| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2023/0020/Э |
| Дугаар | 2023/ ШЦТ/65 |
| Огноо | 2023-01-17 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2023/ ШЦТ/65
2023 01 17 2023/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны Д танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С. Батгэрэл даргалж,
улсын яллагч Г.Ууганбаатар,
шүүгдэгч М.Ж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис,
нарийн бичгийн даргаар Б.Цэрэнбат нарыг оролцуулан эрүүгийн 2202000000426 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: М овогт М.Ж
Монгол Улсын иргэн, 2004 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч М.Ж нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ агууламжтай нийт 10,2 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
А. Шүүгдэгч М.Ж нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ агууламжтай нийт 10,2 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт нь хавтаст хэрэгт бичгээр авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 15 дугаар тал/,
- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8 дугаар тал/,
- мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 380 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 4 дүгээр тал/,
- хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12 дугаар тал/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5393 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл зүйлээс дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарна. “1” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 10,6 грамм байсан ба 0,5 граммыг шинжилгээнд зарцуулав” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32 дугаар тал/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 5391 дугаартай Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ж гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Тетрагидроканнабинол /THC/ нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38 дугаар тал/,
- мөрдөгчийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 6 дугаар тал/,
- шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1067 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Б. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн донтох өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм. Уг бодисыг хүн хэрэглэснээр хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний биед улиг муу зуршил бий болгодгоороо нийгэмд үзүүлэх хор уршиг өндөртэйд тооцогдон нийгэмд аюултай гэм үйлдэл гэж үздэг. Тиймээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч хуульчилжээ. Энэ гэмт хэргийг үйлдэж буй хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг мансуурах зорилгоор шууд санаатайгаар түүж бэлтгэн, улмаар хадгалж хэрэглэснээр хэргийн бүрдэл хангагдаж уг гэмт хэрэг төгссөнөөр тооцогддог билээ.
Иймд шүүгдэгч М.Ж нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ агууламжтай нийт 10,2 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч М.Жд ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ар гэрийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Ж нь сэтгэцэд нөлөөлөх бодисын хамааралгүй гэсэн сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, 18 настай СУИС-ын 1 дүгээр дамжааны оюутан, эцэг эх нь группт байдаг ар гэрийн байдал зэрэг хувийн байдал, түүний биеэс олдсон сэтгэцэд нөлөөлөх бодисын төрөл, хэмжээ зэргийн тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусдаар түүний гэр, сургууль байршдаг Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр зорчих эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хязгаарлаж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1 дугаараар тэмдэглэн хураан авсан гялгар ууттай цэвэр жин нь 10,6 грамм /шинжилгээнд 0,5 грамм ашигласан гэх/ ургамал мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт М.Жыг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Жд 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.Жд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар эдлүүлж, Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр хооронд зорчих, яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусад газар руу зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч М.Ж нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа байгаа №1 дугаараар тэмдэглэн хураан авсан гялгар ууттай цэвэр жин нь 10,6 грамм /шинжилгээнд 0,5 грамм ашигласан гэх/ ургамал мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт үлдээсүгэй.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ