Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0577/З |
Дугаар | 128/ШШ2021/0759 |
Огноо | 2021-11-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2021/0759
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Н
Хариуцагч: Т газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Т газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалын зарим хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Т газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалын зарим хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд, Миний бие Т газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалаар 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс Г аймгийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Гэтэл уг тушаалд ... албан тушаалаас чөлөөлж гэсэн байгаа нь миний эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж, ******* дугаар тушаалын ... албан тушаалаас чөлөөлж гэх хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж байна.
Дээрх тушаалын удирдлага болгосон заалтад намайг чөлөөлөх тухай хуулийн нэг ч зохицуулалт тусгагдаагүй боловч ... албан тушаалаас чөлөөлж гэсэн байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийг зөрчсөн байна. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэлийг заасан ба эдгээрийн аль нэг үндэслэлийг тушаалдаа удирдлага болгоогүй, аль ч үндэслэлд хамаарахгүй байгаагаас гадна албан тушаалаас чөлөөлсөн энэ хэсэг нь намайг төрийн албан хаагч биш болгож, хууль бус шийдвэр гаргасны улмаас миний бие ажил, албан тушаалаа эрхлэхийн тулд дахин төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад орох нөхцөлийг бүрдүүлсэн, үүнээс улбаалан албан тушаал бууруулсан Т газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дүгээр тушаалыг эрх бүхий этгээд хянахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, эрх зүйн байдлыг минь дордуулсан байна.
Өөрөөр хэлбэл намайг татварын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлөх үндэслэлгүй байхад чөлөөлж гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт хамаарч байна гэж үзэж байна.
Энэ асуудлаар өмнө Төрийн албаны зөвлөлд хандсан боловч гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр шийдвэрлээгүй болно.
Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.6,, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам-ын 5 дугаар зүйлийн 5.1.5, 6 дугаар зүйлийн 6.4-т тус тус зааснаар төрийн жинхэнэ албан хаагч маргааны бүхий захиргааны акт болон шийдвэрийг хуульд заасны дагуу хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Төрийн албаны зөвлөл болон Салбар зөвлөлд гомдол гаргана гэж заасан.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах гэж, 43.4-д хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно гэж тус тус зааснаас үзэхэд тушаалыг надад гардуулснаар мэдэгдсэнд тооцох юм.
Маргаан бүхий ******* дугаар тушаалыг огт гардуулаагүй буюу би албан ёсоор хүлээн аваагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан ба үүнийг Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдолдоо дурдсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан, албан ёсоор гардаж аваагүй гэх тайлбар нотлогдоогүй гэх үндэслэлээр гомдлыг хянаагүй болно.
Иймд дээрх үндэслэлээр ******* дугаар тушаалын ... албан тушаалаас чөлөөлж гэх хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.
Т газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд, Миний бие дээрх ******* дугаар тушаалаар 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс Г аймгийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон боловч амаржсаны амралттай байх үед буюу 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дүгээр тушаалаар албан тушаалаасаа чөлөөлөгдөж, Татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар томилогджээ.
Уг тушаалаар миний биеийг ямар нэгэн үндэслэл заахгүйгээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж байгаа нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, миний эрх зүйн байдлыг илт дордуулсан шийдвэр болсон байна. Тодруулбал, миний бие 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр амаржсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д зааснаар жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралтаа эдэлж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Т газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалаар 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хүүхэд асрах чөлөөтэй байгаа болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар хуульчилсан.
Гэтэл хуульд заасны дагуу албан тушаал маань хэвээр хадгалагдаж байх ёстой буюу намайг амаржсаны болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд /хүүхэд асрах чөлөө олгох тушаал сүүлд гарсан/ Г аймгийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлж, тушаал бууруулан Татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар томилсон байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна.
Дээрх ажил, албан тушаал хэвээр хадгалагдах гэдэг нь хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссаны дараа ажилтныг амаржсаны болон чөлөө авахаас өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалд ажил олгогч нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж ажилдаа эргэж орох хүртэл ажил, албан тушаал хэвээр хадгалагдана гэж ойлгоно.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.6-д зааснаар тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаас бусад тохиолдолд сонсох ажиллагааг хийхээр байна. Гэтэл албан тушаал бууруулах гэж байгаа болон ямар үндэслэлээр, яагаад бууруулах гэж байгаа болохоо надад огт мэдэгдээгүй нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байна.
Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, эсхүл үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон нөхцөл үүсээгүй, үүсэх ч боломжгүй гэж үзэж байна.
Тушаалд Төрийн албаны зөвлөлөөс миний гомдлыг шийдэрлээгүй, шийдвэрлэх боломжгүй гэх хариуг удаа дараа өгсөн ба албан тушаал буурснаар цалин, албан тушаалын шатлал буурах үр дагаврыг үүсгэж байна. Иймд ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож өгнө үү.
Т газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар, мөн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дүгээр тушаалуудад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2 дахь заалтыг тус тус үндэслэсэн байгаа ба Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 01/1582 дугаар албан бичигт дурдсанаар хүүхэд асрах чөлөөтэй албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн гэх үндэслэлгүй болно.
Учир нь дээрх тушаалуудад хэн нэгний албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлэх талаар тусгаагүйгээс гадна намайг ******* дугаар тушаалаар тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсны дараа ******* дүгээр тушаалаар Ч.О-т хүүхэд асрах чөлөө олгосон байгаагаас /Төрийн албаны зөвлөлийн 01/1582 дугаар албан бичигт дурдсанаар/ харахад түүний оронд намайг томилсон гэж үзэхээргүй байна. Гэтэл Төрийн албаны зөвлөл ийм дүгнэлт хийж байгаа нь тушаалын үндэслэлийг огт хайхрахгүйгээр хариу өгсөн байна.
Дээрх тушаалууд нь Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг зөрчсөн байна.
Иймд Т газрын даргын тушаалууд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн бөгөөд төрийн албанд төрийн албан хаагчийн эрх зөрчигдөж байх тул Т газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалын 1 дэх заалтын албан тушаалаас чөлөөлж гэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Н-ын хүүхэд асрах чөлөө дууссан учир Т газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар тушаалаар Г аймгийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасагт татварын улсын байцаагчаар үргэлжлүүлэн ажиллуулахаар томилсон.
Т газрын харьяа нэгжийн бүтэц, чиг үүрэг шинэчлэн батлагдсантай холбогдуулан Т газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалаар Г аймгийн Татварын хэлтсийн албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилохдоо Ц.Н-ыг урьд ажиллаж байсан албан тушаалд буюу Татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалд томилон ажиллуулсан.
Улмаар Татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга хүүхэд асрах чөлөө авсан учир Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.3.4-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх үндэслэл бий болсон учир Т газрын даргын ******* дугаар тушаалаар Ц.Н-ыг Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон, тус хэлтсийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар цалин хөлсийг тогтоож танилцуулж мэдэгдсэн болно.
Нэхэмжлэгч Ц.Н нь Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа буюу 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдөл ирүүлсэн тул тухайн албан тушаалаас чөлөөлж, хүүхэд асрах чөлөөг олгосон.
Коронавируст халдварт цар тахлын улмаас төрийн албаны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажил тодорхойгүй шалтгааны улмаас хойшилж байсан учир Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийн дагуу татварын албаны үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах үүднээс удирдах албан тушаалд албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томилон ажиллуулж байсан болно.
Төрийн албаны зөвлөлөөс цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлуулж байсан удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтын захиалга авч эхэлсэн учир Т газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01/2094 дүгээр албан бичгээр Сангийн яамны Төрийн албаны салбар зөвлөлд Г аймгийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан тушаалд тусгай шалгалт зарлуулахаар захиалгаа хүргүүлээд байна.
Т газрын даргын 2020 оны ******* дугаар тушаалын зарим хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд, Ц.Н-ыг Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо Төрийн албаны тухай хуульд заасан сул орон тоо бий болсон гэх үндэслэлээр бус төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх үндэслэл бий болсноор тус тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
Хэдийгээр Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо хэлбэрийн хувьд албан тушаалаас чөлөөлж томилох гэсэн боловч Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийг үндэслээгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөөс хасаж, улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгоогүй. Т газрын маргаж буй ******* дугаар тушаалын чөлөөлж гэх агуулга нь бичилт болон түүнтэй адилтгаж болохуйц алдаа гэж үзэх үндэслэлтэй учир Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөхгүйгээр засварлах боломжтой болохыг үүгээр илэрхийлж байна.
Т газрын даргын 2021 оны ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд, Нэхэмжлэгч хүүхэд асрах чөлөө авснаар ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж буй Ч.О-ыг ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар томилогдсон тул нэхэмжлэгчид хүүхэд асрах чөлөө олгохдоо Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргээс чөлөөлөх зайлшгүй шаардлага бий болсон. Өөрөөр хэлбэл Ч.О хүүхэд асрах чөлөө авснаар түүний ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байсан, тус албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон этгээдэд хүүхэд асрах чөлөө олгоход нэг ажил, албан тушаалыг 2 албан хаагчид хэвээр хадгалагдаж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Түүнчлэн Төрийн албаны зөвлөлөөс удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтын захиалга авч эхэлсэн учир тус албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах үүднээс түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж урьд эрхэлж байсан албан тушаалд томилсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй бөгөөд уг албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох эрх нээлттэй байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н-с Т газрын даргад холбогдуулан гаргасан Т газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалын зарим хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ц.Н хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч, ажилдаа эргэн орох хүсэлт гаргаснаар 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс Г аймгийн Татварын хэлтсийн татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар үргэлжлүүлэн ажиллажээ. Улмаар Г аймгийн Татварын хэлтсийн бүтэц, чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолт батлагдсантай холбогдуулан хариуцагч 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалын 1 дэх заалтаар албан хаагчдыг чөлөөлж, 2 дахь заалтаар Татварын орлогын тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ч.О-ыг Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Ц.Н-ыг татварын улсын байцаагчаар томилжээ.
Т газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дүгээр тушаалаар Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.О-т хүүхэд асрах чөлөө олгож, мөн өдрийн ******* дугаар тушаалаар Г аймгийн татварын хэлтсийн татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Ц-ийн Н-ыг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс албан тушаалаас чөлөөлж, мөн өдрөөс Г аймгийн татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Хариуцагч Т газрын дарга Б.З шүүхэд гаргасан тайлбартаа ...******* дугаар тушаалын чөлөөлж гэх агуулга нь бичилт болон түүнтэй адилтгаж болохуйц алдаа гэж үзэх үндэслэлтэй учир Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөхгүйгээр засварлах боломжтой гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр Хариуцагч Т газрын дарга хариу тайлбараараа 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалын зарим хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж нэхэмжлэлийн тус шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болохоо тайлбарлаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Т газрын дарга 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалын зарим хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэлээ.
Т газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.2 дахь заалтыг үндэслэн Ц.Н-ыг Г аймгийн татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, татварын улсын байцаагчаар томилж, улмаар мөн өдрийн ******* дугаар тушаалаар түүнд хүүхэд асрах чөлөө олгосон байна.
Нэхэмжлэгч ...миний биеийг үндэслэл заахгүйгээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулсан, амаржсаны болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн, албан тушаал бууруулах гэж байгаа болон үндэслэлээ мэдэгдээгүй, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй зэрэг үндэслэлүүдээр Т газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна., 27 дугаар зүйлийн 27.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө: ... 27.1.2.төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас; 43 дугаар зүйлийн 43.3-д Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг дараахь журмаар түр орлон гүйцэтгүүлнэ: 43.3.3.энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх; Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална: 35.1.4.жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа; гэж заажээ.
Дээр дурдсан нөхцөл байдлууд болон хуулийн заалтуудаас үзвэл хариуцагч Т газрын дарга нэхэмжлэгчийг тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн ******* дүгээр тушаалдаа Төрийн албаны тухай хуульд заасан холбогдох зохицуулалтыг хэрэглэлгүй сул орон тоо гарсан тохиололд хэрэглэх заалтыг үндэслэсэн нь ойлгомжгүй боловч энэ үндэслэлээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох боломжгүй байна.
Учир нь Г аймаг дахь татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын сул орон тоонд үүрэг гүйцэтгэгч томилон ажиллуулж байсан байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Н нь Г аймаг дахь татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар ажиллаж байгаад тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.О хүүхэд асрах чөлөө авснаар тус тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ. Улмаар нэхэмжлэгч мөн хүүхэд асрах чөлөө авах болсон тул түүнийг тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн нь ажил албан тушаалыг хэвээр хадгалах зохицуулалтад хамаарахгүй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл Ц.Н нь Г аймаг дахь татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3-д зааснаар тасгийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэж байсан тул хариуцагч нь тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч гэх албан тушаалыг хэвээр хадгалах үүрэг хүлээхгүй юм. Харин нэхэмжлэгчийн томилогдон ажиллаж байсан татварын улсын байцаагчийн албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй тул Т газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дүгээр тушаал Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3-д нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Мөн нэхэмжлэгчийг Г аймгийн татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж байгаа нь албан тушаал бууруулж байгаа агуулгагүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно: гэж заасан албан тушаал бууруулах зохицуулалтад хамаарахгүй юм.
Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно: 28.1.3.иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд; гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр амаржиж улмаар хүүхэд асрах чөлөө авах хүсэлт гарган чөлөө авсан тул хариуцагчийг сонсох ажиллагаа хийгээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн Т газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар иргэн Ц.Н-с Т газрын даргад холбогдуулан гаргасан Т газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалыг зарим хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталсугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Н-с Т газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох Т газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН