Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 1250

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2019/01250

                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “МЗ” ТӨХК,

Хариуцагч “МУ” ХХК-уудад холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 5,156,130,705.94 төгрөг, алданги 2,578,065,352.49 төгрөг, нийт 7,734,196,058.49 төгрөгийг “МЗ” ТӨХК-аас гаргуулах, гэрээт ажлын хөлсийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг “МУ” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүдэр-Ян, Н.Баяраа, өмгөөлөгч П.Еркебулан /0963/, хариуцагч “МУ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинзориг, өмгөөлөгч Б.Ганболд /0361/, хариуцагч “МЗ” ТӨХК-ийн өмгөөлөгч Ц.Гүенбат /0045/, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Манай компани төмөр замын чиглэлээр төмөр замын суурь бүтцийн Бүтээн байгуулалт, дагнасан хэрэглээний замын дээд, доод бүтцийн засвар арчлалт, төмөр замын зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа явуулдаг үндэсний анхдагч компаниудын нэг учраас тухайн үеийн салбар хариуцсан сайд, удирдлагын бусад албан тушаалтнууд 2010 онд бидний ажилтай танилцаад улс орны томоохон бүтээн байгуулалт болох “Шинэ төмөр зам төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажилд орж ажиллах санал тавьсан юм.

Монгол Улсын Их Хурал 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 32 дугаар тогтоол гаргаж “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Улсын Их Хурал “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсантай холбогдуулан “Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг 2010 онд багтаан-эхлүүлэх” арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Монгол Улсын Засгийн газар 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Төмөр замын сүлжээ, суурь бүтцийг өргөжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргаж эхний үе шатанд барихаар төлөвлөсөн төмөр замын ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг МУаар дамжуулан шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгасан байсан.

Төрийн эрх барих дээд байгууллагуудын эдгээр тогтоол, шийдвэрүүд нь манай компанийг “Шинэ төмөр зам төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажилд оролцох итгэл үнэмшлийг төрүүлсэн тул дээрх саналын дагуу тус компани “Шинэ төмөр зам төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажилд оролцох хүсэлтээ төрийн эрх бүхий зохих байгууллагуудад хүргүүлсэн.

Улмаар 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “МЗ” ТӨХК болон “Т” ХХК-ийн хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулагдсан. Энэхүү “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн 2-т “...“МЗ” ТӨХК нь Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн өмчийн хороо, “МЗ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл зэрэг эрх бүхий байгууллагаас холбогдох шийдвэр гарсны дараа “Т” ХХК-тай хамтран ажиллах талаар хууль тогтоомжид заасны дагуу хэлэлцээр хийж, холбогдох гэрээг байгуулна” гэж заасны дагуу 2011 оны 4 дүгээр сарын 25-ний өдөр “МЗ” ТӨХК болон “Т” ХХК-ийн хооронд 1/008 дугаартай “Хөрс хуулалтын ажлын гэрээ” байгуулагдсан.

Бидний хооронд байгуулагдсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ний өдрийн 1/008 дугаартай “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-гээр “Т” ХХК нь “МЗ” ТӨХК-ийн захиалгын дагуу Даланзадгад-Таван толгой-Цагаан суврага-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлд баригдах шинэ төмөр замын батлагдсан трассын дагуу 50 км хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэх, “МЗ” ТӨХК нь ажлын хөлсөнд нийт 5,156,130,705.49 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон.

Ингээд “МЗ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батзаяа нь 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 1/71 тоот албан бичгээр ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноор Даланзадгад-Тавантолгой-Цагаан суврага-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн 1165 км төмөр замын доод бүтэц (далан) барих ажлыг зургийн дагуу Зараа зөрлөгийн 1127.7074-р км-ээс 077,74-р км хүртэл 50 км зайд Ү-308812,01 Х-5313187.04 координаттай эхлэлийн цэгээс Ү-312395.36, Х-568253.04 координаттай төгсгөлийн цэгийн хооронд хөрс хуулалтын ажлыг эхлүүлсэн.

Манай компани “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-ний дагуу “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Дорнод аймгийн Булган сумын нутаг дахь Зараа өртөөнөөс Хөөтийн чиглэлд баригдах 50 км төмөр замын хөрс хуулалтын ажлыг дээрх координатуудын хооронд батлагдсан зургийн дагуу 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд ажлын гүйцэтгэлийн тайлангаа холбогдох бичиг баримтуудын хамт захиалагчид хүлээлгэн өгсөн.

Дээр дурдсан “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-ний 15.1-д “ажлыг гүйцэтгэхэд шаардагдах ажлын хөлс нь нийт 5,156,130,705.94 төгрөг байна”, 16.1-д “ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг МУнаас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө”, 16.2-д “Ажлын хөлсний үлдэх хувийг төрийн эрх бүхий байгууллага болон Захиалагчийн томилсон эрх бүхий этгээд ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож акт үйлдэн хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан төлнө” гэж тус тус харилцан тохиролцсон боловч захиалагч “МЗ” ТӨХК гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, өнөөдрийг хүртэл ажлын хөлс болон алдангийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй болно.

Манай компани нийт 5,156,130,705.94 төгрөгийн ажлыг батлагдсан зургийн дагуу гэрээнд заасан хугацаанд, чанарын өндөр төвшинд бүрэн гүйцэтгэж дуусгасан. Энэ тухай захиалагч “МЗ” ТӨХК-д албан ёсоор мэдэгдэж, ажлын гүйцэтгэлийн тайлангаа хүргүүлсэн.

Харин захиалагчийн төлөөлөгч газар дээр нь очиж ажлын гүйцэтгэлтэй танилцсан боловч ажил хүлээлцэх комиссыг гэрээнд заасны дагуу хамтран байгуулж, ажлыг хүлээлцэх үүргээ захиалагч биелүүлээгүй болно.

Захиалагч “МЗ” ТӨХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, “Хөрс хуулалтын ажлын гэрээ” -ний 15,16, 17.3, 17.10-т тус тус заасны дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, мөн гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргийг огт биелүүлээгүйгээс болж ажил гүйцэтгэгч буюу манай компанийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд маш их хохирол учирч, байгууллагын бизнесийн нэр хүнд ихээхэн хэмжээгээр унаад байна. Захиалагч “Монгол төмөр зам” ТӨХК нь “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир түүнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-ний 22.3-т заасны дагуу хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, Хөрс хуулалтын ажлын гэрээ”-ний 22.3-т заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн төлбөрт тооцсон алданги 2 578 065 352.49 төгрөг болсон.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.2, 232 дугаар зүйлийн 323.6-д заасны дагуу “МЗ” ТӨХК нь хөрс хуулалтын ажлын хөлс 5,156,130,705.94 төгрөг, алданги 2,578,065,352.49 төгрөг, нийт 7,734,196,058.49 төгрөгийг манай компанид бүрэн төлж барагдуулах үүрэгтэй юм.

Монгол Улсын Их хурлаас 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 15 дугаар тогтоол гарсан бөгөөд уг тогтоолын 1-д Монгол Улсын Их хурлын шийдвэрт заасан төсөл, хөтөлбөрийг МУны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгож, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг уул зээлийн санхүүжилтэд хамааруулсан. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоол гарч “Шинэ төмөр зам төсөл”-ийг хэрэгжүүлэхэд эхний ээлжид шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг МУны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн.

Улмаар Монгол Улсын Засгийн газар 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 28 дугаар тогтоол гаргаж, “МЗ” ТӨХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ний өдрийн 1/008 дугаартай “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-ний ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг МУны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан боловч МУ нь Төрийн эрх барих дээд байгууллагуудын эдгээр тогтоол, шийдвэрүүдийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж өдий хүрсэн.

Иймд манай компани зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хариуцагч “МЗ” ТӨХК болон хамтран хариуцагч “МУ” ХХК нарт холбогдуулан дараах төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Үүнд: Хариуцагч “МЗ” ТӨХК-аас хөрс хуулалтын ажлын хөлс 5,156,130,705.94 төгрөг, алданги 2,578,065,352.49 төгрөг, нийт 7,734,196,058.49 төгрөгийг гаргуулах, “МЗ” ТӨХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ний өдрийн 1/008 дугаартай “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-ний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг “МУ” ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч “МЗ” ТӨХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“МЗ” ТӨХК нь улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр бий болсон өмчийг эзэмшиж ашиглах үндсэн чиг үүрэгтэй 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд юм. Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоолоор олгосон төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийн дагуу манай компани Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод заасан шинээр барих төмөр замын төслийг хэрэгжүүлэх явцад “Т” ХХК-тай 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж заасан. Талуудын хооронд байгуулсан 1/008 дугаартай гэрээний 16.1-т "... ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг МУнаас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө” гэж, 16.2-т “ажпын хөлсний үлдэх хувийг төрийн эрх бүхий байгууллага болон захиалагчийн томилсон эрх бүхий этгээд ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож акт үйлдэн хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан гүйцэтгэлээр төлнө” гэж заасан.          Энэхүү төлбөр тооцоотой холбоотойгоор, ажлын гүйцэтгэлийг хүлээлцэх талаар гэрээний 13 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан.

Тодруулбал, гэрээний 13.3-т “Гүйцэтгэгч тал ажлыг шалгасан, хүлээн зөвшөөрч авсан тухай мэргэжлийн актыг эрх бүхий байгууллагаар гаргуулан хүлээлгэж өгнө” гэж заасан.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хөрс хуулалтын ажлын гүйцэтгэгчийн хувьд гэрээний 13.3-т заасан үүргээ биелүүлж, ажлыг гэрээний 8 дугаар зүйлд заасны дагуу, чанарын өндөр төвшинд бүрэн гүйцэтгэсэн болохоо баталгаажуулсан мэргэжлийн актыг эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлсэн тохиолдолд хариуцагч манай компанид төлбөр төлөх үүрэг үүсэхээр талууд харилцан тохиролцсон байдаг.

Нөгөөтэйгүүр, МУ дахь манай харилцах дансанд хөрс хуулалтын ажлын зориулалтаар, тэр тусмаа “Т” ХХК-ийн ажлын хөлсний төлбөрийн зориулалтаар нэг ч удаа санхүүжилт орж ирээгүй өнөөдрийг хүрч байгаа болно. Тиймээс “МЗ” ТӨХК-аас гаргуулах ажлын хөлсийг гэрээний нийт үнийн дүнгээр тооцон, алдангийн хамт нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нь хийсэн ажлынхаа үр дүнг хүлээлгэж өгөөгүй. Үүнтэй холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажил хийсэн гэх газар дээр очиж, 2 байгууллагын инженерүүд шалгалт явуулсан. Шалгалтаар нэхэмжлэгчийг 109,222.48 м.куб ажлыг хийсэн болохыг нотолсон. Тиймээс 2 тал энэ ажлын хэмжээг баталгаажуулж гарын үсэг зурсан байгаа. Бид ийм учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж байгаа. Хийсэн нийт 109,222.48 м.куб ажлын хэмжээн дээр тодорхой үнийн дүн ярих боломжтой гэж үзэж байгаа.

Алдангитай холбоотой асуудал дээр ажлыг хүлээлгэн өгөх хугацаа, гэрээний дуусах хугацаа тодорхойгүй тул алданги тооцох үндэслэлгүй гэж үзэж байгаа.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч “Т” ХХК нь “МЗ” ТӨХК-тай байгуулсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 тоот “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-г үндэслэн Хөрс хуулалтын ажлын гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Гэрээний үүргийн гүйцэтгэл шаардахын тулд буюу гэрээнд заасны дагуу санхүүжилт олгохын тулд юуны өмнө тухайн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байх гэсэн урьдчилсан нөхцөлийг хангасан байх шаардлагатай. Сөрөг нэхэмжлэгчийн хувьд дээрх урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж үзэж байна.

Учир нь, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөхийг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан байна. Уг хуулийн 4.1.1-д зааснаар төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан төсөл хэрэгжүүлэгч нь захиалагч байх бөгөөд захиалагч нь бараа үйлчилгээ худалдан авахдаа 7.1-д заасан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож, гэрээ байгуулахаар заасан байна. Хуулийн 53.1-д “4.1.2-т зааснаас бусад захиалагч энэ хуулийн 8.1.4-т заасан босго үнээс давсан үнэ бүхий бараа ажил үйлчилгээний тендер шалгаруулалтыг зарлан мэдээлэх, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахын өмнө төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна” гэж заасан бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1-т “захиалагч гэрээ байгуулахдаа энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан зөвшөөрөл аваагүй” бол Худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ гэж заажээ. Түүнчлэн тендер ирүүлэх тендерийг хянаж үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах журмыг мөн хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан. Гэтэл захиалагч энэ хуулийн 53.1, 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан.

Ийнхүү талууд хууль зөрчиж хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул “МЗ” ТӨХК болон “Т” ХХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 тоот Хөрс хуулалтын ажлын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү.

Гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй болох буюу хуульд заасан бусад үндэслэлээр шаардах эрх нь үүсэх байх гэв.

 

Хариуцагч “МУ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“Т” ХХК болон “МУ” ХХК-ийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Энэхүү төслийн санхүүжилттэй холбоотойгоор “Т” ХХК болон “МЗ” ТӨХК-ийн хооронд 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1/008 дугаартай “Хөрс хуулалтын ажлын гэрээ” байгуулагдаж, тэдгээр талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсжээ. “МУ” ХХК нь энэ гэрээнд тал болон оролцоогүй, энэхүү гэрээгээр “Т” ХХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй.

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дахь хэсэгт “Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ.” гэж заасан бөгөөд “Т” ХХК, МУ ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан аль ч үндэслэлээр иргэний эрх зүйн харилцаа, үүрэг үүсээгүй.

“МУ” ХХК, “Т” ХХК-ийн хооронд хууль болон гэрээнд заасан аливаа үүрэг үүсээгүй, үүний дотор манайх санхүүжүүлэх үүргийг ч мөн “Т” ХХК-ийн өмнө хүлээгээгүй тул нэхэмжлэлд дурдсан асуудал “МУ” ХХК-нд хамааралгүй, зөвхөн гэрээ байгуулж харилцан үүрэг хүлээсэн захиалагч, гүйцэтгэгч буюу “Т” ХХК болон “МЗ” ТӨХК-ийн хоорондын асуудал юм.

Энэ хэрэгт “МУ” ХХК-ийг хамтран хариуцагчаар татах ч үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. ” гэж заасан байдгаас үзэхэд нэхэмжлэгчийн өмнө “МУ” ХХК үүрэг хүлээгээгүй, үүнтэй холбоотойгоор үүргээ биелүүлэх тухай ойлголт байхгүйн зэрэгцээ нэхэмжлэлд “Т” ХХК-ийн өмнө хууль буюу гэрээнд заасан ямар үүрэг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй болох тухай тодорхой дурдаагүй тул “МУ” ХХК-ийг хамтран хариуцагчаар татах үндэслэлгүй юм.

Төслийн санхүүжилтийн талаар. Энэ төслийг санхүүжүүлэхтэй холбоотойгоор төрийн байгууллагуудаас гаргасан шийдвэрүүдийг үзвэл:

1.“Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг МУны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.

2.“Шинэ төмөр замын төслийн санхүүжилтийн тухай” Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоолоор “Шинэ төмөр зам төсөл”-ийг хэрэгжүүлэхэд эхний ээлжид шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг МУны ТУЗ-д зөвшөөрсөн.

3.“Шинэ төмөр зам төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Энэхүү тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх, 2013 онд гүйцэтгэх 2 дугаар хавсралтад заасан ажлыг холбогдох журмын дагуу хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг МУны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасугай.”, “Энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтад заасан ажлыг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын 2011 оны 266 дугаар тогтоолын дагуу олгохыг МУны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсүгэй.”, “МУны зээлийг эргэн төлөх хөрөнгийг тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай” гэж тус тус заасан байдаг.

Мөн уг тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан Туршилтын хөрс хуулалт хэсгийн 1-д “МЗ” ТӨХК, “Т” ХХК-тай 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 1/008 дугаар гэрээ, нийт үнийн дүнг 5,156,130,705.94 төгрөгөөр гэж заасан.

Дээрх шийдвэрүүдээс үзэхэд “МУ” ХХК-д үүрэг болгосон заалтууд байдаггүй бөгөөд зөвшөөрсөн, зохих журмын дагуу шийдвэрлэхийг зөвшөөрсөн, ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх, холбогдох журмын дагуу хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авах зэргээр зөвшөөрөл олгосон байдаг. Учир нь, “МУ” ХХК-ийн үйл ажиллагааг зохицуулахад МУны тухай хууль үйлчилдэг бөгөөд уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д МУ ХХК нь “ашигтай ажиллах” зарчмыг, 8 дугаар зүйлийн 8.2-т “Зээл олгох шийдвэрийг МУны актив-пассивийн болон эрсдэлийн удирдлагын нэгжийн дүгнэлтийг үндэслэн зээлийн хороо гаргана.”, 8.3-т “МУнаас олгох зээл нь банкнуудын зээлийн дундаж хүүгээс доогуур хүүтэй байх; зөвхөн мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэсэн байх; зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр нь үр ашигтай байх; зээлийн эргэн төлөгдөх хуваарь тодорхой байх; зээл нь барьцаа, баталгаа болон үүргийн гүйцэтгэлийн бусад арга хэрэгслээр хангагдсан байх; зээл хөнгөлөлттэй нөхцөлтэй байх” шаардлагыг, мөн 10.1-д “МУнаас сонгон шалгаруулалтын дунг үндэслэн санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр нь Засгийн газрын баталсан Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарт хамаарах; төсөл, хөтөлбөрийн зураг төсөл, төсөв, техник, эдийн засгийн үнэлгээ хийгдсэн байх; эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, эсхүл олон улсын болон Европын холбооны стандартын шаардлагад нийцсэн экспортын болон импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байх; зээлийн эрсдэлийн үнэлгээ, зээл авах үндэслэл, төсөл, хөтөлбөрийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг олон улсад тогтсон мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх; төсөл, хөтөлбөрийн үр дүнд бий болсон хөрөнгийг тухайн зээл бүрэн төлөгдөж дуусах хүртэл зээлийн барьцаа хөрөнгөнд тооцсон байх” шаардлага хангасан байх ёстой байдаг.

Эндээс үзэхэд “МУ” ХХК нь УИХ, Засгийн газрын зөвшөөрсөн шийдвэрүүд гарсны дараа хуульд заасан болзол шалгуур хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай асуудлыг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн “МУ” ХХК-ийн Зээлийн хороо, Төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэрлэдэг. Төрийн байгууллагын аливаа шийдвэрээр санхүүжүүлэх үүргийг “МУ” ХХК-нд хүлээлгэх боломжгүй юм.

“МУ” ХХК, “МЗ” ТӨХК-ийн хооронд үүссэн харилцааны тухайд:

“МУ” ХХК, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яам, “МЗ” ТӨХК нарын хооронд 55 сая ам.долларын үнийн дүнтэй, З-ТЗ-Б 2013-5 дугаартай “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай” гэрээ 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан.

1.Гэрээний дагуу ашиглагдаагүй санхүүжилтийн хэмжээ цуцлагдсан: Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.15-д “Санхүүжилт олгох боломжит хугацаа: 2013 оны 12 дугаар capын 31-ний өдөр дуустал санхүүжилтийг олгох боломжтой. Олгох боломжит хугацаа дууссаны дараа ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдана” гэж заасан.

Түүнчлэн уг гэрээний 3 дугаар зүйлд санхүүжилт олгоход тавигдах шаардлагын талаар 3.1.4-д “Төсөл хэрэгжүүлэгч (МЗ ТӨХК) нь Гэрээлэгчийн хийсэн ажлыг хүлээн авч, Гэрээлэгчид төлөх төлбөрийг Зам тээврийн яамаар баталгаажуулж ирүүлсэн байх” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1-д МУ нь “Төсөл хэрэгжүүлэгчийн гаргасан санхүүжилт олгох хүсэлтийг Зам тээврийн яам баталгаажуулсныг үндэслэн Хавсралт 1-д заасан олголтын хуваарийн дагуу төсөл хэрэгжүүлэгчийн харилцах дансанд шилжүүлнэ” гэж, 7 дугаар зүйлийн 7.1-д “МЗ” ТӨХК нь “Төслийн техник-эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлын хэрэгжилт, барилгын ажлын явц, тайлан мэдээллийг Зам тээврийн яамаар баталгаажуулж энэхүү гэрээний 4.1-д заасан олголтын хуваарът өдрөөс ажлын 10 хоногийн өмнө МУанд хүргүүлнэ” гэж тус тус заасан.

Гэтэл энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш төсөл хэрэгжүүлэгч болох “МЗ” ТӨХК-аас “Т” ХХК-ийн гүйцэтгэсэн гэх ажлын гүйцэтгэлийн тайлан, төсөл хэрэгжүүлэгчийн гүйцэтгэлийг баталгаажуулсан тухай албан хүсэлт, төлбөрийн даалгавар зэрэг холбогдох материалуудыг ирүүлээгүй. Харин Зам, тээврийн яамнаас 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3/2111 дугаартай албан бичгээр “Т ХХК”-ийн гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгөх хүсэлтийг ирүүлж байсан боловч төсөл хэрэгжүүлэгчээс холбогдох тайлан, баримтаа ирүүлээгүй учир зохих журмын дагуу шийдвэрлэх боломжгүй болсон. Ийнхүү -МУ- ХХК-аас уг ажлыг санхүүжүүлэх нөхцөл бүрдээгүй байхад талуудын гэрээгээр тохиролцсон санхүүжилт олгох хугацаа дуусгавар болж, ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдсан тул ажлын гүйцэтгэл” баталгаажсан ч уг ажлыг гэрээний хүрээнд “МУ” ХХК-аас санхүүжүүлэх боломжгүй болсон.

  2.Санхүүжилтийн эргэн төлөлт баталгаажаагүй. Төсөл санхүүжүүлэх эргэн төлөлтийг зохицуулах гэрээний дагуу “МУ” ХХК-аас 55,000,000 хүртэл ам.долларыг санхүүжүүлэх боломжтой ч гэрээний хугацаанд шаардлага хангасан болон Зам тээврийн яам. “МТЗ” ТӨХК-ийн баталгаажуулсан дараах ажлуудад нийт 22,517,000 ам.долларын Төсөл санхүүжүүлэх эргэн төлөлтийг зохицуулах гэрээний дагуу санхүүжүүлсэн хөрөнгийн эргэн төлөлтийг хангах, төсөвт тусган батлуулах, бүхий л үйл явцад оролцон хяналт тавих, “МУ” ХХК-нд төлбөрийг төлөх үүргийг тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж байсан боловч уг яам нь татан буугдаж, хариуцаж байсан зарим асуудлыг Сангийн сайдын эрхлэх ажлын хүрээнд оруулсан. Сангийн яам, Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам, “МУ” ХХК, “МЗ” ТӨХК нь “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, З-ТЗ-Б 2015-5/1 дугаартай гэрээг 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан. Уг гэрээний хавсралтаар “МУ” ХХК-аас "Шинэ төмөр зам" төслийн бэлтгэл ажилд зориулан санхүүжүүлсэн дүн болох 22,517,000 ам.доллараар санхүүжилтийн олголт, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталж, талууд тохиролцсон. Өнөөдрийн байдлаар Сангийн яам нь энэхүү эргэн төлөлтийн хуваарийн дагуу санхүүжилтийн хүүгийн төлбөрийг “МУ” ХХК-д төлж байна.

2015 оноос эхлэн МУны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг жил бүрийн төсвийн тухай хуулиар баталдаг болсон. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтаар МУны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг баталсан бөгөөд тус жагсаалтад “Шинэ төмөр зам" төслийн бэлтгэл ажилд зориулсан санхүүжилт тусгагдаагүй юм.

Эдгээр үндэслэлийг харгалзан үзэж “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас “МУ” ХХК-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан сөрөг шаардлагын хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн агуулга нь “МЗ” ТӨХК болон “Т” ХХК нарын хооронд 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 1/008 дугаар гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлийг зөрчиж байгуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэл тайлбараа сөрөг нэхэмжлэл хэлбэрээр илэрхийлж байна гэж үзэж байна.

Учир нь, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж заасан байх бөгөөд гэрээний талууд хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчиж гэрээг байгуулаагүй ба хуульд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээнд заасны дагуу ажил үүргийг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдоно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу “Т” ХХК-ийг сонгож гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран маргаан бүхий гэрээ нь агуулгын хувьд хуульд тогтоомжид нийцсэн, уг хуульд заасан ажил үйлчилгээ гэх ойлголтод хөрс хуулалтын ажил хамаарахгүй, төрийн өмчийн компани хуулийн шаардлага биелүүлээгүйд манай буруу байхгүй гэж үзэж байна.

Иймд “МЗ” ТӨХК-ийн сөрөг нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “МЗ” ТӨХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 5,156,130,705.94 төгрөг, алданги 2,578,065,352.49 төгрөг, нийт 7,734,196,058.49 төгрөгийг гаргуулах, хариуцагч “МУ” ХХК-д холбогдуулан гэрээт ажлын хөлсний санхүүжилтийг холбогдох журмын дагуу шийдвэрлэж, санхүүжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч “МЗ” ТӨХК нь нэхэмжлэгчийг 109,222.48 м.куб ажил хийснийг зөвшөөрсөн боловч хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр шаардаж байгаа тул бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг шаардлага гаргасан.

 

Хариуцагч “МУ” ХХК нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, сөрөг нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж дэмжсэн байна.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “МЗ” ТӨХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж маргасан байна.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн хамт хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

“МЗ” ТӨХК болон нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаар гэрээнд “Т” ХХК нь Даланзадгад-Таван толгой-Цагаансуварга-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлд баригдах 1,154 километр урттай шинэ төмөр замын батлагдсан трассын дагуу Дорнод аймгийн Булган сумын нутагт орших Зараа зөрлөгийн газарт 50 километр урт, 12 метр өргөн, 0,40-0,60 метрийн гүн хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэх, “МЗ” ТӨХК нь 1 м.куб 15,625 төгрөгөөр тооцож, нийт 5,156,130,705.94 төгрөг ажлын хөлс төлөхөөр тохиролцсон байна. /1хх 26-37 хуу/

 

“Т” ХХК нь ажлыг 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд талууд үүнд маргаагүй, харин гүйцэтгэсэн ажлын хэмжээнд маргажээ.

 

Талууд хөрс хуулалтын ажлын гэрээгээр нийт ажлын хэмжээг тодорхойлоогүй боловч ажлын нийт хөлсийг 1 м.куб-ын үнэд хуваан тооцоход 329,992.4 м.куб ажил хийхээр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байх ба хариуцагч “МЗ” ТӨХК нь уг гэрээг хууль зөрчиж хийсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шаардсан байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул хэлцлийн хүчин төгөлдөр эсэхийг тогтоох, шүүх энэ талаар дүгнэлт хийхэд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзэв.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөхийг хуулийн 3.1-д заасан. Уг хуулийн 4.1.1-д зааснаар төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь захиалагч байх бөгөөд захиалагч нь бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа мөн хуулийн 7.1-д заасан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож, гэрээ байгуулахыг хуульчилсан байна.

 

2011 оны 4 дүгээр сард хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан дээрх хуулийн 53.1-д “4.1.2-т зааснаас бусад захиалагч энэ хуулийн 8.1.4-т заасан босго үнээс давсан үнэ бүхий бараа, ажил, үйлчилгээний тендер шалгаруулалтыг зарлан мэдээлэх, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахын өмнө төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна”, 42.1, 42.1.2-т “тендер ирүүлэх, тендерийг хянаж үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр мөн хуулиар зохицуулсан байжээ.

 

Төмөр замын суурь бүтцийг барих ажлын хүрээнд хийгдэх хөрс хуулалтын ажил нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.11-д заасан барилга байгууламжийн ажилд хамаарах тул зохигчдын хооронд үүссэн харилцаанд хуулийн дээрх зохицуулалт хамаарна гэж шүүх үзлээ.

 

Хэргийн баримтууд, талуудын маргаагүй тайлбараар “МЗ” ТӨХК нь нэхэмжлэгчийг сонгож, ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53.1-д заасан зөвшөөрөл аваагүй болох нь тогтоогдсон тул хөрс хуулалтын ажлын гэрээ нь хүчин төгөлдөр бус.

 

Гэрээ хүчин төгөлдөр бус болох нөхцөл байдалд өөрсдийн буруу байхгүй гэж нэхэмжлэгч тал тайлбарласан.

 

Гэрээний талууд эрх тэгш, хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдоггүй тул дээрх нөхцөл байдалд дан ганц “МЗ” ТӨХК-ийг буруутгах нь хууль болон шударга ёсонд нийцэхгүйгээс гадна шүүх буруугүй талын шаардлагаар хүчин төгөлдөр бус хэлцлийг хүчин төгөлдөрт тооцох хууль зүйн үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

 

Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр бус учир талуудын хооронд гэрээний үүрэг үүсэхгүй, нэхэмжлэгч нь ажлын хөлс, алдангийг гэрээний дагуу шаардах эрхгүй юм.

 

Харин хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэгч “Т” ХХК нь тодорхой ажлын үр дүнг бий болгосон, энэ нь “МЗ” ТӨХК-ийн гэрээнд заасан зорилгыг хангасан, “МЗ” ТӨХК нь уг хөрөнгөөр хөрөнгөжсөн байдал тогтоогдсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг хожим хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд буцааж өгөх боломжгүй бол түүний үнийг төлөхийг 493 дугаар зүйлийн 493.2-т заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нийт 53,750 мерт урттай, 476,101.99 м.куб хөрс хуулах ажил гүйцэтгэсэн гэж, хариуцагч нь 109,222.48 м.куб ажил хийснийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг үндэслэлгүй гэж маргасан.

 

“Т” ХХК-ийн 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн хөрс хуулалтын ажлыг “МЗ” ТӨХК хүлээн авсан эсэх асуудалд талууд мөн маргаантай байгаа боловч гэрээ хүчин төгөлдөр бус учир ажлын үр дүнг хүлээн авах гэрээний үүргийн талаар шүүх нотлох ажиллагаа явуулах нь ач холбогдолгүй болно.

 

Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн хөрс хуулалтын ажлын хэмжээг 3 янзаар тодорхойлсон нэхэмжлэгчийн гаргасан тайлан, ажлын гүйцэтгэлийг газар дээр нь шалгаж, хянасан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн талуудын гарын үсэг бүхий тайлан, шүүхээс томилогдсон шинжээчийн гаргасан дүгнэлт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна. /1 хх-ийн 41-49 хуу, 3 хх-ийн 1-27 хуу, 4 хх-ийн 7-21, 148 хуу/

 

Нэхэмжлэгчээс гаргасан тайлан нэг талын үйлдсэн баримт тул энэ маргаанд эргэлзээгүй, үндэслэл бүхий баримт болж чадахгүй, харин үлдэх 2 баримтын тухайд нэгийг шүүхээс томилогдсон шинжээч, нөгөөг талууд өөрсдөө үйлдэж, хүлээн зөвшөөрсөн баримт тул илүү үндэслэл бүхий баримтыг шүүх үнэн зөв эргэлзээгүй гэж үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцнэ.

 

“Т” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Ажлын гүйцэтгэл” баримтад Төмөр замын Геомастерийн тогтоосон трассд орсон эзлэхүүн 245,076.91 м.куб, 6 метрээр хийсэн хөндлөн огтлолын 20 м тутам дахь хэмжилтээр эзлэхүүн 181,901.33 м.куб гэж, шинжээч “МЗын нэгдсэн холбоо” ТББ-ын дүгнэлтээр трассын дагуу гүйцэтгэсэн нийт ажлын эзлэхүүн 289,488 м.куб гэж тус тус гаргасан байна. /3 хх-ийн 1-27 хуу, 4 хх-ийн 7-21 хуу/

 

Гэрээнд заасан өргөн, гүний хэмжээ, трассын дагуу хийгдсэн хэмжилтийн үр дүнд тогтоогдсон эзлэхүүн ажлын гүйцэтгэл болон шинжээчийн дүгнэлтээр 245,076.91 м.куб буюу 289,488 м.куб /зөрүү 44,411.09/ гэж өөр хоорондоо илүү дөхүү, 20 метр тутмын хариуцагчийн зөвшөөрч байгаа хэмжилтийн үр дүнд гарсан нийт хэмжээ нь дээрх 2 хэмжилтийн үр дүнгээс илэрхий зөрүүтэй тул шүүх хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээг бодит хэмжээ гэж үзэх боломжгүй юм.

 

Шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн ажлын хэмжээг тогтоох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ гэж үзлээ.

 

Учир нь, мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр хөрс хуулалтын ажлын гүйцэтгэлээр тогтоогдсон ажлын хэмжээг шаардлага хангахгүй /4хх-ийн 148 хуу/ гэж дүгнэсний гадна шинжилгээ хийх үйл ажиллагаанд талууд хөндлөнгийн оролцогч, ажиглагчаар оролцсон, уг дүгнэлтийг дутуу, үндэслэл муутай, эсхүл Шүүхийн шинжилгээний тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, дүгнэлтэд талууд маргаагүй тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөв гэж үзсэн болно.

 

Иймд нэхэмжлэгчийн хийсэн ажлын хэмжээг 289,488 м.куб гэж үзэж, 1 м.куб хөрс хуулах ажлыг 15,625 төгрөг гэж тогтоосон талуудын тохирсон үнэлгээ /хөрс хуулалтын ажлын гэрээний 15.2/-г баримталж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч “МЗ” ТӨХК-аас 4,523,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэрээ хүчин төгөлдөр бус тул гэрээний нэмэлт үүрэг болох алданги хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

“МУ” ХХК, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яам, “МЗ” ТӨХК нь 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд төмөр замын суурь бүтцийг барих төслийг санхүүжүүлэх, санхүүжилтийг эргэн төлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэхээр 4 талт гэрээ байгуулсан байна.

 

Уг гэрээгээр “МУ” ХХК нь төсөл хэрэгжүүлэгчийн гаргасан санхүүжилт олгох хүсэлтийг Зам тээврийн яам баталгаажуулсныг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчийн харилцах дансанд шилжүүлэх үүрэгтэй, харин төсөл хэрэгжүүлэгч нь санхүүжилтийг зориулалтын бусаар ашигласан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн, санхүүжилт олгох хүсэлтийг Зам тээврийн яам баталгаажуулаагүй тохиолдолд “МУ” ХХК санхүүжилт олгохгүй байх эрхтэй байна.

 

Гэрээний агуулгаас үзвэл “МУ” ХХК нь нэхэмжлэгч “Т” ХХК-ийн өмнө санхүүжилт олгох үүрэг хүлээгээгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь дээрх гэрээний тал биш байх тул тэрээр “МУ” ХХК-аас хөрс хуулалтын ажлын гэрээний санхүүжилтийг шийдвэрлэхийг болон уг гэрээний үүргийг шаардах эрхгүй.

 

Төмөр замын суурь бүтцийн ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг “МУ” ХХК-д үүрэг болгосон Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолыг Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасан иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр гэж үзэхгүй.

 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу гаргасан тогтоол нь засгийн газрын үйл ажиллагааныхаа хүрээнд хийх зохион байгуулалтын шинжтэй байна. МУны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт МУны талаарх Засгийн газрын бүрэн эрхийг хуульчилсан байх бөгөөд ямар нэгэн хуулийн этгээдийн өмнө санхүүжилт хийх үүргийг ногдуулах эрхийг Засгийн газарт олгоогүй болно.

 

Иймд хууль болон гэрээгээр үүсээгүй үүргийг шүүх нэхэмжлэгчийн шаардлагаар хариуцагчид ногдуулах боломжгүй тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан “МУ” ХХК-д холбогдуулан гаргасан “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид нийт 38,899,130 төгрөг /38,828,930+70,200/ төлөхөөс 38,828,930 төгрөг төлсөн тул дутуу төлөгдсөн 70,200 төгрөгийг нөхөн гаргуулах, хариуцагч “МЗ” ХХК нь 70,200 төгрөг төлөхөөс 25,868,403.53 төгрөгийг илүү /25,938,603.53 төгрөг төлсөн/ төлсөн байх тул илүү төлөгдсөн хэсгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэлийн хангагдсан шаардлагын хувь хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 22,774,200 төгрөгийг “МЗ” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 186 дугаар зүйлийн 186.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг баримтлан “МЗ” ТӨХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 тоот хөрс хуулалтын ажлын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, “МЗ” ТӨХК-аас 4,523,250,000 төгрөгийг гаргуулж “Т” ХХК-д олгож, “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,210,946,058.49  төгрөгт холбогдох хэсэг болон холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг “МУ” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 38,828,930 төгрөг, хариуцагч “МЗ” ТӨХК-аас төлсөн 25,938,603.53 төгрөгөөс 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод, улсын орлогоос 25,868,403.53 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч “МЗ” ТӨХК-д, хариуцагч “МЗ” ТӨХК-аас 22,774,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА