Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2023/ ШЦТ/97

 

 

 

 

 

 

 

 

   2023         01          30                                  2023/ШЦТ/97

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч О.Нандинцэцэг,

хохирогч Н.Алтанцэцэг,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал,

нарийн бичгийн даргаар Б.Цэрэнбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Э.Бд холбогдох эрүүгийн 2211000002004 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: М овогт Э.Б

Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, өвөө эмээгийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

           

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Э.Б нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Яргайтын 0 тоотод байрлах “Есүсийг дагалдагч цуглаан” гэх нэртэй шашны үйл ажиллагаа явуулдаг байшин буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч дотор нь байсан сейфээс бэлэн 5.817.000 вон, 5.021.000 төгрөг, 103 доллар буюу Монгол банкны тухайн өдрийн ханшаар нийт 20.172.709 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

 

А. 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яргайтын тоотод байрлах “Есүсийг дагалдагч цуглаан” гэх нэртэй шашны үйл ажиллагаа явуулдаг байшин буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч дотор нь байсан сейфээс бэлэн 5.817.000 вон, 5.021.000 төгрөг, 103 доллар буюу Монгол банкны тухайн өдрийн ханшаар нийт 20.172.709 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь:

- шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг.

- хохирогч Н.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчимд санагдаж байна би өөрөө сүмийнхээ хаалгыг цоожлоод гарсан. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өглөө манай нөхөр 05 цагийн орчимд гадаа гарч бие засна гээд гарсан ба удалгүй эргэж орж ирээд өрөөний цонх нээлттэй байна гэж хэлсэн. Би бүх юмаа шалгаад гарсандаа гээд манай нөхөр бид хоёр очоод миний өрөө рүү нөхөр түрүүлээд орсон бөгөөд удалгүй эргээд гүйгээд гараад ирсэн бөгөөд нөгөөхийг чинь самраад хаячхаж гээд гартаа хадаасны лоом надад үзүүлсэн. Намайг тэр өрөөнд ороход мөнгөний сейф газар хэвтэж байсан хаалгыг нь дээд хэсгээр хөшөөд онгойсон харагдаж байсан. Би тэгээд онгойж байна уу гээд сейфийн бариулыг эргүүлж үзтэл сейфийн хаалга онгойхгүй байсан. Мөн газарт боодолтой мөнгө унагасан байсан ба тэр нь 2 сая гаран төгрөг байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаа нар ирж үзлэг хийгээд үлдсэн 2.415.200 төгрөг үлдсэн байсныг надад хүлээлгэж өгсөн. Христийн сүм бөгөөд манайх Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын тоотод 19 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна 160 орчим итгэгчтэй. Сүмийнхээ хажуугийн хашааг худалдаж авахаар хадгалж байсан мөнгө байгаа юм. Тухайн мөнгөний эх үүсвэр нь манай цуглаанд явдаг компанитай хүн байдаг бөгөөд газар худалдаж авахад зориулж 20 сая төгрөгийг бэлнээр хандивлаж байсан. Хэрэг болох үед сейфт 5,621,000 төгрөг мөн Солонгос улсын 5,800,000 орчим Вон байсан бас и Жун Вон гэх хүн хандивлаж байсан 200 доллар бас байсан тэгээд би нийт 20.000.000 орчим төгрөг гэж дуудлага өгсөн юм. Би сүмийнхээ орлого зарлага үлдэгдлээ байнга бичдэг би тэр хуудсаа хуулбарлаж өгнө. Манай сүм хяналтын камертай боловч хулгай хийсэн хүн бичлэг хураадаг хардыг нь салгаад авчихсан байна...Манай байгууллага хажуу хашаагаа худалдаж авах гэж бэлнээр цуглуулж байсан. Солонгос улсын 5.817.000 вон, 5.021.000 төгрөг 100 гаруй доллар байсан би хэрэг болсноос хойш хэд хоног болж гаргасан. Манай байгууллагын хажуу Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 23-374а тоот хашааны эзэн Солонгос хүн байдаг юм тэгээд бид нар Солонгос вон цуглуулж байсан гэрээгээ 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хийхээр товлосон байсан тэгээд хулгай орж мөнгө алдсан учир гэрээгээ хийхгүй хойшлуулсан. Алдсан мөнгөнөөсөө өдрийн байдлаар 4.134.960 төгрөг, 103 доллар, 5.817.000 хүлээн авсан байна. Одоо 886.040 төгрөг үлдэгдэлтэй байна дээр нь манай хяналтын камерыг эвдэрсэн байсан тул засуулж байгаа энэ засварын мөнгийг нэхэмжилж байна. Би тухайн үед монгол мөнгөө вон болгочхоод цаасан дээрээ бичээгүй байсан тэгээд санахгүй тухайн үед нь холиод мэдүүлсэн байна лээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,

- гэрч О.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Э.Бтэй арван жилдээ хамт сурч байсан одоо хамт Есүсийн дагалдагчид гэх нэртэй цуглаанд хамт явдаг би хоёр анх 2018 онд анх тэр цуглаанд очиж суугаад түүнээс хойш байнга явж байгаа. Би хувиараа 0000 УАК улсын дугаартай машинаараа такси үйлчилгээнд явдаг би 2022 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед цуглаан дуусаад машинтайгаа доошоо 32- н тойрог хүртэл яваад за за өнөөдөртөө амаръя гэж бодоод буцаад Сод монголоос машиндаа түлш хийгээд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 34-807 тоотод байх нийтийн байрандаа очсон тэгээд унтаж амарсан би хамгийн суулд Э.Бтэй 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн өдрөөр нь уулзсан түүнээс хойш уулзаагүй. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өглөө Б өөрийнхөө фейсбүүк хаягаас над руу чат бичсэн андаа найз нь нэг хэрэг хийчихлээ, би Очироо пасторын өрөөг ухчихсан сейф энд нарыг нь гэж бичсэн би тэгээд юу яриад байгаа юм, хаана байгаа юм гэтэл 17-н цагдаагийн хэлтэс рүү явлаа гэхээр нь би итгэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,

- гэрч С.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Э.Бтэй аавынхан дүү байгаа юмаа нагац эгч нь Б 2001 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн аав нь 2005 онд өвчнөөр нас барсан харин ээж нь Бат-Эрдэнийг 1 настай байхад нь бид нарт үлдээгээд явсан одоо хаана байдгийн мэдэхгүй холбоогүй байдаг. Б эмээ өвөө дээрээ өссөн. Арван жилээ Дамбын сургууль төгссөн хичээлдээ сайн эмээ өвөөдөө тусалдаг хүүхэд Есүсийн цуглаанд явдаг болоод 5 жил орчим болж байна. Есүсийн цуглааны пастор Очироо гэдэг ах над руу 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр залгаж цагдаагийн газар хүрээд ирээч Б манай сейфийг ухчихлаа гэж хэлсэн тэгээд би ирсэн. Б өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй яагаад ийм юм хийснийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл; гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-13 дугаар тал/,

- эд зүйл, бичиг баримт хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 55-56 дугаар тал/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 58 дугаар тал/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 60-62 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Б. Шүүгдэгч Э.Бийн  “Есүсийг дагалдагч цуглаан” гэх нэртэй шашны үйл ажиллагаа явуулдаг байшин буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч дотор нь байсан сейфээс бэлэн 5.817.000 вон, 5.021.000 төгрөг, 103 доллар буюу Монгол банкны тухайн өдрийн ханшаар нийт 20.172.709 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын өмчлөх эрхэнд санаатайгаар нууц далд аргаар халдаж бусдад хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдал, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нөхцөл бүрэн хангадсан тул түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Энэ хэргийн улмаас хохирогчид 20.172.709 төгрөгийн хохирол нэхэмжилснээс мөрдөн шалгах ажиллагааны үед 18.836.669 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан үлдэгдэл 1.786.040 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан байх тул  шүүгдэгч Э.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 52 см урттай, 1.5 см диаметртэй хадаасны ломбыг шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйл байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Э.Бийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Бд 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 52 см урттай, 1.5 см диаметртэй хадаасны ломбыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

          7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.БАТГЭРЭЛ