Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 01043

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

                                                                        

Нэхэмжлэгч: “Г” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: “М” ХХК/РД:/-д холбогдох,

 

100 096 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Бадамсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр, Ө.Энхбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

  

               ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч М.Бадамсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Г” ХХК нь 2018 оны 06-р сарын 27-нд “М” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2018.07.04-өөс 2018.11.08-ны өдөр хүртэл Орхон аймгийн Баян Өндөр сумын “Эко хороолол” хотхонд гэрээний дагуу 5-н ширхэг хаусны барилга барьж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд 30 гаруй инженер техникийн болон мэргэжлийн ажилчид ажилласан.

“М" ХХК нь анх гэрээ байгуулахдаа бүх барилгын материал нь талбай дээрээ бэлэн 2018 оны 08.01-нд дуусгана гэсэн боловч материал нь талбай дээрээ бэлэн бус, материал таталт нь удааширснаас болж 3 сар буюу 90 хоногийн хугацаа хэтэрч ажилчдын хоол унд, цалин, хөдөлмөр хамгааллын зардал гэх мэтээр хохирсон. 2018 оны 11.08-нд дээврийн материал, сантехник цахилгааны материалууд ирээгүй тул ажлаа зогсоосон.

Бид материал таталт удаашралтай байсан бөгөөд тухайн компанийн зохион байгуулалт муу байснаас болоод бид хохирсон байгаа. Бид материал байхгүй байхад гадна ажлыг хийж гүйцэтгэж байсан. Тухайн үед би цалингаа хэмнэх үүднээс хорих ангиас бага цалингаар ажилчид авч ажиллуулж байсан. Ингээд ажил удааширч байхад н.Энхбилэг захирал руу би өөрөө орж уулзаж, материал ирээгүйгээс үлдсэн ажил болох дээврийн ажил 50 хувь хийгдээгүй, дотор сангийн ажил хийгдээгүй, гадна замын ажлууд хийгдээгүй гэдгийг танилцуулан хэлж байсан. Тухайн үед барилгын талбай дээр бид маш сайн ажилласан бөгөөд тухайн үед 2 ч удаа сайшаагдан шагнуулж байсан. Манай зүгээс бол гэрээ хийсэн учраас ямартай ажлаа хийж дуусгъя гэдэг байдлаар их чармайсан. Хэрвээ бид үүнийг дуусгаж байгаад явна гэсэн бол өнөөдрийг хүртэл маш их зардал гарах байсан учраас бид 11 сарын 08-ны өдөр ажилчдаа буцааж татсан байгаа.

Нийт санхүүжилтээс 14 500 000 төгрөгийг үлдээсэн. Мөн гэрээгээр 1 хаус нь 100 м.кв гэж тохирсон байсан. Гэтэл батлагдсан зураг байхгүй талбай инженерын өдөр бүр гаргаж өгч байсан зургаар уг барилгыг барихад барилгын ашигтай буюу зарах талбай нь 106 м.кв, барилгын ажил гүйцэтгэх талбай нь уг зургаар 1 хаус нь 131.8 м.кв болсон. Иймд бид:

1. Дунджаар 16 ажилтны хоол ундыг тооцоход өдрийн 1 ажилтны 3 удаагийн хоолыг 8000 төгрөгөөр бодоход хоолны зардалд 11 520 000 төг.

2. 16 ажилтны өдрийн цалинг тооцоход /1 ажилтны өдрийн дундаж цалин 45 000 төг/ 64 800 000 төг.

3. Хөдөлмөр хамгааллын зардалд 600 000 төг

4. Ажилчдын амьдрах гэрийн түрээс 2ш гэр /1 гэрийн сарын түрээс нь 250 000 төг/ 1.500.000 төг.

5. Ажлын м.кв зөрүүг гэрээний ажлын үнэлгээгээр тооцоход /1 хаус 31.8 м.кв х 5=597 м.кв/ 21 675 500 төг, нийт 100 096 000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

 

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, М ХХК-д холбогдох хэргийн нэхэмжлэлтэй уншиж танилцлаа.

Дэлгэрэнгүй тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргах болно.” гэжээ.

 

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхбилэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ““М” ХХК нь “Г” ХХК-тай таван хаус барьж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Энэ гэрээнд асуудлыг тодорхой заасан байдаг. “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад 16 ажилтны 11,520,000 төгрөгийн цалин гарсан гэсэн байна. Үнэхээр ийм хэмжээний цалин гарсан гэж үзэж байгаа бол эдгээр ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг баталгаажуулах ёстой гэж үзэж байна. 1-рт эдний компанийн өөрсдийн ажилчид биш бөгөөд хийгдэж байсан ажил бүрт өөр компаниудтай хамтарч ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа гэдэг нь тодорхой байсан. Эхний өрлөг угсралт гэдэг ажилд 2 бригад орж ажилласан. Энэ хүмүүст ямар ажил хийсэн талаар хөлс олгож байсан учраас ямар нэгэн хохирол учраагүй гэж үзэж байна. Мөн эдгээр хүмүүс өөрсдийнх нь ажилчид биш учраас нийгмийн даатгалын баримт гарч ирэхгүй. Хоолны тухайд эднийд хоолны мөнгийг тухайн ажилчдынхаа өдрийн хийж гүйцэтгэсэн төлбөрөөс нь хасах, өдөрт хоолыг зарах хэлбэрээр олгож байсан гэдэг нь тодорхой байдаг. Яагаад гэвэл хоол хийж байсан хүмүүс болон хүнсний материал нэхэмжилж байсан хүмүүс нь ч гэсэн эдний компаниас авлагаа авч чадаагүй гэж ярьдаг. Тийм учраас эдний хоолны хохирол учраагүй гэдгийг би шууд мэдэж байна. ХАБ-ын ажлын хувьд гэрээнд тусгаж заасан байдаг. ХАБ-ын 0,2 хувийг заах ёстой гэснээр 2 талаас гэрээнд тусган, санхүүжилтийн 2 хувийг авахаар тусгасан байгаа учраас үүнийг шаардах шаардлагагүй гэж үзэж байна. Гэр түрээсийн тухайд бол гэр түрээслэх шаардлага байхгүй байсан гэж үзэж байна. “Г” ХХК нь ажилчдыг байрлуулах үүргийг хүлээсэн байдаг юм. 100 м/кв-аас зөрүү гарсан тухайд амины орон сууцыг заавал батлагдсан зураг бусад холбогдох баталгаатай нэгжээр хийж гүйцэтгэх ёстой гэсэн байдаг. 1-рт энэ бол хувийн компани, 2-рт Барилгын тухай хуульд албан ёсны зураг хэрэглэхгүйгээр барьж болох заалттай. Бид үүний дагуу тухай бүрт нь батлагдсан эскиз зургийг авчран өгдөг байсан. Бид анхнаасаа 100 м.кв ашигтай талбайтай амины орон сууц барих тухай хэлж байсан. Үүнийг мэдэж байсны үндсэн дээр манай компанитай гэрээ байгуулсан. Үүнийгээ батлахаар МУ-ын зөвлөх инженерийн дүгнэлтийг хийлгэсэн байдаг. Энэ бол албан ёсны компани биш бөгөөд албан ёсны дүгнэлт ч биш. Үүнийг албан ёсны баталгаат хэмжиж хийдэг байгууллагаас ийм дүгнэлт гаргах боломжтой байдаг. Тийм учраас ийм байх ёстой гэдэг байдлаар үнэлэлт өгч байгааг үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Г” ХХК хариуцагч “М” ХХК-д холбогдуулан 16/арван зургаа/ ажилтны хоолны зардалд 11 520 000/арван нэгэн сая таван зуун хорин мянга/ төгрөгийг, 16/арван зургаа/ ажилтны цалин 64 800 000/жаран дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийг, хөдөлмөр хамгааллын зардалд 600 000/зургаан зуун мянга/ төгрөгийг, гэр түрээсийн зардалд 1 500 000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийг, ажлын м.кв-ын зөрүү 21 675 500/хорин нэгэн сая зургаан зуун далан таван мянга таван зуу/ төгрөгийг, бүгд 100 096 000/нэг зуун сая ерэн зургаан мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “М” ХХК нь ийм байх ёстой гэдэг байдлаар үнэлэлт өгч байгааг үндэслэлгүй гэж үзэж байна гэж маргасан.

                                                                

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан болох нь тус гэрээний хуулбараар нотлогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Тус гэрээний 1-ийн 1.1, 2-ын 2.1, 3-ын 3.1-т зааснаар нэхэмжлэгч нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, “Эко хороолол” хотхонд 2/хоёр/ давхар, 100/нэг зуу/ м.кв талбай бүхий 5/тав/ ширхэг амины орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, хариуцагч нь нийт хөлс 72 255 000/далан хоёр сая хоёр зуун тавин таван мянга/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т “... ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.”, 346 дугаар зүйлийн 346.2-т “... ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө.” гэж заасан.

 

Гэрээний 1-ийн 1.1, 2-ын 2.1, 3-ын 3.1-т зааснаар нэхэмжлэгч нь “Эко хороолол” хотхонд тус бүр нь 100/нэг зуу/ м.кв талбай бүхий, 2/хоёр/ давхар, 5/тав/ ширхэг амины орон сууцыг хариуцагчийн материалаар 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд барьж хүлээлгэн өгөх, хариуцагч нь нийт хөлс 72 255 000/далан хоёр сая хоёр зуун тавин таван мянга/ төгрөгийг 3/гурав/ хувааж хэсэгчилж төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Гэрээний 2-ын 2.1-т заасан хугацаанд нэхэмжлэгч нь 2/хоёр/ давхар, 5/тав/ ширхэг амины орон сууцыг барьж дуусган хүлээлгэн өгөөгүй байх ба барьж дуусгаагүй нь хариуцагч барилгын материалыг Гэрээнд заасанхугацаанд нийлүүлээгүй буруутай үйлдэлтэй холбоотой болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхээр нэхэмжлэгч нь барилгын талбайд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл ажилласан байх ба 2/хоёр/ давхар, 5/тав/ ширхэг амины орон сууцны дээврийн ажлын 50/тавь/ хувийг болон дотор сан, гадна замын ажлаас бусдыг гүйцэтгэсэн болох нь фото зураг, зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Гүйцэтгэсэн ажлын хөлсөд хариуцагч нь нэхэмжлэгчид 57 700 000/тавин долоон сая долоон зуун мянга/ төгрөгийг төлсөн талаар зохигчид маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаа хэтэрч ажилласан гэх зардалд буюу 16/арван зургаа/ ажилтны хоолны зардалд 11 520 000/арван нэгэн сая таван зуун хорин мянга/ төгрөгийг, цалинд 64 800 000/жаран дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийг, хөдөлмөр хамгааллын зардалд 600 000/зургаан зуун мянга/ төгрөгийг, гэр түрээсийн зардалд 1 500 000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийг, нийт 78 420 000/далан найман сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Хариуцагч нь өөрийн буруугаас үл хамаарах шалтгаанаар Гэрээнд заасан ажил гүйцэтгэх хугацаанд барилгын материалыг нийлүүлээгүй болохоо нотлохгүй байна.

 

Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1-т “... хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй.”, 352 дугаар зүйлийн 352.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд ... нийтлэг журам үйлчилнэ.” гэж заасан.

 

Хариуцагч нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд барилгын материалыг бүрэн нийлүүлэлгүй хугацаа хэтрүүлснээс нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл ажил гүйцэтгэсэн байх тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл амины орон сууц барих ажилд 16/арван зургаа/ ажилтан ажиллуулсан гэх тайлбар гаргаж цалин олгосон болон хөдөлмөрийн гэрээ гэх баримтууд гарган өгчээ.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 16/арван зургаа/ ажилтанд цалин, хөдөлмөрийн хөлс олгосон тохиолдолд татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж суутгах үүрэгтэй ба цалин олгосон болон Хөдөлмөрийн гэрээ, Барилгын туслан гүйцэтгэх гэрээ гэх баримтуудаар татварыг суутгаж, цалин, хөдөлмөрийн хөлс олгосон болох нь тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 437 дугаар нээлттэй хорих ангитай 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээний дагуу 1/нэг/ албан хаагч, 6/зургаа/ ажилтанг 10/арав/ хоногийн хугацаатай ажиллуулсан болох нь Хаан банкны 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтууд, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Хоригдол аж ахуй нэгж, байгууллагад хөлсөөр ажиллуулах гэрээгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь нийт 7/долоо/ ажилтны хөлсөд 1 600 000/20000x6x10=1200000, 1x40000x10=400000, 1200000+400000=1600000/ /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг, хоолны төлбөрт 1 680 000/7x8000x10=560000, 560000x3=1680000/ /нэг сая зургаан зуун наян мянга/ төгрөгийг төлсөн болох нь Гэрээний хуулбар, Хаан банкны 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтууд, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Хоригдол аж ахуй нэгж, байгууллагад хөлсөөр ажиллуулах гэрээгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл амины орон сууц барих ажлыг гүйцэтгэсэн байх тул гэр түрээсийн төлбөрт 1 500 000/3x500000=1500000/ /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг, хөдөлмөр хамгааллын зардалд 600 000/зургаан зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь Гэрээний хуулбар, Ажлын хувцас нийлүүлэх гэрээгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 7/долоо/ ажилтны хөлсөд 1 600 000/нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг, хоолны төлбөрт 1 680 000/нэг сая зургаан зуун наян мянга/ төгрөгийг, гэр түрээсийн төлбөрт 1 500 000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийг, хөдөлмөр хамгааллын зардалд 600 000/зургаан зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь Гэрээний хуулбар, Хаан банкны 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтууд, Ажлын хувцас нийлүүлэх гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Хоригдол аж ахуй нэгж, байгууллагад хөлсөөр ажиллуулах гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас учирсан хохиролд 5 380 000/1600000+1680000+1500000+600000=5380000/ /таван сая гурван зуун наян мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Гэрээгээр нэхэмжлэгч нь нэг бүр нь 100/нэг зуу/ метр квадрат амины орон сууц барих үүрэг хүлээсэн боловч 131.8/нэг зуун гучин нэг аравны найм/ метр квадрат амины орон сууц барьсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй болно.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн илүү гүйцэтгэсэн ажил болох нийт 159/31.8x5=159/ м.кв-ын ажлын хөлсөд 21 675 500/14451000:100=141510, 141510x159=22500090/ /хорин нэгэн сая зургаан зуун далан таван мянга таван зуу/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.2, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас бүгд 27 055 500/5380000+21675500=27055500/ /хорин долоон сая тавин таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 73 040 500/100096000-27055500=73040500/ /далан гурван сая дөчин мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

          Шүүх Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.2, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас бүгд 27 055 500/хорин долоон сая тавин таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, үлдсэн 73 040 500/далан гурван сая дөчин мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.2, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас бүгд 27 055 500/хорин долоон сая тавин таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, үлдсэн 73 040 500/далан гурван сая дөчин мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 658 430 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 293 227 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ