| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 105/2023/0051/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/208 |
| Огноо | 2023-02-09 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/208
2023 02 09 2023/ШЦТ/208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 2206 04485 0002 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1958 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 64 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт байдаг гэх, ам бүл 3, охин, зээ охины хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн *** дугаартай, Д.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тэнгэр плаза худалдааны төвийн ТҮЦ машинаар үйлчлүүлээд гарахдаа сандал дээр орхиж, гээгдүүлсэн иргэн Б.Бгийн эзэмшлийн “I-Phone X max” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, хохирогч Б.Бд 925.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Д.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн Прокурорын газарт яллагдагч Д.Б нь хүсэлт гаргасны дагуу мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хэргийн үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Төрийн банкны 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 18/4225 дугаартай албан бичиг, дансны хуулга, камерын бичлэг /хх-ийн 26 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 36 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн БЗДЗ-22-648 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 14-15 дахь тал/,
Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өнөөдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 11 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Тэнгэр плаза худалдааны төвийн 2 давхарт байрлах ТҮЦ машинаас лавлагаа гаргуулан аваад, гаргаж авсан материалаа цэгцэлж байгаад өөрийн “I-Phone X max” маркийн гар утсаа сандал дээр мартаад гарчихсан юм. Ингээд би 15 орчим минутын дараа буцаж ирээд гар утсаа авах гэхэд алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дахь тал/,
Шүүгдэгч Д.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “…Би 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэнгэр худалдааны төвийн 2 давхарт урсдаг шатаар явж байгаад хөл муутай болохоор газар унаад тэгээд босох үед миний хажууд хар өнгийн гар утас байхаар нь миний утас байна гэж бодоод аваад цүнхэндээ хийгээд тэгээд босоод яваад өгсөн. Тэр өдөртөө амралтын өдөр байсан учир цүнхээ онгойлгож үзээгүй. Тэгээд 1 дэх өдөр эмнэлэг дээр хөлөө эмчлүүлэх гээд цүнхээ онгойлгож эмнэлгийн картаа авах гэхэд нөгөө гар утас миний цүнхэнд байхаар нь хараад өө нээрээ ийм нэг гар утас олсон гэдгээ санаад гэртээ очоод охиндоо харуулаад би тоогоогүй гэртээ орхисон байсан. Тэгээд сар гаран хугацааны дараа над руу Баянзүрхийн цагдаагаас ярьж байна, нэг гар утас олсон байна та тэр утсыг нь өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд манай хүүхдийн гэрээс нэг хүн ирээд нөгөө гар утсыг авсан. ...Тухайн үед миний гар утастай адилхан утас байхаар нь утсаа унагаасан юм байх даа гэж бодсон. ...Би мэдэхгүй байсан, дараа нь мэдсэн. Цэнэглэх гэж байсан боловч миний цэнэглэгч таарахгүй байсан учир асааж чадаагүй юм…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тэнгэр плаза худалдааны төвийн ТҮЦ машинаар үйлчлүүлээд гарахдаа сандал дээр орхиж, гээгдүүлсэн иргэн Б.Бгийн эзэмшлийн “I-Phone X max” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, хохирогч Б.Бд 925.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл мөн эсэх:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.Бы үйлдлийн улмаас хохирогч Б.Бд 925.000 төгрөгийн хохирол учирсан болох болох нь “Дамно” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн БЗДЗ-22-648 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 4.3 дахь заалтад “…бага хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош…” ойлгоно гэжээ. Иймд Д.Быг бусдын эд хөрөнгөнд бага бус хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байна гэж дүгнэв.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “…Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална…” , мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “…хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй…” гэж тус тус заасан бусдын өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Гэм буруутай эсэх:
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Д.Быг “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна…” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.Б нь бусдын эд хөрөнгийг завшсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хохирлоо төлж барагдуулсан гэх тайлбар гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно…” гэж заасан байх бөгөөд Д.Б нь бусдын өмч гэдгийг мэдсээр байж зориуд авсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Д.Б нь “I-Phone X max” гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн /хх-ийн 51 дэх тал/
Хохирогч Б.Б нь Баянзүрх дүүргийн Прокурорын газарт “…Миний бие гар утсаа алдаад эргээд олсон тул одоо ямар нэгэн гомдол санал байхгүй болно…” гэх хүсэлт /хх-ийн 51 дэх тал/ гаргасан байна.
Иймд шүүгдэгч Д.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар Д.Быг ялаас чөлөөлөх саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч Д.Б нь өөрийгөө өмгөөлж болон шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ “...хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүхээс Д.Бд хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдалтай нь холбоотой дараах баримтуудыг судалсан болно. Үүнд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19 дэх тал/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 22 дахь тал/,
Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хх-ийн 23 дахь тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 20 дахь тал/.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан.
Шүүхээс шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, түүний хувийн байдал, Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тус ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл болно.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гээгдэл эд хөрөнгө завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар Д.Бд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ