Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2025/0077

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Нгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н

Нэхэмжлэгч: Д.Н

Хариуцагч: Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: Г.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг даргын 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар захирамжаар Улаан хадны өвөлжөөг эзэмшүүлснийг, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшлийн талбайн хэмжээ өөрчлөх тухай” А/59 дүгээр захирамжийн Улаан хадны өвөлжөөг эзэмшүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 118/ШШ2024/0064 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 118/2024/0049/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Н нь Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг даргад холбогдуулан “Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг даргын 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар захирамжаар Улаан хадны өвөлжөөг эзэмшүүлснийг, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшлийн талбайн хэмжээ өөрчлөх тухай” А/59 дүгээр захирамжийн Улаан хадны өвөлжөөг эзэмшүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 118/ШШ2024/0064 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Шүүхийн шийдвэрийн 7 дугаар хуудсанд 2003 оны захирамжийг үндэслээд 2008 онд Г.Б гэдэг хүнд гэрчилгээ олгогдоод, 2019 онд талбайн хэмжээ өөрчлөх нэрийдлээр 500 метр квадрат болгоод баталгаажуулсан нөхцөл байдлууд харагддаг. Гэхдээ 2003 онд хавсралт байхгүй байхад Г.Бд 2003 оны захирамжийг баримтлан гэрчилгээ бичсэн нь хуульд нийцэхгүй байна. Цаг хугацааны хувьд гэрчүүдийн мэдүүлгээр Ш.Б Г.Б нарын худалдан авсан гэх нөхцөл байдал 2006 оны үед гэж ойлгож байгаа. Гэтэл 2003 онд Г.Б-ын нэр дээр захирамж гарчихсан гэж үзээд 2008 оны гэрчилгээг хүчинтэй үзээд байгаа юм уу? эсхүл Ш.Бы нэр дээр гарсан гэж үзээд 2008 онд гэрчилгээ олгоод байгаа юм уу? энэ нь хуульд нийцэхгүй.

3.2. Хоёрдугаарт, 2019 оны талбайн хэмжээ өөрчлөх нэртэй боловч агуулгын хувьд газар эзэмшүүлж байгаа захирамж юм. Өөрөөр хэлбэл захиргааны акт нь захиргааны хууль бус шинж бүхий, агуулгын хувьд алдаатай, 2019 онд Г.Б гэдэг хүнд энэ захирамж гэрчилгээ болж олгогдож байсан, хууль ёсоор нь олгогдох нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж харахаар байна. Эндээс дүгнэхэд өмч хувьчлалаар авсан н.Д гэх хүний эзэмшил байх ёстой энэ өвөлжөөний газрыг н.Б гэх хүн дур мэдэн Г.Бд худалдсан асуудал ярьж байгаа. Шүүхээс шударга эзэмшигч гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл шударга эзэмшигч гэдэг маань хууль зөрчихгүйгээр тухайн эд хөрөнгийг олж авах асуудлыг ярихаас биш хүний өмч хөрөнгийг шууд бусдад худалдаж байгаа нөхцөл байдлыг шударга эзэмшигч гэж үзэхгүй.

Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн учир шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Н нь “Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг даргын 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар захирамжаар Улаан хадны өвөлжөөг эзэмшүүлснийг, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшлийн талбайн хэмжээ өөрчлөх тухай” А/59 дүгээр захирамжийн Улаан хадны өвөлжөөг эзэмшүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг даргад холбогдуулан гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Гуравдагч этгээд Г.Бд Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг даргын 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар захирамжийг үндэслэн тус сумын Ойгон багийн нутаг дахь Улаан хад нэртэй өвөлжөөний газрыг эзэмшүүлж, 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 0124464 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

3.2. Улмаар мөн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшлийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” А/59 дугаар захирамжаар Г.Б-ын эзэмшиж буй өвөлжөөний газрын хэмжээг 5,000 м.кв болгон нэмэгдүүлсэн байна.

3.3. Гэтэл нэхэмжлэгч Д.Нгээс “... уг өвөлжөөг манай аав олон жил эзэмшиж байгаад Ш.Бд харж байгаарай гээд захиж үлдээгээд явсан байхад, дур мэдэн Г.Бд худалдсан, Г.Б нь өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж авсан нь хууль бус” гэж тайлбарлан, маргаан бүхий захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар энэхүү маргаан үүсжээ.

4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Газрын тухай хууль /1994 оны/-ийн 30 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 31 дүгээр зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 30 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг хянан үзэж тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн тухайн газрыг эзэмшүүлэх эсэх тухай шийдвэр гаргана”, 32 дугаар зүйлийн 1-д “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан байна.

4.2. Дээрх хуулийн заалтаас үзвэл газар эзэмшихийг хүссэн иргэн нь харьяалах Засаг даргад өргөдөл, холбогдох баримтыг бүрдүүлэн өгөх, Засаг даргаас өргөдлийг хянаад газар эзэмшүүлэх эсэх тухай захирамж гаргаснаар газар эзэмших эрхийг олж авахаар хуульчилжээ.

4.3. Маргаан бүхий Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн нутагт байрлах Улаан хадны өвөлжөөг хувьчилсан талаарх баримт байхгүй болох нь хэрэгт авагдсан Завхан аймгийн Архивын тасгийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/1392 тоот албан бичигт дурдсан.

4.4. Харин нэхэмжлэгч Д.Нгийн эцэг Д.Д нь дээрх өвөлжөөнд амьдарч байгаад 1992 оны өмч хувьчлалаар уг өвөлжөөний хашааг авсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан Д.Дариймаагийн 067942  дугаартай хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр нотлогдож байна.

5. Газрын тухай хууль /2002 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргана”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж тус тус заасан.

5.1. Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг даргын 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Г.Бд эзэмшүүлж, 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 0124464 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна.

5.2. Дээрхээс үзвэл, маргаан бүхий газарт нэхэмжлэгч Д.Нгийн эцэг Д.Д амьдарч байсан хэдий ч тухайн өвөлжөөний доорхи газрыг эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, энэ талаар гаргасан хүсэлт бүртгэгдээгүй байна.

5.3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл маргаан бүхий газрыг эзэмших эрхийг гуравдагч этгээд Г.Б хуульд заасан журмын дагуу олж авсан байх тул түүний эрхийг хязгаарлах, газар эзэмшүүлсэн Засаг даргын шийдвэрүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгоод өвөлжөөний газрыг хэнд эзэмшүүлэхийг Засаг дарга шийднэ” гэх тайлбар ойлгомжгүй бөгөөд хүлээн авах үндэслэлгүй.

6.1. Мөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Ш.Б, Г.Б нарын аль нэгэнд эзэмшүүлсэн шийдвэр гарсан эсэх нь тодорхойгүй буюу захирамжийн хавсралт архивд авагдаагүй байхад гэрчилгээ бичиж өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл” гэж тайлбарлан маргаж байгаа ч Д.Нгийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий захирамжийн улмаас зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

6.2. Учир нь, нэхэмжлэгч Д.Нгийн хувьд уг өвөлжөөний хашааг өвлөж авсан талаарх баримт байхгүй, түүний эцэг Д.Д нь өвөлжөөний хашааг хувьчилж авсан хэдий ч тухайн үед үйлчилж байсан Газрын тухай хуулиар өвөлжөөний газрыг эзэмших хүсэлт гаргаж байсан болон өөр бусад байдлаар газар эзэмшихтэй холбоотой баримт байхгүй байна.

6.3. Нэхэмжлэгчээс 2023 онд “өвөлжөөний газрыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн иргэдийн Нийтийн Хуралд гаргасан боловч иргэдийн Нийтийн Хурал нь газар эзэмших, ашиглуулах шийдвэр гаргах эрхгүй этгээд бөгөөд цаг хугацааны хувьд гуравдагч этгээд Г.Бд газар эзэмших эрх үүссэнээс хойш байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... удаа дараа хүсэлт гаргаж байсан” гэх тайлбар үндэслэлгүй.

6.4. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 118/ШШ2024/0064 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ