Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2023/ ШЦТ/02

 

 

  2022         12          21                                 2023/ШЦТ/02

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Г.О,

хохирогч Б.Б,

нарийн бичгийн даргаар Ц.Нэргүй,

улсын яллагч Ц.Майбаяр нарыг оролцуулан эрүүгийн 2211000001900 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч: С овогт Г.О

          Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 11а-25 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Г.О нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний шөнө 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чикаго нэртэй шөнийн цэнгээний газрын гадаа найзтай муудалцлаа гэх шалтгаанаар гартаа өмдний тэлээ ороож байгаад хохирогч Б.Б баруун нүд хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

А. Шүүгдэгч Г.О нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний шөнө 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чикаго нэртэй шөнийн цэнгээний газрын гадаа найзтай муудалцлаа гэх шалтгаанаар гартаа өмдний тэлээ ороож байгаад хохирогч Б.Б баруун нүд хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

-шүүгдэгч Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, санал хүсэлт байхгүй. Миний бие 2022 оны 10 дугаар сарын 09-ны шөнө 00 цагийн үед Чингилтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чикаго баранд найзуудын хамт ороод согтууруулах ундааны зүйл хэрэглээд бүжиглэж байсан. Ингээд бааран дотор хэрүүл маргаан үүссэн ба тухайн баарнаас гадагшаа гарсан. Баарны гадаа хүмүүс бужигналдаад байсан ба баарны үүдэнд байх шатан дээр үл таних, хар өнгийн куртик өмдтэй эрэгтэй хүнтэй миний найз болох Атой муудалцаад байсан ба би тэр үйл явцыг харж байгаад эхлээд би түүнд хандаад “Одоо болио, битгий маргалдаа" гэхэд тэр үл таних залуу “Болихгүй чамд хамаагүй шүү, хоёулаа үзчих үү “ гээд байсан ба тухайн үед би бор өнгөтэй тэлээгээ гартаа ороож байгаад тэр үл таних залуугийн баруун нүд рүү нь нэг удаа цохисон. Ингээд намайг цохисны дараа тухайн үл таних залуу тонгойчихоор нь тухайн газраас холдоод өөр маргалдаад байсан хүмүүсийг салгах гээд явсан. ...тэр залууг цохисон миний буруу. Би шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Эын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан 13896 дугаартай дүгнэлттэй танилцлаа, холбоотой санал, хүсэлт байхгүй , гэмтэл шарх надад учраагүй....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар тал/,

- хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бааран дотор ямар ч дуу бүжиг байгаагүй болохоор нь ганцаараа тухайн баарны үүдэнд зогсож байхад гэнэт үл таних, 185 орчим см орчим өндөртэй, туранхай, дээгүүрээ хувцасгүй, нүүр хэсэг нь цустай эрэгтэй хүн ирээд миний нүүрний зүүн шанаа хэсэг рүү 1 удаа баруун гараараа заамдаад цохисон. Ингээд цохиулахад хүмүүс ирээд салгаад байж байхад өөр нэг үл таних улаан саравчтай малгайтай, гадуураа хар бараан өнгийн футболктой, баруун гартаа тэлээ ороочихсон эрэгтэй хүн ирээд намайг шатнаас буулгаж байгаад баруун нүд хэсэгт 1 удаа цохисон. ...Баруун талын нүд хөхөрсөн, доод зовхи урагдсан, баруун талын шанаа хавдсан, нүд бүрэлзээд, толгой баруун талаараа таллаж өвдөж байна. ...Миний баруун талын нүд хавдаж юм харахгүй  болсон тул 10 хоног гэртээ байж хавангаа буулгасан байдаг ба албан ёсны эмчилгээ хийлгэсэн эм тариа авсан зүйл байхгүй ээ. Миний хувьд хувиараа Баянбүрдийн тойргийн хажууд машин түрээсийн бизнес хийдэг ба 10 хоног ажлаа хийж чадаагүй тул 1,5 сая төгрөг нэхэмжилж байна. Би өдөрт дунджаар 300,000 төгрөгийн орлого олдог. Би 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 19-ний өдрийг хүртэл ажлаа хийж чадаагүй байдаг Одоо бол миний баруун нүдний хаван бууж юм харж байгаа тул ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа. Мөн баруун нүдний доор сорви тогтсон тул сорвио арилгуулмаар байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-8 дугаар тал/,

- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шинжээч эмч Э.Эрхэмбаярын 13896 дугаартай “...Б.Б биед баруун нүдний зовхи зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,

- Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи /хавтаст хэргийн 13 дугаар тал/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Б. Шүүгдэгч Г.О нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний шөнө 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чикаго нэртэй шөнийн цэнгээний газрын гадаа найзтай муудалцлаа гэх шалтгаанаар маргалдан өөрийн хийж буй үйлдлээ бүрэн ухамсарлан, эрүүл мэндэд нь халдаж зодсон үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас биед нь баруун нүдний зовхи зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учрахад зориуд хүргэсэн нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Г.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын 900 нэгжтэй тэнцэх хэмжээгээр ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн өөрийнх нь санал, орлого олох боломж зэргийг нь харгалзан 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Оыг 3 сарын хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хор хохирол, уршгийг арилгах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг түүнд шүүхээс оногдуулсан үндсэн ялд нь нэмж авч хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Б.Б нь шүүгдэгчээс 1.500.000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн боловч шүүхэд ирүүлсэн баримт нь нотлох баримтыг шаардлага хангахгүй, хохирлыг тооцох боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

           

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шүүх шийдвэрлэв.

           

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Сартуул овогт Гүрбазарын Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Оыг 900 /есөн зуун/ нэгж буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Г.Оыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

5. Хохирогч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмт хорын хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Оыг 3 /гурав/ сарын хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хор хохирол, уршгийг арилгах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт үлдээсүгэй.

 

 9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ