Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 46

 

Е-д холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0046/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,

Прокурор Д.Энхжаргал,

Шүүгдэгч Е, түүний өмгөөлөгч Э.Уянга, Ц.Дарьжав нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Х-ийн давж заалдах гомдлоор Е-д холбогдох эрүүгийн 1739002730060 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Ховд аймгийн Ховд суманд 1976 онд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай  Е нь

Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны 1-р хороо, 61 дүгээр байрны 1 дүгээр орцны 3 давхарт Х-тэй маргалдаж улмаар Х-ийг шат руу түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овогт Х-н Е-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е-ыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е-ыг  түүнд оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд 1 сард 278.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е-ын цагдан хоригдсон 1 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, түүний эдлэх ялаас 15000 төгрөг хасаж 9.985.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е- нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Х- нь хохирол, гэм хортой холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шийдвэрлүүлэхээр Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, шүүгдэгч Е- нь 01 хоног цагдан хоригдсон болохыг дурдахаар тус тус заан шийдвэрлэжээ.  

Хохирогч Х- давж заалдах гомдолдоо: Е нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны 1-р хороо 61 дүгээр байрны 3 давхарт намайг хашлага давуулан унагаасан. Үүний улмаас миний хүзүүний 6-р нугаламын нум 2 талдаа, хүзүүний 7-р нугаламын арын сэртэнгийн хугарал, сээрний 5, 10, 11 дүгээр нугаламын шахагдсан хугарал зэрэг гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд гэмтэлд тооцогдох бөгөөд цаашид ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон.

Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Э гэх хүнтэй Нүүрс тээвэрлэх гэрээ байгуулсан /хх-ийн 178 хуудас/ бөгөөд Е-ын уг үйлдлээс болж гэрээгээ хэрэгжүүлж чадаагүй, мөн дахин том тэрэг жолоодох боломжгүй болсон.

Уг хэргийг цагдаа, прокурор, шүүхийн байгууллага үнэн зөвөөр шийдвэрлэхийг хүсээгүй нь хавтаст хэргийн 195 дугаар талд авагдсан 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 5/03 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, 2-р хавтаст хэргийн 26 дугаар талд авагдсан 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 416 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамж, миний гаргасан нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй болгосон зэргээс харагдаж байна. Уг хэргийг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэх боломжтой байсан атал анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Е- үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, уг хэрэгт гүтгүүлсэн мэтээр мэдүүлэг өгч байхад шүүгч Е-ыг 3 удаагийн мянгат малчин, хурдан морь уядаг, торгох ял шийтгэх болсон талаар тайлбар хийсэн. Хавтаст хэрэгт Е-ыг мянгат малчин, хурдан морь уядаг талаар баримт байхгүй байхад шүүгч ямар учраас энэ талаар онцолж торгох ялаар шийтгэх болсон нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “...гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй” гэж хуульчлан заасаар байхад шүүгдэгч Е-ыг мянгат малчин, уяач мэтээр хандаж торгуулийн ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-т “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино”, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан байхад үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүнийг шүүхээс торгох ялаар шийтгэснийг болон шийтгэх тогтоолын 3, 4 дүгээр заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие бүрэн эдгэрээгүй, гэмт хэргийн хор уршиг нь арилаагүй байгаа бөгөөд хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшихгүй байгаа хүнийг торгох ялаар шийтгэсэн нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Е болон түүний өмгөөлөгч Ц.Дарьжав давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Е-ыг хэргээ хүлээгээгүй байхад анхан шатны шүүхээс торгох ял оногдуулсан гэх гомдол нь үндэслэлгүй юм. Тухайн хэрэг гарах үед нэг нь нэгнийгээ татсан болохыг тогтоох баримт нотолгоо эргэлзээтэй байсан тул Е “шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлнэ, шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ” гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн нь тэмдэглэлд тусгагдсан. Шүүхээс Е-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож торгох ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж гомдол гаргаагүй, хэргийн нөхцөл байдалд улсын яллагч болон шүүх дүгнэлт өгөөд торгох ялын санал гаргаж, торгох ял шийтгэсэн нь хууль зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.

Шүүх Е-ын талд  үйлчилсэн, түүнийг торгууль төлөх эд хөрөнгийн чадвартай гэж үзсэн гэх гомдлын тухайд: Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасны дагуу хуульд нийцүүлэн шийдвэрлэснийг нэг талыг баримталсан гэж үзэхгүй юм.

Шүүх, прокурор, цагдаагийн байгууллага хохирлын баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй болгосон гэх гомдол нь ойлгомжгүй байна. Учир нь хуулийн байгууллага Х-ийн баримтыг яаж нотлох баримтын шинжгүй болгосон болохыг дурдаагүй, тэдгээр баримт гэх уншигдахгүй зүйлсийг шүүх бүгдийг нь Е-оос гаргуулахаар заасан байхад гомдол гаргах нь үндэслэлгүй юм. Нүүрс тээвэрлэх гэрээтэй холбоотой хохирлын хувьд шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа тул хохирогч Х-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х шүүх, прокурорын байгууллага эмчилгээний зардлын талаар баримтуудыг уншигдахааргүй болгосон гэсэн гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан эмчилгээний зардлын баримтууд зарим нь уншигдахааргүй болсон байсан. Харин анхан шатны шүүх бүх баримтуудыг үнэлж Е-оос хохирлыг гаргуулсан.

Мөн Х нүүрс тээвэрлэх гэрээний хохирлыг гаргуулах талаар гомдол гаргасан. Хавтаст хэрэгт нүүрс тээвэрлэх гэрээ авагдсан боловч мөнгө өгч, авч байсан талаарх болон орлогоосоо татвар төлж байсан баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байна. Анхан шатны шүүх хохирогч Х-д иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхисон нь үндэслэлтэй юм.

Хохирогч Х цагдаа, шүүх, прокурорын байгууллага Е-ын талд үйлчилсэн гэж гомдол гаргасан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасны дагуу боломжийг судалж баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан. Шүүх өөрийн эрх хэмжээ, дотоод итгэл, прокурорын ялын саналыг харгалзан үзэж шүүх Е-д торгох ялыг оногдуулсан. Е нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогчид хохирол, төлбөрийг төлж барагдуулсан, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл болно гэж үзэж байна. Е, Х нарын хооронд олон жилийн өмнө 7 тооны хонины маргаан гарч цагдаагийн байгууллагад хандсан боловч тогтоогдоогүй. Энэ асуудлаас үүссэн таарамжгүй харилцааны улмаас Х Е-ыг таарсан газраа хэл амаар доромжилж, биед нь халддаг байсан. Мөн хэрэг гардаг өдөр хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байх боломжтой юм. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудын судлаад үзэхэд хэн нь хэнийгээ унагасан гэдэг нь эргэлзээтэй, Е, Х нар хамт шатнаас унасан, Е-ын 7-8 хавирга хугарсан, хүнд гэмтэл учирсан зэрэг байдлууд тогтоогддог. Е- гэм буруугийн хувьд “шүүхээр асуудлыг шийдвэрлүүлнэ, шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ” гэсэн байр суурьтай байсан. Анхан шатны шүүхээс Е-ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулсныг Е хүлээн зөвшөөрсөн. Хохирогч Х Е-ыг хорих ялаар шийтгүүлэх санал тавьж, гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ нь хувийн таарамжгүй харилцаатай холбоотой гэж үзэж байна. Иймд Х-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Е давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүндэтгэж байна. Хохирогч Х-ийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм. Энэ хэрэг нь 7 хонины асуудлаас буюу хувийн таарамжгүй харилцааны улмаас болсон. Х- надтай таарах болгондоо энэ асуудлаас болж хэл амаар доромжилж, бие махбодод маань халддаг байсан гэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дарьжав өмгөөлөгчтэй санал нэг байна. Хохирогч Х-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Е- нь Бэрх тосгоны 1-р хороо, 61 дүгээр байрны 1 дүгээр орцны 3 давхарт Х-тэй маргалдаж улмаар Х-ийг шат руу түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай шалгаж тогтоосон байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын үйлдсэн яллах дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Иймд хохирогч Х-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Е-д холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Е- нь Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 1-р хороо 61 дүгээр байрны 1 дүгээр орцны 3 давхарт Х-тэй маргалдаж улмаар Х-ийг шат руу түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Х-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Е намайг заамдаж аваад хаалгаар гаргаж, 3 давхрын шатны хашлага давуулаад 3 давхраас 2 давхрын шатны хэсэгт шатны ирмэг дээр унагасан. Би унахгүйн тулд Е-ын куртикнээс баруун гараараа барьж аваад арагш савсан. Е миний дээр цээжин дээр намайг унасны дараа унасан. Би хөдөлж чадахгүй доор хэвтэж байхад Е гараад зугтаасан. Намайг түлхэхийг О, А хоёр коридороос харж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26, 32-33 хуудас/,

Гэрч А-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Х ах Е-ыг гэрээс гар гээд түлхэхэд Е Х ахыг өөр рүүгээ татаад буцаагаад шат руу түлхсэн. Х ах унахдаа Е-ын хувцаснаас барьж унасан. Х ах Е хоёр хоёулаа унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуудас/,

Гэрч Н-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Х 2 давхрын орцны хэсэгт доошоо харчихсан хүзүү, нуруу болохоо больчихлоо, намайг түлхчихлээ гээд байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 хуудас/,

Гэрч Ц-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Х 2 давхрын коридорын шалан дээр доошоо харчихсан ёолоод хэвтэж байсан. Е доошоо гүйж яваа харагдсан. Би Е-ын араас гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-15 хуудас/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17 хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-19 хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 343 дугаартай шинжээчийн

- Е-ын биед цээжний зүүн талд 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-р хавирганы хугарал, дал ясны цөмөрсөн, зөрүүтэй хугарал, баруун, зүүн уушигны доод дэлбэнгийн авчилт, зүүн уушигны плеврийн хөндийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...

- Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 71 хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 431 дугаартай шинжээчийн

- Х-ийн биед хүзүүний 6-р нугаламны нум 2 талдаа, хүзүүний 7-р нугалмын арын сэртэнгийн хугарал, сээрний 5,10, 11 дүгээр нугаламын шахагдсан хугарл гэмтэл тогтоогдлоо...

- Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 99-100 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгчийн үйлдсэн хэргийг талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх Е-д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нотлогдох хэмжээнд нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх өөрчлөх шаардлагагүй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

 1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                          Я.АЛТАННАВЧ

                                                                                              Б.ДЭНСМАА