Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2025/0078

 

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2025/0078

Улаанбаатар хот

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Б.Д, Г.Н нар;

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс

 

Нэхэмжлэлийн шаардлага: ““М” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын төрлөөр татварын бүртгэл мэдээллийн санд 120,000,000 төгрөгийн өр хууль бусаар үүсгэсэн үйлдлийг илт хууль бусад тооцуулах, энэ татварыг төлөхийг шаардсан татварын албаны 2022 оны DNP220519000014764**  дугаартай татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхийн татварын өрийн мэдээлэл хэсгийн 8, 9, 10, 11 дэх хэсэг, 2023 оны DNP231107000026803** дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхийн татварын өрийн мэдээлэл хэсгийн 1,2,3,4 дэх хэсгийг тус тус илт хууль бусад тооцуулах” тухай;

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 801 дугаартай;

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Б.Д, Г.Н нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр

Хэргийн индекс: 128/2024/0262/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан ““М” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын төрлөөр татварын бүртгэл мэдээллийн санд 120,000,000 төгрөгийн өр хууль бусаар үүсгэсэн үйлдлийг илт хууль бусад тооцуулах, энэ татварыг төлөхийг шаардсан татварын албаны 2022 оны DNP220519000014764**  дугаартай татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхийн татварын өрийн мэдээлэл хэсгийн 8, 9, 10, 11 дэх хэсэг, 2023 оны DNP231107000026803** дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхийн татварын өрийн мэдээлэл хэсгийн 1,2,3,4 дэх хэсгийг тус тус илт хууль бусад тооцуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 801 дугаар шийдвэрээр: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Б.Д, Г.Н нар давж заалдах гомдолдоо:

 

3.1. ...Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 84 дугаар зүйлийн 84.3 дахь хэсгийг дурдаад “...зориулалтын дагуу ашиглаж байгаа ашиглалтанд орсон газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмсыг үл хөдлөх эд хөрөнгө гэх бөгөөд түүнд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулахаар байна. Гэтэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй боловч 30 хувийн гүйцэтгэлтэй, бүрэн ашиглалтад ороогүй, зориулалтын дагуу ашиглаж, өмчлөх боломжгүй үл хөдлөх эд хөрөнгө байх тул түүнд албан татвар ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байна.” гэж дүгнэсэн нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа дараах этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ”, 5.3 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно” гэж тус тус заасантай зөрчилдөж байна. Учир нь иргэн, хуулийн этгээдийг албан татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байна гэдгийг өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтооно. Үл хөдлөх эд хөрөнгө /дуусаагүй барилга/-д өмчлөх эрхийн гэрчилгээ авсан ч санхүүжилт авч чадаагүйгээс барилга зогссон, эдийн засгийн үр өгөөжгүй байгаа нь татвар ногдуулахгүй байх үндэслэл болохгүй, өмчлөлийн зүйлээ ашиглаж зээл хүссэн энэхүү үйлдэл нь Иргэний хуульд заасан хөрөнгөө ашиглаж байгаагийн нэг хэлбэр гэж үзэж байна.

 

3.2. Илт хууль бус захиргааны акт болохын тухайд: Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 12-т захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл. “Захиргааны акт илт хууль бус болох”, 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-т “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэж заасныг үндэслэн 30 хувийн гүйцэтгэлтэй ашиглалтад ороогүй үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулсан үйлдэл нь дээрх шинжийг агуулсан гэж дүгнэсэн. “Захиргааны акт илт хууль бус болох”, “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэг нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны алдаа болон хууль буруу хэрэглэсэн алдааг илэрхийлэхгүй, харин эрхэд халдах үндэслэл байгаагүй, өөрт эрх олгогдоогүй асуудлаар хуульд байхгүй үндэслэлээр эрх зөрчсөн байхыг ойлгоно. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудаар татвар ногдох хөрөнгө гэдгийг тодорхойлсон. Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2024 онд тухайн үл хөдлөх эд хөрөнгийнхөө үнэлгээг багасгаад татварт бүртгүүлж, татвар төлөх хүсэлтээ ирүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Татварын албаны зүгээс хуульд байхгүй үндэслэлээр татвар төлөгчийн эрхийг зөрчөөгүй, өмчлөгч болохыг нь тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үндэслэн хуулийн хүрээнд татвар ногдуулсан тул илт хууль бус захиргааны акт гаргасан гэж буруутгах эрх зүйн үндэслэл байхгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0801 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Татварын байцаагч нараас 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэсэн “М” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг хуулийн хүрээнд “татварын өр” төлүүлэхээр 2022-2023 онуудад нийт 120 000 000 төгрөгийн /нэг зуун хорин сая/ татварын нэхэмжлэхийг хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

3. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, иргэний өмчийн газар дээр баригдаж байгаа бол газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн газрыг өмчлөгч иргэний зөвшөөрлийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж болно.” гэсэн зохицуулалтын дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Х дугаар хороо, Х дугаар хороолол /14251/, Б.Р гудамж, 2х/Х тоот хаягт байрлалтай 6397.61 м.кв талбайтай “оффисын зориулалттай” 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр “М” ХХК-ийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22030388ХХ дугаарт бүртгэж, 0006439ХХ  дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг Нийслэлийн улсын бүртгэлийн байгууллага олгожээ.

 

4. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар “М” ХХК нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга нь 2018 онд үл хөдлөхийн бүртгэлийн гэрчилгээ авснаас хойш уг барилга огт гүйцэтгэл хийж баригдаагүй, орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр эхлүүлэх гэсэн боловч банкнаас зээл авч чадаагүй, санхүүжилт байхгүйгээс зогссон болох нь тогтоогдож байна.

 

5. Өөрөөр хэлбэл, “...“М” ХХК-ийн дуусаагүй барилгыг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахдаа банканд барьцаалах зорилгоор авсан” гэх бөгөөд өнөөдрийг хүртэл уг дуусаагүй барилга гүйцэт баригдаж ашиглалтад ороогүй, “оффисын зориулалтаар” ашиглаагүй”, тухайн барилгыг улсын комисс хүлээн аваагүй байгаа энэ тохиолдолд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-д зааснаар үл хөдлөхийн албан татварыг төлөх үндэслэлгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдэд хууль бусаар татварын өр үүсгэсэн байна.

 

6. Нөгөөтээгүүр, тухайн үед үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн зохицуулалтаар баригдаж дуусаагүй барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдүүд, хамтран өмчлөгч нарын эрхийг хамгаалах буюу байраа алдахаас урьдчилан сэргийлэх зорилготой.

 

7. Энэхүү эрхийн хамгаалалт нь дээрх хууль болон 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд “эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ” хийлгэхээр баталгаажуулах зохицуулалт тодорхой тусгагдсан байна.

 

8. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль /2000 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна” гэж, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж үл хөдлөх эд хөрөнгө нь зориулалтын дагуу ашиглаж болох эд юмс байхаар хуульчлагджээ.

Уг маргаан бүхий тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгө нь “зориулалтын дагуу ашиглагдах” шинж чанартай байх ёстой бөгөөд “ашиглагдах боломжгүй хөрөнгийн” тухайд татварын харилцаа үүсэхээргүй байна.

 

9. Газар, барилга нь үл хөдлөх хөрөнгө бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа газар дээрээ барилга барьж “баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг” бүртгүүлж, эрхийн гэрчилгээ авсан боловч “оффисын зориулалт”-аар барилга бүрэн баригдаагүй, ашиглагдаагүй байгаа “дуусаагүй барилга” нь нягтлан бодох бүртгэл талаасаа барилга биш “дуусаагүй барилга” гэж тусдаа дансанд бүртгэгдэж, эдийн засгийн эргэлтэд ороогүй, барилгын үнэ цэнийг гүйцэт илэрхийлэхгүй.

 

10. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, дуусаагүй барилгыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх боломжтой болсноор татварыг тухайн үед эсхүл 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга буюу барилгын босгосон краказ нь шууд зориулалтын дагуу ашиглаж болох эд хөрөнгө болж чадах эсэх, уг барилгыг дууссан тохиолдолд ногдуулах эсэх талаарх холбогдох эрх зүйн зохицуулалтуудыг “татварын өр” нэхэмжлэх бичихдээ хариуцагч нар анхаарах ёстой байжээ.

 

        11. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдааны явцад талуудын гаргасан тайлбар, анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг давж заалдах шатны шүүх хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0801 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                             Т.ЭНХМАА