Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/114

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ***т холбогдох эрүүгийн 2303000320051 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2004 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ******* ******* ******* суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***-ийн харьяа *** 1-р курсийн оюутан, ам бүл 3, эмээ, ээж нарын хамт амьдардаг гэх,  ******* ******* ******* сумын *** дүгээр баг, *** дугаар байр, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн *** дугаар хороо *** байрны *** тоотод түр оршин сууж байгаа, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр ******* өртөөнөөс “*******-Улаанбаатар” чиглэлийн суудлын 286 дугаар галт тэрэгний 1 дүгээр вагоны 17 дугаар местэнд суугаад 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өглөө 07 цаг 40 минутын орчимд, Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар төмөр замын вокзал дээр буухдаа гээгдүүлсэн иргэн ***ийн эзэмшлийн Самсунг галакси Эс-22+ /Samsung Galaxy S22/ загварын гар утсыг, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, хохирогч ***т 2.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

2. Эд зүйл хүлээлгэн өгсөн: “...2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цаг 55 минутад хохирогч ***т 1 ширхэг Samsung Galaxy s22+ загварын 1 ширхэг гар утсыг хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 112 дахь тал),

3. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр ******* өртөөнөөс 20 цаг 20 минутад *******аас Улаанбаатар чиглэлийн суудлын 286 дугаар галт тэрэгний 1 дүгээр вагоны 17 дугаар местэнд сууж яваад 1 дүгээр сарын 02-ны өглөөний 07 цаг 40 минутад Улаанбаатар төмөр замын вокзал дээр буухдаа өөрийн Самсунг глакси эс-22 загварын гар утсаа мартаж буусан. Намайг галт тэрэгнээс буух үед нэг 20 орчим насны хүн тухайн вагонд унтаад үлдсэн. Би гэртээ очоод 8 цаг 40 минутын орчим гар утсаа мартаж бууснаа мэдээд би буцаж ирээд вокзалын цагдаад хэлэхэд цагдаа тухайн галт тэрэгний даргатай утсаар холбогдон миний утасны талаар тодруулж асууж өгсөн. Тэгэхэд миний гар утсыг асууж өгөхөд галт тэргэнд байхгүй байна гэж байсан. Манай хүүхэд намайг гар утсаа мартсан байна гэж хэлэхэд миний гар утасны дугаарт залгахад дуудаж байсан дуудуулж байгаад салгасан. Ахин залгаж үзэхэд гар утсыг миний унтраасан хариуг өгсөн талаар надад хэлсэн. Би 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Home Plaza буюу Самсунгийн салбар дэлгүүрээс 3.599.000 төгрөгөөр бэлнээр мөнгөөр худалдаж авч байсан. Гадна талаараа өнгөгүй кэйстэй өөр содон шинж тэмдэг байхгүй, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утас байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

4. Иргэний нэхэмжлэгч ***н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр ******* худалдааны төв дээр ажиллаж байгаад иргэн *** гэдэг залуугаас Самсунг /Galaxy S22/ загварын гар утсыг 1.500.000 төгрөгөөр худалдан авсан буюу надад *** нь 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр миний “Хаан банк”-ны *** дугаарын тоот дансаар 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч хохиролгүй болсон тул цаашид ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст 30-31 дэх тал),

5. ***н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гар утас худалдан борлуулах “*******” төв дээр сүүлийн 10 гаран жил гар утас худалдан борлуулах ажлыг үндсэн ажлынхаа хажуугаар хийж ирсэн. Би өөрийн ажил дээрээ буюу “*******” төв дээр ажлаа хийж байсан. Энэ хугацаанд үдээс хойш 14 цаг өнгөрч байхад 2 залуу гар утас зарна гээд тэр хавиар эргэлдэж байсан. Тэр хоёртой би 2 давхрын шатан дээр тараад зарах утас байгаа юм уу, үзье гэхэд ийм утас байна гэхээр нь үнэ ханшийг асууж хоорондоо тохиролцон гар утсыг худалдан авсан. Харвал зүсийг танина. Өндөр туранхайвтар залуучууд байсан. Би тухайн 2 залуугаас хэний гар утсыг зарах гэж байгаа талаар нь асуухад манай ээжийн гар утас намайг зарж болно гэсэн зүйл яриад байхаар би авсан. Гар утсаа зараад iphone авна гэж хоорондоо ярьж байсан. ******* гэдэг лавлагааг нь гаргуулан авсан. Өнөөдөр намайг ажил дээр байхад надтай уулзсан залуу байна лээ. Би тухайн үедээ бичиг баримтыг харах гэхэд байхгүй болохоор нь түц машинаас лавлагаа гаргуулан авсан. ...Би 1.500.000 төгрөгөөр худалдан авсан. Би дансаар мөнгийг нь шилжүүлсэн. Өөрийн хаан банкны *** тоот дансаар уг гар утасны имей серал дугаарыг бичиж шилжүүлсэн. Надад байгаа би худалдан борлуулаагүй байгаа. Манай хамт ажилладаг хүний лангуун дээр байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дэх тал),

6. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 05-ны ТХҮ-723/5404 дугаартай шинжээчийн: “Samsung galaxy S22+ гар утас-2.200.000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 57-58 дахь тал),

7. Хохирогч ***ийн: “... овогт миний бие Samsung S22 plus маркийн гар утсаа галт тэргэнд хулгайд алдсан ба уг гар утсаа биетээр нь олж авсан тул цаашид гомдол санал байхгүй. Миний бие хөдөө орон нутаг явах тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 23 дахь тал),

8. Гялс банк интернэт гүйлгээний: “...******* ******* *** дугаарын данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдээлэл (хавтаст хэргийн 81 дэх тал),

9. Шүүгдэгч ***ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 107 дахь тал),

10. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 8 цагийн орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн төв буудал дээр ******* Улаанбаатар чиглэлийн суудлын 285 дугаар галт тэрэгний 1 дүгээр вагоны 17 дугаар местэнд дээр дэлгэц нь дээшээ харсан байдалтай байсныг олж авсан. Эхэндээ ямар нэгэн зарж үрэх бодолгүй байсан хүн гар утсаа орхиж явсан байна гэж бодсон. Галт тэрэгнээс буух үед миний гар утасны дэлгэц цайрсан дэлгэц нь ямар нэгэн мэдрэмжгүй болсон. Тэгэхээр нь олсон гар утсаа зарж засуулах бодол орж ирсэн. Тэгээд галт тэрэгнээс олсон Самсунг галакси Эс 22 загварын гар утсаа ******* худалдааны төв орж гар утасны ченж Батмагнай гэдэг хүнд 1.500.000 төгрөгөөр зарж борлуулсан бөгөөд 1.500.000 төгрөгөөс 400.000 төгрөгөөр өөрийн гар утасны дэлгэцийг засаж янзлуулсан. Би 1.100.000 төгрөгийг хадгалаад байж байсан. ...Би хүний эзэмшилд байгаа гар утсыг олж аваад зарж борлуулсан үйлдэлдээ хуулийн дагуу арга хэмжээ авхуулахад татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-74 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү *** нь дуу цөөтэй гэхдээ нэг ярих юм бол нэлээн хална. Нэг залхуурвал залхуу, урлаг спорт талдаа сайн, сургуулийн шилдэг сурагч олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог хүмүүсийн дунд нэр хүнд сайтай хүнд тусархуу хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал), *** сургуулийн *** сургуулийн “*** нь 2022-2023 оны хичээлийн жилд тус сургуулийн “Компьютерын сүлжээ”-ний ангийн 1-р курст суралцаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 78 дахь тал), Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 79 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 80 дахь тал), эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах тухай лавлагаа (хавтаст хэргийн 82 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 85 дахь тал), үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (хавтаст хэргийн 86 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 98 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 44-46 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр ******* өртөөнөөс “*******-Улаанбаатар” чиглэлийн суудлын 286 дугаар галт тэрэгний 1 дүгээр вагоны 17 дугаар местэнд суугаад 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өглөө 07 цаг 40 минутын орчимд, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар төмөр замын вокзал дээр буухдаа гээгдүүлсэн иргэн ***ийн эзэмшлийн Самсунг галакси Эс-22+ /Samsung Galaxy S22/ загварын гар утсыг, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, хохирогч ***т 2.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдад зарсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Тодруулбал, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч ***ийн “...1 дүгээр сарын 02-ны өглөөний 07 цаг 40 минутад Улаанбаатар төмөр замын вокзал дээр буухдаа өөрийн Самсунг глакси эс-22 загварын гар утсаа мартаж буусан. Намайг галт тэрэгнээс буух үед нэг 20 орчим насны хүн тухайн вагонд унтаад үлдсэн. Би гэртээ очоод 8 цаг 40 минутын орчим гар утсаа мартаж бууснаа мэдээд би буцаж ирээд вокзалын цагдаад хэлэхэд цагдаа тухайн галт тэрэгний даргатай утсаар холбогдон миний утасны талаар тодруулж асууж өгсөн...” гэх, иргэний нэхэмжлэгч ***н “...Би 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр ******* худалдааны төв дээр ажиллаж байгаад иргэн *** гэдэг залуугаас Самсунг /Galaxy S22/ загварын гар утсыг 1.500.000 төгрөгөөр худалдан авсан буюу надад *** нь 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр миний “Хаан банк”-ны *** дугаарын тоот дансаар 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч хохиролгүй болсон тул цаашид ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... ...******* гэдэг лавлагааг нь гаргуулан авсан. Өнөөдөр намайг ажил дээр байхад надтай уулзсан залуу байна лээ. Би тухайн үедээ бичиг баримтыг харах гэхэд байхгүй болохоор нь түц машинаас лавлагаа гаргуулан авсан. ...Би 1.500.000 төгрөгөөр худалдан авсан. Би дансаар мөнгийг нь шилжүүлсэн. Өөрийн хаан банкны *** тоот дансаар уг гар утасны имей серал дугаарыг бичиж шилжүүлсэн...” гэх мэдүүлгүүд болон “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 05-ны ТХҮ-723/5404 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогджээ.

Шүүгдэгч *** нь олсон эд зүйл буюу гар утсыг бусдын гээгдүүлсэн эд зүйл, хөрөнгө гэдгийг мэдсээр байж зохих байгууллага, иргэнд хүлээлгэн өгөх арга хэмжээ аваагүй, харин амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах зорилгоор бусдад худалдсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлттэй байна. 

Мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 2.200.000 төгрөгийн бодит хохирол учирсан байх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээнээс доош төгрөг” гэж зааснаар бага хэмжээнээс дээш хохиролд хамаарна

Иймд, шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байх тул шүүгдэгч ***ыг “...гээгдэл эд хөрөнгө ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 107 дахь тал)

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 110 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч ***ын хувийн байдлыг харгалзаж түүнд оногдуулсан торгох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ***т мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***т 2.200.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хавтас хэргийн 23 дахь талд хохирогч нь “...гар утсаа биетээр нь олж авсан тул цаашид гомдол санал байхгүй...” гэх хүсэлтийг бичгээр гаргасан, иргэний нэхэмжлэгч *** нь “...2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр миний Хаан банкны *** дугаарын дансаар 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч хохиролгүй болсон тул цаашид ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***, иргэний нэхэмжлэгч *** нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй бөгөөд гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА