Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2023/ ШЦТ/03

 

 

 

  2022         12         21                                    2023/ШЦТ/03

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Ш.М, 

нарийн бичгийн даргаар Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Дөлгөөн нарыг оролцуулан эрүүгийн 2211014271665 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч: З овогт Ш.М

Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Ш.М нь шууд санаатай, амар хялбар аргаар мөнгө олох, хохирогчийн эзэмшлийн эд хөрөнгийг өөртөө авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилготойгоор “зараад өгье” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хохирогч С.Паас Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тэди худалдааны төвд 2021 оны 02 дугаар сарын 01-ээс 03 дугаар сарын 16-ны хооронд нэг бүрийн үнэ 4,000,000 төгрөгийн Ай фоне 12 про макс загварын 128 гб багтаамжтай 2 ширхэг гар утас, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэг бүрийн үнэ 3,500,000 төгрөгийн Ай фоне 13 про макс загварын 128 гб багтаамжтай 1 ширхэг гар утсыг авч залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт, гэм буруугийн дүгнэлт

А. Шүүгдэгч Ш.М нь хохирогч С.Паас Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” худалдааны төвд 2021 оны 02 дугаар сарын 01-ээс,  03 дугаар сарын 16-ны хооронд нэг бүрийн үнэ 4,000,000 төгрөгийн “Ай фоне 12 про макс” загварын 128 гб багтаамжтай 2 ширхэг гар утас, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэг бүрийн үнэ 3,500,000 төгрөгийн “Ай фоне 13 про макс” загварын 128 гб багтаамжтай 1 ширхэг гар утсыг өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч залилсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

              - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

                - шүүгдэгч Ш.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1.300.000 төгрөгийн үнэ бүхий Ай фоне 12 про макс 128 гб гар утас 1 ширхэг, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Теди гар утас худалдааны төвийн 4 давхрын 29-1 дүгээр лангуунд суудаг П гэх эмэгтэйгээс Ай фоне 12 про макс загварын 4.000.000 төгрөгийн гар утсыг зээлж авсан. Тэгээд хэсэг хугацааны дараа эхлээд 1.300.000 төгрөг, дараа нь 1,000,000 төгрөгийг өгсөн байгаа. Үлдэгдэл 5,700,000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. Тэгээд энэ мөнгө өгч амжаагүй байхдаа 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ай фоне 13 про загварын 3,500,000 төгрөгийн утас мөн зээлсэн. Энэ утасны мөнгөнөөс 1,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5023091995 тоот дансаар Пын дансаар шилжүүлж өгсөн. Тэр үеэс хойш дахиж мөнгө өгөх гэхээр хөл хорио болж таараад мөнгө хайж явж өнөөдрийг хүргэсэн. Эхний авсан 12 про макс утсыг утасны зөрүүнд хийгээд зарчихсан. Дараагийн 12 про макс утсыг багийн найз Болдбаатарт зарсан Болдбаатарын талаар мэдэх зүйл огт байхгүй байна. Харин 13 про утсыг өөрөө хувь хүнд зарсан. Би эдгээр зарсан утаснуудынхаа мөнгийг өөрийн хэрэгцээ болон лангууны түрээсийн мөнгө бусад зардлаа төлөөд эргэлтийн хөрөнгөгүй байгаа болохоор Паас авсан утасны мөнгөө өгч чадахгүйд хүрээд байгаа юм. Ай фоне 12 про макс 128 гб загварын 2 утасны үнэ болох 8,000,000 харин Ай фоне 13 про загварын 3,500,000 төгрөгийн гар утас гээд нийт 11,500,000 төгрөгөөс би 3,300,000 төгрөгийг өгсөн. Тэгэхээр одоо нийт 8,200,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30 дугаар тал/,

              - хохирогч С.Пын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр намайг лангуун дээрээ зогсож байтал М ирээд 128гб багтаамжтай Ай фоне 12 про макс загварын гар утсыг цагаан сарын дараа удаахгүй найзаасаа авч өгье эрэгтэй найз маань гар утас олж өгөөч гээд гуйгаад байна. Манай найз мөнгийг нь найдвартай өгнө гэж хэлээд хөх өнгийн цоо шинэ гар утсыг 4,000,000 төгрөгөөр бодож авсан. Тэгээд түүнээс хойш мөнгийг нь асуухаар манай найз удахгүй өгнө гэж байна гээд хойшлуулаад байдаг байсан ба найзынх нь нэрийг асуухаар хэлэхгүй 80134072 гэсэн дугаар л өгдөг байсан. Тэр дугаар луу залгахаар ах нь удахгүй мөнгийг нь өгнө М надад хэлсэн би хүүтэй нь төлж барагдуулна гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй байгаа. Мөн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр лангуун дээрээ байж байтал Хөх өнгийн 128гб хэмжээтэй 12 про макс загварын гар утсыг 2 давхарт хүнд зарчхаад мөнгийг нь авчирч өгье гэж хэлээд 4.000.000 төгрөгөөр авсан боловч мөнгийг нь тэр даруй өгөлгүй удаж, байнга залгаж гуйлгаж байгаад 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 1,300,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг зэргийг өгсөн. Одоо үлдэгдэл 1,700,000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй. Сүүлд 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ай фоне 13 про загварын 128гб хэмжээтэй шаргал өнгийн гар утсыг 3 хоногийн дараа мөнгийг нь өгнө. Хурандаа найзын маань эхнэр нь одонгийн найр хийж байгаа найз маань эхнэртээ бэлэглэн гэж байна гэж хэлээд 3.500.000 төгрөгөөр бодож авсан. Түүнээс хойш мөн мөнгийг нь өгөхгүй байгаад байхаар нь хурандаа найзынхаа нэрийг хэлээдэх мөнгөө нэхэж авъя гэхээр огт хэлээгүй худлаа ярьсан юм шиг байсан. Түүнээс мөнгөө нэхэх болгонд манай найз мөнгийг чинь удахгүй өгнө гэдэг боловч огт өгдөггүй юм. Харин хурандаа найзынхаа эхнэр гэх 80981040 гэсэн дугаарыг өгсөн ба уг дугаар луу залгахаар огт гар утсаа авдаггүй болохоор ярьж бол үзээгүй. Харин сүүлд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр түүний гэрт очиж авна гэж хэрүүл хийж байгаад 1,000,000 төгрөг авсан. Одоо түүнээс 8,200,000 төгрөгийг авах дутуу байгаа юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,

            - хөрөнгө Эстимэйт компанийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01/41 дугаартай “...Ай фоне 12 про макс 128гб багтаамжтай хайрцаг сав, лацтай цоо шинэ гар тус 1 ширхэг 3,800,000 төгрөг, Ай фоне 12 про макс 128гб багтаамжтай, хайрцаг сав лацтай цоо шинэ гар утас 1 ширхэг 3,800,000 төгрөг, Ай фоне 13 про макс 128гб багтаамжтай Солонгос улсаас ирсэн хайрцаг сав, лацтай цоо шинэ гар утас 1 ширхэг 3,400,000 төгрөг. Үнэлгээний нийт дүн 11,000,000 төгрөг ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Б. Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлөд байгаа эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөртөө шилжүүлэн авахыг ойлгоно.

 

Шүүгдэгч Ш.М нь үргэлжилсэн үйлдлээр шууд санаатайгаар амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор буюу шунахай сэдэлтээр “зараад өгье” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хохирогч С.Паас Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тэди худалдааны төвд 2021 оны 02 дугаар сарын 01-ээс, 03 дугаар сарын 16-ны хооронд нэг бүрийн үнэ 4,000,000 төгрөгийн “Ай фоне 12 про макс” загварын 128 гб багтаамжтай 2 ширхэг гар утас, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэг бүрийн үнэ 3,500,000 төгрөгийн “Ай фоне 13 про макс” загварын 128 гб багтаамжтай 1 ширхэг гар утсыг өөртөө шилжүүлэн авч залилсан хууль бус гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ш.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ,хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

Шүүхээс Ш.Мд оногдуулсан торгох ялыг шүүхийн хэлэлцүүлэгт өөрийнх нь гаргасан санал, орлого олох боломж зэргийг нь харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Энэ хэргийн улмаас хохирогч С.Пд нийт 11.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчид 3.400.000 төгрөг төлсөн байх тул хохирол төлбөрөөс хасаж тооцон шүүгдэгч Ш.Маас нийт 7.600.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Пд олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Уг хохирлыг шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан хохирогчид хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоож, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч З овогт Ш.Мыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мд 1000 /мянган/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ял оногдуулсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Мыг торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Маас 7.600.000 /долоон сая зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулан, хохирогч С.П-д 7.600.000 /долоон сая зургаан зуун мянган/ төгрөгийг олгож, 3 /гурав/ сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.БАТГЭРЭЛ