Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/24

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч М.Отгонбаатар,

         хохирогч С.Ү /цахимаар/,

         шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: О.Б

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч О.Б нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги мандал хилийн боомтод байрлах ... гэх нэршилтэй газарт хохирогч С.Үтай гэр цэвэрлүүлэх гэлээ гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг зодож "биед духны зүүн дээд хэсэгт 4 см урттай 4 оёдол шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч О.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Үтай маргалдсан. Намайг ахын дүү гэрээ цэвэрлэчих гэхээр нь би цэвэрлэчихсэн. Тэгтэл галаа түлчих гэхээр нь маргалдсан. Намайг ёс бус үгээр доромжилсон. Тэгэхээр нь цохьчихсон. Энэ гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Хэргийн хувьд маргах зүйлгүй. Ялын хувьд прокурортой тохиролцсон. Үүнийгээ хүлээн зөвшөөрнө. Хохирлын хувьд хохирогчоос нэхэмжилсэн 1.795.630 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Би улирлын чанартай ажил хийдэг. Одоо 4 сард ажил эхэлнэ. Эмчилгээний зардал 495.000 төгрөгийг өгнө гэсэн боловч ажил хийж чадаагүй. Боломжоороо цувуулж төлж барагдуулна гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч С.Үын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 12-ны өглөө ажилдаа гараад 13 цагийн үед байрандаа ирсэн. Тухайн үед толгой өвдөөд хэвтэж байтал Б орж ирсэн. Би ахын дүү гэрээ цэвэрлээд гараа түлчих гэсэн. Тэгтэл гэр цэвэрлэж, гар түлэх гэж ирээгүй гэж маргалдсан. Б цүнхээ ухаад байж байснаа миний толгой руу цохисон. Эхлээд хөл рүү, дараа нь толгой руу цохисон. Б чичрээд уурлаад байсан. Би ёс бус үг хэлээгүй. Би одоо 1.795.630 төгрөгийг нэхэмжилсэн. Эмчилгээний зардал, цалин, унааны болон буудлын зардал зэрэг энэ нэхэмжлэлд орж байгаа. Б нь өнөөдрийг хүртэл уучлалт гуйгаагүй гэсэн мэдүүлэг,

         -Яллагдагч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “... ХХК-д ажиллаж байх хугацаандаа хамт ажиллаж байсан Үтай маргалдаж толгой руу гараараа 1 удаа цохиж биед нь гэмтэл учруулсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгаа бөгөөд хохирогчийн биед учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна гэсэн мэдүүлэг /хх 6, 20 ху/,

          -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02/014 дугаартай дүгнэлтэнд: 

          1.С.Үын биед духны шарх гэмтэл тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 13-14, 20 ху/,

          -Хохирлын баримт /хх 61-62 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 38 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч О.Б нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги мандал хилийн боомтод байрлах ... гэх нэршилтэй газарт хохирогч С.Үтай гэр цэвэрлүүлэх гэлээ гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг зодож "биед духны зүүн дээд хэсэгт 4 см урттай 4 оёдол шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч О.Бын “Намайг ёс бус үгээр доромжилсон. Тэгэхээр нь цохичихсон. Энэ гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Хэргийн хувьд маргах зүйлгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч С.Үын “Б цаашаа харчихсан хар цүнхээ ухаж байснаа гараараа миний уруул руу 1 удаа цохисон. Тэгснээ толгойн духны хэсэгт 1 юмаар цохисон, миний толгойноос их хэмжээний цус гарсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед духны шарх бүхий хөнгөн хохирол учирсныг тогтоосон 02/014 дугаартай дүгнэлт, хохирлын баримт болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч О.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Хохирогч С.Үын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь шүүхийн шатанд хохирол 1.795.630 төгрөг нэхэмжилж нотлох баримтын хамт ирүүлснийг шүүгдэгч төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 1.795.630 төгрөгийг гаргуулж хохирогч С.Үад олгох нь зүйтэй байна.

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм хорын хохирол төлөхөө илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруу болон хохирол төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч О. Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баас 1.795.630 /нэг сая долоон зуун ерэн таван мянга зургаан зуун гуч/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.Ү - д олгосугай.

          6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА