Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 173

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

улсын яллагч П.Бямбасүрэн,

шүүгдэгч С.Энхбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сэндэнсүрэнгийн Энхбаярт холбогдох эрүүгийн 2016250021348 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Баянхайрхан сумын 1 дүгээр баг Асгат-д оршин суух бүртгэлтэй одоо Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8-444 тоот нийтийн байрны 10 тоот өрөөг түрээслэн амьдардаг, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД:ИВ82070111/ Цахар овогт Сэндэнсүрэнгийн Энхбаяр нь:

   

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 8-444 тоотод “С.Энхбаяр нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ агсам согтуу тавьж байна” гэх 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 03 цаг 45 минутанд ирсэн дуудлагын дагуу очсон ахлах, ахлагч Д.Батсайханы хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн түүний баруун гар руу нь өшиглөж, баруун гарын сарвууны 5 дугаар хурууны шивнүүр ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Д.Батсайхан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 20 цагт ээлж хүлээн авч, Бэлх-112 дуудлагатайгаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байсан юм. 2016 оны 04 дүгээр сарын 28-ны 03.45 цагт жижүүрийн шуурхай албанаас “Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 8 дугаар гудамжны 444 тоотод согтуу хүн агсам тавиад эхнэрээ зодоод байна” гэсэн дуудлагын дагуу хамт үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Г.Ганхуягийн хамт очсон. Очиход С.Энхбаяр гэгч нь нилээн согтолттой байсан, уг хүнд хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцэж, шаардлага биелүүлэхгүй, гэрээсээ гарахгүй ноцолдсон. Тэгээд бид хоёр учирлаж тайлбарлахад шаардлага биелүүлэхгүй эсэргүүцээд байхаар нь гэрээс нь гарахаас өмнө “Тусгай хэрэгсэл хэрэглэх заавар журам”-ын дагуу бугуйн гавыг хэрэглэж 2 гарыг нь ард нь гавлаад манай цагдаа Ганхуяг авч гарсан. Гараад автомашиндаа суулгахаар зүүн хойд хаалган дээр очоод намайг баруун гараараа хаалга онгойлгох гэсэн чинь Энхбаяр хаалга онгойлгуулахгүй гэж хаалга руу хөлөөрөө жийхэд хаалганы бариултай гар хавсарч өшиглөсөн. Тухайн үед гайгүй байснаа эрүүлжүүлэх байр руу явж байх үед өвчин орж хавдаж эхэлсэн. Тэгээд Энхбаярыг саатуулах байранд хүргэж өгөөд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд гарын зургаа авахуулахад баруун гарын сарвууны яс хугарсан байсан. Эмчилгээ хийсэн баримт байгаа, баримтын дагуу хохирлоо нэхэмжилнэ гэжээ. / хх13-14, 32 /

 

Гэрч Г.Ганхуяг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Бэлх-112 чиглэлд үүрэг гүйцэтгэж байтал шөнийн 03.45 цагт жижүүрийн шуурхай албанаас “Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8-444 тоотод согтуу хүн эхнэрээ зодоод байна” гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу, жолооч цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы хамт очиход Энхбаяр гэгч нь согтуу, хүмүүст агсам тавьсан байдалтай байсан. Тэгээд шаардлага тавиад саатуулахаар аваад гарсан. Ахлах ахлагч Д.Батсайхан уг согтуу хүнд шаардлага тавиад машин руу суулгах гэхэд Батсайханы баруун гар руу нь нэг удаа өшиглөсөн. Тухайн этгээдийг шаардлага биелүүлэхгүй эсэргүүцээд байсан болохоор нь гэрээс гарахдаа гарыг нь ард нь гавлачихсан байсан. Тэгээд бид хоёр Энхбаярыг саатуулчихаад Д.Батсайхны гар өвдөөд байхаар нь гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд баруун гарын сарвууны яс нь хугарсан байсан учир гипсдүүлсэн гэжээ.  / хх15-16 /

 

Гэрч Х.Амарзаяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Манай нөхөр С.Энхбаяр нилээн их согтуу агсам тавиад хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би Мягмарсүрэн эгчийг “Цагдаа дуудаад өг” гээд эгч цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл машинтай хоёр цагдаа ирээд би дагуулаад гэртээ ороход Энхбаяр шал согтуу орондоо хэвтэж байсан. Цагдаа ороод явъя гэж шаардлага тавихад Энхбаяр явахгүй гээд болохгүй болохоор нь цагдаа босгоод гарыг нь ард нь гавлаад аваад гарсан. Манай нөхөр Энхбаяр нилээн согтуу байсан. Дуудлагаар очсон цагдаа нар Энхбаяртай зүй бус харьцсан, зодож цохьсон асуудал байхгүй гэжээ. / хх 35-36 /

 

Гэрч Д.Мягмарсүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …2016 оны 04 дүгээр сарын 27-ны шөнө Амарзаяа над руу залгаад “Энхбаяр унтахгүй байна” гэхээр нь манайд ирээд унтуулчих гэхэд 23 цаг 40 минутын үед Энхбаяр нилээд согтуу Амарзаяатай хамт манайд ирсэн. Ирчихээд Энхбаяр унтахгүй эхнэртэйгээ хэрэлдээд байсан. Амарзаяа “Цагдаа дуудаад өгөөч” гэхээр нь би шөнө 03 цагийн үед дуудлага өгсөн. Алаг машинтай 2 цагдаа ирсэн. Цагдаа нар ирэхэд Энхбаяр газар өнхөрчихсөн орилоод байсан. Энхбаяр анх нилээн согтуу байсан. Харин цагдаа нар ирсэн үед гайгүй болсон байсан гэжээ.  /хх 38-39 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 5819 тоот дүгнэлтэнд:

  1. Батсайханы биед баруун гарын сарвууны 5-р хурууны алганы шивнүүр ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл

мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 18 /

 

Шүүгдэгч С.Энхбаярыг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 53-56 /, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 57-59 /

 Шүүгдэгч С.Энхбаяр урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 62 / зэрэг болно.

                 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Энхбаяр мэдүүлэхдээ: 2016 оны 4 сарын 28-ны өдөр таньдаг найзтайгаа 0,5 литр архи хувааж уусан. Гэртээ хариад эхнэрээсээ архи нэхэж хэрүүл шуугиан гаргасан юм шиг байна лээ. Эмчилгэний зардалд 100.000 төгрөг өгсөн. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг зөрчил гаргахгүй. Архи уухгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч С.Энхбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны шөнийн 03 цаг 45 минутанд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 8-444 тоотод согтуугаар эхнэртэй агсан тавьж, дуудлагын дагуу очсон ахлах, ахлагч Д.Батсайханы хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн түүний баруун гар руу нь өшиглөж, бие махбодид баруун гарын сарвууны 5 дугаар хурууны шивнүүр ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Дуудлагын дагуу очиж Энхбаяр гэгчийг эрүүлжүүлэхээр автомашиндаа суулгахаар баруун гараараа хаалга онгойлгох гэтэл Энхбаяр хаалганы бариултай гар хавсарч өшиглөснөөс миний баруун гарын сарвууны 5 дугаар хурууны шивнүүр яс хугарсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Д.Батсайханы мэдүүлэг / хх 13-14 /,  ... Ахлах ахлагч Д.Батсайхан уг согтуу хүнд шаардлага тавиад машин руу суулгах гэхэд Батсайханы баруун гар руу нь нэг удаа өшиглөсөн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Г.Ганхуягийн мэдүүлэг / хх 15-16 /,  ... Манай нөхөр Энхбаяр нилээн согтуу байсан. Дуудлагаар очсон цагдаа нар Энхбаяртай зүй бус харьцаж, зодож цохьсон асуудал байхгүй гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Х.Амарзаяагийн мэдүүлэг / хх 35-36 / Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 5819 тоот дүгнэлт / хх 18 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч С.Энхбаярыг төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж чин санаанаас гэмшсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч С.Энхбаярын хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298, 300 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:      

  1. Сэндэнсүрэнгийн Энхбаярыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар С.Энхбаярын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.             
  3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, С.Энхбаяр нь төлөх төлбөргүй болохыг дурдсугай.                 
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар С.Энхбаярын цагдан хоригдсон 70 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар С.Энхбаярт оногдуулсан 1 жил, 3 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь цагдаагийн газарт даалгасугай.                      
  6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  С.Энхбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.                                                                        
  7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                               

                          

  

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             С.ОЮУНЧИМЭГ