Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
Хэргийн индекс | 186/2022/0477/Э |
Дугаар | 2023/ ШЦТ/58 |
Огноо | 2023-01-16 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Б.Дөлгөөн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2023 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2023/ ШЦТ/58
2023 01 16 2023/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Б.Дөлгөөн,
шүүгдэгч Ч.Х,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал,
хохирогч Н.И,
хохирогчийн өмгөөлөгч А.Бүдханд,
гэрч Н.Хонгорзул,
гэрч Г.Энхмаа,
нарийн бичгийн даргаар Б.Цэрэнбат нарыг оролцуулан эрүүгийн 2111014580495 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: У овогт Ч.Х
Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 1, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар шүүгдэгч Ч.Х нь “Япон улсад ажиллах хүч гаргах тусгай зөвшөөрөлтэй компани зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдын төөрөгдөлд оруулж, хохирогч Н.Иээс 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ард кино театрын дэргэдэх Хаан банкнаас 31,000,000 төгрөгийг өөрийн 5026982504 дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Хыг “Япон улсад ажиллах хүч гаргах тусгай зөвшөөрөлтэй компани зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдын төөрөгдөлд оруулж, хохирогч Н.Иээс 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ард кино театрын дэргэдэх Хаан банкнаас 31,000,000 төгрөгийг өөрийн 5026982504 дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан үйлдэл нь дараах:
- шүүгдэгч Ч.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Энэ компанийг өөрсдөө авна гэж хэлээд өөрсдөө нотариатаар гэрээ хамтдаа орж гэхээ байгуулж авсан. Тэгснээс би хүчээр зарах зүйл байхгүй. Надад хууран мэхлэх оролдлого хийсэн зүйл огт байхгүй. Миний хэвийн үйл ажиллагаа явуулж байсан компанийг авчхаад эргээд бүхэл бүтэн 1 жил 6 сарын дараа ийм асуудал гаргаад орж ирж байгаад гайхаж байна. Надад хүртэл хохиролтой байна. Уг нь бүх материалаа шалгаад үзээд дараа нь нотариатаар орж гэрээ хийгдсэн зүйл юм. Энэ тусгай зөвшөөрөл нь зөвхөн “И” компанийн нэр дээр гарсан зөвшөөрөл бөгөөд компаниа зарахад компаниа дагаад зарагддаг зүйл юм. Хэн нэгэн хувь хүний нэр дээр зөвшөөрөл гардаг зүйл биш байгаа юм. Хамгийн гол нь Монгол талын компани болон нөгөө талаас Япон улсын компани хоорондоо харилцан тохиролцож гэрээ хийгдсэний үндсэн дээр тусгай зөвшөөрөл авах талаар Хөдөлмөрийн яаманд мэдээлдэг юм. Хөдөлмөрийн яам хоёр талын гэрээг үндэслээд тусгай зөвшөөрлийн хороо хуралдаж байж, тусгай зөвшөөрөл олгодог юм. Тухайн үедээ компани үйл ажиллагаа явуулж байсан болохоор тусгай зөвшөөрлийг хугацааг сунгаж өгч байсан. Манай компани 80 хүний багтаамжтай сургалтын төвийн үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд манай компаниар зуучлуулаад 2 хүн Япон улс явсан, дахиад 8 хүн Япон улс явахаар ярилцлага дээрээ тэнцсэн байсан. Ашиг орлого олох боломжтой компани юм. Энэ бүх зүйлийг өөрсдөө мэдээд ашиг олох боломжтой юм байна гээд компанийг худалдаж авсан. Тэгээд компанийг 31.000.000 төгрөгөөр зарсан ба миний хаан банкны 5026982504 дугаарын данс руу мөнгө нь орсон. Дээрээс нь Япон улсад байсан манай харилцагч компаниудын хүмүүстэй энэ хүмүүс өөрсдөө бас холбогдоод намайг ямар нэгэн хамааралгүй болсон, үүнээс хойш өөрсдийгөө хариуцаж явах талаар хэлсэн байсан. Тэрнээс хойш би өөрөө дангаараа Япон улс талын харилцагч нартайгаа холбогдох боломжгүй болчхоод байгаа юм. Энэ хугацаанд би Хонгорзул гэх хүнтэй би холбоотой байсан, ямар нэгэн байдлаар тэр хүнийг би залилсан бол эргэж холбогдохгүй шүү дээ. Хамгийн сүүлд өөрсдөө эрх сунгуулах асуудалд өөрсдөө мэдүүлгээ хоцроосон, тайлан тооцоогоо өгөөгүйгээс болоод эрх сунгагдаагүй, эрх цуцлагдсанаас болоод ийм асуудлыг гаргаж тавьж байгаа юм. Хэрвээ энэ хүмүүс энэ компанийг худалдаж аваагүй байсан бол би өөрөө эрхээ сунгуулаад ашиг орлого олоод явж байх байсан. Үйл ажиллагаа хэвийн явуулах байсан учраас би бас өөрийгөө хохирогч гэж үзэж байна. Хамгийн гол нь өмгөөлөгч хуульч хүмүүс байж ийм асуудал үүсэхгүй гэдгийг мэдсээр байж өөрсдөө худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100-101 дүгээр тал/,
- хохирогч Н.Иийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 31.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр ард кино театрын дэргэдэх Хаан банкны теллер дээрээс Ч.Хын Хаан банкны 5026982504 дугаарын данс руу шилжүүлсэн. Тухайн үедээ би өөрийнхөө Хаан банкны 5026264913 дугаарын данснаас мөнгөө бэлнээр аваад эргээд теллер дээрээ мөнгийг шилжүүлсэн. Тухайн үед Б.Х нь тухайн тусгай зөвшөөрөл энэ тэрээ огт үзүүлээгүй, хурдан мөнгөө шилжүүл гээд яаруулаад байхаар нь мөнгөө шилжүүлж залилуулсан. Уг худалдан авсан тусгай зөвшөөрлийг корона вирусийн хорио цээр цуцлагдсаны дараа очиж өөрсдийн нэр дээр шилжүүлж авах гээд Ч.Хтой холбогдоход 88111156 дугаарын утсаа авахгүй, сураггүй алга болсон. Тэгээд манай эхнэр Б.Эрдэнэцэцэг энэ тусгай зөвшөөрлийн талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ажиллах хүч хариуцсан мэргэжилтэн Отгонтуул гэх хүнтэй очиж уулзахад “тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй, анх тусгай зөвшөөрлийг авахдаа бусдад зарж борлуулж болохгүй, энэ талаар Ч.Х өөрөө мэдэж байх ёстой, та бүхэн хурдан мөнгөө олж ав” гэсэн хариу хэлсэн. Б.Хоос мөнгөө нэхэхээр одоо надад мөнгө байхгүй, тухайн үедээ байрныхаа зээлийн төлбөрийг төлчихсөн, тусгай зөвшөөрлийг сунгуулаад нэр дээр нь шилжүүлж өгнө гэж хэлсэн. Гэтэл уг тусгай зөвшөөрөл нь огт сунгахгүй, бусдад шилжүүлж болохгүй зүйлийг шилжүүлнэ гэж хэлж залилсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,
- гэрч Н.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х гэх хүнтэй холбогдоход сая сунгуулсан тусгай зөвшөөрөл 31.000.000 төгрөгөөр зарна хуулийн зүгээс ямар ч асуудал байхгүй тусгай зөвшөөрөл байгаа би өөрөө төрийн албан байгууллагад ажилд орж байгаа учраас нэр дээрээ ийм зөвшөөрөлтэй байж болохгүй байна гэхээр нь би тухайн зөвшөөрлийг худалдаж аваад хүн гаргаад ашиг олох боломжтой юм байна гэж бодоод Монгол улсад ажиллаж байгаа төрсөн дүү Н.Итэй холбогдоод наана чинь Япон улс руу ажиллах хүч гаргах тусгай зөвшөөрөлтэй компани байна тэрийг худалдаж авъя гэхэд түүний эхнэр Эрдэнэцэцэг судалж үзэх хэрэгтэй гэхээр нь би Ход судалж үзэх хэрэгтэй байна гэхэд ямар ч асуудал байхгүй сая сунгуулсан одоо авахгүй бол дараагийн хүн асуугаад байна шүү заавал судлах хэрэг байгаа юм уу гэж хэлэхэд И за за гэж хэлээд 31.000.000 төгрөгийг манай дүү Х руу шилжүүлэн өгч байсан. Тэгээд түүнээс хойш корона вирусийн улмаас улс орон болгон хөл хорио тогтоогоод ямар нэгэн хөдлөх юм хийх боломжгүй болсон бөгөөд 2021 онд нөгөө тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулахаар Хөдөлмөр хамгааллын яамны тусгай зөвшөөрөл хариуцсан Хатантуул гэдэг хүнтэй утсаар холбогдоход та бол ямар ч хамааралгүй хүн байна энэ тусгай зөвшөөрлийг хуулиараа шилжүүлэх болон зарах боломжгүй байдаг юм та мөнгө өгч худалдаж авсан бол цагдаагийн байгууллагад хандаж мөнгөө олж ав. Хөдөлмөрийн яамнаас анхнаасаа наад тусгай зөвшөөрлийг гаргаж гэрээ байгуулахдаа зарах, шилжүүлэх боломжгүй гэдгийг хэлж гарын үсэг зуруулсан байгаа гэж хэлж байсан... “...Би анх зарын дагуу холбогдохдоо Япон улсад ажиллах хүч гаргах тусгай зөвшөөрөл зарга гэсэн зарын дагуу холбогдож байсан болохоос биш компани худалдаж авна гэж Хтой холбогдоогүй И компаниа өгөхөд нь тусгай зөвшөөрлөө авч байгаа юм байна даа л гэж ойлгож байсан гэтэл хэнд ч хэрэггүй нэгэн компанийг шилжүүлэн өгч намайг залилсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11 дүгээр тал/,
- гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай нөхөр Н.Иийн эгч Х нь Япон улсад ажиллаж амьдардаг бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 18-аас 20-ны өдрийн үед нөхөр бид хоёртой холбогдоод Япон улсад ажиллах хүч гаргадаг тусгай зөвшөөрөл зарна гэсэн зар байна холбогдоод үзээч гэсний дагуу Х гэх хүнтэй 88104087 дугаарын утсаар холбогдож байсан тухайн үед тусгай зөвшөөрөл 31.000.000 төгрөгөөр зарна гэж байсан тул нөхөр И нь Хаан банкны картаасаа 31.000.000 төгрөгийг аваад 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хын Хаан банкны 5026982504 дугаартай данс руу шилжүүлэн өгч байсан мөнгөө шилжүүлэхдээ Ард кино театрын Хаан банк руу очиж шилжүүлж байсан, Тэгээд мөнгөө шилжүүлснийхээ дараа буюу 2021 оны 6 дугаар сард би Хөдөлмөр Нийгэм хамгааллын яам руу очиж Хатантуул гэдэг мэргэжилтэнтэй уулзаад Япон улсад ажиллах хүч гаргадаг Х гэдэг хүний нэр дээр байгаа зөвшөөрлийг бид нэр дээрээ шилжүүлэн авах гэж байгаа юм гэж асуухад тийм зүйл байхгүй Х гэдэг хүний нэр дээр байгаа тусгай зөвшөөрөл нэр шилжихгүй юм гэж хэлсэн. Түүний дараа Х руу яриад энэ тусгай зөвшөөрөл чинь нэр шилжихгүй гэж байна шүү дээ гэхэд ямар ч асуудал байхгүй 5и яаманд таньдаг хүн байгаа зохицуулж өгнө гэж хэлж байсан. Яаманд хандсан болохоор Япон улсад амьдарч байгаа Хонгорзул гэдэг эгчийн нэр дээр албан бичиг ирүүлсэн байсан. Тэр албан бичигт ажиллах хүч гаргах тусгай зөвшөөрөл нь хуулиараа хэн нэгэн хүний нэр лүү шилжүүлэх боломжгүй гэсэн байсан. Тийм учраас цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Яамны мэргэжилтнүүд хэлэхдээ ажиллах хүч гаргах тусгай зөвшөөрлийг өгөхөд Х гэдэг хүнд онцгойлон анхааруулж нэр шилжих боломжгүй шүү гэдгийг хэлж байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/,
- гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хавтаст хэргийн 3 дугаар тал/,
- хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 60-81 дүгээр тал/,
- Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2022 оны 2 дугаар 6/271 дугаартай лавлагаа /хавтаст хэргийн 49 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Улсын яллагч нь шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлуулж шүүгдэгч Ч.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцуулах байр суурийг илэрхийлж, дүгнэлт гарган шүүх хуралдаанд оролцсон болно.
2. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах: Хаан банкны зарлагын баримт /хх-ийн 4 дүгээр хуудас/, 2019 оны 07 сарын 05-ны өдрийн тусгай зөвшөөрөл олгох тухай 3/297 дугаартай гэрээ /хх-ийн 133-137 дугаар хуудас/, 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 3/153 дугаартай гэрээ сунгасан зөвшөөрөл, Хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас ирүүлсэн албан тоот /хх-ийн 143-144 дүгээр хуудас/, гэрч Энхмаагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулж шүүгдэгч Ч.Хыг хохирогчийг залилсан гэмт хэрэгт үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж гэм буруутайд тооцуулж, хохирлыг гаргуулах байр суурийг илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах: Гэрч Н.Хын мэдүүлэг/(хх-ийн 9-11 дүгээр хуудас/, Ч.Хын эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй лавлагаа, /хх-ийн 24 дүгээр хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 21 дүгээр хуудас/, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч Иийн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/, дансны хуулга /хх-ийн 58 дугаар хуудас/, гэрч Ч.Хын мэдүүлэг, Улсын бүртгэлийн компанийн гэрчилгээ /хх-ийн 52 дугаар хуудас/, яллагдагч Ч.Хын мэдүүлэг /хх-ийн 100-101 дүгээр хуудас/, компани худалдах худалдан авах гэрээ /хх-ийн 208 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулж шүүгдэгч Ч.Хыг залилах гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэн тус хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах байр суурийг илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүхээс хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийв.
А. Шүүгдэгч Ч.Х нь “Япон улсад ажиллах хүч гаргах тусгай зөвшөөрөлтэй компани зарна” гэж цахим орчинд зар байршуулан улмаар хохирогч Н.И нь өөрийн төрсөн эгч гэрч Н.Хонгорзулаар дамжуулан Ч.Хын эзэмшлийн “Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах” тусгай зөвшөөрөлтэй, “Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн” гэрчилгээтэй “И” ХХКомпанийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “Компанийн эрх шилжүүлэх”, “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах ” тус тус гэрээ хийж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ард кино театрын дэргэдэх Хаан банкнаас 31,000,000 төгрөгийг Ч.Хын 5026982504 дугаарын дансанд шилжүүлэн, “И” ХХКомпанийг Н.Хын нэр дээр шилжүүлэн авсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдсан бичгийн дараах:
- шүүгдэгч Ч.Хын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Иийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч Н.Хонгорзулын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 206 дугаар тал/, “Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл” /хавтаст хэргийн 203 дугаар тал/, Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 168 дугаар тал/, Компанийн эрх шилжүүлэх гэрээ /хавтаст хэргийн 164 дүгээр тал/, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /хавтаст хэргийн 208 дугаар тал/, Итгэмжлэл /хавтаст хэргийн 210 дугаар тал/, “И” ХХКомпанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр /хавтаст хэргийн 215 дугаар тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 45-47 дугаар тал/, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 60-81 дүгээр тал/, хаан банкны зарлагын баримт /хавтаст хэргийн 4 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Б. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурорын нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасан, хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт судлуулж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог.
Тус хэргийн хувьд шүүгдэгч нь залилах гэмт хэргийг үйлдэхдээ бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр хохирогчоос бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч өөртөө шилжүүлэн авсанаар залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзэж болно.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.Ход холбогдох хэргийг шүүх хуралдааны гэм буруугийн үе шатанд дүгнэхдээ: “И” ХХК-ыг төлөөлж Ч.Х нь Хөдөлмөр нийгэм хамгааллын яамтай хийсэн Тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулах гэрээний 2.4-т “хууль тогтоомжид заасан болон дараах нөхцөлд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;” гээд 2.4.4-т “тусгай зөвшөөрлийн гэрчилгээг зориулалт бусаар ашигласан, хуурамчаар үйлдсэн, засварласан, бусдад шилжүүлсэн, барьцаалсан, хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон” гэж заасныг анхнаасаа мэдсээр байсан атлаа хохирогч Н.Ид мэдэгдэлгүй хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогчид худалдан борлуулж, шилжүүлсэн тул залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэжээ.
Шүүхээс хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбарт тулгуурлан дараах дүгнэлтийг хийв: Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг хувь хүн биш хуулийн этгээд болох “И” ХХК-нд олгосон байна. /1 дүгээр хавтас хэргийн 203 тал/ Тиймээс уг тусгай зөвшөөрлийн эзэмшигч нь хуулийн этгээд болох “И” ХХК-н байна. Тухайн үед Ч.Х нь тусгай зөвшөөрөлтэй “И” ХХК-ниа зарна гэж цахим орчимд зар байршуулсан нь өөрийнх нь мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар нотлогдож байна. Тухайн үед мөрдөгдөж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3, Тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулах гэрээний 2.4.4-т заахдаа зөвхөн тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь бусдад шилжүүлж, худалдан борлуулж болохгүй гэж хориглосон. Харин Компанийн эрх бүхий этгээд нь тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн эрхийг бусдад шилжүүлж, худалдан борлуулахыг хориглосон заалт холбогдох хууль тогтоомжид хуульчлагдаагүй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Компанийн тухай хуулиудад тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн эрхийг бусдад шилжүүлж, худалдан борлуулахдаа хамтад нь шилжүүлж болохоор зохицуулалтууд тусгагджээ. Ч.Х нь хуулийн этгээдийн эзэмшилд байгаа тусгай зөвшөөрлийг салгаж дангаар нь бусдад шилжүүлэн худалдан борлуулаагүй болох нь нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ч.Х, хохирогч Н.И нарын хооронд Иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж шүүх үзэв.
Иргэний хуульд заасан хэлцлээс үүссэн маргаанд шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших эрхийг хуурч мэхлэх буюу И эвдэх аргаар олж авах гэсэн гэмт санаа зорилго байдаггүй тул уг хэлцлүүдээс үүссэн маргаан болгон гэмт хэрэг болохгүй. Харин дээрх хэлцлүүдээр халхавчлан шунахай сэдэлтээр хуурч мэхлэх буюу И эвдэх, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хууль бусаар авсан бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үздэг.
Мөн тухайн үед “И” ХХК-нд олгогдсон тусгай зөвшөөрлийн хугацааг 1 жилээр сунгагдаж 6 хоногийн дараа энэ үйл явдал болсон ба хохирогч талаас 1 жил орчмын дараа цагдаад гомдол гаргасныг дурдах нь зүйтэй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас “И” ХХКомпанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хариу албан бичигт: “...тус яамтай байгуулсан 3/150 дугаартай “тусгай зөвшөөрөл олгогч байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ”-ний хэрэгжилт хангалтгүй, гэрээнд заасан дараах үүргээ биелүүлээгүй байна...” гээд 3 заалтыг дурджээ. Уг заалтуудаас үзэхэд тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан нь мэдэж, хэрэгжүүлэх ёстой гэрээнд тусгагдсан үүрэг хүлээлгэсэн зохицуулалт байна. Үүнийг эрх шилжүүлж авсан эрх бүхий этгээд нь өөрөө судалж мэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлэхээр байна. Гэтэл компанийн эрхийг шилжүүлж авсан Н.Хонгорзул нь үүргээ биелүүлэлгүй 1 жил орчмын дараа тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах үедээ мэдэж байгаа нь зөвтгөн үзэх үндэслэлгүй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс Ч.Хыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт, санал нь няцаагдсан гэж шүүх үзэв.
Өөрөөр хэлбэл Япон Улс рүү ажиллах хүч гаргах компани худалдах, худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд анхнаасаа хоорондоо ярилцаж, тохиролцон хийсэн худалдан авалтыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдыг залилсан, залилах санаа зорилго анхнаасаа байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Ч.Хыг хохирогчийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго тогтоогдоогүй буюу өөрөөр хэлбэл гэмт хэргийн субьектив талын шинж хангагдаагүй гэж үзэн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх Ч.Хын хийсэн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн тул тус хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах шаардлагагүй гэж үзэв.
В. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шүүх шийдвэрлэв.
Г. Шүүхээс шүүгдэгч Ч.Ход холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, 36.2, 36.6, 36.9, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Ч.Ход холбогдох эрүүгийн 2111 01458 0495 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Х нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
3. Шүүгдэгч Ч.Ход урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
4. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ход урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ