| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 105/2023/0149/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/168 |
| Огноо | 2023-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/168
2023 02 02 2023/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Хохирогч С.Г,
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Бд холбогдох эрүүгийн 2206 06056 0068 дугаар хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцаа мэргэжилтэй, ам бүл 1, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Т.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Гтэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед нь халдаж баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, баруун мөр, баруун далд зулгаралт бүхий гэмтэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Т.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Т.Бд холбогдох 2206 06056 0068 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасны дагуу шүүхэд шилжүүлснийг хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Хохирогч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 22 цагийн үед Г, С, Т.Б бид нар манай “Pub”-д архи ууж сууж байгаад 00 цагийн үед гарсан. Тэгээд гадагш гараад Ганболд, С 2 гэр рүүгээ явсан ба Т.Б намайг хүргэж өгнө гээд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Шөнийн дэлгүүрийн автобусны буудал дээрээс такси барих гээд зогсож байтал Т.Б үгийн зөрүүгүй намайг гэнэт “Чи хамт ууж байж хоёр, гурав өнжлөө” гэж хэлээд шууд миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиод, сүүлдээ намайг нүүр нүдгүй зодож, цохиж эхэлсэн. Тэгэхээр нь би “Т.Бэ одоо болиочээ” гэж хэлтэл “Чи муу юу вэ пизда минь” гэж хэлээд учир зүггүй л цохиод байсан Тэгэхээр нь би утсаа гаргаж ирээд төрсөн дүү Мөнгөнцэцэг рүү залгаад “энэ Т.Б намайг зодоод байна” гэж хэлээд утсаа тасалтал Т.Б миний гар утсыг булааж аваад шууд гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 16072 дугаартай Дүгнэлтэд:
1. С.Гийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, баруун мөр баруун далд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлийг өөрөө өөртөө учруулсан эсэхийг тогтоох боломжгүй.
3. Дээрх гэмтлүүд нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн нүдний зовхи, баруун мөр, далд зулгаралт гэмтлүүд нь нийлээд болон тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 16084 дугаартай Дүгнэлтэд:
1. Т.Бийн биед баруун шанаа, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Т.Бийн биед учирсан баруун шанаа, зүүн өвдөгний зулгаралт бүхий гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашдаа ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
Шүүгдэгч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “…Би 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө хөрш С.Г, Серикжан нартай хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** гэх нэртэй газар 1 1 шил 0.5 литрийн архи хувааж уугаад тэндээсээ Серикжан бид хоёр гарч ажлын оффист нь очиж нэг шил 0.5 литрийн архи ууж эхэлж байхад С.Г орж ирээд, Ганболдыг дуудаад бид 4 нөгөө архиа хувааж уун дууссан. Тэгээд би С.Гтэй хамт гараад замын ард талд гарч такси бариад бид хоёр тэр таксинд суугаад 100 метр хүрэхгүй газар яваад С.Г таксинаас буугаад явах гэхэд нь бид хоёрын маргаан үүсэж, харилцан зодолдсон. Би С.Гэд учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна…” /хавтаст хэргийн 31 дэх тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Гтэй хундагалж өгсөн архи уусангүй гэж маргалдан улмаар биед нь халдаж баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, баруун мөр, баруун далд зулгаралт бүхий гэмтэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл мөн эсэх:
Шүүгдэгч Т.Бийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Мөн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл мөн байна гэж шүүхээс дүгнэв.
Гэм буруутай эсэх:
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Гтэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед нь халдаж баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, баруун мөр, баруун далд зулгаралт бүхий гэмтэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна…” гэх дүгнэлтийг гаргав.
Харин шүүгдэгч Т.Б нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Мөн шүүгдэгч Т.Б Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн хохирогч С.Гийн биед хийсэн №16072 дугаарын дүгнэлттэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн тухай тэмдэглэл үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх бөгөөд түүний үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул гэм буруугийн шууд санаатай байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч С.Гийн биед үүссэн гэмтэл нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 16072 дугаартай дүгнэлтээр “…гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэж тогтоогдсон нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч С.Г нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.Бэс гэм хорын хохиролд 400.000 төгрөг хүлээн авсан бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газарт “…Сэрээтэр овогтой С.Г миний бие 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн 400.000 төгрөгийн хохирлыг Т.Б барагдуулж өгсөн. Хохирлын нийт төлбөрийг барагдуулсан тул гомдол, санал алга байна…” гэх хүсэлтийг /хавтаст хэргийн 49 дэх тал/ гаргасан байна.
Иймд шүүгдэгч Т.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.Бийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох саналыг танилцуулж, Т.Б уг саналыг хүлээн зөвшөөрсөн тухай яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэжээ.
Шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байна.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох саналыг яллагдагч Т.Б зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүх хүлээн авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хавтаст хэргийн 32 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хавтаст хэргийн 34 дэх тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
/хавтаст хэргийн 33 дахь тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
/хавтаст хэргийн 35 дахь тал/ зэрэг болно.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Т.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ