| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2023/0012/Э |
| Дугаар | 2023/ ШЦТ/14 |
| Огноо | 2022-12-26 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2023/ ШЦТ/14
2022 12 26 2023/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүгдэгч Б.А,
шүүгдэгч А.Т,
нарийн бичгийн даргаар Ц.Нэргүй,
улсын яллагч Б.Батцэцэг нарыг оролцуулан эрүүгийн 2211019882033 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овгийн Б.А
Монгол Улсын иргэн, 2004 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүнс политехникийн коллежийн 3 дугаар дамжааны оюутан, Вош бокс угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 5, эх, хойд эцэг, дүү нарын хамт, урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгч: Б овгийн А.Т
Монгол Улсын иргэн, 2003 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Вош бокс угаалгын газарт зохион байгуулагч ажилтай, ам бүл 5, эх, дүү нарын хамт, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч А.Т Б.А нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж 2022 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 03 цагийн орчимд хохирогч Ч.Иын “такси дуудуулах зорилгоор” итгэмжлэн хариуцуулсан “Айфоне Экс Эс” загварын гар утсыг завшиж 705.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
А. Шүүгдэгч А.Т Б.А нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж 2022 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 03 цагийн орчимд хохирогч Ч.Иын “такси дуудуулах зорилгоор” итгэмжлэн хариуцуулсан “Айфоне Экс Эс” загварын гар утсыг завшиж 705.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч А.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын гар утас болон дансанд нь байсан мөнгийг авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дугаар тал/,
- шүүгдэгч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өөрийнхөө үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр тал/,
- хохирогч Ч.Иын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 03:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр баруун дөрвөн замын Элба дэлгүүрийн ойролцоо байрлах “Харцага” нэртэй караокед найз Ганбатын хамт орж үйлчлүүлсэн бөгөөд караокед сууж байхдаа биеэ авч явах чадваргүй болтол согтсон байсан. Тэгээд ухаан ороод сэрэхэд би гудамжинд 3, 4 дүгээр хорооллын эцэст алхаж явж байсан бөгөөд миний гар утас болох Айфоне Экс Эс загварын гар утас алга болсон байсан бөгөөд миний Хаан банкны 5041415808 дугаарын дансыг хаагаад 5304195045 дугаарын данснаас 185.000 төгрөгийг нь 5011554406 данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад болсон асуудлын талаар хандсан. Мөн би гар утсаа хамгийн сүүлд Харцага” нэртэй караокед байхдаа ашиглаж утсаараа интернэт банкаар караокены төлбөрийг хийсэн байсан....2021 оны 06 дугаар сард 1.200.000 төгрөгөөр Тэди төвөөс худалдаж авч байсан. Мөн би өөрийн гар утасны үнэлгээг гаргасан Дамно ХХК-ны эд зүйлийн үнэлгээтэй танилцлаа миний гар утасны 705.000 төгрөгөөр үнэлсэн байна. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Мөн би гар утсаа буцааж бүрэн бүтэн хүлээн авсан. Миний Хаан банкны дансанд байсан мөнгийг авсан байхаар нь данс руу мөнгө шилжүүлж авсан хүнийг сэжиглэж байсан. Өөр тэр энэ гэж хүнийг сэжиглэж чадахгүй байсан. Учир нь би караокед согтсон байсан тул болсон асуудлыг санахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,
- насанд хүрээгүй гэрч Б.Зийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Хаан банкны данс эзэмшдэг, 5011554406 дугаар нь миний нэр дээр бүртгэлтэй миний ашигладаг Хаан банкны данс байна. Би 5011554406 дугаарын дансыг сүүлийн 3 жилийн хугацаанд ашиглаж байна. Хамгийн сүүлд би тухайн дансаа өчигдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ашигласан. Би гар утасны Хаан банкны интернэт банкны аппликэйшнээр орж ашигласан бөгөөд надтай хамт Wash Box нэртэй авто угаалгын газар хамт ажилладаг А.Т гэгч нь миний Хаан банкны 5011554406 дугаарын данс руу 184.000 төгрөгийг шилжүүлсэн.Т, А хоёр угаалгын газар ажил дээр орж ирээд надтай уулзсан тэгээд бид хоёр луу хүн утас шидэж өгсөн тэгээд утасныхаа кодыг тайлж өгсөн, тэгэхээр нь бид хоёр утсаар нь Хаан банкны интернэт банкны кодыг нь солиод нэвтэрч орсон дансанд нь 184.000 төгрөг байна энэ мөнгийг чиний данс руу мөнгө шилжүүлээд буцаагаад өөр данс руу шилжүүлээд өгөөч чамд 20.000 төгрөг өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрч өөрийнхөө Хаан банкны 5011554406 дугаарын дансаа хэлж өгсөн. Улмаар миний данс руу 184.000 төгрөг шилжиж орсон би өөрөө 20.000 төгрөгийг нь дансандаа авч үлдээд 165.000 төгрөгийг нь А.Тийн Хаан банкны 5040195154 дугаарын данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлж авсны дараа бид 3 угаалгын газраас гарч Т, А гэр гэр лүүгээ явсан, харин би сургууль руугаа явсан. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 09 цаг 30 минутын орчим миний ээж Самбуу овогтой Болортуяа нь над руу залгаад цагдаагаас чамайг дуудаж байна гэж хэлсэн би тэр үед нь угаалгын газар ажил дээрээ байсан бөгөөд надтай хамт А.Т цуг байсан. Би Тт цагдаагаас намайг дуудаж байна гэж хэлсэн тэгээд Т ажил дээр үлдсэн би цагдаагийн байгууллага руу ирж уулзахаар ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,
- Дамно ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Б. Шүүгдэгч А.Т Б.А нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж 2022 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 03 цагийн орчимд хохирогч Ч.Иын “такси дуудуулах зорилгоор” итгэмжпэн хариуцуулсан “Айфоне Экс Эс” загварын гар утсыг завшиж 705.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч А.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжээр торгох ял оногдуулах, шүүгдэгч Б.Аод 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан А.Тт шүүхээс оногдуулсан торгох ялыг өөрийнх нь санал, орлого олох боломж зэргийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Аод оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаас дээшгүй хийлгэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар
Хохирогч Ч.И “гомдол саналгүй, хохирлоо бүрэн төлж барагдуулсан” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А.Т, шүүгдэгч Б овогт Б.А нарыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тийг 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгж буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аод 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тт шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аод оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 /зургаа/ цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.А, А.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ