Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
Хэргийн индекс | 186/2022/0890/Э |
Дугаар | 2023/ ШЦТ/13 |
Огноо | 2022-12-26 |
Зүйл хэсэг | 17.4.1., |
Улсын яллагч | Б.Батцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2023/ ШЦТ/13
2022 12 26 2023/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн даргаар Ц.Нэргүй,
улсын яллагч Б.Батцэцэг,
шүүгдэгч А.Б,
хохирогч Ч.А,
гэрч Б.Дэлгэрмаа,
гэрч Х.Мөнхбат нарыг оролцуулан эрүүгийн 2211010771502 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ө ургийн овгийн А.Б
Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, Халх, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч А.Б нь шууд санаатайгаар хохирогч Ч.Агийн эзэмшлийн “Ч.Т” гэх цэвэр усны үйлдвэрт түгээгчээр ажиллаж байхдаа албан ажлын шаардлагын дагуу өөрт нь итгэмжлэн хариуцуулсан 15,117,790 төгрөгийн үнэлгээ бүхий 0000 УАА улсын дугаартай “Мицибуши дэлика” маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 05 дугаар сарын 21- ний өдөр хууль бусаар завшсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Шүүгдэгч А.Б нь хохирогч Ч.Агийн эзэмшлийн “Ч.Т” гэх цэвэр усны үйлдвэрт түгээгчээр ажиллаж байхдаа албан ажлын шаардлагын дагуу өөрт нь итгэмжлэн хариуцуулсан 15,117,790 төгрөгийн үнэлгээ бүхий 0000 УАА улсын дугаартай “Мицибуши дэлика” загварын тээврийн хэрэгслийг 2022 оны 05 дугаар сарын 21- ний өдөр бусдад худалдан борлуулж завшсан үйл баримт нь хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч А.Бийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Л.Болдбаатар гэх хүнээс уг тээврийн хэрэгслийг анх хүлээж авахад эд зүйлийг хүлээлцэж авсан тэмдэглэл байхгүй, анх машин хүлээлцэж авахад дээрх эд зүйлс бүрэн бүтэн байсан бөгөөд Solite 70 амперын хүчин чадалтай аккумлятортай байсан. ...2022 оны 05 дугаар сарын сүүлчээр хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна, би Дэлгэрмаа гэх хүнд машиныг хүлээлгэж өгөхдөө машины түлхүүрийг нь өгсөн ба машины гэрчилгээний хамт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын замын урд талд Дэлгэрмаа гэх хүний ажлын байрны хашаанд машиныг нь оруулж тавьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90-91 дүгээр тал, 93-94 дүгээр тал/,
- хохирогч Ч.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ч.Т” гэсэн нэртэй цэвэр усны үйлдвэрийг 2020 оны 03 дугаар сараас хойш ажиллуулан захирлаар нь ажиллаж байгаа. 2021 оны 09 дүгээр сард хэзээ гэдгийг санахгүй байна, Үнэгүй.мн” дээр ус түгээх ажилд жолооч, борлуулагч авна гэсэн зарын дагуу А.Б гэх залуу ирж уулзан ажилд орсон. Ингээд 48-09 УАА улсын дугаартай “Мицибуши дэлика” загварын тээврийн хэрэгслийг А.Б гэх хүнд хариуцуулан өгч баллонтой ус байгууллагууд, дэлгүүрүүдээр түгээдэг байсан ба 2022 оны 05 дугаар сарын 21- ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Яргайтын 2 дугаар гудамжны 41 тоот хашаанаас уг машиныг асаахдаа хар утаа хаяад масло их идээд байна, засуулна гэж надад гар утсаар хэлээд аваад унаж явсан. Үүнээс хойш уг тээврийн хэрэгслийг авчирч өгөөгүй өдрийг хүрсэн тээврийн хэрэгслийг хариуцуулж өгөхдөө ямар нэгэн тэмдэглэл болон гэрээ үйлдээгүй..., ...тээврийн хэрэгслээ 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай нөхөр Болдбаатар Дэлгэрмаа гэх хүнээс Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол 25 дугаар байрны гаднаас хүлээн авсан гэж хэлсэн. Манай нөхөр машинаа хүлээн авахад аккумлятор солигдсон, түлхүүр байхгүй, зүүн талын хаалганы түгжээг эвдчихсэн машин асахгүй байдалтай хүлээн авсан..., ингээд машиныг сэргээн засварлахад 1,880,000 төгрөг болж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар тал, 24-25 дугаар тал/,
- Авто тээврийн Үндэсний төвийн газраас ирүүлсэн 160 дугаартай албан бичиг, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн лавлагаа гэх баримт /хавтаст хэргийн 72-73 дугаар тал/,
- иргэний нэхэмжлэгч Ч.Шын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Чулуунбат овогтой А, Лувсан овогтой Болдбаатар нар манай “Транс капитал” банк бус санхүүгийн байгууллагаас 7,000,000 төгрөгийн зээл авсан. Зээл авахдаа 0000 УАА улсын дугаартай цагаан өнгийн Мицибуши дэлика /5КР2\/М200178/ маркийн тээврийн хэрэгслийг унаж явах нөхцөлтэйгөөр барьцаалуулсан ба сар болгон 350,000 төгрөгийг Ч.А төлөөд явдаг. Одоогоор 5,360,000 төгрөгийн үлдэгдэлтэй учраас манай байгууллагын нэр дээр байгаа юм. ...зээл хэвийн төлөгдөж байгаа зээлдэгч Ч.Агийн 48-09 УАА улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг хаана байгааг нь тогтоож өгүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,
- гэрч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Х.Мөнхбатыг 2004 оноос хойш танина, ...бид хоёр найзууд. Х.Мөнхбат нь хувиараа хүнд мөнгө зээлдэг. А.Б гэх хүнийг танина. ...Х.Мөнхбаттай явж байхад 1 удаа уулзаж танилцсан ба сүүлд 1 удаа уулзсан бас надаас мөнгө зээлээд буцаагаад өгч байсан. 2022 оны 05 дугаар сарын дундуур хэзээ гэдгийг сайн санахгүй байна. .. ажил дээрээ байхад 13 цагийн үед Х.Мөнхбат над руу .... дугаараас залгаад А.Бэс машин аваад үлдээдхээч гэхээр нь би ямар учиртай машин юм гэхэд усны үйлдвэрээс хямдхан машин гарсан би худалдаж авч байгаа гэж надад хэлсэн. Удаагүй А.Б цагаан өнгийн 0000 УАА улсын дугаартай цагаан өнгийн Мицибуши дэлика маркийн тээврийн хэрэгсэлтэй ажлын гадаа ирчихсэн Х.Мөнхбат ах ярьсан уу машин үлдээх гэсэн юм гэхээр нь би ажлын газрын хашаанд тээврийн хэрэгслийг оруулж тавиулан түлхүүрийг нь авч үлдсэн ингээд Х.Мөнхбат руу залгаад А.Бат- Эрдэнээс машиныг нь аваад хашаанд тавьчихлаа гэж хэлэхэд чамд 1,140,000 төгрөг байна уу байвал А.Б лүү шилжүүлчих гэхээр нь А.Бат-Эрдэнийн данс руу 1 удаагаар 800,000 төгрөг, 2 дахь удаа 340,000 төгрөгийг өөрийнхөө 5028114926 гэсэн Хаан банкны данснаас шилжүүлсэн. ...Х.Мөнхбат маргааш өдөр нь ирээд уг тээврийн хэрэгслийг түлхүүртэй нь хамт унаад явсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-39 дүгээр тал/,
- гэрч Л.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ...1 дүгээр хорооллын 25 дугаар байрны гадаа очиход ...тээврийн хэрэгсэл байсан ба хүлээж авахад машины хаалганууд нь цоожтой, машины түлхүүр байхгүй, зүүн талын дунд хаалганы цонх түгжээ нь эвдэрсэн байхаар нь цонхоор нь гараа хийж онгойлгосон. Машины эд зүйлсээ шалгаж үзэхэд, Solite маркийн 70 амперын хүчин чадалтай аккумлятор байхгүй оронд нь X Рrо маркийн аккумлятор тавьчихсан байсан ба машины түлхүүр байхгүй байсан учир хаана байгаа талаар асуухад Дэлгэрмаа түлхүүр чинь байхгүй, олохгүй байна гэж хэлсэн. .түлхүүр тааруулан 60,000 төгрөгөөр хийлгэсэн. ...тэр газар машиныг үлдээгээд 14 хоногийн дараа ачилтын машин авчирч машинаа чирүүлж ...хашаандаа авчирсан. Намайг машин хүлээж авахад 14 настай Гунанбаатар, Дэлгэрмаа, Хосбаяр нар байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар тал/,
- гэрч Х.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...фейсбүүк дээр хүүтэй мөнгө зээлнэ гэсэн зар байсан, үүний дагуу Б гэх хүнтэй холбогдсон Б надаас анх 10,000,000 төгрөг хүүтэй зээлээд гэрээ байгуулсан санагдаж байна..., ...мөнгө зээлэх хугацаандаа надад өөрийгөө усны үйлдвэрийн эзэн гэж танилцуулаад манай үйлдвэр машинаа ашиглаж байгаад муудахаар нь хямд зардаг гэж хэлсэн. Би танайхаас машин гарвал авъя, мэдэж байгаарай гэж захисан. ...сар гаран хугацааны дараа надад мөнгөө хугацаанд нь өгөхгүй болохоор нь би мөнгөө нэхтэл Б дүү нь танд хямд машин өгье удахгүй уулзаад нэр усаа шилжүүлье гэж хэлсэн. Хамгийн сүүлд 800.000 төгрөг авсан санагдаад байна..., ...мөнгө шилжүүлэхээр өмнө зарж байгаа машинаа манай найзад аваачиж өг гэж хэлсэн ба манай найз машиныг нь авч үлдсэн гээд мөнгийг нь өгсөн гэсэн. ...би бичиг баримтыг нь үзээгүй ба машиныхаа зургийг ч хараагүй. ...уг тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын ойролцоо манай найзын гэрийн гадаа байгаа. Хулийн байгууллага эцэслэн шийдвэрлэсний дараагаар эрх бүхий байгууллагаас тээврийн хэрэгслийг хүлээлгэж өг гэх шийдвэр гарвал би өөрийн биеэр авч ирж өгнө...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,
- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн ЧД2-22-625 дугаартай “...тээврийн хэрэгсэл 15,117,790 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 66-68 дугаар тал/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай “...аккумлятор байх хэсэгт аккумлятор байхгүй байв. ...зүүн талын урд талын хаалгыг онгойлгоход, суудал доор X pro маркийн аккумлятор байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /зураг 4,6/, /хавтаст хэргийн 74-77 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон, тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
шүүгдэгч А.Б нь шууд санаатайгаар шунахай сэдэлтээр хохирогч Ч.Агийн эзэмшлийн “Ч.Т” гэх цэвэр усны үйлдвэрт түгээгчээр ажиллаж байхдаа албан ажлын шаардлагын дагуу өөрт нь итгэмжлэн хариуцуулсан 15,117,790 төгрөгийн үнэлгээ бүхий 0000 УАА улсын дугаартай “Мицибуши дэлика” загварын тээврийн хэрэгслийг 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хууль бусаар бусдад худалдан борлуулан хувьдаа завшиж, өөрийн дур зоргоор захиран зарцуулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж бүрэн хангагдсан тул гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 720 нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч А.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон нийт 12 хоногийг, нэг хоногийг найман цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд дүйцүүлэн тооцож нийт 96 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн, түүнд шүүхээс оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 624 цагаар тогтоож шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мэдүүлэг, тайлбар зэргээр нийт 5.649.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч А.Бэс 5.649.000 төгрөгийг гаргуулан, хохирогч Ч.Ад олгож, 1 сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хохирогч Ч.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэж нэхэмжилсэн ирээдүйд гарах зардлыг энэ шүүх хуралдаанаар тооцоолон тогтоох боломжгүй тул холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь 12 хоног цагдан хоригдсон болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт А.Бийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч А.Бийн цагдан хоригдсон нийт 12 /арван хоёр/ хоногийг, нэг хоногийг найман цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд дүйцүүлэн тооцож нийт 96 /ерэн зургаа/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн, түүнд шүүхээс оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 624 /зургаан зуун хорин дөрөв/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 624 /зургаан зуун хорин дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 /зургаа/ цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Бэс 5.649.000 /таван сая зургаан зуун дөчин есөн мянган/ төгрөгийг гаргуулан, хохирогч Ч.А-д олгож, 1 /нэг/ сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хохирогч Ч.А нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол болох цаашид гарах холбогдох зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 12 хоног цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч А.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч А.Бат-Эрдэнийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.
9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ