэхүү үйлдэл нь түүнийг компанийн гүйцэтгэх захирлаас чөлөөлж бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох нэг үндэслэл болсон юм.

“Арьяамед” ХХК нь 2015 онд байгуулсан түрээсийн гэрээний дагуу “Ubh Center” барилгын 3 давхарт 384,23 м.кв талбайг эмнэлгийн зориулалтаар түрээсэлсэн бөгөөд захирал А.Солонго нь хугацаа хэтрүүлсэн төлбөр болон түрээсийн талбайгаа хадгалж үлдэх зорилгоор гүйцэтгэх захирал Д.Стай уулзаж 14,000,000 төгрөгийг бэлнээр түүнд өгсөн ба Д.С нь 1,000,000 төгрөгийг менежер Б.Тулагтад, 1,000,000 төгрөгийг нягтлан бодогч Ж.Отгончимэгт тус тус өгч үлдсэн 12,000,000 төгрөгийг өөрөө авсан гэж тэрээр компанийн ТУЗ-ийн дарга Д.Ганбаттай 2018 оны 2 сард уулзахдаа хэлсэн байдаг.

Дээрх шалтгаануудын улмаас компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нар Д.Сыг гүйцэтгэх захирлаар цаашид ажиллуулах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд компанийн цаашдын хэвийн үйл ажиллагааг хангах, хариуцлага тооцох үүднээс түүнийг компанийн удирдах албан тушаалтны үүрэгт ажлаас чөлөөлсөн юм.

Иймд компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн зүгээс иргэн Д.Сыг тодорхой шалтгаан нөхцөлүүдийг үндэслэн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-д заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрх мөн гэж үзэж байна.

Д.С 2018 оны 4 дүгээр сарын 20-нд ажлаа хүлээлцэж явсан боловч “Б” ХХК-тай холбоотой шаардлага гаргаагүй 2 сараар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул гомдол үндэслэлгүй юм гэв.

 

Хариуцагч “Өндөр буянт холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.А нь “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс Д.Сыг Гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот тогтоолд сүүлд нөхөж гарын үсэг зурсан байдаг. Учир нь, “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн хуулийн зөвлөх нь Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс Д.Сыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот тогтоолыг гаргах үед Ц.А Монгол Улсад байгаагүй бөгөөд тогтоолыг тухайлан танилцуулаагүй, олон бичиг баримт дунд оруулж ирүүлэн гарын үсэг зуруулжээ.

Ц.Аын хувьд Д.Сыг Гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх үндэслэл байгаагүй гэж үзэж байгаа. Учир нь, Д.С үүрэгт ажил, албан тушаалаа гэрээнд заасны дагуу зохих ёсоор гүйцэтгэж байсан гэж үзэж байгаа.

Энэ хэргийн хариуцагч Н.Ө, Э.Т нараас “Б” ХХК-ийн гаргаж өгсөн аудитын тайланг энэ хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаар авч хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Д.Сыг ажлаас халах Хувьцаа эзэмшигчдийн хурал 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр огт болоогүй болно. Ц.А нь 2018 оны 3 дугаар сарын 23-нд Замын-Үүд боомтоор гарсан бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр тус боомтоор орж ирсэн.

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Т, Ц.А, Н.Ө нар болон “Б” ХХК-д холбогдуулан “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд  эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 28,141,090 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Ц.А нэхэмжлэлийг зөвшөөрч маргаагүй бол бусад хариуцагч нар Компанийн тухай хуулийн 62.2.3, 83.15-д нийцсэн шийдвэр гаргасан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир татгалзлын үндэслэлээ Д.С нь “Аръяамэд” ХХК-аас үндэслэлгүйгээр 14,000,000 төгрөг авсан, үйл ажиллагаа явуулахдаа өр авлага ихээр үүсгэсэн, Х.Нямсүрэн гэх иргэнд 35,000 төгрөгөөс бага үнээр буюу 6,000 төгрөгөөр ажлын байр түрээсэлж байсан зөрчлийг гаргасан тул түүнийг ажлаас чөлөөлсөн, ажлаас үндэслэлгүй халагдсан гомдлыг гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тус тус тайлбарласан байгаа.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

“Б” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь “Өндөрбуянт Холдинг” ХХК, “Өндөрбуянт Холдинг” ХХК-ийн 50 хувийн хувьцааг Э.Т, 30 хувийн хувьцааг Ц.А, 20 хувийн хувьцааг Н.Ө нар тус тус эзэмшдэг, Д.С нь “Өндөрбуянт Холдинг” ХХК-ийн дээрх хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот шийдвэр /цаашид “тогтоол” гэх/-ээр “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон байна.

 

Д.Стай 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр “Б” ХХК-ийн хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдсан, “Б” ХХК-ийн дүрмийн 7.1, 7.2-т зааснаар уг гэрээ нь гүйцэтгэх захирал Д.Сын үйл ажиллагаа болон эрх хэмжээг тодорхойлж байгаа, хөдөлмөрийн гэрээний 5, 6 дугаар зүйлд уг гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр цуцлахаар заасан байх тул талуудын хооронд үүссэн маргаантай харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт хамаарна гэж шүүх үзлээ.

 

Д.Сыг ажлаас чөлөөлсөн тогтоолын дагуу түүний ажлыг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 20-ны хооронд хүлээлцсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ.” гэж зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг нэхэмжлэгчийн ажлаас халагдсан сүүлийн өдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох гомдлоо нэхэмжлэгч “Өндөрбуянт Холдинг” ХХК-д холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор гаргасан боловч шүүх нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авахаас татгалзсан, дахин 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дахин нэхэмжлэл гаргаснаар энэхүү маргааныг шүүх хэлэлцэж байна.

 

Хариуцагч биш этгээдэд холбогдуулан анх хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан Д.С нь ажил хүлээлцсэн сүүлийн өдрөөс 1 сар 26 хоногийн дараа энэхүү нэхэмжлэлийг зохих хариуцагч нарт холбогдуулан шүүхэд гаргасан нь хуулиар тогтоосон хугацааг хүндэтгэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул шүүх хугацааг сэргээн тогтоож, гомдлын үндэслэлийг хянан хэлэлцэв.

 

1. Д.Сыг 2010 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Б” ХХК-ийн ТУЗ-ийн даргын 10/03 тоот тушаалаар тус компанийн гүйцэтгэх захирлаар томилж байсан боловч одоо “Б” ХХК нь ТУЗ-гүй тул Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3, 83 дугаар зүйлийн 83.15-д зааснаар “Өндөрбуянт Холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар охин компани болох “Б” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг өөрчлөн томилох асуудлыг шийдвэрлэх эрхтэй.

 

Гэхдээ 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Б” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч “Өндөрбуянт Холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор Д.Сыг “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, оронд нь Л.Шинэчимэгийг томилохдоо уг хуралдаанд Монгол улсад байгаагүй Ц.Аыг оролцсон мэтээр тогтоол үйлдэж, түүнд гарын үсгийг хожим нөхөж зуруулсан нь тогтоогдсон тул шүүх 18/02 тоот тогтоолыг эрх бүхий этгээдийн хуульд нийцсэн шийдвэр гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна”, 62 дугаар зүйлийн 62.2.3-т “хувьцаа эзэмшигчдийн хурлаар ...компанийн гүйцэтгэх захирлыг сонгох, бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ”, 83 дугаар зүйлийн 83.15-д “Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ хэдийд ч гаргах эрхтэй.” гэх заалтад нийцээгүй гэж үзнэ.

 

2. Гүйцэтгэх удирдлагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ажилтан, ажил олгогч буюу хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын хоорондын харилцаа зохицуулагддаг, талууд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхээр гэрээгээр харилцан тохиролцсон тул “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид Д.Сыг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй гэж үзнэ.

 

Хэдийгээр хувьцаа эзэмшигчдийн хурлаас Компанийн тухай хуульд зааснаар гүйцэтгэх удирдлагыг хэдийд ч өөрчлөн томилох эрхтэй боловч энэ эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх үүргийг хуулиар хүлээнэ.

 

Тэгэхээр хуульд үндэслэгдээгүй, тодорхой бус үндэслэлээр Д.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хуульд нийцээгүй гэж үзнэ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очирын тайлбарт тусгагдсан “Д.С нь “Аръяамэд” ХХК-аас үндэслэлгүйгээр 14,000,000 төгрөг авсан, үйл ажиллагаа явуулахдаа өр авлага ихээр үүсгэсэн, Х.Нямсүрэн гэх иргэнд 35,000 төгрөгөөс бага үнээр буюу 6,000 төгрөгөөр ажлын байр түрээсэлж байсан зөрчлийг гаргасан” гэх үндэслэлийн аль нь ч 18/02 тоот тогтоолд тусгагдаагүй, энэ талаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцсэний үндсэн дээр дээрх шийдвэр гарсныг нотлох баримт байхгүй, эдгээрийг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх уг тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Иймд шүүх 18/02 тоот тогтоолоор “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн Д.Сын ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.С 2018 оны 1, 2, 3 сарын дунджаар 2,498,075 төгрөгийн цалин хөлс авч байсан, түүнд 4 дүгээр сард 4,036,440 төгрөг олгосон тухай бичилт дэвтэрт хийгдсэн байх тул Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам“-ын 7 дахь хэсгийн “а”-д заасны дагуу тооцож гаргасан түүний дээрх дундаж цалин хөлснөөс ажилгүй байсан 11 сар 1 хоног /2018.05.01-2019.04.02-ныг хүртэл/-ийн олговрыг тооцож, хариуцагч “Б” ХХК-аас 27,595,015 төгрөг /2018 оны 1, 2, 3 дугаар сарын дундаж 2,498,075/21,5х1хоног+(2,498,075х11сар)/-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Ажил олгогч нь ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгч Д.Сын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Б” ХХК-д даалгах үндэслэлтэй байна.

 

 Хариуцагч Ц.А нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоогүй боловч 18/02 тоот тогтоолд хожим гарын үсэг зурсан байдалдаа маргаагүй тул шүүх түүнийг хариуцагч биш гэж үзэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Сын гомдол гаргах хугацааг сэргээн тогтоож, түүнийг “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, “Б” ХХК-аас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 27,595,015 төгрөгийг гаргуулж Д.Ст олгосугай.    

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Д.Сын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “Б” ХХК-д үүрэг болгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Сын гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч нараас 295,925 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ө.УЯНГА