| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 105/2023/0151/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/214 |
| Огноо | 2023-02-10 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/214
2023 02 10 2023/ШЦТ/214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг, Б.Цасшихэр,
Улсын яллагч Н.Өнөрбаяр,
Хохирогч О.Б,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн 2306 00000 0023 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1967 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Б.Э.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 06 цагийн орчимд *** тоотод оршин суух хаягтай хохирогч О.Бтэй урьдын харилцааны явцад үүссэн маргааны улмаас түүний гэрийн цонхыг чулуу шидэж хагалж, мөн *** УНҮ улсын дугаартай “Toyota Ist” маркийн тээврийн хэрэгслийн баруун, зүүн талын толийг хугалж, хойд талын салхины шилийг чулуу шидэж хагалж, урд талын цонхыг гэмтээж нийт 1.185.000 төгрөгийн хохирол учруулж эд хөрөнгө устгаж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…Би О.Бт хохирол учруулсан нь үнэн. Иргэн хүний хувьд О.Бт учруулсан хохирлоо барагдуулна…” гэв.
Хохирогч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…Манайх Б.Э гэх хүнтэй хөрш айл. Манай амьдарч буй газар нийтийн эзэмшлийнх гэж явдаг. Нийт 12 айл амьдардаг нийтийн байр юм. Б.Эийнх хамгийн урд байдаг айл учраас тухайн газраа битүүлээд хашаа татаад авчихсан. Хууль дүрэмд бол Б.Эийнх тэгж барилга, байшин барих эрх байхгүй. Б.Э нь барилгын орц, гарцыг хааж барилга барьсан. Би гэхдээ энэ асуудал дээр хэрүүл, маргаан үүсгэж байгаагүй. Б.Э нь өөрөө намайг “чи манай газар амьдардаг, манайхаас зайл, би газраа авмаар байна” гэж удаа дараа хэрүүл маргаан үүсгэж, намайг заналхийлж байсан. Би тэр болгонд нь тэсэж тэвчээд дуугүй л байсан. Хорооныхоо цагдаад намайг ална гэсэн талаар хэлэхэд арга хэмжээ авч чадахгүй гэсэн. Манай эхнэр 2017 оноос хойш элэгний хүнд өвчтэй болоод үүнээс хойш эхнэрийнхээ эм тариа, хоол унд гээд олон асуудал болж явж байгаад элэг шилжүүлэн суулгах хагалгаанд ороод нэг жил л болж байгаа. Би айлын ганц хүүхэд учраас ээжээс маань өөр туслах хүн байхгүй. Б.Э нь намайг ах дүүгүй болохоор дээрэлхээд байдаг юм шиг байна лээ. Манайх хоёр нохойтой бөгөөд нохойнуудаа байнга торонд нь байлгадаг. Салхилуулах үедээ өөрөө салхилуулдаг. Хоёр нохой маань “Түвд Мастифф” үүлдрийнх бөгөөд эрэгтэй, үзлэг, вакциндаа хамрагдсан, үзэсгэлэнд оролцдог учраас дур зоргоор нь тавих асуудал байдаггүй. Хундаам ухсан асуудлын хувьд ээжийн маань бие өвдөөд, ээжтэйгээ хоёр жилийн хугацаанд Хөтөл яваад ирэхэд Б.Э нь байшингаа барьчихсан байсан. Байшин барихдаа хундаам тавиагүй, борооны усны хаялга хийгээгүй учраас ус их тогтдог. Тэр асуудлаас болж усанд элэгдээд байхгүй болсон…” гэв.
Хэргийн үйл баримтын талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,
Хохирогч О.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 айлын орон сууцны 1-2 тоотод О.Б миний бие ээж Оийн хамт амьдардаг. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өглөө үүрээр 5-6 цагийн үед хашааны гадаа нохой хуцаад, пис гээд чимээ гарахаар нь гарч харахад машины цонх хагалаад, 2 талын толийг хугалаад хагалсан болохоор тэр хавиар хүн хайж гүйгээд ололгүй гэртээ буцаж орж ирээд зузаан хувцас өмсөөд зогсож байхад манай гэрийн цонх хагарсан. Тэгээд хөшгөө нээгээд харахад хөрш айлын Б.Э гэдэг хүн байсан. Манай гэрийн цонхийг том чулуу шидэж хагалсан ба намайг алах зорилгоор тэр чулууг шидсэн гэж ойлгож байгаа. ...Надад Б.Э гэдэг хүнтэй өс хонзонтой асуудал байхгүй. Харин Б.Э гэдэг хүн надтай байнга газрын маргаан хийдэг, намайг үргэлж манай газарт амьдарч байгаа гэж хэрүүл маргаан үүсгэдэг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
Гэрч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө үүрээр 5-6 цагийн үед унтаж байхад манай гэрийн цонхыг гаднаас нэг хүн чулуу шидэд хагалчихсан. Тэгээд хүү О.Б нь гараад явчихсан. Удалгүй би араас нь гарахад хүү О.Бийн машины арын цонх, 2 талын толь, урд талын шил цуурсан байсан, хөрш айлын хүн Б.Э хажууд нь халамцуу зогсож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 12- ны өдрийн 1137 дугаартай “...465,000 төгрөг” гэх шинжээчийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 9-11 дэх тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 12- ны өдрийн 506 дугаартай “...720,000 төгрөг” гэх автомашин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 15-17 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Э нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай хохирогч О.Бтэй урьдын харилцааны явцад үүссэн маргааны улмаас түүний гэрийн цонхыг чулуу шидэж хагалж, мөн *** УНҮ улсын дугаартай “Toyota Ist” маркийн тээврийн хэрэгслийн баруун, зүүн талын толийг хугалж, хойд талын салхины шилийг чулуу шидэж хагалж, урд талын цонхыг гэмтээж нийт 1.185.000 төгрөгийн хохирол учруулж эд хөрөнгө устгаж гэмтээсэн гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл мөн эсэх:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэжээ.
Б.Эийн дээрх үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдлийн улмаас хохирогч О.Бт “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №1137, №506 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр нийт 1.185.000 төгрөгийн хохирол учирсан болох тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 4.3 дахь заалтад “…бага хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош…” ойлгоно гэжээ. Иймд Б.Эийг бусдын эд хөрөнгөнд бага бус хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Эийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан…” гэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан үйлдэл мөн байна гэж шүүхээс дүгнэв.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “…Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална…” , мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “…хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй…” гэж тус тус заасан бусдын өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Гэм буруутай эсэх:
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар Шүүгдэгч Б.Эийг “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна…” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Э нь “...өөрийгөө өмгөөлж хэлэх зүйл байхгүй...” гэх тайлбар гаргасан болно.
Б.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх бөгөөд түүний үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул гэм буруугийн шууд санаатай байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Б.Э нь сайн дураараа хохирогч О.Бийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, *** тоот гэрийн цонхыг засаж янзалсан талаар талууд шүүх хуралдаанд мэдэгдсэн болно.
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1137 дугаартай шинжээчийн үнэлгээний тайлангаар Вакум цонх нь 465.000 төгрөг гэжээ.
Иймд хохирлын үнэлгээнээс 465.000 төгрөгийг хасаж тооцлоо.
Харин хохирогч О.Б нь *** УНҮ улсын дугаартай “Toyota Ist” маркийн тээврийн хэрэгслийн баруун, зүүн талын толь, хойд талын салхины шил зэргийг өөрийн хөрөнгөөр засаж янзлуулсан байх бөгөөд шүүгдэгч Б.Э нь уг хохирол, төлбөрийг хохирогч О.Бт төлж барагдуулаагүй байна.
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 506 дугаартай тайлангаар дээрх гэмтлийг 720.000 төгрөг үнэлсэн байна.
Иймд шүүгдэгч Б.Эийг 720.000 төгрөгийн хохирлын төлбөртэй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно…” гэжээ.
Хохирогч О.Б нь дээрх Toyoto Ist маркийн тээврийн хэрэгслээр “таксинд явж олдог байсан 1 өдрийн орлого 50.000 төгрөг”-ийг ажлын 25 өдрөөр тооцож нэхэмжилсэн бөгөөд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн бус байдлаас шалтгаалан уг ажлыг хийх боломжгүй болсон, мөн уг орлогыг өөрийн төрсөн эх Г.Оийн дансаар дамжуулан авдаг байсан талаар мэдүүлсэн болно.
Энэ нь хохирогч О.Бийн төрсөн эх Г.Оийн Хаан банкны *** дугаартай дансны 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны хуулгаар таксины төлбөр гэж орж ирсэн нийт дүнгээр нотлогдож байна гэж дүгнэлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э нь энэ талаар маргаагүй тул түүнээс гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Иймд “таксинд явж олдог байсан 1 өдрийн орлого 50.000 төгрөг”-ийг 25 ажлын өдөрт тооцон 1.250.000 төгрөгийг хор уршигт тооцож Б.Эөөс гаргуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “…хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал…” -аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал бүрдэнэ гэж заажээ.
Иймд “Хас Үнэлгээ” ХХК-аар үнэлгээ хийлгэсэн үнийн дүн болох 84.000 төгрөгийг Б.Эөөс гаргуулахаар шийдэв.
Шүүгдэгч Б.Э нь гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирол төлбөртэй холбогдуулж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч тус хугацаандаа хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлуудаасаа алийг нь ч төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Эийг гэмт хэргийн улмаас учруулсан 720.000 төгрөгийн хохирлын төлбөртэй, 1.250.000 төгрөгийн хор уршгийг арилгах зардалтай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 84.000 төгрөгийн зардалтай байна гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, мөн хохирогч О.Б болон түүний гэр бүлтэй харилцахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч Б.Э нь өөрийгөө өмгөөлж болон шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ “...Би цалингаа аваад хохирол төлбөрөө цувуулаад төлнө. Улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагатай холбогдуулан хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүхээс Б.Эд хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдалтай нь холбоотой дараах баримтуудыг судалсан болно. Үүнд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дэх тал/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 40-41 дэх тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дахь тал/.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал болон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар Б.Эийг хохирогч О.Б болон түүний гэр бүлийн гишүүдтэй харилцахыг хязгаарлах, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тус тус нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлж дуусах хүртэлх хугацаагаар тогтоосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Эөөс 2.054.000 /хоёр сая тавин дөрвөн мянга/ төгрөг гаргуулж, хохирогч О.Бт олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ