Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ ШЦТ/39

 

 

         

 

 

 

 

 

 

   2023         01          05                                 2023/ШЦТ/39

 

       
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, 

улсын яллагч Б.Баярчимэг,

шүүгдэгч Ц.Д,

нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нарыг оролцуулан нарыг оролцуулан эрүүгийн 2211000002026 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                           

  Шүүгдэгч: А овгийн Ц.Д,       

  Монгол Улсын иргэн, 2002 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Даян” зочид буудалд хохирогч Н.Оын нүүрэн тус газарт гараараа цохиж зодон биед нь хамрын нуруу, зүүн доод зовхи, хоншоорт зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Даян” зочид буудалд хохирогч Н.Оын эрх, эрх чөлөөнд халдан цохиж, зодсоны улмаас нь биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Н.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Даян нэртэй зочид буудалд 2 найз Завхан аймгийн Баянхайрхан сумаас ирсэн гээд хамт 2.5 литртэй пиво хувааж уугаад байж байсан. Тэгээд манай нэг найз тухайн зочид буудлын нойлын өрөө орох гээд явсан байсан тэгээд манай өрөөний урдуур найз явах шиг болохоор нь надтай хамт байсан найз дуудсан чинь нөгөө хүн биш байж таарсан тэгсэн андуурч дуудсан хажуу өрөөний залуу намайг гараад ир гэсэн тэгээд хамт нойлын өрөө орсон. Тэгсэн нөгөө залуу над руу танай найз чинь яагаад байгаа юм бэ гэхээр нь найзтайгаа андуураад дуудчихлаа уучлаарай гэсэн тэгсэн нөгөө залуу а нар намайг андуурдаггүй шүү гэсэн тэгэхээр нь уучлаарай гэсэн чинь миний нүүр хэсэгт нэг удаа цохиод найзуудыгаа гараад ир гээд дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,

- гэрч А.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хэсэг хугацааны дараа унтаад сэрсэн чинь Д гаднаас өрөөндөө гар нь цус болсон ороод ирсэн тэгэхээр нь бид нар өрөөнөөсөө гарсан чинь хажуу өрөөний залуугийн хамарнаас цус гарсан байсан Д болон хажуу өрөөний хамраас нь цус гарсан залуу 2 хоорондоо зодоон хийсэн бололтой байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 19864 дугаартай ‘...Н.Оын хамрын нуруу, зүүн доод зовхи, хоншоорт зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо....гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20- 21 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд ш¿¿ãäýã÷ Ц.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Даян” зочид буудалд хохирогч Н.Оыг шууд санаатайгаар цохиж хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Дад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, өдөрт 5 цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

            Хохирогч Н.О нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ц.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

 

Шүүгдэгч Ц.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Ц.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Дад 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дад оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 /тав/ цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Дад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


 


 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.БАТГЭРЭЛ