| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2023/0058/Э |
| Дугаар | 2023/ ШЦТ/68 |
| Огноо | 2023-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2023/ ШЦТ/68
2023 01 18 2023/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүгдэгч Н.Г,
нарийн бичгийн даргаар Б.Цэрэнбат,
улсын яллагч Л.Содбаяр нарыг оролцуулан эрүүгийн 2211017141829 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Д овгийн Н.Г
Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Бүжгийн багш мэргэжилтэй, Хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Н.Г нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байрны гадаа иргэн О.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодолдон түүний нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь зүүн сарвууны чигчий хурууны 1-р шивнүүрэнд няцарсан шарх, зүүн хацар, эрүүнд зулгаралт, зүүн нүдний дотор буланд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
А. Шүүгдэгч Н.Г нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байрны гадаа хохирогч О.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодолдон түүний нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь зүүн сарвууны чигчий хурууны 1-р шивнүүрэнд няцарсан шарх, зүүн хацар, эрүүнд зулгаралт, зүүн нүдний дотор буланд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч Н.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч О.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Батболор тухайн үед уурлачихсан байсан учир ярилцаад учир зүйгээ ольё гэж бодоод байж байтал, гаднаас ах нь болох Г гэх залуу, түүний найз гээд хоёр залуу голоод ирсэн. Орж ирснийхээ дараа Батболор хаана байгаа юм? аваад явлаа гэхээр нь түр байж бай гэж хэлэхэд би чамайг эртнээс ажиглаад байгаа, Чи ер нь яагаад байгаа юм гэж хэлээд намайг боогоод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд энгэрээс нь барьж аваад бид хоёр дэлгүүрийн урд тал руу заамдалцчихсан чигтээ буусан. Гэтэл дэлгүүр дотроос нэг хүн гарч ирээд салгасан. Салгачхаад орсны дараа намайг дахин барьж аваад боож газарт унагаагаад нүүрэн тус газар хэд хэдэн удаа гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Яг хэдэн удаа, хэрхэн яаж цохисон эсэхийг мэдэхгүй байна... Би эмчилгээний зардалд гэж 400.000 төгрөгийг бэлнээр авсан тул цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,
- гэрч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г ах найзынхаа хамт хүрээд ирсэн. Ирснийхээ дараа намайг авч явлаа гээд Хд хэлтэл явуулахгүй гээд үл ойлголцлоос болоод тэр хоёр бие биенийгээ энгэрээс нь заамдчихсан дэлгүүрийн үүдэнд зогсож байгаад, цаашаа гарцгаасан.. Би дэлгүүр дотор байсан учир гадна болсон асуудлын талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13859 дугаартай “...О.Хгийн биед зүүн сарвууны чигчий хурууны 1-р шивнүүрнд няцарсан шарх, зүүн хацар, эрүүнд зулгаралт, зүүн нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.. хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Б. Ш¿¿ãäýã÷ Н.Г нь 2022 оны 1С дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байрны гадаа хохирогч О.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодолдон түүний нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь зүүн сарвууны чигчий хурууны 1-р шивнүүрэнд няцарсан шарх, зүүн хацар, эрүүнд зулгаралт, зүүн нүдний дотор буланд цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учрахад зориуд хүргэсэн нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Н.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Н.Гт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар
Хохирогч О.Хгийн “гомдол саналгүй, хохирлоо бүрэн барагдуулсан” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Н.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Н.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Гийг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Н.Гийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ