Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Н.Сансархүү,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

Улсын яллагч Ц.Сүхбат,

Хохирогч Б.Пүрэвдулам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баасанбатын Оюунбатад холбогдох эрүүгийн 201525020944 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1962 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 13-81 тоотод оршин суух, урьд нь нийт 8 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:

 

1. Ардын Армийн Улиастай дахь гарнизоны тусгай шүүхийн 1981.04.10-ны өдрийн 19 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200-ын “а”, 199-ийн ”а”-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1981.07.13-ны өдрийн 389 тоот БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 7 сар 16 хоногийн ялыг өршөөсөн,

2. Улаанбаатар хотын шүүхийн 1984.09.20-ны өдрийн 280 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 65-р зүйлийн Б, 64-р зүйлийн Б, 88-р зүйлийн Б, 109-р зүйлийн Б, 168-р зүйлийн В, 1741 дүгээр зүйлд зааснаар 15 жилийн хорих ялыг шийтгүүлж, Улсын дээд шүүхийн 1984.10.28-ны өдрийн 593 тоот магадлалаар БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 65-р зүйлийн А, 168-р зүйлийн Б, 88-р зүйлийн Б-д зааснаар 11 жилийн хорих ял болгон өөрчилсөн,

3. Барилгын цэргийн тусгай шүүхийн 1985.12.11-ний өдрийн 177 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153-р зүйлийн Б, 109-р зүйлийн В-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Улаанбаатар хотын шүүхийн 1984 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 280 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг буюу 8 жилийн хорих ялыг нэмж нийт 15 жилийн хугацаагаар хорих ялаар,

4. Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 1988.09.13-ны өдрийн 189 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153-р зүйлийн 3, 123-р зүйлийн 2-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Барилгын цэргийн тусгай шүүхийн 1985.12.11-ний өдрийн 177 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 15 жилийн хорих ялд багтааж шийдвэрлэсэн,

5. Төв аймгийн хэсгийн ардын 3 дугаар шүүхийн 1993.02.19-ний өдрийн 07 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211-1-р зүйлд зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн 7 жил 2 сар 7 хоногийн ялын зарим болох 7 жилийг нэмж 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймгийн шүүхийн 1994.10.28-ны өдрийн 189 тоот захирамжаар хорих ялыг хугацааны өмнө тэнсэж сулласан,

6. Нийслэлийн шүүхийн 1999.06.17-ны өдрийн 14/а  тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, 1993.02.19-ний өдрийн 07  тоот таслан шийдвэрлэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

7. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2000.09.01-ний өдрийн 76 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх ялын эдлээгүй үлдсэн 2 жил 23 хоногийг нэмж, бүгд 4 жил 23 хоногийн хорих ялаар шийтгэж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2002.11.12-ны өдрийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн сулласан,

8. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008.07.14-ний өдрийн 227 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, 2012.10.16-ны өдөр ялыг биечлэн эдэлж суллагдсан, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УХ62071236 / Шавь овогт Баасанбатын Оюунбат нь:

 

- Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж ялтай байдлын хугацаа дуусаагүй байхдаа, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон байхдаа 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 13-82 тоотод оршин суух иргэн Б.Пүрэвдуламын байшинд хууль бусаар нэвтэрч зөөврийн компьютер 1 ширхэг, модем 1 ширхэг хулгайлж, 230.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 13-82 тоотод оршин суух иргэн Б.Пүрэвдуламын байшинд дахин хууль бусаар нэвтэрч 32 инчийн Эл Си Ди зурагт 1 ширхэг, Эс Ка маркийн гар утас 1 ширхэг, Эл Жи маркийн гар утас 1 ширхэгийг хулгайлж, 1.080.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 13-82 тоотод оршин суух иргэн Б.Пүрэвдуламын байшинд дахин хууль бусаар нэвтэрч мөнгөн аягыг хулгайлан 140.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдэж, нийт 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1

дүгээр хавтас 7-8, 12-13, 48-52, 2 дугаар хавтас 133-134 /

Эд зүйлийн үнэлгээ / 1 дүгээр хавтас 30, 78, 2 дугаар хавтас 140 /

Эд зүйл хураан авах тэмдэглэл / 1 дүгээр хавтас 81 /

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 1 дүгээр хавтас  59 /

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас 146-148 /

 

Хохирогч Б.Пүрэвдулам мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  Манайд удаа дараа хулгай орсон. Эхний удаа нь 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байсан. Хүүхдүүдээ авчихаад гэртээ 18:30 цагийн орчим ирэхэд манай байшингийн хаалгыг эвдчихсэн гэрээс нөтбүүк, улс нэтийн модем хоёрыг хулгайлсан байсан ба гэрт байсан 37 инчийн Шарп маркийн зурагтыг авч явах гээд гэрийн үүдэнд тавьчихсан байсан.  Дараа нь 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэрээсээ 13:30 цагийн үед хүүхдүүдээ баярлуулах гээд хөдөөнөөс ирсэн охин дүүгийн хамтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орохоор явсан юм. Гэтэл гэрт үлдсэн утсаар над руу залгасан. Тэгээд гэртээ ирэх замдаа манай урд гудамжинд амьдардаг цагдаагийн урамшуулалт эргүүл Гэрэлээ эгч рүү утсаар ярьсан. Тэр эгчийг “Яаралтай очиж шалга даа” гэсэн чинь  очиж үзээд “Хаалга үүд чинь зүгээр байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Та цонх үз дээ” гэсэн чинь “Цонх чинь онгорхой байна шүү дээ. Гэрээс чинь зурагт алдагдсан юм шиг байна. Зурагт чинь байхгүй байна. Өөр юу алдагдсаныг харах боломжгүй байна гэж” хэлсэн. ...Би тэр өвгөнийг л сэжиглэж байна. Тэр манай хашаан доторх эд зүйлс рүү болон манай машин руу хараад л байдаг байсан. 3 дахь удаад цонхоор орж гал тогооны шүүгээнд байсан мөнгөн аягыг хулгайлсан байсан. Хуучны мөнгөн аяга болохоор хэдэн төгрөг хүрэхийг мэдэхгүй байна гэжээ. / 1 дүгээр хавтас 61- 63, 2 дугаар хавтас 146-147 /

 

Гэрч Н.Ганхад мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Намайг ажил дээрээ байж байхад 05 дугаар сарын 26-ны өдөр гэрт хулгай орсон гэж манай эхнэр над руу утсаар хэлсэн. Тэгээд намайг очиход цагдаагийн байгууллагын ажилчид ирээд гар, хурууны хээ аваад байсан. Тухайн өдөр манай гэрээс нөтбүүк, модем хоёр алдагдсан. 2 дахь хулгай нь 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 13:00 цаг өнгөрч байхад хүүхдүүдээ баярлуулах зорилгоор гэрээсээ гарсан хойгуур орсон байсан. Бид нар үдээс хойш 17:00 цаг өнгөрч байхад иртэл манай байшингийн том өрөөний цонхоор орж манай гэрт 37 инчийн зурагтыг аваад явчихсан байсан. ...гал тогооны цонхыг яг он сарыг нь санахгүй байна хагалж ороод миний талийгаач эмээгийн өгч байсан ганц мөнгөн аягыг аваад явчихсан байсан  гэжээ. / 1 дүгээр хх 64-65 /

 

Гэрч Ш.Болормаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2015 оны 06 сарын 01-ний өдөр төрсөн өдөр тэмдэглэчихээд согтуу явж байгаад Саппорагийн автобусны буудал дээр өөрийгөө Оюунаа гэх үл таних ахимаг насны залуу хамт пиво ууя гэхээр нь зөвшөөрч байрны гадаа пиво хувааж уусан. Тухайн үед тэр залуу цагаан өнгийн гар утас гартаа барьсан байсан ба  халааснаасаа хар өнгийн утас гаргаж ирээд “Ах нь энэ хоёрыг зараад мөнгө болгоё” гээд дахин 2л пиво уугаад надад хар өнгийн дэлгэгддэг утас өгсөн. Тэр залуу ганцаараа явсан. Үүргэвч үүрсэн байсан ба ямар нэг зурагт, зөөврийн компьютер байгаагүй гэжээ. / 2 дугаар хавтас 178-179 /

 

Гэрч Ц.Энхболд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2015 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд би Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст жижиүүрийн мөрдөн байцаагчаар ажилласан. Тухайн үед хэргийн газрын үзлэгийн тэмдээглэлд хавсаргах схем зураг үйлдэхдээ гарын мөр илрүүлэн авсан объектыг зурахдаа Хараа архи гэж андуурч бичсэн байна. Энэ талаар би сүүлд мэдсэн. Ажлын ачаалал ихтэй байсан учир Ерөөл архины шилийг андуурч бичсэн. Учир нь хэргийн газарт байсан хоосон ерөөл архины шилнээс шинжээч д/ч С.Анхбаяр ул мөр бэхжүүлэн авсан болно гэжээ. / 2 дугаар хавтас 198-199 /

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын  970 тоот дүгнэлтэнд:

1. Б.Оюунбат нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

2. Б.Оюунбатын удамд сэтгэцийн өвчтэй хүн байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

3. Б.Оюунбат өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдаж чадаж байсан байна.

4. Б.Оюунбат нь хэрэг хариуцах чадвартай байна. Б.Оюунбат нь сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

5. Б.Оюунбат нь болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна.

6. Б.Оюунбатад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэжээ. / хх 155 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 495 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн № 1,2,3 дугаарын 3 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн № 4 дугаарын 1 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

3. Шинжилгээнд тэнцсэн 3 ширхэг гарын мөр Б.Оюунбатын гарын дардастай тохирохгүй байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн Б.Оюунбатын баруун гарын эрхий хурууны дардас санд 2015-128 СБД дугаараар бүртгэгдсэн 1 ширхэг гарын мөртэй тохирч байна гэжээ. / 1 дүгээр хавтас 192 /

 

Шүүгдэгч Б.Оюунбатыг 2015.09.17-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 106-107 / 2015.09.24-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 110-112, 113-114, 149-150, 247, 2 дугаар хавтас 158-160 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 1 дүгээр хавтас 198 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Оюунбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би энэ хулгайн хэргийг Батзаяа үйлдсэн гэдгийг хэлсээр байхад яагаад шалгахгүй байгааг асуумаар байна. Батзаяа надад хэлэхдээ “ Мөнгөн аягыг би хулгайлсан гэдгээ прокурорт бичиж өгсөн “ гэж хэлсэн. Өмнөх хоёр үйлдлийг байцаагч өршөөлд орчихно гэхээр нь би үйлдсэн гээд хэлчихсэн. Учир нь би Батзаяагаас эмээдэг учир түүнийг хэрэгт татаад яахав гэж бодсон юм. Намайг өлсгөлөн зарласан байхад ирж гарын мөр авсан. Болормааг би танихгүй, мэдэхгүй. Би 2 гар утсыг Батзаяагаас аваад тэр өдөр Болормаад өгсөн. Болормаа намайг илчилсэн. Би Батзаяад “ Би чамайг илчилнэ “ гэхэд түүнтэй хамт явсан Наранбаатар нь намайг зодсон юм. Би зурагтыг ломбарданд тавьсан гэж худлаа мэдүүлж, төөрөгдүүлсэн юм. Батзаяа зурагтаа аваад явчихсан байсан. Батзаяа нь урьд шоронд орж байгаагүй. Манай тэнд амьдардаг залуу юм. Би өмнө нь надтай ял эдэлж байсан гэж худлаа мэдүүлсэн. Сая батлан даалтанд гарсан байхдаа Батзаяа, Наранбаатар хоёртой хамт хулгайн хэрэг үйлдсэн. Байцаагч намайг дуудаж уулзаад камерын бичлэгт орсон байна гэж хэлсэн. Гэхдээ намайг одоогоор сэжигтнээр байцаагаагүй байгаа. Хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

 

Хохирогч Б.Пүрэвдулам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015.05.26-ны өдөр нөхөр маань ажилдаа явсан. Би 2 хүүхдээ сургуульд нь хүргэж өгчихөөд буцаж 18.30-д гэртээ ирэхэд 2 давхар хаалганы цоожийг эвдлээд хулгай орсон байсан. Зурагтыг үүдний сандал дээр тавиад нөүтбүк модем 2-ыг авч явсан байсан. Бурханы өмнөх архийг уугаад орон доогуур шилийг нь хаясан байсан. Тэрнээс гарын мөр авахад энэ хүнийхтэй тохирсон. Хамар хашааг хүмүүс  хөлсөлдөг юм. Гэтэл энэ хүн 2015.05.31-ний өдөр манай нөхрөөс Наран гэдэг хүн буруутай гэж бичиж өг гэсэн байсан.

2015.06.01-ний өдөр бид нар 13.30 цаг болж байхад гэрээсээ гараад 17 цаг өнгөрч байхад харьж явтал дүүгийн маань утаснаас над руу дуудлага ирсэн. Дүү хамт явсан бөгөөд гэртээ утсаа орхисон байсан учир дахиад хулгай орчихлоо гэж мэдсэн. Тэгээд бид цагдаагийн урамшуулалт эргүүл Гэрэлээ гэдэг эгч рүү утасдаж хэлтэл цонхоор ороод зурагт, 2 утсыг авсан байсан.  Хар утсыг буцаан өгсөн.

Хамгийн сүүлд буюу 2016 оны 06 сарын 16-ны өдөр гэрээсээ гараад дэлгүүр ороод 10 минут болоод иртэл цонх онгорхой тор нь хийсэж байсан. Тэгээд ортол хамаг бичиг баримтуудыг тарааж хаяад ганц мөнгөн аяга байсныг аваад явсан байсан.

Энэ хүн давж заалдах шатны шүүх хуралдаанд манай гэрт орж мөнгөн аяга хулгай хийснээ зөвшөөрч хэргүүдээ нэгтгэж шалгаж өгөөч гээд байсан. Гэтэл одоо бас худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Хашаагаа зарсан хирнээ одоо болтол хохирол төлж өгөөгүй. 2 жил болж байна. Мөнгөн аягыг багаар үнэлсэн. Би одоо ийм мөнгөөр тийм аяга авч чадахгүй. Гомдолтой байна гэв.

 

Шүүгдэгч Б.Оюунбат нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдон ялтай байх хугацаандаа  2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 13-82 тоотод оршин суух иргэн Б.Пүрэвдуламын байшинд хууль бусаар нэвтэрч зөөврийн компьютер 1 ширхэг, модем 1 ширхэг хулгайлж, 230.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

- 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 13-82 тоотод оршин суух иргэн Б.Пүрэвдуламын байшинд дахин хууль бусаар нэвтэрч, 32 инчийн Эл Си Ди зурагт 1 ширхэг, Эс Ка маркийн гар утас 1 ширхэг, Эл Жи маркийн гар утас 1 ширхэгийг хулгайлж, 1.080.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

-2016 оны 06 дугаар сарын 16-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 13-82 тоотод оршин суух иргэн Б.Пүрэвдуламын байшинд дахин хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга хулгайлан 140.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулан хохирогч Б.Пүрэвдуламд нийт 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас 7-8, 12-13, 48-52, 2 дугаар хавтас  132-133 /, Эд зүйлийн үнэлгээ / 1 дүгээр хавтас 30, 78, 2 дугаар хавтас 140 /, Эд зүйл хураан авах тэмдэглэл / 1 дүгээр хавтас 81 /, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 59 /, Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас 146-148 /, …2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 18:30 цагийн орчим гэртээ иртэл манай байшингийн хаалгыг эвдэн орж нөтбүүк, улс нэтийн модем хоёрыг хулгайлсан ба гэрт байсан 37 инчийн Шарп маркийн зурагтыг авч явах гээд гэрийн хаалганы үүдэнд тавьчихсан байсан. … Дараа нь 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гадуур явж байтал гэрт орхисон дүүгийн утсаар над руу залгахаар нь Цагдаагийн урамшуулалт эргүүл Гэрэлээ эгч рүү утсаар ярьж гэрээ үзүүлтэл “ Цонх чинь онгорхой, зурагт чинь байхгүй  байна ” гэж хэлсэн. Дахин 2016 оны 06 сарын 16-ны өдөр дэлгүүр ороод ирэх хооронд дахин цонх хугалж ороод мөнгөн аяга хулгайлсан байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Б.Пүрэвдуламын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 61-63, 2 дугаар хавтас 146-148  /,  ... 05 дугаар сарын 26-ны өдөр нөтбүүк, модем хоёр, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр зурагт аваад явчихсан байсан. Хамгийн сүүлд он сар өдрийг нь санахгүй байна гал тогооны цонхыг хагалж ороод миний талийгаач эмээгийн өгч байсан ганц мөнгөн аягыг аваад явчихсан байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Н.Ганхандын мэдүүлэг / хх 64-65 /, Шүүх сэтгэц эмгэг судлалын  970 тоот дүгнэлт / 1 дүгээр хавтас 155 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 495 тоот шинжээчийн дүгнэлт / 1 дүгээр хавтас 192 /, ... Ажлын ачаалал ихтэй байсан учир Ерөөл архины шилийг андуурч бичсэн болохоо сүүлд мэдсэн. Учир нь хэргийн газарт байсан хоосон ерөөл архины шилнээс шинжээч д/ч С.Анхбаяр ул мөр бэхжүүлэн авсан болно гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ц.Энхболдын мэдүүлэг / 2 дугаар хавтас 198-199 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Оюунбатыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж ялтай байхдаа, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Оюунбат нь урьд онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон тул түүний ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Оюунбат нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 227 тоот шийтгэх тогтоолоор онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д зааснаар өршөөлд хамааруулахгүй байгааг дурьдав.

 

Шүүгдэгч Б.Оюунбат нь дээрх хулгайн гэмт хэргүүдийг Батзаяа гэгч үйлдсэн, мөн батлан даалтанд байх хугацаандаа Батзаяа, Алтанбагана нартай бүлэглэн хулгай хийсэн гэж мэдүүлснийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

1. Шүүгдэгч Б.Оюунбат нь хулгайн хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон.

2. Б.Оюунбат нь Батзаяа, Наранбаатар нартай дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэнг нотлох баримт байхгүй. Хэргээ шийдвэрлүүлэхгүй байх зорилготой, удаа дараа хэргийн талаар янз бүрээр мэдүүлж байгаа нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа тул түүний мэдүүлгийг үндэслэн хэргийг мөрдөн байцаалтанд буцаах үндэслэлгүй байна.

 

Хохирогч Б.Пүрэвдулам нь шүүхийн хэлэлцүүлэгт мөнгөн аягыг багаар үнэлсэн байна. Одоо ийм мөнгөөр дахин тийм аяга авахгүй гэж мэдүүлсэн боловч мөрдөн байцаалт болон прокурорын шатанд гомдол гаргаагүй, дээрх аяга нь биетээр байхгүй учир дахин үнэлүүлэх боломжгүй тул үнэлгээг үндэстэй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                ТОГТООХ нь:

            

1. Баасанбатын Оюунбатыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, ялтай байхдаа, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 100.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар ялтан Б.Оюунбатын эдлэх ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүйг дурьдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Б.Оюунбатаас 1.385.000 /нэг сая гурван зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаагийн 13-82 тоотод оршин суудаг /РД:МИ79102501/ Балжиннямын Пүрэвдуламд олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Б.Оюунбатын цагдан хоригдсон 313 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Ялтан Б.Оюунбатыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ

 

                                           ШҮҮГЧИД                                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

             Б.ДУЛАМСҮРЭН