Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2016/0372

 

Иргэн Н.Насанбаярын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, хариуцагч П.Бат-Өлзий нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Иргэн Н.Насанбаярын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Н.Насанбаярыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгах” гэжээ.

Нэхэмжлэгч, Н.Насанбаяр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Насанбаяр миний бие Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бие даан нэр дэвших зорилгоор сонгуулийн төв байгууллагаас батлагдсан маягтын дагуу 285 иргэний гарын үсэг цуглуулан холбогдох материалын хамт аймгийн Сонгуулийн хороонд өгсөн. Гэтэл аймгийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.д дэх хэсэгт заасан заалтыг баримтлан 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор намайг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1 дэх заалтад аймгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 201-ээс доошгүй сонгогчдын гарын үсгийг зуруулсан байхыг шаардсан уг хуулийн заалтыг би зөрчөөгүй ба Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.д хэсэгт заасан заалттай хамааралгүй болно. Дорнод аймгийн Сонгуулийн хороо Монгол улсын Үндсэн хуулинд заасан иргэний сонгох сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Н.Насанбаярыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч, Дорнод аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Бат-Өлзий шүүхэд  ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь заалтад зааснаар Орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшигч нь нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө зохион байгуулж, тус хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь заалтад заасан 3 хоногийн хугацаанд багтаан нэр дэвшигчдийн баримт бичгийг /Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3.1-157.3.6/ хууль, холбогдох журмын дагуу бүрдүүлж тухайн шатны Сонгуулийн хороонд ирүүлэхээр хуульчилсан. Н.Насанбаяр нь хуулийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж, баримт бичгийг ирүүлсэн бөгөөд аймгийн Сонгуулийн хороо нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 10 минутад хүлээн авсан. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх заалтад зааснаар бие даагчдын ирүүлсэн материалыг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан хянаж, бүртгэх эсэх асуудлыг шйидвэрлэхээр хуульчилсны дагуу аймгийн Сонгуулийн хороо нь 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагт 06 дугаар хуралдааныг 100 хувийн ирцтэй зохион байгуулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох нам, бие даагчаас ирүүлсэн нэр дэвшигчийн баримт бичгийг шалгаж, бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Н.Насанбаяр нь Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтаар баталсан маягтын дагуу нийт 285 дэмжигч-сонгогчийн гарын үсгийг зуруулсан бөгөөд үүнээс Б.Мягмар /ЖА98090110/, Б.Үрлээ /ЖА98091005/ нар нь сонгуулийн эрхгүй буюу 18 нас хүрээгүй этгээд байсан тул Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.д дэх заалтад заасан /сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах/ нөхцөл байдал үүссэн гэж үзэн хуралдаанд оролцсон дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн 100 хувийн саналаар бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор шийдвэрээ баталгаажуулсан. Н.Насанбаяр нь нэхэмжлэлдээ Сонгуулийн тухай хуулинй 156 дугаар зүйлийн 156.2.1 дэх заалтад зааснаар 201-ээс дээш гарын үсэг зуруулсан байтал аймгийн Сонгуулийн хороо Монгол улсын Үндсэн хуульд заасан сонгох сонгогдох эрхийг зөрчсөн шийдвэр гаргалаа гэж дурдсан байна. Монгол улсын Үндсэн хуулиар Монгол улсын иргэн нь төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй хэдий ч энэхүү тусгайлан зохицуулсан Сонгуулийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын дүрэм, журмаар тогтоосон хэм хэмжээний хүрээнд эдэлнэ. Нэхэмжлэгч Н.Насанбаяр нь хэдийгээр 285 дэмжигч сонгогчийн гарын үсэг цуглуулж Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1 дэх заалтад /201-ээс дээш гарын үсэг зуруулах/ заасан шаардлагыг хангасан боловч сонгуулийн эрхгүй этгээд буюу 18 насанд хүрээгүй иргэнээр гарын үсэг зуруулсан бол нийт дэмжигч-сонгогч хэд байхаас үл хамааран Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.д дэх заалтад /Сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах/ заасан татгалзах үндэслэл үүссэн гэж үзэх хуулийн зохицуулалттай. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд заасан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэлийг тус хуулийн 5 дугаар зүйлд заасан хууль дээдлэх зарчмын хүрээнд хэлбэрэлтгүй мөрдөж ажиллахыг Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 205 дугаар зөвлөмжид тодорхой тусгасан болно. Иймд аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоол нь Сонгуулийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын дүрэм, журам, зөвлөмжийн хүрээнд гаргасан хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байх тул Н.Насанбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2.1, 157 дугаар зүйлийн 157.3, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.4.д-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Насанбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Н.Насанбаярыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгасугай” гэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Дорнод аймгийн Сонгуулийн хороо хариуцагчтай, Н.Насанбаярын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаар шийдвэртэй танилцаж дараах гомдлыг гаргаж байна.

Н.Насанбаяр нь Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтаар баталсан маягтын дагуу нийт 285 дэмжигч-сонгогчийн гарын үсгийг зуруулсан бөгөөд үүнээс 2 иргэн нь сонгуулийн эрхгүй буюу 18 нас хүрээгүй /Б.Мягмар ЖА98090110, Б.Үрлээ ЖА98091005/ этгээд байсан тул Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.Д заалт/Сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах/-ыг үндэслэн бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор шийдвэрээ баталгаажуулсан.

Дээрх шийдвэрийг Н.Насанбаяр эс зөвшөөрч захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах алдаатай үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шаардлагыг хангажээ.

1.Шуух маргаан бухий асуудалтай холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь заалтын "... энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй" гэснийг тайлбарлахдаа Сонгуулийн тухай хуулийн 125.4 дэх заалтыг баримталсан.

Сонгуулийн тухай хуулиар Улсын Их Хурал болон Орон нутгийн хурлын сонгуулийн зохион байгуулалт үйл ажиллагааг тус тусад нь бүлэг болгон хуульчилж зохицуулсан бөгөөд Орон нутгийн хурлын сонгуулийн зохион байгуулалт үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Сонгуулийн тухай хуулийн 151-164 дүгээр зүйлээр тусгайлан заасан байтал шүүх шийдвэрийн үндэслэлдээ Сонгуулийн тухай хуулийн 125.4 дэх заалтыг барьж тайлбар хийх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйл нь Улсын Их Хурлын сонгуультай холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчлагдсан бөгөөд Сонгуулийн Ерөнхий хороонд шууд хамаарах заалт болно.

2.Мен Н.Насанбаярыг дэмжсэн нийт 285 сонгогчоос сонгуулийн эрхгуй буюу 18 насанд хүрээгүй 2 иргэнийг хасахад 283 сонгогч үлдэж байхад аймгийн Сонгуулийн хороо Монгол улсын ундсэн хуульд заасан "сонгох, сонгогдох" эрхийг хэтэрхий хязгаарласан гэж тайлбарласан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дүгээр заалтад Монгол улсын иргэн нь шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан хэдий ч энэхүу эрхээ тусгайлан зохицуулсан хууль буюу Сонгуулийн тухай хууль түүнтэй уялдуулан гаргасан эрх бүхий байгууллагын тогтоол, журмаар тогтоосон хэм хэмжээний хүрээнд эдлэх ёстой билээ.

Хэдийгээр Н.Насанбаяр нь 285 дэмжигч сонгогчийн гарын үсэг цуглуулж Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1 дэх заалт /201-ээс дээш гарын үсэг зуруулах/-ад заасан шаардлагыг хангасан боловч сонгуулийн эрхгүй этгээд буюу 18 насанд хүрээгүй иргэнээр гарын үсэг зуруулсан бол нийт дэмжигч-сонгогчдын тоо хэд байхаас үл хамааран Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 Ад заалтад /Сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах/ зааснаар татгалзах хуулийн зохицуулалттай. Мөн сонгуулийн эрхгүй буюу 18 насанд хүрээгүй иргэнээр гарын үсэг зуруулсан тохиолдолд аймгийн Сонгуулийн хороо тухайн иргэнийг хасаж тооцох хуулийн зохицуулалт байхгүй. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд заасан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэлийг тус хуулийн 5 дугаар зүйлд заасан хуульд дээдлэх зарчмын хүрээнд хэлбэрэлтгүй мөрдөж ажиллахыг Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 205 дугаар зөвлөмжид тодорхой тусгасан болно. Мөн Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1 дэх заалтад зааснаар тухайн бие даан нэр дэвшигчийг дэмжигч сонгогч нь 201-ээс доош байвал Сонгуулийн тухай хуулийн өөр заалтаар бүртгэхээс татгалзахаар хуульчилсан. Гэтэл Н.Насанбаяр нь сонгуулийн эрхгүй буюу 18 насанд хүрээгүй иргэнээр гарын үсэг зуруулж Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.Д заасан шууд татгалзах үндэслэл бүхий зөрчлыг гаргасан байтал анхан шатны шүүх дээрх 2 өөр зөрчлий нэгээс нөгөөд шилжүүлж тайлбарлан хууль буруу хэрэглэн шийдвэр гаргасан.

Иймд Дорнод аймгийн Сонгуулийн Хорооны 2016 оны 10 дугаар тогтоол нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн Ерөнхий Хорооноос батлан гаргасан дүрэм, журам, зөвлөмжүүдийн хүрээнд үндэслэсэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байх тул Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Н.Насанбаяр нь Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд бие даан нэр дэвшихдээ Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1-д зааснаар 201 дээш иргэдийн санал буюу 285 иргэний гарын үсгийг цуглуулан Сонгуулийн хороонд бүртгүүлэхээр хандсан байна.

Дорнод аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор сонгуулийн эрхгүй буюу 18 насанд хүрээгүй 2 иргэнээр гарын үсэг зуруулсан гэж мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.д-г үндэслэж Н.Насанбаярыг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Бие даан нэр дэвшигч нь дээрх тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан байна” 156.2.1-т “аймгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 201-ээс доошгүй” гэж зааснаар бие даан нэр дэвшигч Н.Насанбаяр нь нэр дэвших шаардлагыг хангаж 201-ээс дээш сонгогч иргэдийн гарын үсгийг цуглуулсан байна.

Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.д-д бие даан нэр дэвшигч нь сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа “сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулсан” зөрчлийг гаргасан бол татгалзана гэж заасан байна. Жагсаал дахь 285 иргэдийн нэрс дунд Б.Мягмар, Б.Үрлээ зэрэг насанд хүрээгүй иргэдийн гарын үсэг зурагдсан нь бүртгэхээс татгалзах шууд үндэслэл болохгүй байна. Учир нь Дорнод аймгийн сонгуулийн хороо бие даан нэр дэвшигч Н.Насанбаярын жагсаалттай холбоотой үүссэн дээрх асуудлыг нэр дэвшигчийн хүсэлтээр Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-157.9-д заасан үүргийн дагуу нягтлан, 5 хоногийн дотор нэр дэвшигчийн эрхийг хангаж ажиллах боломжтой  байсан байхад уг зөрчлийг засах боломж олгоогүй байна.

Өөрөөр хэлбэл, дэмжигч сонгогчдын бүртгэлд сонгуулийн эрхгүй этгээд гарын үсэг зурсан нь зөрчилтэй боловч нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан сонгуулийн хорооны ажилтан “засвартай жагсаалт нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болно” гэж тайлбарлаж засах боломж олгоогүй зэргээс дүгнэвэл анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх  хэсгийг  удирдлага болгон

ТОГТООХ нь

  1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                        ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

                        ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

                        ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ