Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/113

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхтуул (томилолтоор),

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000022 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг гэх, ам бүл 4, эх, эхнэр, охин нарын хамт амьдардаг гэх, Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Зүүн алтан өлгий *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** тоотод түр оршин суух, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2022 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” гэх нэртэй дэлгүүрийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа ***тай “гар утсаа барьцаанд тавьж буудалд орох гэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдан улмаар түүнийг хөлөөрөө хавирч унаган нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж түүний эрүүл мэндэд хамрын нурууны хугарал, зүүн зовхи, баруун өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр багийн найз *** бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. 22 цагийн орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хороо *** дэлгүүрийн орчим нэг буудалд ороод ресефшинд төлбөр тооцооны асуудал ярихад 25.000 төгрөг дутсан. Би маргааш өглөө өгье гэж хэлээд гар утсаа барьцаанд тавьж буудалд орох гэхэд *** уурлаж, ядуу гуйлгачнаар дуудаж буудлаас гарч явсан. Би араас нь гарч бид хоёр буудлын төлбөр тооцооны асуудлаас болж маргалдсан. Мөн намайг ядуу гуйлгачин гэж ямар учраас хэлж байгаа юм гэж хэлээд зогсож байхад намайг хавирч унагааж нүүрэнд өшиглөсөн. Энэ үед *** эхнэр Анударь салгаж би ахтайгаа утсаар ярихад ах цагдаа дуудсан. Би эмнэлэгт үзүүлээгүй ямар нэгэн эмчилгээ үйлчилгээ аваагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

2. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай нөхөр *** найз ***тай нийлж архи уусан. Тэгээд буудалд орж хонох гэхэд буудлын мөнгө хүрэхгүй болохоор *** нь гар утсаа ломбардад тавьж мөнгө өгөх гэсэн *** хэрэггүй явъя гуйлга гуйж байснаас гэж хэлсэн. *** нь чи намайг гуйлгачин гэлээ гэж хэлж тэр хоёр хоорондоо барилцаж авч *** ***ыг нэг удаа нүүрэнд гараараа цохиж хавирч унагасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 203 дугаартай “...***т хамрын нурууны хугарал, зүүн зовхи, баруун өвдгөнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоов. Дээрх гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн байна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

4. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз ***ын нүүрэнд нэг удаа цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Найзаасаа уучлалт гуйж эм тарианы мөнгө төгрөг өгч хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 35 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 37 дахь тал), эд хөрөнгөгүй тухай лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 38 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***ас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 18-20 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь 2022 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” гэх нэртэй дэлгүүрийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа өөрийн найз ***ыг “гар утсаа барьцаанд тавьж буудалд орно” гэхэд нь уурлаж, улмаар маргалдан түүнийг хөлөөрөө хавирч унаган нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж түүний эрүүл мэндэд хамрын нурууны хугарал, зүүн зовхи, баруун өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч ***ын “...бид хоёр буудлын төлбөр тооцооны асуудлаас болж маргалдсан. Мөн намайг ядуу гуйлгачин гэж ямар учраас хэлж байгаа юм гэж хэлээд зогсож байхад намайг хавирч унагааж нүүрэнд өшиглөсөн...” гэх, гэрч ***ийн “...*** нь чи намайг гуйлгачин гэлээ гэж хэлж тэр хоёр хоорондоо барилцаж авч *** ***ыг нэг удаа нүүрэнд гараараа цохиж хавирч унагаасан...” гэх харилцан агуулгын зөрүүгүй мэдүүлгүүд болон, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 203 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

Иймд хохирогч ***ын эрүүл мэндэд хамрын нурууны хугарал, зүүн зовхи, баруун өвдгөнд цус хуралт гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 203 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.  

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ***ын хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, хавирч унагасан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар нотлогджээ.

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.

Иймд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, хохирол нөхөн төлсөн, гэм буруу дээр маргаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 203 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч нь хохирогчид 160.000 төгрөгийг хохиролд тооцон төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбараар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***т хохирол төлбөрт 160.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА