Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/186

 

 

 

 

 

 

 

   2023        02          06                                    2023/ШЦТ/186

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Б.Цэцэгмаа,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Дд холбогдох эрүүгийн 2206 03228 0171 дугаар хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 03 дугаар 12-ны өдөр төрсөн 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ам бүл 3, аав, ээжийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд

Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дугаар зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн *** дугаартай, Б.Д.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрдэнэтолгойн “МТ” шатахуун түгээх станцын хажууд Г.Бын “урсгал сөрлөө” гэх шалтгаанаар зодож, тархи доргилт, шанаанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн прокурорын газарт яллагдагч Б.Д хүсэлт гаргасны дагуу мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд шилжүүлснийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.

Үйл баримтын талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

 Хохирогч Г.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 19 цагийн үед ах Лхагва-Очирын гэрээс гараад гэр лүүгээ мотоциклтойгоо Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, Эрдэнэтолгойн “МТ” шатахуун түгээх станцын хажууд түгжрээд явж байхад хар өнгийн бенз машин миний өмнө зогссон. Тэр машиныг тойрох гэсэн чинь бенз машинаас нэг танихгүй залуу бууж ирээд, намайг мотоциклтой минь түлхсэн. Тэгэхээр нь би хажуу тийшээгээ хазайгаад тэнцвэр алдаад, урсгал сөрөөд зогссон. Тэгснээ тэр хар өнгийн бенз машинаас бууж ирсэн залуу над дээр ирээд, “чи урсгал сөрж, орж ирдэг хэн юм бэ” гээд хэл амаар доромжлоод, байхаар нь би “чи хүн түлхэж аллаа ш дээ” гэсэн чинь намайг чи хэн юм бэ гээд заамдаад авахаар нь би тэр хүнийг түлхээд мотоциклоосоо буусан. Тэгсэн тэр танихгүй залуу над дээр ирээд “хоёулаа эр хүн шиг үзэх үү” гээд гараа атгаж байгаад миний зүүн шанаа руу 1 удаа цохисон. Тэгэхээр нь би тэр танихгүй хүний баруун шанаа руу гараа атгаж байгаад 1-2 удаа цохисон чинь тэр залуу зөрүүлээд миний баруун нүд рүү гараа атгаж байгаад 1-2 удаа цохисон. ...Би хар бензтэй эрэгтэйг тухайн өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөө анх удаа харсан, танихгүй. 30 орчим настай, тухайн үед тэр хүн доогуураа хар өнгийн шорт, дээгүүрээ хар өнгийн подволктой байсан. Харин би хар өнгийн малгайтай цамц, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 9428 дугаартай дүгнэлтэд: “...1. Г.Бын биед тархи доргилт, шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн өгсөн: “…Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрдэнэтолгойн “МТ” шатахуун түгээх станцын хажууд Г.Бын “урсгал сөрлөө” гэх шалтгаанаар зодож, тархи доргилт, шанаанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл мөн эсэх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Дгийн үйлдлийн улмаас хохирогч Г.Бын биед тархи доргилт, шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдож, тус гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болохыг Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 9428 дугаартай дүгнэлтээр тогтоосон байна.

Иймд шүүгдэгч Б.Дгийн тус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байна гэж дүгнэв.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Гэм буруутай эсэх:

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрдэнэтолгойн “МТ” шатахуун түгээх станцын хажууд Г.Бын “урсгал сөрлөө” гэх шалтгаанаар зодож, тархи доргилт, шанаанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна…” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Д нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Яллагдагч Б.Д нь Баянзүрх дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлтдээ: “…миний бие гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа тул миний гаргасан үйлдлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэжээ /хх-ийн 94/.

Шүүгдэгч Б.Д нь хохирогч Г.Бын эрүүл мэндэд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах насанд хүрсэн, хэрэг үйлдэх үедээ мансуурсан байдал тогтоогдоогүй бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Г.Бын биед үүссэн гэмтэл нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 9428 дугаартай дүгнэлтээр “…гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэж тогтоогдсон нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Хохирогч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Дгээс гэм хорын хохиролд 150.000 төгрөг хүлээн авсан бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газарт “…Гантөмөр овогтой Г.Б миний бие Б.Дд гомдол, саналгүй. Хүсэлтийг минь хүлээн авна уу…” гэх хүсэлтийг /хавтаст хэргийн 95 дахь тал/ гаргасан байна. Иймд шүүгдэгч Б.Дг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Б.Д уг саналыг хүлээн зөвшөөрсөн тухай яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэжээ.

Шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хавтаст хэргийн 79 дэх тал/

            Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хавтаст хэргийн 53 дахь тал/

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа,

/хавтаст хэргийн 54 дэх тал/

 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

/хавтаст хэргийн 55 дахь тал/ зэрэг болно.

Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон.

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Б.Дд 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ШИНЭХҮҮ