| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2023/0023/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/26 |
| Огноо | 2023-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
улсын яллагч М.Отгонбаатар,
хохирогч Г.Т,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,
шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Нт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Э.Н
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.Н нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод хохирогч Г.Тийн нүүрэн тус газар гараараа цохиж, түүний биед хоёр шүдний ганхаа, зүүн хацар, баруун бугуйнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Э.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед дүүгийндээ очсон. Гадаа нь очиход гэрт юм хагарах чимээ гарсан. Тэгээд гэрт ороод юу болсон талаар асуухад манай дүү хүүхдээ зодсон гэж хэлсэн. Тэгтэл хүргэн “танай дүүг зодоогүй шүү” гэж хэлсэн. Ер нь хүргэн Б манай дүүг их дээрэлхэж дарамталдаг. Шөнө орой манайд гүйж ирж л байсан. Энэнд нь би их санаа зовдог. Тэгээд тухайн үед цагдаа дуудсан боловч ирээгүй. Тэгээд дүүгээ авч явахаар хувцсыг нь өмсгөж байх хооронд Н эгчтэй маргалдсан. Намайг элдвээр хэлсэн. Би салаавч өгсөн нь үнэн. Би цохиогүй, гар хүрэхэд нүүрэнд нь жаахан шалбалчихсан юм. Тэрийгээ хүлээн зөвшөөрнө. Харин цохиогүй. Хохирогчид учирсан гэмтлийн хувьд шүдний гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хацрыг нь хумсаараа урсан. Урьд нь бид хоорондоо маргалдаад л өнгөрдөг байсан. Сая л хацрыг нь маажсан гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Г.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүүгийндээ очсон байсан. Тэгтэл Н орж ирээд юу хагарав гээд хашхичаад байсан. Манай дүүг дээрэлхлээ, дарлалаа, хувцсыг нь аваад авч явна гээд орилоод байсан. Миний хувьд юу ч хэлээгүй. Над руу салаавч өгөөд, хацар урсан. Энийг долоо гээд салаавч өгөөд салаавчтай гараа түлхээд байсан. Тэгтэл буйлнаас цус гараад ганхсан. Одоо 2 шүдээ авахуулсан. Хэвийг нь хот руу явуулсан. Гомдолтой байна. Хохиролд эмчилгээний зардал, шүд хийлгэх зардал нийт 1.200.000 төгрөгийг нэхэмжилнэ. Би Дорноговь аймагт байдаг “Арвин талст” шүдний эмнэлэгт үзүүлж, шүдээ авхуулсан, эмчилгээ хийлгэсэн, хиймэл шүд хийлгэх зэрэгт эмчилгээ, үйлчилгээ авч байгаа. 2023 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр шүдний эмнэлэгтээ үзүүлсэн. Захиалсан хиймэл шүдний үнийг төлөөгүй байгаа. Шүүхээс баримт авчир гэхээр нь эмнэлэгтээ хэлээд ийм баримт авсан гэсэн мэдүүлэг,
-Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Бын ахын гэрт орж ирэхэд ээж рүү Н нь салаавч өгөн, ээжийг элдэв үгээр хэлэн харааж байсан. Ээж Нт хандан чи яахлаараа хүүхдүүд муудах тоолонд намайг ингэж дээрэлхдэг юм гэхэд би чамайг насан туршдаа дээрэлхэх болно гэж салаавч өгөн ээжийн нүүрэн хэсэг рүү тулхээд байсан гэсэн мэдүүлэг /хх 9 ху/,
-Гэрч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...ээж Т нь гэрт орж ирээд эгч Нтэй хэрэлдсэн. Баас болж хэрэлдэж байсан гэсэн мэдүүлэг /хх 11 ху/,
-Яллагдагч Э.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 25-ны едер... хүргэн Бын ээж Т нь охин Бийнхээ хамт гэрт эргэж орж ирээд хүү болох Быгаа өмөөрч чи манай хүүг 62-д баригдсан байх үед нь манай хүүгийн хоёр ямааг идсэн гэхээр нь би, Тийн нүүрэн хэсэг рүү нь гараараа түлхсэн чинь Т нь намайг шанаадчихлаа гэж хашхирсан. Би Тийн нүүрэн хэсэгт баруун гараараа нэг удаа түлхэхэд зүүн талынх нь хацар хэсэгт жоохон шалбарсан байх шиг байсан гэсэн мэдүүлэг /хх 6, 25 ху/,
-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02/024 дугаартай дүгнэлтэнд:
1.Г.Тийн биед хоёр шүдний ганхаа, зүүн хацар, баруун бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Учирсан хоёр шүдний ганхаа гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.
4.Учирсан зүүн хацар, баруун бугуйнд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх 14 ху/,
-Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, гэрэл зураг /хх 15-16 ху/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 20-21, 25 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 36 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Н нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод хохирогч Г.Тийн нүүрэн тус газар гараараа цохиж, түүний биед хоёр шүдний ганхаа, зүүн хацар, баруун бугуйнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Над руу салаавч өгөөд, хацар урсан. Энийг долоо гээд салаавч өгөөд салаавчтай гараа түлхээд байсан. Тэгтэл буйлнаас цус гараад ганхсан. Одоо 2 шүдээ авахуулсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Н.Б-ийн өгсөн “...Ээж Нт хандан чи яахлаараа хүүхдүүд муудах тоолонд намайг ингэж дээрэлхдэг юм гэхэд би чамайг насан туршдаа дээрэлхэх болно гэж салаавч өгөн ээжийн нүүрэн хэсэг рүү тулхээд байсан” гэсэн, гэрч Э.Э-ийн “...ээж Т нь гэрт орж ирээд эгч Нтэй хэрэлдсэн. Баас болж хэрэлдэж байсан” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед хоёр шүдний ганхаа бүхий хөнгөн хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 02/024 дугаартай дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, гэрэл зураг болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт “Би салаавч өгсөн нь үнэн. Би цохиогүй, гар хүрэхэд нүүрэнд нь жаахан шалбалчихсан юм. Тэрийгээ хүлээн зөвшөөрнө. Харин цохиогүй. Хохирогчид учирсан гэмтлийн хувьд шүдний гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдүүлсэн боловч мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, үйлдсэн хэргээ нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд энэ мэдүүлэг нь түүний гэм бурууг үгүйсгэх үйл баримт болохгүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөхгүй ба уг мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн дээрх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Нийн яллагдагчаар өгсөн “...хүргэн Бын ээж Т нь охин Бийнхээ хамт гэрт эргэж орж ирээд хүү болох Быгаа өмөөрч чи манай хүүг 62-д баригдсан байх үед нь манай хүүгийн хоёр ямааг идсэн гэхээр нь би, Тийн нүүрэн хэсэг рүү нь гараараа түлхсэн чинь Т нь намайг шанаадчихлаа гэж хашхирсан. Би Тийн нүүрэн хэсэгт баруун гараараа нэг удаа түлхэхэд зүүн талынх нь хацар хэсэгт жоохон шалбарсан байх шиг байсан” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 02/024 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч Э.Нийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруу болон прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нт 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Нт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Хохирлын хувьд гэмт хэргийн улмаас хохирогч Г.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардал 1.200.000 төгрөг нэхэмжилж, нотлох баримтаар шүдний эмчилгээ үйлчилгээний төлбөр 850.000 төгрөгний, эм тарианы зардал 66.650 төгрөгийн, шатахууны зардал 75.000 төгрөгийн баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүх хохирлын баримтуудыг шинжлэн судлаад эм тарианы зардал 66.650 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлээс шатахууны зардал 75.000 төгрөгийг нотлогдоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож үлдэх шүдний эмчилгээний зардал 850.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхилоо.
Хохирогч нь “ганхсан шүдийг авахуулж хиймэл шүд хотод хийлгэж байгаа, одоогоор ирээгүй байна. Мөнгийг нь төлөөгүй байгаа, шүүхээс баримтаа авчир гэхээр нь эмчид нь хэлээд ийм баримт авчирсан” гэсэн тайлбарыг гаргаж байх тул энэ талаарх баримтыг бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нийг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс Э.Нээс 66.650 /жаран зургаан мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас шатахууны зардал 75.000 /далан таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүдний эмчилгээний зардал 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.
7.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА