Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/127

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнх,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ***т холбогдох эрүүгийн 2205034560112 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын *** дугаар баг, *** хэсэг гудамж, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн *** дугаар хороо *** тоотод түр оршин суух, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоот нийтийн байрны хоёр давхрын 12 дугаартай өрөөнд байсан, тухайн байранд өөртэй нь цуг хамтран амьдардаг хохирогч ***ын эзэмшлийн 3.200.000 төгрөгийн үнэ бүхий “Asus Tuf gaming A15” брендийн нөүтбүүк буюу зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ийг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би ажил дээрээ хонохоор болоод гэрээсээ явсан. Манай гэрт манай найз болох *** үлдсэн. *** нь манай гэрт байдаг, бид хоёр нийтийн байр түрээслэн амьдардаг юм. Маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 10 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы түгжээний боолтыг нь салгаад манай гэрт хулгай орсон байдалтай байсан. Гэртээ орох үед миний ширээн доор цүнх дотор байсан зөөврийн нотебүүк байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Мөн тухайн үед *** рүү залгаж гэрт хулгай орсон байна гэж мэдэгдсэн. Манай гэрээс Asus tuf gaming A15 маркийн хар өнгийн зөөврийн нотебүүк алдагдсан байсан. Тухайн зөөврийн нотебүүкийг би 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрсөн өдрөөрөө хувь хүнээс 5.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...***ийг найзуудтайгаа 5.000.000 төгрөгийн нотебүүктэй болчихлоо зарах уу, авах хүн байна уу гэж чаталсан чатыг нь олоод сэжиглэж эхэлсэн. Орон доор байсан алдагдсан нотебүүкийн цэнэглэгч нь байхгүй болсон байсан. ...*** нь надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

2. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн *** тоот нийтийн байранд жижүүрээр ажиллаад 10-20 хоног болж байна. Тухайн өдөр би тус нийтийн байрны 1 давхарт байрлах өрөөндөө байж байсан. Би тус тоотод ганцаараа амьдардаг. Цагийг нь санахгүй байна, өдөр нэг хүүхэд ирээд манай гэрт хулгай ороод миний эд зүйл алга болсон байна гэсэн. ...Би цагдаа нар ирэхээс өмнө тус эрэгтэйг дагаж 2 давхарт байрлах гэрт нь орсон. Тэгэхэд хаалганы гадна тал дээр гараараа дарсан байх гэж бодож байна. Тэрнээс бусдаар би тухайн тоот айл руу орж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37, 40-41 дэх тал),

3. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай лангуу нь Теди төвийн 3 давхарт байдаг бөгөөд зөвхөн өмнө нь хэрэглэж байсан нотебүүк хувь хүнээс худалдаж аваад цааш нь зардаг байсан. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэг үл таних залуу ирээд Asus gaming нотебүүк зарна үнэ ханш нь хэдээр авах уу гэж ирж байсан. Тухайн үедээ нотебүүкээ авч ирээгүй үнэ асууж байсан. Тэгэхээр нь би үзэж харж байгаад болно гэсэн чинь нөгөө залуу дундаж үнэ ханш нь хэдтэй байгаа вэ гэхээр нь би 1.700.000-1.800.000 төгрөг болно гэсэн чинь яваад өгсөн. Маргааш нь миний таньдаг нотебүүк авдаг залуу фейсбүүк дээрээс өмнөх өдөр нь ирж байсан залуугийн нотебүүк шиг үзүүлэлттэй нотебүүк зарна гэж байна авах уу гэхээр нь би наад залуу чинь манай дээр өчигдөр ирсэн гэсэн аан заза гээд үлдээсэн. 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр намайг ажил дээрээ байхгүй үед нөгөө нотебүүк зарах гээд байсан залуу манай лангуун дээр ирсэн байна гээд манай ах *** хэлсэн. Би тухайн нотебүүкийн үзүүлэлтийг нь мэдэж байсан болохоор *** ахад ажиллагаа хэвийн эсэхийг нь шалгаад авчих гээд өөрийн хаан банкны *** тоот дугаарын данснаас тус залуугийн *** тоот данс руу 1.700.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үедээ би зарсан хүний иргэний үнэмлэхийн лавлагаа болон лавлагаа дээр холбогдох дугаарыг нь бичиж авсан тус хүн *** гэж бичүүлэн авсан *** гэх нэртэй би тухайн нотебүүкийг худалдаж аваад дараагаар нь зарсан. Би тухайн үед гэмт хэргийн замаар алдагдсаныг нь мэдээгүй гэхдээ тус хүүхдийн царай сэжигтэй санагдсан. Гэхдээ иргэний үнэмлэхийн лавлагааг нь авсан байсан тул гайгүй байх гэж бодоод авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал),

4. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ТХҮ-923/5498 дугаартай шинжээчийн: “Америк улсад үйлдвэрлэгдсэн Asus Tuf gaming A15 брендийн/rtx 3060 график карттай/ gaming 15.6 инчийн зөөврийн компьютер-3.200.000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 61-63 дахь тал),

5. ***ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга “*** дугаартай данснаас 1.700.000 төгрөгийг шилжүүлсэн тухай” (хавтаст хэргийн 69 дэх тал),

6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-6, 12-14 дэх тал),

7. Таньж олуулах ажиллагаа явуулсан: “...Тухайн үед надад нотебүүк зарахаар ирсэн гэх нь 4 дугаараар дугаарласан эрэгтэй байна, тус эрэгтэй нь ирэхдээ ганцаараа ирсэн туранхай 170 орчим см өндөртэй туранхай үсээ хоёр тийш нь хувааж самнасан залуу байсан...” гэх тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 15-16, 17 дахь тал),

8. Хохирогч ***гийн “...*** овогтой *** хохирлыг бүрэн барагдуулж дууссан тул нэмж гомдол санал үгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар зохицуулахад гомдол байхгүй. Мөн шүүх хуралд суухгүй...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 86 дахь тал),

9. Шүүгдэгч ***ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 90 дэх тал),

10. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянгол дүүргийн *** дугаар хороо *** тоот нийтийн байранд найз ***ын хамтаар 2022 оны 9 дүгээр сарын сүүл үеэс хамт амьдарч эхэлсэн бөгөөд *** нь хар өнгийн Asus загварын нотебүүктэй байсан. 2022 оны 10 дугаар сард би гадаад хэлний сургалтад суух шаардлагатай болсон, надад мөнгөний яаралтай хэрэг гарсан. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би нийтийн байранд ганцаараа байсан бөгөөд ***ын нотебүүк нь ширээний доор цүнхтэй байж байхаар цүнхийг нь онгойлгоод дотор нь байсан нотебүүкийг нь аваад гарсан. Ажил дээр байлгаж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр фейсбүүк дээр зар байршуулж байгаад худалдан борлуулсан. 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би ***ын нотебүүкийг 7 цагийн үед авч гарсан бөгөөд нийтийн байрны хаалгыг түгжээд цоожны боолтуудыг нь тайлж үлдээгээд хулгай орсон мэт харагдуулаад ажилдаа явсан. Надад нийтийн байрны өрөөний түлхүүр байгаа гэхдээ шууд алга болсон намайг авсан гээд мэдэх байсан учир цоож эвдэрсэн хулгай орсон мэт харагдуулсан. *** 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр удалгүй 11 цагийн үед над руу утсаар залгаад гэрт хулгай орсон байна гэхээр нь мэдэхгүй гэж хэлсэн. Би нотебүүкийг нь ажил дээр 10 хоног байлгаж байгаад шууд фейсбүүк дээр зар тавиад 1.700.000 төгрөгөөр танихгүй эрэгтэй 30 гаран насны хүнд зарчихсан. Гэхдээ би ***т учруулсан хохирлоо барагдуулж гомдолгүй болгосон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцож, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлт хэвээрээ байгаа...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Д.Билгүүнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** нь 2004 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн. Бага насаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өнгөрүүлсэн, дээрээ 2 ах, 1 эгч, 1 дүүтэй. *** нь арван жилийн сургуулиа 2022 онд төгссөн ба одоо ямар нэгэн сургуульд сурахгүй ажил хийж байгаа. *** нь арван жилийн сурагч байхдаа хичээлдээ сайн хүүхэд байсан. Одоо *** нь Улаанбаатар хотод байр түрээсэлж ажил хийж байгаа бөгөөд хажуугаар нь Солонгос явах гээд хэлний бэлтгэлд сурч байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 78 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 80 дахь тал), үл хөдлөх хөрөнгөгүй тухай лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 81 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 82 дахь тал),  жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 34 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                     

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***өөс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 25-28 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг. 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ***, гэрч ***, шүүгдэгч нарын агуулгын хувьд харилцан зөрүүгүй мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ТХҮ-923/5498 дугаартай шинжээчийн дүгнэлт, ***ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоот нийтийн байрны хоёр давхрын 12 дугаартай өрөөнд байсан, тухайн байранд өөртэй нь цуг хамтран амьдардаг хохирогч ***ын эзэмшлийн 3.200.000 төгрөгийн үнэ бүхий “Asus Tuf gaming A15” брэндийн нотебүүк буюу зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, улмаар цааш нь 1.700.000 төгрөгөөр бусдад зарж борлуулан хувьдаа ашигласан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч ***ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэй байна.

Мөн хохирогч ***т 3.200.000 төгрөгийн учирсан болох нь хэргийн баримтаар нотлогдсон.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.  

Шүүгдэгч *** нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч ***ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 90 дэх тал)

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 91-92 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг ***т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***т 3.200.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хавтас хэргийн 24 дэх талд хохирогч нь “...*** нь надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэж мэдүүлсэн, хавтаст хэргийн 86 дахь талд “...*** овогтой *** хохирлыг бүрэн барагдуулж дууссан тул нэмж гомдол санал үгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар зохицуулахад гомдол байхгүй. Мөн шүүх хуралд суухгүй...” гэх хүсэлтийг гаргасан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***өөс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин *** болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***т 3.200.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин *** болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй бөгөөд гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА