Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар  2023/ШЦТ/53

 

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Б.Н

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э

              Шүүгдэгч: Д.Д

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Дгийн Дд холбогдох эрүүгийн 2312.................... тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

              Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 32 настай, дээд боловсролтой, Уламжлалтын бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Хангай хорооллын 71-03 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т овогт Дгийн Д /РД: /,

 

                                                       Холбогдсон хэргийн талаар:

 

              Шүүгдэгч Дгийн Д нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Арвис баарнаас гарч явахдаа хохирогч Б.О Самсунг А-23 маркийн 550.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Эрүүгийн ......................... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогч Б.Оийн өгсөн:

                “...2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15 цаг хагасийн үед найзуудтайгаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Арвис нэртэй бааранд шинэ жил тэмдэглэсэн. Тэгээд өөрийн гар утсаа өөрийн сууж байсан ширээн дээр тавьсан байсан. Тэгээд 22 цагийн үед утсаа үзэхэд байж байсан. Дараа нь 01 цагийн үед баар хаах болоод утсаа хартал байхгүй байсан. Утас руугаа залгатал холбогдох боломжгүй болсон байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би 2022 оны 10 дугаар сард 859,000 төгрөгөөр Архангай аймгийн мобикомын салбараас худалдаж авч байсан. Би гар утсаа 800,000 төгрөгөөр үнэлж байна. Миний гар утас цагаан өнгөтэй, гадна талдаа цайвар ногоон өнгийн гэртэй, ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар тал/

*Хохирогч Б.Оийн өгсөн:

                “...надад гомдол санал байхгүй, хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар тал/

*Гэрч А.Дын өгсөн:

                “...манай эхнэр гэртээ 4 хүүхдээ хардаг, бага насны хүүхэдтэй тул ажил хийхгүй байгаа. Миний эхнэр Д.Д нь өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар тал/

            *Яллагдагч Д өгсөн:

            “...Миний үйлдэл тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байх тул хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/

 

            *Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 151 дугаартай: “...Самсунг-А-23 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 2022 оны 12 дугаар сарын байдлаар 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар тал/

 

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр тал/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч  Д.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

            Гэм буруугийн талаар: 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Арвис баарнаас гарч явахдаа хохирогч Б.Оийн гээгдүүлсэн  Самсунг А-23 маркийн гар утсыг бусдын өмчлөл,  эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас түүнд  550.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

 

            Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Д үйлдсэн болох нь хохирогч Б.Оийн өгсөн:                 “...2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15 цаг хагасийн үед найзуудтайгаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Арвис нэртэй бааранд шинэ жил тэмдэглэсэн. Тэгээд өөрийн гар утсаа өөрийн сууж байсан ширээн дээр тавьсан байсан. Тэгээд 22 цагийн үед утсаа үзэхэд байж байсан. Дараа нь 01 цагийн үед баар хаах болоод утсаа хартал байхгүй байсан. Утас руугаа залгатал холбогдох боломжгүй болсон байсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Д гэм буруугаа  хүлээж өгсөн: “...Миний үйлдэл тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байх тул хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/ Мэргэшсэн үнэлгээчин А.Б 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 151 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба гэм буруутай этгээд гээгдэл эд хөрөнгийг өөрийн эзэмшилдээ авах, захиран зарцуулах идэвхитэй үйлдлээр илэрч өөрийн хууль бус өмчлөлд шилжүүлэн завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар гэмт хэргийн шинж хангагдах юм. Шүүгдэгч Д гар утас бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

              Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

              Гэмт хэргийн улмаас хохирогч Б.От 550.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан Мэргэшсэн үнэлгээчин А.Б 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 151  дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Б.О нь хохирол болох утсыг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 25 хуу/ хэрэгт авагдсан, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Д энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

 

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Д.Д нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “  Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.   

 

Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй  болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Дгийн Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д эрүүгийн хариуцлагаас  чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР