| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 128/2022/0973/З |
| Дугаар | 221/МА2025/0075 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2025/0075
Г.Б-Э-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б;
Нэхэмжлэгч: Г.Б-Э
Хариуцагч: Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга;
Нэхэмжлэлийн шаардлага: “Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар зүйлийн 10-ны өдрийн 05/101ХХ тоот албан бичгийн хүчингүй болгуулах” тухай;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 877 дугаартай;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 128/2022/0973/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Б-Э-ээс Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргад холбогдуулан “Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар зүйлийн 10-ны өдрийн 05/101ХХ тоот албан бичгийн хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 877 дугаар шийдвэрээр: Авлигын эсрэг хуулийн 7
дугаар зүйлийн 7.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 33 дугаар зүйлийн 33.3-д /2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөс өмнөх/ заасныг тус тус баримтлан Г.Б-Э-ийн нэхэмжлэлтэй Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргад холбогдох Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар зүйлийн 10-ны өдрийн 05/101ХХ тоот албан бичгийн хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б давж заалдах гомдолдоо:
3.1. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 05/101ХХ дугаартай шийдвэрээр Авлигын эсрэг хуулийн 7.1.3 дахь заалтыг зөрчсөн Г.Б-Э д тус хуулийн 33.1.2-т зааснаар арга хэмжээ авахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон. Авлигын эсрэг хуулийн 33.1.2-т Авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрх бүхий байгууллага, албан тушаалтан (энэ нөхцөлд аймгийн Засаг дарга) нь албан тушаал бууруулах эсвэл цалингийн хэмжээг 30 хувиар бууруулах шийдвэр гаргахаар заасан.
Өөрөөр хэлбэл, хуулийн 33.1.2 дахь заалт нь аймгийн Засаг даргад бүрэн эрх олгосон заалт юм.
Харин Авлигатай тэмцэх газарт хариуцлага хүлээлгэх бүрэн эрх олгосон, эсвэл аймгийн Засаг даргад үүрэг хүлээлгэх бүрэн эрх олгосон заалт биш юм. Иймд Авлигатай тэмцэх газарт аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад хариуцлага хүлээлгэхийг аймгийн Засаг даргаас шаардах бүрэн эрх байхгүй юм.
Бид энэ талаар анхан шатны шүүхэд маргасан боловч шүүх энэ талаар дүгнэлт хийсэнгүй.
3.2. Маргаан бүхий захиргааны актад Авлигын эсрэг хуулийн 6.6 дахь заалтын дагуу арга хэмжээ авч, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг тусгасан.
Авлигын эсрэг хуулийн 6.6 дахь заалт нь Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй талаар заасан заалт.
Гэвч маргаан бүхий захиргааны акт нь Авлигатай тэмцэх газрын бүрэн эрхийн хүрээнд гарсан шийдвэр биш бөгөөд бид энэ талаар маргасан.
Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлд заасан Авлигатай тэмцэх газрын аль нэг чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарахгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хуулийн тус хэсэгт заасан аль нэг чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд гарсан талаар тайлбарлаж чадаагүй болно. Гэвч шүүх бидний тус тайлбар, үндэслэлд, дүгнэлт, няцаалт хийсэнгүй.
3.3. Маргаан бүхий захиргааны акт нь аймгийн Засаг даргад үүрэг болгосон шинжтэй эсэх эсвэл санал болгосон шинжтэй эсэх нь тодорхой бус байсан. Учир нь, актад “арга хэмжээ авах нь зүйтэй” гэж нэг бичсэн бол Авлигын эсрэг хуулийн 6.6 дахь заалтын заавал биелүүлэх зохицуулалтын бас үндэслэл болгосон.
Хэрэв Авлигатай тэмцэх газрын тус албан бичиг нь саналын шинжтэй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Иймд энэ талаар шүүхээс зайлшгүй дүгнэлт хийж, хариуцагчаас тодруулах шаардлагатай байсан боловч энэ талаар арга хэмжээ аваагүй, тодруулга хийсэнгүй.
3.4. Маргаан бүхий захиргааны актыг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга гаргасан. Гэтэл тухайн албан тушаалтан нь Авлигатай тэмцэх газрыг төлөөлж шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш юм. Авлигын эсрэг хуулийн 23.1.2, 23.1.6 дахь заалтуудад Авлигатай тэмцэх газрын төлөөлөх болон Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тушаал гаргах бүрэн эрхийг Авлигатай тэмцэх газрын дарга хэрэгжүүлэхээр заасан.
Мөн хуулийн 23.2-т Авлигатай тэмцэх газрын даргын эзгүйд түүний шийдвэрээр дэд дарга бүрэн эрхийг нь хэрэгжүүлэхээр заасан.
Иймд Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга нь Авлигатай тэмцэх газрын өмнөөс маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хууль бус юм. Бид энэ талаар анхан шатны шүүхэд хэлж мэтгэлцсэн боловч хариуцагч хариу өгөөгүй, шүүх дүгнэлт хийсэнгүй.
3.5. Авлигын эсрэг хуулийн 7.1.3 дахь заалтыг нэхэмжлэгч зөрчсөн буюу албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар бусдад давуу байдал олгосон хэмээн буруутгаж маргаан бүхий захиргааны актыг гарсан. Гэтэл нэхэмжлэгч нь хэнд ч хууль бусаар давуу байдал олгоогүй, энэ нөхцөл байдал тогтоогдоогүй. Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах замаар бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгохыг давуу байдал бий болгох ойлголтод хамруулан тайлбарласан.
Иймд хууль бус захиргааны акт гаргах явдал болгон эрх мэдлээ урвуулан ашигласан шинжгүй буюу хууль бусаар бусдад давуу байдал бий болгосон гэх ойлголтод хамрахгүй.
Иймд маргаан бүхий захиргааны акт гаргах ойлголтыг Эрүүгийн хууль. Авлигын эсрэг хуульд заасан Эрх мэдлээ урвуулан ашиглах замаар бусдад хууль бусаар давуу байдал олгох ойлголтоос ялгаж, нэхэмжлэгчийн үйлдэл алинд нь хамаарах талаар шүүх тодорхой дүгнэлт хийх учиртай.
Бид анхнаасаа энэ агуулгаар буюу “нэхэмжлэгч нь эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон зүйлгүй” гэж маргаж байгаа. Шүүх хуралдааны явцад хариуцагчаас нэхэмжлэгч нь эрх мэдлээ яаж урвуулан ашигласан эсэх талаар асуусан боловч хариулт өгч чадаагүй.
Шүүхийн зүгээс ч нэхэмжлэгчийн эрх мэдлээ урвуулан ашигласан гэж дүгнээгүй. Тийм мөртлөө эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад хууль бусаар давуу байдал олгосон гэх утга бүхий маргаан бүхий захиргааны актыг хууль ёсны гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.
3.6. Авлигатай тэмцэх газар нь нэхэмжлэгчийг Албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж эрүүгийн журмаар шалгасан. Прокурорын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 5Х дугаартай Тогтоолыг харвал Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн талаар хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгасан болох нь харагдана. Эцэстээ нэхэмжлэгч нь албан тушаалын гэмт хэрэг үйлдээгүй, хэн нэгэнд хууль бусаар давуу байдал олгох гэмт хэрэг үйлдээгүй болох нь тогтоогдож, хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан.
Тодруулбал, Увс аймгийн Прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 5Х дугаартай Тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Улсын ерөнхий прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4/297Х дугаартай албан тоотод Прокурорын тус тогтоол үндэслэлтэйг эцэслэн шийдвэрлэж, хариу өгсөн. Иймд нэхэмжлэгч нь Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй болох нь тус байдлаар эцэслэн тогтоогдсон.
Прокурорын тус тогтоолууд нь Авлигатай тэмцэх газрын маргаан бүхий захиргааны акт үндэслэлгүй болохыг харуулж байна. Түүнчлэн, тус эрүүгийн хэргийг Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид өөрсдөө мөрдөн шалгасан болохыг анхаарах нь бас зүйтэй байх. Хэрэв Авлигатай тэмцэх газрын албан бичиг, захиргааны акт үндэслэлтэй байсан бол эрүүгийн журмаар шалгаж тус нөхцөл байдлыг нотлох байсан.
3.7. Авлигатай тэмцэх газар нь нэхэмжлэгчийг зарим албан тушаалтнуудыг сонгон шалгаруулалтгүй томилсон хэмээн буруутгаж, маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Гэтэл тухайн томилгоог хийх үед Ковидын тухай хууль үйлчилж байсан бөгөөд тус хуулийн 3.2 дахь заалтын дагуу төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалт явуулах боломжгүй байсан.
Увс аймгийн Прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 5Х дугаартай Тогтоолын 3 дахь хуудасны төгсгөл хэсэгт мөн адил Ковидын тухай хуулийн 3.2 дахь заалтын дагуу 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд сонгон шалгаруулалт явуулах боломжгүй байсан тухай тайлбарласан.
Энэ нь бидний байр суурийг дэмжсэн, маргаан бүхий захиргааны актыг няцаасан дүгнэлт юм. Гэтэл маргаан бүхий захиргааны акт нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр буюу Ковидын тухай хууль үйлчилж байх үед гарсан. Иймд нэхэмжлэгчийг энэ байдлаар буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн, маргаан бүхий албан тушаалуудад сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалгыг Увс аймгаас Төрийн албаны зөвлөлд хүргүүлж байсан талаар ч баримтууд хэрэгт авагдсан.
Иймд шүүхийн шийдвэрийн 11 дэх тал, 6 дугаартай хэсэгт албан тушаалын сул орон тоог нөхөх зарыг хүргүүлээгүй гэж дүгнэж байгаа нь хууль зүйн хувьд болон бодит байдлын хувьд үндэслэлгүй юм.
3.8. Нэхэмжлэгчийг Төрийн албаны зөвлөлийн Тогтоолыг хэрэгжүүлээгүй гэх боловч төрийн албан томилогдсон ажилтнуудын зүгээс Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг эс зөвшөөрч гомдол, нэхэмжлэл гаргаж байсан зүйл байдаг.
Бид үүнтэй холбоотой тухайн ажилтнуудын Төрийн албаны зөвлөлд гаргаж байсан гомдол, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг болон шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнийг шийдвэрлэсэн талаарх баримтуудыг нотлох баримтаар цуглуулах хүсэлтийг шүүхэд гаргасан.
Мөн тухайн албан тушаалтнуудыг хэзээ чөлөөлж, хэзээ өөр албан тушаалд томилсон талаарх баримтуудыг гаргуулах хүсэлтийг гаргасан. Гэвч шүүх бидний тус хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримт цуглуулаагүй. Тэгсэн мөртлөө нэхэмжлэгчийг Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлээгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Иргэн Г.Б-Э-ийн “Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга /Т.Э /-ын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 05/101ХХ тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагчаас эс зөвшөөрч “...гомдол, мэдээллийн дагуу Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтыг үндэслэн хяналт шалгалт явуулж, “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 05/101ХХ дугаартай албан бичгийг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Засаг дарга Ч.Ч-д хүргүүлсэн... Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийн хүрээнд шалгаж шийдвэрлэсэн. Захиргааны акт үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гарган мэтгэлцжээ.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Увс аймгийн Засаг даргын “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/118 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын үүргийг “түр орлон гүйцэтгэгч”-ээр Г.Б-Э томилогдсон даруйдаа дараах тушаалуудыг гаргажээ.
-2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/6Х дугаар тушаалаар Ж.Э-ыг аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,
-2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/1Х дүгээр тушаалаар Б.Я-г Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,
-2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/1Х дугаар тушаалаар Ц.З-ыг Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,
-2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/2Х дүгээр тушаалаар Н.Ц-ыг Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилсон шийдвэрүүд Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор батлагдсан холбогдох журмын заалтыг зөрчсөн, хууль бус болохыг Төрийн албаны зөвлөлийн “Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай” 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 68, “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” мөн оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 240, “Тушаал хүчингүй болгох тухай” 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 122,123,124 дугаартай тогтоол зэргээр тогтоогдсон байна.
4. Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 65, 66 дугаар зүйлд заасан “иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргах, Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ.” гэсэн заалтыг үндэслэн Увс аймгийн төрийн байгууллагуудын хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт явуулж 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 240 дүгээр тогтоолыг гаргажээ.
5. Гэтэл нэхэмжлэгч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б нь дээрх нэр бүхий иргэдийг удирдах албан тушаалд томилсон тушаалуудыг Төрийн албаны зөвлөлөөс хууль бус болохыг тогтоосон байхад сул орон тоог нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр өрсөлдүүлж, нөхөх арга хэмжээ аваагүй, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй байна.
6. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлөөс дээр дурдсан нэр бүхий албан хаагчдыг томилсон тушаалыг хүчингүй болгосноос хойш тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулсан байна.
7. Иймд нэхэмжлэгчийн дээрх үйлдэлтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангуулахаар хууль ёсны шаардлагыг Увс аймгийн Засаг даргад хариуцагч Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргын “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 05/101ХХ дугаар албан бичгээр хүргүүлсэн нь Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй.” гэсэн заалттай нийцсэн байх бөгөөд хууль бус болох нь тогтоогдохгүй байна.
8. Хариуцагч нь гомдол, мэдээллийг үндэслэн шалгасан нь Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар “...өргөдөл, гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, өргөдөл, мэдээллийн мөрөөр, эсхүл төлөвлөгөөт хяналтаар шалгалт явуулах” эрхтэй гэсэнтэй нийцжээ.
9. Түүнчлэн дээрх албан бичиг нь Увс аймгийн Засаг дарга Ч.Ч-д чиглэсэн хууль ёсны шаардлага байх бөгөөд уг шаардлагыг Увс аймгийн Засаг дарга биелүүлээгүйгээс үзэхэд нэхэмжлэгч Г.Б-Э /тэрээр анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа тэтгэвэртээ гарсан гэх/-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэхээр байна.
10. Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын газарт Төрийн албаны зөвлөл Увс аймаг дах салбар зөвлөлөөс 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 60 дугаар албан бичгээр Увс аймгийн төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ажлын байрны сонгон шалгаруулалтын захиалгыг хүргүүлж байснаас үзвэл тухайн үед нэхэмжлэгч Г.Б-Э-ээс Төрийн албаны салбар зөвлөлд хандаж сонгон шалгаруулалт явуулах захиалга өгөх, сул орон тоог нөхөх арга хэмжээ авах бүрэн бололцоотой байсан байна.
Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Авлигатай тэмцэх газар нь нэхэмжлэгчийг зарим албан тушаалтнуудыг сонгон шалгаруулалтгүй томилсон хэмээн буруутгаж, маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Гэтэл тухайн томилгоог хийх үед Ковидын тухай хууль үйлчилж байсан бөгөөд тус хуулийн 3.2 дахь заалтын дагуу төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалт явуулах боломжгүй байсан. Увс аймгийн Прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 5Х дугаартай Тогтоолын 3 дахь хуудасны төгсгөл хэсэгт мөн адил Ковидын тухай хуулийн 3.2 дахь заалтын дагуу 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд сонгон шалгаруулалт явуулах боломжгүй байсан тухай тайлбарласан. ... Гэтэл маргаан бүхий захиргааны акт нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр буюу Ковидын тухай хууль үйлчилж байх үед гарсан. Иймд нэхэмжлэгчийг энэ байдлаар буруутгаж байгаа нь үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
11. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч Г.Б-Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2024/0877 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА