Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2023/ ШЦТ/88

 

 

 

    2023         01         27                                   2023/ШЦТ/88

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шинжээч Г.Ханхүү,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баярцэцэг,

шүүгдэгч Г.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн даргаар Б.Цэрэнбат нарыг оролцуулан эрүүгийн 2203005750529 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: У овогт Г.Д

Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймаг Сайншанд суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Г.Д 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 19 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Зоос гоёл” дэлгүүрийн урд замд Ж.Батсайханы эзэмшлийн “Тоуоtа” маркийн “Наrriег” загварын 0000 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1. “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зохицуулагддаг явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 15 настай, эрэгтэй Ц.Аг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

Шүүгдэгч Г.Д 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 19 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Зоос гоёл” дэлгүүрийн урд тээврийн хэрэгсэл зорчих замд Ж.Батсайханы эзэмшлийн “Тоуоtа Наrriег” загварын 0000 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 15 настай, эрэгтэй хохирогч Ц.Аг мөргөж бие махбодод нь зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их биеийн урагдал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл учруулсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 

-насанд хүрээгүй хохирогч Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Сант" сургуулийн Сарангэрэл багшийн математикийн хичээлийн давтлагадаа суучхаад 18 цаг 50 минутын үед тараад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр рүүгээ явах санаатай энэ өдрөө 19 цаг 15 минутын орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Улаанбаатар шилэн банкны ертөнцийн зүгээр баруун хойд талын гэрлэн дохиотой явган хүний гарцаар, ногоон гэрлээр ертөнцийн зүгээр урдаас хойш зам хөндлөн гарах гээд явж байгаад замын баруунаас зүүн тийш зорчих чиглэлд явган хүний гарц дээр хар өнгийн “Тоуоtа Harrier” загварын 0000 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд биеийнхээ зүүн хөлийн өвдөг хэсгээр мөргүүлж зам дээр унасан. Тэгээд тухайн машины жолооч гэх эрэгтэй хүн машиныхаа цонхыг онгойлгоод “ чи зүгээр үү” гэж асуухаар нь би сандарсан байсан учир “зүгээр” гэж хэлээд өөрөө алхаад явах гэж байтал миний зүүн хөлийн өвдөг хэсгээр маш хүчтэй өвдөөд алхаж чадахгүй болохоор нь буцаад намайг мөргөсөн машин дотор ороод суусан. Жолооч намайг чи хаашаа явах вэ гэж хэлэхээр нь би гэр рүүгээ харина гэж хэлэхэд машинаа хөдөлгөөд намайг хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар дээр буулгаад явсан. Намайг машиндаа суулгаад явж байхдаа жолооч надад бие чинь өвдөөд болохгүй бол хэлээрэй гэж хэлээд надад утасны дугаараа үлдээсэн. Тэгээд би гэртээ ороод бага зэрэг тайвшраад орой ээжийгээ ажлаасаа ирэхэд нь ослын талаар хэлсэн. Би ногоон өнгийн гэрлэн дохиогоор зам хөндлөн гарч байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,

 - насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 21 цаг өнгөрч байхад би гаднаас гэртээ орж ирэхэд миний хүү Ц.А нүүр нь улайчихсан зүүн хөлөө чирчихсэн өрөөнөөсөө гарч ирэхээр нь би юу болсон талаар асуухад миний хүү өөдөөс уйлаад 19 цаг өнгөрч байхад машинд мөргүүлсэн хөл өвдөөд байна гэж хэлсэн. ... осол болсноос хойш миний хүү одоог хүртэл зүүн хөлдөө бэхэлгээ зүүгээд явж байгаа... “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,

- иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... “Toyota Harrier” загварын 0000 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3 жилийн өмнө худалдаж авсан, миний нэр дээр, миний өмчлөлд байдаг юм. Гэхдээ дээрх тээврийн хэрэгслийг миний охин Гэрэл болон хүргэн хүү Д нар гэр бүлийн хэрэгцээнд унадаг. Ослын улмаас үүссэн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг би төлж барагдуулна. ... ослын улмаас тээврийн хэрэгсэлд ямар нэг эвдрэл гэмтэл учраагүй. Надад ямар нэг гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. ... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24, 27 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч 2022 оны 09 дүгээр 29-ний өдрийн 13174 дугаартай Г. Ханхүүгийн гаргасан “1. Ц.Агийн зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их биеийн урагдал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,

- Шинжээч Г.Ханхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...түүнтэй холбоотой ирүүлсэн СRT шинжилгээний СD-г компьютерт уншуулж давтан харахад зүүн өвдөгний жийргэвч мөгөөрсний урагдал илэрхий тодорхойлогдож байсан, мөн бодит үзлэг зовиур зэргээр батлагдаж байсан тул дээрх 13174 дугаартай дүгнэлтийг гаргасан. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-38 дугаар тал/,

- 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-11 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Г.Д нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримтлах ёстой ба хэрэв баримтлахгүй бол осол аваар гаргаж хүний эрүүл мэндийг хохироох боломжтой гэдгээ ухамсарлаж байсан боловч хайхрамжгүй хандаж замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан зорчигчийг мөргөж бие махбодод нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан хор уршигт болгоомжгүйгээр хүргэсэн байна.        

Тиймээс шүүгдэгч Г.Д 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 19 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Зоос гоёл” дэлгүүрийн урд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн замд Ж.Батсайханы эзэмшлийн “Тоуоtа Наrriег” загварын 0000 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1. “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг ( Мөрдөгчийн магадалгаа хавтаст хэргийн 48-49 дүгээр тал, гэрлэн дохионы горим хавтаст хэргийн 54 дүгээр тал зэргээр нотлогдсон) зөрчсөний улмаас зохицуулагддаг явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 15 настай, эрэгтэй  хохирогч Ц.Аг мөргөж болгоомжгүйгээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан, улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан зүйлчлэл тохирсон байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “... Шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах ёстой. MRI  уншдаг хүн тусдаа тэмдэглэл үйлдээд явж байгаа. Тэгтэл өнөөдөр MRI-ийн тэмдэглэлийг өөрөө сайн дураараа үзээд үгүйсгээд байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах ёстой. шинжээчийн дүгнэлтийг хууль ёсных гэж үзэхгүй байна, эргэлзээтэй байна. Тиймээс 2022 оны 09 сарын 29-ний өдрийн Г.Ханхүү шинжээчийн 13174 дугаартай дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Шинжээч тайлбарлахдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар 4 долоо хоногоос дээш хугацаагаар үүсэх боломжтой, хохирогчийн зовууриас болно гэж байна. Гэтэл урагдал үүссэн үү, урагдлаас болж 4 долоо хоног болох уу гэдэгт шинжээч тайлбарлахдаа MRI-г үзсэн гэж байна. MRI үзсэн эмчийн дүгнэлт нь урагдал сэжиглэнэ гэж байна. Яг урагдсан үгүйг мэдэхгүй. Амаараа урагдал нь хүндэвтэр гэмтэлд ордог юм гэж яриад байна. Шинжээч хэт нэг талыг барьж дүгнэлт гаргаж байна. Хохирогчийг үзэж болно. MRI ч гэсэн үзэж гаргаж байгаа. Энэ зүйл ангид гэмтлийн зэрэг хүндэвтрээс дээш гарч байж эрүүгийн хэрэг үүсгэх эсэх асуудал яригдана. ” хэмээн хохирогчид учирсан гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэл гэж шинжээчийн гаргасан дүгнэлтийг эргэлзээтэй тул дахин өөр шинжээчээр дүгнэлт гаргуулж өгнө үү гэсэн өмгөөллийн санал гаргасан болно.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуултад шинжээч эмчийн хариулсан: “ ...өөрийг нь үзэж, томографик, MRI-н хариуг үндэслэж дүгнэлт гаргасан гэв. Тухайн эмч хүнээ үзэлгүй зөвхөн шинжилгээний хариуг үндэслэн дүгнэлт гаргасан байхаар нь шинжилгээний бичлэг болон хүнийг нягталж үзэж дүгнэлт хийсэн гэв. Удаан хугацаагаар хөдөлгөөнийг сарниулж байгаа заалтаар дээрх дүгнэлтийг гаргасан гэв. ... 28 хоногоос дээш эмчилгээ шаардлагатай  тул хүндэвтэр гэмтэл гэж үзсэн.” гэх мэдүүлэг.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г. Ханхүүгийн гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 13174 дугаартай дүгнэлт. /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/

Шинжээч Г.Ханхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...түүнтэй холбоотой ирүүлсэн СRT шинжилгээний СD-г компьютерт уншуулж давтан харахад зүүн өвдөгний жийргэвч мөгөөрсний урагдал илэрхий тодорхойлогдож байсан, мөн бодит үзлэг зовиур зэргээр батлагдаж байсан тул дээрх 13174 дугаартай дүгнэлтийг гаргасан. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 36-38 дугаар тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “: ... Бид нар эмнэлгээс гараад шүүх эмнэлэг ороход MRI-д үзүүлээд ир гэхээр нь үзүүлсэн. Тэгсэн гэмтлийн зэрэг нь хүндэвтэр гарсан. Хувийн эмнэлэгт хяналтад байгаа. Тэгсэн 03 сарын эхээр дахиад үзье гэмтэл нь эдгээгүй бол хэцүү гэж хэлсэн. Одоо болтол миний хүүхэд доголдог, гомдолтой байна. ... MRI-д эмч байгаагүй, үзээгүй. Тэнд тоног төхөөрөмж байсан. ...” гэв.

Дээрх нотлох баримтуудад тулгуурлан шүүх дүгнэлт хийхэд: тус хэрэгт хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч эмч нь өөрөө тусгай мэдлэгтэй хүний их эмч мэргэжилтэй ба өөрийнхөө тусгай мэдлэг чадвартай тулгуурлан хохирогчийг өөрийн биеэр үзэж мөн MRI бичлэгийг нь уншина онош тавьж,  хохирогчид учирсан гэмтэл нь 28 хоногоос дээш хугацаагаар эмчлэгдэх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан байна. хохирогчид учирсан гэмтэл нь тус үйл явдал болоод 3 сарын хугацаа өнгөрсөн байхад эдгээгүй байгааг хохирогчийн хууль ёсны төлөөгч шүүхийн хэлэлцүүлэгт мөн мэдүүлж байна. Тиймээс шинжээчийн дүгнэлтийг буруу гаргасан, үндэслэл муутай эргэлзээ бүхий байна гэж буруутгах үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзэв. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Дд зорчих эрх хязгаарлах ял, эрх хасах нэмэгдэл ял оногдуулах саналыг гаргасан ба шүүгдэгч Г.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор эрх хасах нэмэгдэл ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мянган нэгжээр торгох ялыг оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Д.Ад учирсан хохирлыг шүүгдэгч Г.Д нь төлж барагдуулсан байх тул  энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баярцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч У овогт Г.Дийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Дийг 1000 /нэг мянган/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Г.Дийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ