Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1349

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “СК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.А-д холбогдох

 

109,666 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батмөнх, нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарт:

Ц.Алтансүх нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 20645 тоот Скаймедиа үйлчилгээний гэрээг “СК” ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээг Скаймедиа гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан.

Гэтэл Ц.Алтансүх нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.3.1 д заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр тасалбар болгон “СК” ХХК-аас зогсоосон. Гэсэн хэдий ч 2015 оны 10, 11 сарын үйлчилгээний төлбөр болох 67,166 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Мөн төхөөрөмжийг 23 сар ашигласны төлбөрийн үлдэгдэл болох 39,000 төгрөг нийт 106,166 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

Иймд Ц.Алтансүхээс үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт нийт 106,166 төгрөг, нотариатын зардалд 3500 төгрөг, нийт 109,666 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Алтансүх шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “СК” ХХК нь хариуцагч Ц.Алтансүхэд холбогдуулан 109,666 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн хувийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Ц.Алтансүхэд гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр болох талаар 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчийн 88087605 тоот утсаар мэдэгдсэн боловч хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч нэхэмжлэлд тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ гэж үзсэн болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Скаймедиа үйлчилгээний гэрээ /өрх/ 20645 тоот гэрээ” авагдсан байх ба уг гэрээний дагуу “СК” ХХК нь 39,500 Max HD багцтай төхөөрөмжийг шилжүүлэх, Ай Пи телевиз, суурин интернет, суурин утас, хөдөлгөөн интернет бүхий гурвалсан болон дөрвөлсөн үйлчилгээг үзүүлэх, Ц.Алтансүх нь үйлчилгээний төлбөр болон төхөөрөмж ашигласан хугацаанаас шалтгаалан төлбөрийн тодорхой хувь хэмжээг хариуцан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх ба уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч гэрээ ёсоор төхөөрөмж шилжүүлсэн, үйлчилгээ үзүүлсэн үндэслэлээр хариуцагчаас төхөөрөмжийг 23 сар ашигласанд ногдох 20%-ийн төлбөр 39,000 төгрөг, 2015 оны 10, 11 сарын үйлчилгээний төлбөр 67,166 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг бүгд 109,666 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Хэрэгт авагдсан “СК” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 01-21, 2015 оны 12 дугаар сарын 01-21-ний хугацаан дахь төлбөрийн нэхэмжлэхээр хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын төлбөр 36,883 төгрөг, 12 дугаар сарын төлбөр 30,283 төгрөг буюу нийт 67,166 төгрөгийн үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй болох нь тогтоогджээ.

 

Харин төхөөрөмжийн төлбөрт 39,000 төгрөг төлөх үүргээс гэрээний 6.4.1-д зааснаар чөлөөлөгдсөн гэж үзэхээр байна. Учир нь, гэрээнд 24 сар ба түүнээс дээш хугацаанд үйлчилгээг ашигласан бол төхөөрөмжийн төлбөрөөс 100% чөлөөлөгдөхөөр гэрээгээр тохирсон, 2013 оны 12 дугаар сарын 19-нд гэрээ байгуулснаас хойш 2015 оны 12 дугаар сарын 21-нийг хүртэлх хугацаанд хариуцагч үйлчилгээ ашигласан болох нь төлбөрийн нэхэмжлэхээр тогтоогдсон тул 24 сар ашигласан үндэслэлээр төлбөрөөс чөлөөлөгдөх бүрэн үндэслэлтэй.

 

Нотариатын зардлын тухайд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангуулахын тулд нотариатчид 3,500 төгрөг төлж, нэмэлт зардал гаргасан болох нь тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгчийн үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг дараа сарын 08-ны өдрийн нэхэмжлэхэд үндэслэн хариуцагч дараа сарын 07-21-ний өдрүүдийн хооронд төлж барагдуулах үүрэг хүлээсэн байх ба хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэгч өр авлага барагдуулах арга хэмжээг хууль хяналтын байгууллагад нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлүүлэхээр гэрээний 3.2.1, 5.1.2, 5.1.3-аар тохирсон байна.

 

Энэ дагуу тооцвол хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын төлбөрийн хувьд 2015 оны 12 дугаар сарын 21-ний дотор, 2015 оны 12 дугаар сарын төлбөрийн хувьд 2016 оны 1 дүгээр сарын 21-ний дотор төлөх үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар 2015 оны 12 дугаар сарын 22, 2016 оны 1 дүгээр сарын 22-ний өдрүүдэд үүссэн, үүнээс хойш мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа 2018 оны 12 дугаар сарын 22, 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрүүдэд дууссан байна.

 

Нэхэмжлэгч нь энэхүү шаардлагаа 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан, хариуцагч хариу тайлбар ирүүлээгүйгээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т заасан үндэслэл бүрдээгүй тул шүүх мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Үндсэн үүрэг ийнхүү хэрэгсэхгүй болсон тул Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар нэмэлт зардлыг мөн хангаж шийдвэрлэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгоно.

 

Хэргийн баримтаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбарыг хариуцагч шүүхэд гаргаагүй байдал нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзэж хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй, харин эсэргүүцэж, маргаагүй үндэслэлээр хэргийн баримтад үндэслэн маргааныг хуульд зааснаар шийдвэрлэх хууль зүйн үр дагаврыг үүсгэдэг тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан журмын дагуу шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иймд шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр Ц.Алтансүхээс 109,666 төгрөг гаргуулахыг хүссэн “СК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг тус тус баримтлан Ц.Алтансүхээс 109,666 төгрөг гаргуулахыг хүссэн “СК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.      

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА