Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 45

 

О-т холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0045/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,

Прокурор Б.Бямбасүрэн,

Хохирогч Б,

Шүүгдэгч О, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О-ын давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1939003160219 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1972 онд төрсөн, эрэгтэй, 47 настай, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай О нь

2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 04 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг “Талын толгой” гэх газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б-тай маргалдаж улмаар хутгыг зэвсгийн чанартай ашиглаж түүний далны хооронд  хутгалж  эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О-ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Х овгийн Ц-н О-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-ын галт зэвсэг эзэмших, ашиглах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч О-т оногдуулсан галт зэвсэг эзэмших, ашиглах эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тоолж, шүүгдэгч О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан шар эрээн өнгийн иштэй 24 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тус тус заан шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч О давж заалдах гомдолдоо: Б бид хоёр хамт амьдраад 25 жил болж байгаа бөгөөд 3 хүүхдийн эцэг, эх болсон. Том хүү Н маань Өмнөд Судан улсад энхийг сахиулахаар явсан. Дунд хүү Т нь Анагаах ухааны их сургуулийн 1 дүгээр курст суралцдаг. Бага хүү Н нь дунд сургуулийн 7 дугаар ангид сурдаг.

Миний зүрх байнга өвддөг, даралт 150-аас буурдаггүй, тогтмол эм ууж, эмчийн хяналтад байдаг. Мөн нуруу тахийсан, хоёр нүдэндээ болор суулгаад 8 жил болж байна. Сүүлийн 2 жил миний нүдний хараа эрс муудсан. Би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд цаашид архи уухгүй гэдгээ илэрхийлж байна. Би өөрийн болон бусдын малыг хөлсөөр хардаг бөгөөд өвлийн бэлтгэл ажил хангагдаагүй байна. Мөн манай эхнэр айлд малаа түр өгөөд, орой болгон очиж өөрөө малаа хурааж, хотолдог. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Хохирогч Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөртэйгээ 25 жил амьдарч байна. О болгоомжгүйгээр миний биед гэмтэл учруулсан тул түүнд оногдуулсан ял хүнд байна гэж үзэж байна. Миний биеийн эрүүл мэндийн байдал хэвийн болсон. Ямар нэгэн зовиур байхгүй, бүрэн эдгэрсэн. О бид хоёр өөрийн болон хүний малыг харж амьдардаг. Өөрийн цөөн тооны малаа маллаж оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийдэг. О-ын хувьд намайг өмнө нь санаатай болон болгоомжгүйгээр гэмтээж, хохироосон зүйл байхгүй гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Мөрдөн байцаалтын шатанд хохирогчид Үндсэн хуульд заасан эрхийг танилцуулж гэрчээр болон хохирогчоор мэдүүлэг аваагүйгээс уг мэдүүлгүүд нотлох баримтаар үнэлэгдээгүй байдаг. Иймд анхан шатны шүүхээс О-ыг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нэг жилийн хорих ял оногдуулсан. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчоос мэдүүлэг авахдаа болгоомжгүйгээр гэмтэл учруулсан уу, санаатай гэмтэл учруулсан уу гэдгийг тодруулж асуугаагүй. Б-гаас мөрдөгч “хэн таныг хутгалсан бэ” гэж асуухад нь Б “нөхөр маань хутгалсан” гэж хэлснийг санаатай хутгалсан үйлдэл гэж ойлгож цааш ажиллагаа явагдсан. Мөрдөн шалгах ажиллагааг явуулсан мөрдөгч Д “хохирогчийн хэлснийг буруу зөрүү бичсэн байна” гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн.

Мөн цээжний хөндийд нэвтэрсэн гэмтлийг шинжээчийн дүгнэлтээр дүгнэх аргагүй учир уг дүгнэлтээр шүүгдэгчийг буруутгах нь учир дутагдалтай юм. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд бусдын биед болгоомжгүй гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялаас чөлөөлөх албадлагын арга хэмжээ авах, ял шийтгэлийг нь хөнгөрүүлэх боломжтой байна гэж үзэж байна. Иймд О-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэсэн саналтай байна.

Хохирогчийн зүгээс О-тай 25 жил ханилсан, 3 хүүхэдтэй, урьд өмнө нь О нь агсан согтуу тавьж, хэрэг төвөгт холбогдож байгаагүй гэдгийг хэлсэн. Мөн шүүгдэгч биеийн байдлын хувьд нүдний хараа муу, зүрхний эмгэгтэй түүнээс болоод байнгын даралт ихэсдэг. О-н хувьд хорих ялыг биечлэн эдлэхэд биеийн байдал болон ар гэрийн нөхцөл байдал нь хүндрэлтэй байгаа тул хөнгөрүүлэн үзэх заалтаар хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж, хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: О нь 2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 04 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б-тай маргалдаж улмаар хутгыг зэвсгийн чанартай ашиглаж түүний далны хооронд хутгалж  эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Хэрэг гарах үед байсан гэх гэрчүүд тодорхой хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэж ядраад унтсан талаараа мэдүүлдэг. Тухайн үйл явдал нь О, Б хоёрын хооронд болсон. Б гэрчээр болон хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...О намайг хутгаар хатгасан...” гэж мэдүүлдэг. Гэвч мөрдөн байцаалтын шатанд Б-гаас гэрчээр болон хохирогчоор мэдүүлэг авахдаа Үндсэн хуульд заасан мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийг нь танилцуулаагүй байдаг. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан “нотлох баримтын үнэлэхэд эргэлзээ гавал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсний дагуу шүүгдэгч О-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хорих ял оногдуулсан. О-т оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О-т холбогдох эрүүгийн хэргийг түүний давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

О нь 2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 04 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг “Талын толгой” гэх газарт эхнэр Б-гийн далны хооронд болгоомжгүйгээр хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

Гэрч О мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 10 цагийн үед эмнэлэг дээр очиход Б эгч 2 далныхаа хооронд хутгалуулсан байдалтай байсан. Хэнд хутгалуулсан талаар асуухад О гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/,

Гэрч Х-н мөрдөн байцаалтад өгсөн: “...манай эхнэр Х намайг сэрээхээр нь хартал Б-гийн гар нь цус болчихсон байсан. ...Б-гийн хоёр далных нь дунд нөхөр О- нь хутгалчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/,

Гэрч Х-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би нөхрийнхөө хамт ядарсан болохоор шууд унтсан байсан. ...Х эгчээ гээд дуудаад байхаар нь харсан чинь Б ширээнийхээ зүүн хойд гар нь цус болчихсон байсан. ...Б надад “О ширээн дээр хутга тавих гэж байгаад миний ар нуруу руу хутгаараа шүргэчихлээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/,

2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 245 дугаартай шинжээчийн

- Б-гийн биед баруун далны түвшинд багана нурууны ойролцоо цээжний хөндийд нэвтэрсэн шарх, хий, шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо...

- Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 40-42 хуудас/,

Шүүгдэгч О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...миний хэвтэж байсан орон дээр хутга байхаар нь аваад ширээ рүү тавих үед эхнэр маань хутганд өртсөн байсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”...шөнө аяга тавгаа хурааж байтал нуруу халуун оргиод явчихсан. Унтахын өмнө гал түлэх гээд мод жижиглэж байсан хутгаа орон дээр тавиад орхисон байсныг О ширээ рүү тавихдаа миний нуруунд хатгагдсан байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтуудыг шинжлэн судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд гэж үзсэн нь хуульд нийцсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байна.

О-т Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хохирогч Б-гаас хохирогчоор байцаалт авахдаа Үндсэн хуульд заасан өөрийн гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаагүй, уг эрхийг нь эдлүүлэлгүй мэдүүлэг авсныг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсний дагуу Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, О-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

О-т анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгчийн ял хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 186 дугаарт шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч О-ын цагдан хоригдсон 63 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                          Я.АЛТАННАВЧ

                                                                                              Б.ДЭНСМАА